Шүүх | Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэдэн-Ишийн Нэргүй |
Хэргийн индекс | 121/2022/0016/з |
Дугаар | 121/ШШ2022/0024 |
Огноо | 2022-05-11 |
Маргааны төрөл | Татвар, |
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 121/ШШ2022/0024
2022 оны 05 сарын 11-ний өдөр Дугаар 121/ШШ2022/0024 Арвайхээр сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн “Б” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: “А” ХХК
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хуулийн зөвлөх Б,
Хариуцагч: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч С.О, Б.С,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Өвөрхангай аймгийн Татварын “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ тоот нөхөн ногдуулалтын акт, уг актаар тогтоосон 13,430,321.49 төгрөгийн төлбөр төлөхийг хэвээр үлдээсэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоол зэргийг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай” маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч С.О, хариуцагч улсын байцаагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн дарга Т.Б, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “А” ХХК нь Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.С, С.О, тус хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд тус тус холбогдуулан “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ тоот нөхөн ногдуулалтын акт, уг актаар тогтоосон 13,430,321.49 төгрөгийн төлбөр төлөхийг хэвээр үлдээсэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоол зэргийг бүхэлд нь хүчингүй болгуулах”-аар маргаж байна.
2. Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.С, С.О нар нь Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, Татварын хяналт шалгалт хийх 10211003470 дугаар бүхий томилолтоор “А” ХХК-ийн 2017 оны 01 сарын 01-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ тоот “Нөхөн ногдуулалтын актаар “А” ХХК-д 9,107,740 төгрөгийн нөхөн татвар, 3,092,038 төгрөгийн торгууль, 1,230,543.49 төгрөгийн алданги, нийт 13,430,321.49 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоожээ.
3. Нэхэмжлэгчийн зүгээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч уг гомдлыг тус зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хангахаас татгалзаж шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “А” ХХК нь дээрх шийдвэрүүдийг эс зөвшөөрч 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.
4. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн захирал Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...””””””””” регистрийн дугаартай, “””””””””” улсын бүртгэлийн дугаартай “А” ХХК нь 2017 оноос хойш 8 нэрийн хүнсний худалдааны үйл ажиллагааг “Намхай аварга” супер маркетаар явуулж байгаа бөгөөд эрх бүхий байгууллага албан тушаалтнаас өгсөн үүрэг, шаардлагыг тухай бүр биелүүлж, ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.
Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА-“”””””” тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 13,430,321,49 төгрөгийн төлбөрийг эс зөвшөөрч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргасан боловч тус зөвлөл нь дээрх төлбөрийг төлүүлэхээр 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор баталсан.
Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал авах зэргээр оролцоог нь хангасан байхыг шаардана. Гэтэл Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар тус компанийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлсэн, шийтгэл төлбөр оногдуулах үндэслэл бүрдсэн эсэх болон Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй. Захиргааны байгууллагаас иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах үйл ажиллагаа нь зорилгодоо нийцсэн бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчимтай.
Гэтэл захирамжийг гаргахдаа хуульд үндэслээгүй. Мөн хуульд зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа явагдаагүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуульд заасан хэм хэмжээг зөрчсөн. Тухайлбал тогтоолын үндэслэх хэсэгт зөвхөн 190,865,700 төгрөгийн зөрчилд гэснийг үндэслэж байгаа.
Харин хууль бол бүх иргэдэд хамааралтай, олж үзэх боломжтой, дагаж мөрдөх зайлшгүй шаардлагатай болохын хувьд бусдын эрхийг хөндөж байгаа аливаа шийдвэр хуульд үндэслэсэн хууль ёсны байхыг шаарддаг.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаагүй, хуулийн ямар заалт зөрчсөн талаар тодорхой тусгаагүй, хуульд үндэслээгүй, эрх зүйн зөрчилтэй хууль бус захиргааны акт гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай Монгол улсын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйл “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлсүгэй” гэж хуульчилсан байгаа нь татвар ноогдох орлогыг тооцох хугацааны үйлчлэлд хамаарч байна. Манай хүнсний дэлгүүрийн борлуулалтын орлого нь акт тавигдахаас өмнөх, сүүлийн жилийн хугацаанд /2020 онд/ 664,294,083 байсан байхад нь дээрх хуулийг зөрчиж манай компанид төлбөрийн акт тавьсныг хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн акт болон тогтоол нь 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр батлагдсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй”, 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан “Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” Монгол улсын хуулийн 1 дүгээр зүйлд “2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд албан татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги, торгуулиас тухайн албан татвар төлөгчийг нэг удаа чөлөөлсүгэй” гэсэн хуулийн заалтуудыг ноцтой зөрчиж гарсан учир хууль ёсны бөгөөд хүчин төгөлдөр бус гэж үзэж байна.
