Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 790

 

 

 

 

 

 

 

2020         6             18                                               2020/ДШМ/790

 

Б.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Мягмаржав, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Энхболд,

цагаатгагдсан этгээд Б.Б, түүний өмгөөлөгч Н.Ууганцэцэг, 

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор П.Энхболдын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр Б.Бд холбогдох 1910008290172 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв;

Боржигон овгийн Б.Б, 1986 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, “Комит Сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрт няраваар ажиллаж байсан, одоо “Гэрэл” хүүхдийн асрамжийн газар нийгмийн ажилтан ажилтай, ам бүл 5, эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, 2 дугаар хэсэг, Төмөр зам гудамжны 11 дүгээр байрны 6 тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 13 дугаар хороо, Хасбаатарын гудамжны 6-6 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй /РД:ЧЗ86102474/;

Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит Сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрийн няраваар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хувьдаа завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Бы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хан-Уул дүүргийн прокуророос Боржигон овогт Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Б.Быг цагаатгаж, Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ хэрэгт Б.Б нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг тус тус дурьдаж, хохирогчийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Б.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авахаар тогтоож шийдвэрлэжээ.

Прокурор П.Энхболд бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцээгүй тул дараах үндэслэлээр хүлээн авах боломжгүй байна.

Хэрэгт авагдсан “Нью эстимейтор аудит” ХХК-ийн “...2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бараа үлдэгдэлд тооллого хийсэн тайлангаар ...142 ширхэг 670.150 төгрөгийн үнэ бүхий бараа дутсан байна...” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “... “Нью эстимейтор аудит” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн бараа үлдэгдэлд тооллого хийсэн тайлан нь тухайн үед үзсэн санхүүгийн анхан шатны баримт, тооллогод хамрагдсан барааны хувьд үндэслэлтэй байна. ...Дээрх 670.150 төгрөгийн дутагдал нь Б.Бтай холбоотой эсэхийг мөрдөн байцаалтаар тогтооно. ...” гэсэн дүгнэлтийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Б.Б нь 2019 оны 3 дугаар сард өөрийн ажилладаг супермаркетаас 40 гаруй мянган төгрөгийн хүнсний барааг торонд хийж кассанд бичүүлэхгүй авч гаран машиндаа хийж байгаа камерын бичлэгээр нотлогдсон. 2019 оны 3 дугаар сард хийсэн тооллогын дүн болон шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч дутагдуулсан барааг төлнө гэсэн баримтыг хийж өгсөн, гэрч С.Наранцацралын "...Дэлгүүрийн барааг Б.Бы өрөөнд хадгалдаг байсан, тэндээс худалдагч нарт бараа хүлээлгэн өгдөг байсан...” гэх мэдүүлгээр Б.Б нь барааны захиалга хийх, бараа хүлээн авах, бараанд үзлэг шалгалт хийх, хадгалах зэргээр эд зүйлийг итгэмжлэн хариуцдаг болох нь тогтоогдсон.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Б нь дэлгүүрийн бараанд хийсэн тооллого, шинжээчийн дүгнэлтээр “дутагдсан” гэж тогтоогдсон 670.150 төгрөгийн барааг завшсан нь хангалттай тогтоогдоогүй гэж үзсэн бол хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхгүйгээр холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон, Б.Быг цагаатгаж, түүнд ял завших боломжийг олгосон гэж үзэж байна.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг прокурорт буцаахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

Цагаатгагдсан этгээд Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Намайг Хан-Уул дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн байцаагч Сүхбаатар, Хулангоо нар хэд хэдэн удаа дуудаж уулзсан. Тухайн үед манай байгууллагын зүгээс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн байсан. Манай дэлгүүрт өөрийн гэсэн агуулах сав байдаггүй учир уг мөнгийг нэхэмжлэх нь буруу байна гэж үзээд байцаагч Хулангоо намайг 670.150 төгрөгийг төлөх хэрэгтэй гэсэн. Би төлж чадахгүй гэдгээ хэлсэн. Учир нь, албан ёсны газраас хохирлыг тогтоож, намайг буруутай гэж үзсэн тохиолдолд төлнө гэж хэлсэн. Дараа нь Сүхбаатар гэх байцаагч дуудаж “манайх албан ёсны аудитын компаниар шинжилгээ хийлгэсэн тул 670.150 төгрөг төлнө гэж гарын үсгээ зурах ёстой байна” гэсэн. Үүний дагуу би гарын үсгээ зурсан. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд Б.Бы өмгөөлөгч Н.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй бөгөөд хууль ёсны, үндэслэлтэй цагаатгах тогтоол гаргасан. Учир нь, прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргах боломжтой байсан. Өөрөөр хэлбэл, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэмээр байна гэх хүсэлтийг прокурор шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах замаар гаргах боломжтой байсан. Гэтэл прокурор энэ талаар ямар нэг хүсэлт гаргаагүй тул шүүх өөрийн эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлж, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоож шийдвэрлэсэн. Гэмт хэргийн шинж тогтоогдоогүй тухайд, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэж өгсөн, түүнээс хэд нь дутсан, ажил хүлээлцэх үед бараа бүтээгдэхүүн хүлээлцсэн акт үйлдсэн эсэх нь тодорхойгүй. Шинжээчийн дүгнэлтэд Б.Б нь ажил хүлээлцэх үед бүтээгдэхүүн хүлээлцсэн акт ирүүлээгүй гэсэн байдаг. Гэвч энэ талаарх актыг ирүүлэх боломжгүй. Учир нь, тухайн үед Б.Баас бараа бүтээгдэхүүн хүлээж авсан тооллого хийхэд хамт байлцуулсан зэрэг үйл баримт огт болоогүй байдаг тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч уг шинжилгээг дахин хийх боломжгүй. Б.Б нь 2020 оны 3 дугаар сарын 12-ны өдөр 40.000 гаруй төгрөгийн эд зүйл авч гарсан гэж мэдүүлсэн байдаг. Гэвч мөрдөн байцаалтын явцад Б.Бы авч явсан бараа бүтээгдэхүүнийг олж үзлэг хийж, үнийг нь тогтоосон зүйл байхгүй. Зөвхөн камерын бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэлд, 670.150 төгрөгийн хохирлыг хариуцах ёстой гэсэн таамаглалд үндэслэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн. Хохирлын хэмжээ тогтоогдоогүй гэмт хэргийн шинжийг агуулаагүй гэж үзэж байна. Бага бус болон бага хэмжээний хохирол учруулсан байвал гэмт хэргийн шинжгүй болно гэж хуульд заасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

   Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас Б.Быг 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит Сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрийн няраваар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хувьдаа завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Быг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.

Иймд “цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэх” тухай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Учир нь, анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг гэмт хэргийн шинжгүй, гэм буруугүйгээр хохирол, хор уршиг учруулсан гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгасан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судалж, дүгнэлт хийхэд Б.Б нь 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит Сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрийн няраваар ажиллаж байхдаа итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгөөс 670.150 төгрөгийн үнэ бүхий эд зүйлийг хувьдаа завшиж, бага бус хэмжээний хохирол учруулсан гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Итгэмжлэгдэн хариуцсан этгээд” гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар үүрэг хүлээсэн, эсхүл хууль буюу гэрээнд зааснаар бусдын өмчийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн этгээдийг ойлгох бөгөөд ингэхдээ бусдын эд хөрөнгийг өмчлөгчид нь тогтоосон хугацаанд буюу хяналт шалгалтгүйгээр буцаан өгөхгүй байх, үнэ хөлсийг нь төлөөгүй, өөрийн өмчийн адил хууль бус эзэмшил тогтоосон зэрэг аргаар завшсан байхыг ойлгоно.

               Анхан шатны шүүхээс Б.Быг ажил олгогч буюу эд хөрөнгийн өмчлөгчөөс /хохирогчоос/ гэрээ ба албан тушаал эрхэлж буй байдлын үндсэн дээр түүнд эд зүйлс, өмч хөрөнгийг тодорхой хүрээнд итгэмжлэн олгосон буюу хариуцуулсан, тодруулбал хэзээ, хэдэн төгрөгийн бараа бүтээгдэхүүн хүлээлгэн өгсөн, хүлээн авсан, эсхүл харилцагч, худалдагч нарт нийлүүлэгдсэн барааны тоо хэмжээ хэд болох зэрэг нөхцөл байдлыг хангалттай, хөдөлбөргүй тогтоож, нотолсон баримт нотолгоо хэрэгт авагдаагүйгээс, прокуророос яллах дүгнэлтэд нэрлэн заасан баримтууд болон хохирогч Б.Лхамсүрэнгийн мэдүүлэг /хх31, 69/, гэрч Б.Өлзиймаа /хх34/, Ж.Нарантунгалаг /хх-36-37/ нарын мэдүүлэг зэрэг баримтад үндэслэн шүүгдэгч Б.Быг Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Комит сервис” ХХК-ийн “Лавай” хүнсний дэлгүүрт няраваар анх ажилласан 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдрөөс 2019 оны 3 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацаанд өөрт нь итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө буюу 142 нэр төрөл, тоо хэмжээний нийт 670.150 төгрөгийн эд хөрөнгийг хувьдаа ашиглах, үрэгдүүлэх, бусдад өгөх зэргээр захиран зарцуулж завшсан гэж дүгнэх бүрэн хангалттай үндэслэл тогтоогдохгүй байна гэж  хэргийн үйл баримтыг зөв дүгнэсэн байна.

Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай талаас нь бүрэн дүгнэж хэргийн нөхцөл байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийсэн байх бөгөөд тухайн нөхцөл байдалд Б.Б нь гэм буруугүйгээр хор хохирол учруулсан гэж үзсэнийг буруутгах боломжгүй юм.

Иймд улсын яллагчийн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2020/ШЦТ/202 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор П.Энхболдын бичсэн 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ                                      

                                    ШҮҮГЧ                                                             Д.МЯГМАРЖАВ

                                    ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