Иймд Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн НА- “”””””” тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон 13,430,321,49 төгрөгийн төлбөр төлөхийг, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн маргаан таслах зөвлөл төлүүлэхээр 2022 оны 02 сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. ...Аж ахуй нэгжийг 2011 онд байгуулсан гэж байна. Татварын хэлтсийн ажилтнуудаас сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдээс энэ чиглэлээр татварын тайлан гаргах Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын тайланд ямар ямар баримт хавсаргах бэлтгэх талаар татвар төлөгчид сургалт орж, мэдээлэл өгсөн зүйл байхгүй. Малчдаас Нэмэгдсэн өртгийн албан татвар баримт бүрдүүлж авах журам заалтаа мэдэхгүй байсан. Энэ байдлууд нь зөрчлийн хор уршигийг нэмэгдүүлж харуулсан байхыг үгүйсгэхгүй гэв.
6: Хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын улсын байцаагч Б.С, С.О нар шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч С.О, Б.С нар “”””””””” тоот регистрийн дугаартай “А” ХХК-ийн татварын ногдуулалт, төлөлтөд Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/41 дугаар тушаалаар батлагдсан татварын албаны 2021 оны “Татварын хяналт шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчийн жагсаалт” болон Татварын хяналт шалгалтын тасгийн даргын 2021 оны 10 дугаар сарын 20-ний өдрийн 10211003470 тоот томилолтын дагуу 2017 оны 01 сарын 01 -ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тухайн байгууллагын санхүү, татварын тайлан, анхан шатны баримт, харилцах дансны хуулга, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт үндэслэн татварын хяналт шалгалт хийхэд дараах зөрчлүүд илэрсэн. Үүнд: 1. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны жилийн эцсийн тайландаа баримтаар нотлогдоогүй зардал тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан 55,105,800.00 төгрөгийн зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно: 13.1.3.зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-д доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэсэн заалтыг зөрчсөн. Нийт 55,105,800.00 төгрөгийн зөрчилд 5,510,580.00 төгрөгийн нөхөн татвар, 1,653,174.00 төгрөгийн торгууль, 714,171.17 төгрөгийн алданги нийт 7,877,925.17 төгрөг ногдуулсан. 2. Үйл ажиллагааны орлого нь 2020 онд Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босго хэмжээнд хүрсэн боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй. Тайланд тайлагнаж төсөвт төлөөгүй 135,759,900.00 төгрөгийн татвар ногдох орлогоос баримтаар нотлогдож буй 99,788,300.00 төгрөгийн зардлыг хасаж 35.971.600.0 төгрөгийн татвар ногдуулах орлогыг тайлагнаагүй зөрчил нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна. 5.2.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн; 5.6.-т Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна...” 6 дугаар зүйлийн 6.1-т Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана.” мөн 14.1.3-т “албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн;” гэсэн заалтыг зөрчсөн. Нийт 35,971,600.00 төгрөгийн зөрчилд 3.597.160.0 төгрөгийн нөхөн татвар, 1,438,864.00 төгрөгийн торгууль, 516,372.32 төгрөгийн алданги нийт 5,552,396.32 төгрөг ногдуулсан. Дээрх зөрчлүүд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн цахим төлбөрийн баримтаар борлуулалтын орлого нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босго хүрсэн боловч татвар төлөгч суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт өгөөгүй. 2020 оны 06 сарын 18-нд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар төлбөрийн баримтыг анхан шатны баримт болгосон. Татвар төлөгч Өвөрхангай аймгийн татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ дугаар нөхөн ногдуулалтын акт, актаар тогтоосон 13,430,321.49 төгрөгний төлбөр төлөхийг хэвээр үлдээсэн. Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоол зэргийг бүхэлд нь хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлд доорх утгыг дурджээ. 1. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй гэсэн нь: Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Татварын Ерөнхий хуулийн 42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэсэн заалттай. Захирал Б.Э нь 2021 оны 11 сарын 15-нд ирж ярилцлага өгөөд, татварын хяналт шалгалтаар урьдчилсан байдлаар илэрсэн зөрчилтэй танилцсан. Эхнэр С.Ч нь Татварын хяналт шалгалтаар урьдчилсан байдлаар илэрсэн зөрчилтэй танилцаж нэмэлтээр С.Чын нэр дээрх Хаан банкны бизнесийн зээлийн гэрээ, дансны хуулга бүхий 7 хуудас баримт авчирч өгөөд зөрчлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдэгдээд явсан. Татварын улсын байцаагч С.О миний бие Татварын Ерөнхий хуулийн 42.6 дугаар зүйлд зааснаар “Ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын дагуу ХШ-09 маягтыг үйлдэж А ХХК-ийн захирал Б.Э, С.Ч нар нь утсаа авахгүй байсан тул Татварын удирдлагын нэгдсэн системээс 96589060, 96610030 дугаарын утас руу Нөхөн ногдуулалтын акт гарах гэж байгаа талаар мэдэгдэж мессеж явуулсан. Татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон зөрчлийг мэдсэн боловч хяналт шалгалтаар тогтоогдсон актыг хуулийн хугацаанд танилцах, хүрэлцэн ирэхгүй, утсаар удаа дараа мэдэгдэхэд үл хүндэтгэлтэй хандсан. Иймээс “А” ХХК нь татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон зөрчилтэй танилцаж мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, санаатайгаар актыг гардан аваагүй нь захиргааны шийдвэрийг мэдээгүй, танилцаагүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Татварын Ерөнхий хуулийн 42.7 дугаар зүйлд “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацааг өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ” мөн хуулийн 43 дугаар зүйлд "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлэн баримтжуулж ажилласан. Татварын Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, эсхүл илтгэх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсгээс, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Мөн Татварын Ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн А/39 тоот Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.5-д “ Нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэсэн заалтуудыг тус тус мөрдөн хуулийн хүрээнд Татварын хяналт шалгалтыг явуулж зөрчлийг илрүүлэн ажилласан болно. Монгол улсын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуулийн дагуу чөлөөлөлт эдлүүлээгүй. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлвөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, мөн хуулийн 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан учраас тухайн татвар төлөгч нь өөрөө 2020 оны 2, 3, 4 дүгээр улирлын тайландаа ковид- 9 цар тахалтай холбоотой чөлөөлөгдөх орлого, зарлагаа тайландаа тусгаж өгөөгүй нь хуульд заасан эрх үүргээ эдлээгүй, татварын чөлөөлөлт эдлүүлээгүй гэх үндэслэлгүй байна. 2020 онд батлагдсан татварын алданги, торгуулиас чөлөөлөх чөлөөлөх чөлөөлөлт эдлүүлээгүй. Нэхэмжлэхэд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” заалт нь 2020 оны 02 дугаар сарын 91-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг чөлөөлөх гэж заасан энэ заалт нь ногдуулаад, хуульд заасан хугацаанд төлөөгүй татварт хоног тутамд алданги, торгууль ногдуулдаг тухайн алданги торгуулийг тавихгүй, чөлөөлөхөөр заасан заалт юм. Гэтэл А ХХК-д ногдуулсан торгууль, алданги нь татвар төлөгчийн санаатайгаар төлөх татвараа багасгаж баримтгүй зардал тусган, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хугацаанд бүртгүүлж тухайн хугацааны татвараа төлөөгүй зөрчилд ногдуулсан алданги торгуулийг чөлөөлөх заалт биш юм. Санхүүгийн буруутай үйл ажиллагаанаас татвараа төлөхгүй байх нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Татвараа санаатай бууруулж төлөх, хуулийг дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байх нь өөрөө зөрчил юм. Иймд нэхэмжлэх гаргагч А ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ дугаар нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
7. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын татварын улсын байцаагч С.О, Б.С нар нь 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 210000039 тоот “Нөхөн ногдуулалтын акт” үйлдэж 9,107.740 төгрөгийн, 3,092,038 төгрөгийн торгууль, 1,230,549.49 төгрөгийн алданги, төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байсан. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн гомдлыг Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гаргасан. Маргаан таслах зөвлөлийн бүрэлдэхүүн актаар хариуцлага тооцсон нь үндэслэлтэй байна үзсэн. Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдолд тайлбар гаргах нь: А ХХК-ний 2017-2020 он хүртэлх буюу 4 жилийн албан татвар оногдуулалт, төлөлтийн байдал, татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг гаргасан. Арвайн амжилт ХХК нь 2 төрлийн татвараар татварын албатай харилцах, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар, нэмэгдсэн өртгийн албан татвар гэсэн 2 тайлан гаргадаг. А ХХК-ний гаргасан зөрчил нь цахим төлбөрийн баримтгүй буюу баримтаар нотлогдохгүй зардал тусгаж төлөх татвараа багасгасан. Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хугацаанд бүртгүүлээгүй тухайн хугацааны татвар төлөөгүй. Гаргасан 2 зөрчил нь 2020 оны тайлангаар гаргасан зөрчил болох нь 2020 онд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд 620,928,506.68 төгрөгийн орлоготой, 619,298,506.88 төгрөгийн зардалтай 1,000,000.00 төгрөгийн ашигтай буюу төсөвт 100,000 төгрөгийн татвар төлсөн байна. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д зааснаар оногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг төлнө гэж заасан. Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлвөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, мөн хуулийн 28.2-т “Татвар төлөгч ногдуулалтаа энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан учраас тухайн татвар төлөгч нь өөрөө 2020 оны 2, 3, 4 дүгээр улирлын тайландаа ковид цар тахалтай холбоотой чөлөөлөгдөх орлого, зарлагаа тайландаа тусгаж өгөөгүй нь хуульд заасан эрх үүргээ эдлээгүй, татварын чөлөөлөлт эдлүүлээгүй гэх нь үндэслэлгүй байна. Мөн гомдолд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” заалт нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлвөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг чөлөөлөх гэж заасан энэ заалт нь ногдуулна гэж заасан хугацаанд төлөөгүй татварт хоног тутамд алданги, торгууль оногдуулдаг. Тухайн алданги торгуулийг тавихгүй, чөлөөлөхөөр заасан заалт юм. Гэтэл А ХХК-д ногдуулсан торгууль, алданги нь татвар төлөгчийн санаатайгаар төлөх татвараа багасгаж баримтгүй зардал тусган, нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хугацаанд бүртгүүлж тухайн хугацааны татвараа төлөөгүй зөрчилд ногдуулсан алданги торгуулийг чөлөөлөх заалт биш юм. Санхүүгийн буруутай үйл ажиллагаанаас татвараа төлөөгүй байх нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй. Татвараа санаатай төлөхгүй, хуулийг дагаж мөрдөхгүй, хэрэгжүүлэхгүй байх нь өөрөө зөрчил юм. Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Татварын Ерөнхий хуулийн 42.5-д “Татварын алба, зарын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажаагүй хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасныг үл хэрэгжүүлж А ХХК-нийг татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон зөрчлийг мэдсэн боловч хяналт шалгалтаар тогтоогдсон актыг хуулийн хугацаанд танилцах, хүрэлцэн ирэхгүй удаа дараа мэдэгдэхэд үл хүндэтгэлтэй хандсан. Б.Эийн эхнэр Чимэддулам нь Татварын хяналт шалгалтын акттай танилцсан боловч зөрчлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа хэлээд Татварын Ерөнхий хуулийн 42.7 дугаар зүйлд “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 5-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын уг хугацааг өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт шуудангаар илгээнэ” мөн хуулийн 43 дугаар зүйлд “захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр илгээж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлэн баримтжуулсан. Үүнээс үзэхэд А ХХК нь татварын хяналт шалгалтын актаар ногдсон зөрчилтэй танилцаж мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, актыг гардан аваагүй нь захиргааны шийдвэрийг мэдээгүй, танилцаагүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. “Татварын Ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд “Татварын улсын байцаагч нь энэ хуулийн 16.2, 16.3, 36.1, 37.1, 41.1-д заасан үндэслэлээр нөхөн ногдуулалтын акт, илгээх хуудас үйлдэх бөгөөд нөхөн ногдуулалтын акт нь тэмдэглэх, тогтоох хэсэг, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэж заасан байдаг. Мөн татварын Ерөнхий газрын даргын 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 тоот татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын 6.5-д “ Нөхөн ногдуулалтын тэмдэглэх болон тогтоох, илтгэх хуудас нь тэмдэглэх хэсгээс бүрдэнэ” гэсэн тус тус мөрдөн хуулийн хүрээнд Татварын хяналт шалгалтыг явуулж зөрчлийг илрүүлэн ажилласан болно” гэв.
8. Хариуцагчийн итгэмлжэгдсэн төлөөлөгч Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Маргаан таслан зөвлөлийн тайлбараа дэмжиж оролцож байна. Шүүхийн хэлэлцүүлэгт тухай бүр нь тайлбараа гаргаж оролцоно” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “А” ХХК-аас дараах үндэслэлээр татварын улсын байцаагчийн 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ дугаар “Нөхөн ногдуулалтын акт” тус актыг хэвээр үлдээсэн Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар маргажээ. Үүнд:
2.1.Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, тайлбар, санал авах зэргээр оролцоог нь хангасан байхыг шаардана. Гэтэл Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нар тус компанийг зөрчил гаргахаас урьдчилан сэргийлсэн, шийтгэл төлбөр оногдуулах үндэслэл бүрдсэн эсэх болон Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны актад тавигдах шаардлагуудыг хангаагүй, Аж ахуй нэгжийн албан татвараас чөлөөлөх тухай 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн хуульд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө гэснийг хэрэглэх боломжтой, “Намхай аварга” дэлгүүрийн хувьд хүнсний 8 нэрийн худалдаа эрхэлж байгаа.
Малчдаас махан гаралтай бүтээгдэхүүн худалдаж авсан. Энэ худалдаж авсан баримт нь Нэмэгдсэн өртгийн албан татварт бүртгэлгүй байдаг. Малчдаас аваад зарлагын падан нотлох баримтаар авч тайландаа тусгасан боловч татварын улсын байцаагч нар эдгээр баримтуудыг шалгалтынхаа явцад хүлээж аваагүй буцаасан байдаг. Махны худалдан авах ажиллагаатай холбоотой баримтууд татварын тайланд бүрэн тусгагдаагүй учраас зөрчлийн тоо хэмжээ их харагдаж байгаа. Б.Э нь 2020 оны 04 дүгээр сар хүртэл иргэнээр үйл ажиллагаа явуулж байсан учраас иргэнээр тайлангаа өгсөн.
Мөн оны 06 дугаар сарын 18-наас хойш татвар төлөгчөөр бүртгүүлснээс хойш он дуустал тайлангаа компаниар гаргаж өгсөн. Б.Э нь санхүүгийн өндөр мэдлэгтэй биш учраас тайлан тооцоон дээр зөрүүтэй зөрчлүүд байхыг үгүйсгэхгүй. Ногдуулсан татварын хэмжээ бол олсон орлоготойгоо хамаарахгүй. Татвар ногдуулахдаа харгалзан үзэх зарлагын баримтуудыг харж үзээгүй зэргээс татварын дүн буруу гарсан гэж үзэж байгаа, Аж ахуй нэгжийг 2011 онд байгуулсан гэж байна. Татварын хэлтсийн ажилтнуудаас сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтнүүдээс энэ чиглэлээр татварын тайлан гаргах, Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлэх, татварын тайланд ямар ямар баримт хавсаргах, бэлтгэх талаар татвар төлөгчид сургалт орж, мэдээлэл өгсөн зүйл байхгүй.
Малчдаас Нэмэгдсэн өртгийн албан татварын баримт бүрдүүлж авах журам заалтаа мэдэхгүй байсан. Энэ байдлууд нь зөрчлийн хор уршгийг нэмэгдүүлж харуулсан байхыг үгүйсгэхгүй гэж маргаж байна.
3. Хариуцагч нараас: Дээрх зөрчлүүд нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын 2020 оны тайлан, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн цахим төлбөрийн баримтаар борлуулалтын орлого нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчийн босго хүрсэн боловч татвар төлөгч суутган төлөгчөөр бүртгүүлэх хүсэлт өгөөгүй, 2020 оны 06 сарын 18-нд нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлж гэрчилгээ авсан, татвар төлөгчтэй хийсэн ярилцлага зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Мөн Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 347 дугаар тушаалаар төлбөрийн баримтыг анхан шатны баримт олгосон, Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны талаар надад огт мэдэгдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй байна. Татварын ерөнхий хуулийн 42.5-д “Татварын алба, татварын улсын байцаагч нь албан ёсны маягтад эцэслэн баталгаажаагүй нөхөн ногдуулалтын актыг татвар төлөгчид урьдчилан танилцуулахгүй” гэсэн заалттай. Захирал Б.Э нь 2021 оны 11 сарын 15-нд ирж ярилцлага өгөөд, татварын хяналт шалгалтаар урьдчилсан байдлаар илэрсэн зөрчилтэй танилцсан. Эхнэр С.Ч нь Татварын хяналт шалгалтаар урьдчилсан байдлаар илэрсэн зөрчилтэй танилцаж нэмэлтээр С.Чын нэр дээрх Хаан банкны бизнесийн зээлийн гэрээ, дансны хуулга бүхий 7 хуудас баримт авчирж өгөөд зөрчлийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаараа мэдэгдээд явсан.
Татварын улсын байцаагч С.О миний бие Татварын ерөнхий хуулийн 42.6 дугаар зүйлд зааснаар “Ногдуулалтын акт, илтгэх хуудсыг хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш ажлын 7 өдрийн дотор гардуулж, гардуулсан тухай тэмдэглэл үйлдэнэ” гэж заасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/39 дүгээр тушаалын Татварын хяналт шалгалтын үйл ажиллагааны журмын дагуу ХШ-09 маягтыг үйлдэж “А” ХХК-ийн захирал Б.Э, С.Ч нар нь утсаа авахгүй байсан тул Татварын удирдлагын нэгдсэн системээс ..........., ............... дугаарын утас руу Нөхөн ногдуулалтын акт гарах гэж байгаа талаар мэдэгдэж мессеж явуулсан, Иймээс “А” ХХК нь татварын хяналт шалгалтын актаар тогтоогдсон зөрчилтэй танилцаж мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүй, санаатайгаар актыг гардан аваагүй нь захиргааны шийдвэрийг мэдээгүй, танилцаагүй гэх үндэслэл болохгүй гэж үзэж байна. Татварын ерөнхий хуулийн 42.7 дугаар зүйлд “Татвар төлөгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нөхөн ногдуулалтын акт, илтгэх хуудсыг энэ хуулийн 42.6-д заасан хугацаанд гардуулах боломжгүй, эсхүл гардан аваагүй бол татварын алба уг хугацааг өнгөрснөөс хойш 7 хоногийн дотор татвар төлөгчийн хувийн хэрэгт бүртгүүлсэн хаягт шуудангаар илгээнэ” мөн хуулийн 43 дугаар зүйлд "Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна” гэж тус тус заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Монгол шуудангаар хүргүүлэн баримтжуулж ажилласан. Монгол Улсын Их Хурлын 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 01- ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө гэж заасан.
Татварын ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө”, мөн хуулийн 28.2-т “Татвар төлөгч ногдуулалт хийхдээ энэ хуульд заасан нийтлэг журмыг баримтлах бөгөөд холбогдох хуульд заасны дагуу орлого, зарлагын гүйлгээг бүртгэх, баримтжуулах, цахим төлбөрийн баримт үйлдэх, хэвлэх, илгээх, татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд мэдээлэл дамжуулах зориулалт бүхий, нэгдсэн системд холбогдсон, стандартын шаардлага хангасан кассын машин, төхөөрөмж, компьютер, бусад дагалдах хэрэгслийг зориулалтын дагуу бүрэн ашиглаж борлуулалтын мэдээллийг 14 хоногт багтаан бүртгэл мэдээллийн нэгдсэн санд илгээж, бүртгүүлнэ” гэж заасан учраас тухайн татвар төлөгч нь өөрөө 2020 оны 2, 3,4 дүгээр улирлын тайландаа ковид-19 цар тахалтай холбоотой чөлөөлөгдөх орлого, зарлагаа тайландаа тусгаж өгөөгүй нь хуульд заасан эрх үүргээ эдлээгүй, татварын чөлөөлөлт эдлүүлээгүй гэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэхэд дурдсан 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлагдсан Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай” заалт нь 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд татвар төлөгчийн хуулийн дагуу ногдуулан тайлагнасан төлбөл зохих татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд уг хугацаанд ногдуулах татварын алданги торгуулиас тухайн татвар төлөгчийг чөлөөлөх гэж заасан энэ заалт нь ногдуулаад, хуульд заасан хугацаанд төлөөгүй татварт хоног тутамд алданги, торгууль ногдуулдаг тухайн алданги торгуулийг тавихгүй, чөлөөлөхөөр заасан заалт юм.
Гэтэл А ХХК-д ногдуулсан торгууль, алданги нь татвар төлөгчийн санаатайгаар төлөх татвараа багасгаж баримтгүй зардал тусган, нэмэгдсэн өртөгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх хугацаанд бүртгүүлж тухайн хугацааны татвараа төлөөгүй зөрчилд ногдуулсан алданги торгуулийг чөлөөлөх заалт биш юм. Санхүүгийн буруутай үйл ажиллагаанаас татвараа төлөхгүй байх нь татвараас чөлөөлөгдөх үндэслэл болохгүй.
4. Маргаан бүхий актын тухайд
4.1.Нэхэмжлэгч “А” ХХК-ийг 2020 оны жилийн эцсийн Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайландаа баримтаар нотлогдоогүй зардал тусгаж татвар ногдох орлогоо бууруулсан 55,105,800.00 төгрөгийн зөрчил нь Монгол улсын Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-т “Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг татвар ногдох орлогоос хасч тооцно, ...13.1.3-т “зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх, 13.1.4-т “ доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх” гэсэн заалтыг,
4.2. 2020 онд үйл ажиллагааны орлого нь Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх босго хэмжээнд хүрсэн боловч татвар төлөгчөөр бүртгүүлээгүй, тайланд тайлагнаж төсөвт төлөөгүй 135,759,900.00 төгрөгийн татвар ногдох орлогоос баримтаар нотлогдож буй 99,788,300.00 төгрөгийн зардлыг хасаж 35,971,600.00 төгрөгийн татвар ногдуулах орлогыг тайлагнаагүй зөрчил нь Монгол улсын Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ нь 50 сая ба түүнээс дээш төгрөгт хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төлүүлэх үүрэг бүхий дараах этгээд албан татвар суутган төлөгч байна, ...5.2.1-т Монгол Улсын нутаг дэвсгэрт бараа, ажил, үйлчилгээний борлуулалт хийсэн, ...5.6-д “ Энэ хуулийн 5.2-т заасан борлуулалтын орлогын хэмжээ нь нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтаар нотлогдсон байна...” 6 дугаар зүйлийн 6.1-д “Энэ хуулийн 4.1.8-д заасны дагуу албан татвар суутгах үүрэг үүссэн хувь хүн, хуулийн этгээд ажлын 10 өдөрт багтаан албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэх өргөдлөө харьяалах татварын албанд гаргана”, 14.1.3-т “албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлэхээр өргөдөл гаргасан өдрөөс албан татвар суутган төлөгчөөр бүртгэгдсэн өдөр хүртэлх хугацаанд импортоор оруулсан болон бусдаас худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн” гэсэн заалтыг тус тус зөрчсөн гэж үзэж нөхөн ногдуулалтын актыг ногдуулжээ.
5. Тухайн маргаж буй захиргааны хэргийг шийдвэрлэхдээ 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 2020 оны 12 дугаар 31-ний өдрийг хүртэлх “Арвайн амжилт” ХХК-ны татварын тайланг шалгасан нь 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хууль, бусад холбогдох хуулиуд, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хууль, бусад холбогдох хуулиудыг баримталж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Дараах хуулийн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэв.
-2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйл. “Татвар төлөгчид үйлчлэх” заалтын 15.1.1-д “Татварын хууль тогтоомжийг тайлбарлан таниулах, 15.1.2-д “Татварын хууль тогтоомжийг нэг мөр дагаж мөрдөх, татварын үүргээ тодорхойлох, тайлан мэдээ гаргахтай холбогдсон заавар, аргачлал гарын авлага, маягтаар хангах, 15.1.4-д “Татварын үүргээ биелүүлэхтэй холбогдсон асуудлаар татвар төлөгч хэсгээрээ буюу ганцаарчилсан зөвлөгөө авах боломжийг бүрдүүлэх тийм зөвлөгөө өгөх”,
-Мөн хуулийн 29 дүгээр зүйл.”Татварын улсын байцаагчийн бүрэн эрх”-ийн заалтын 29.1.7-д “Татвар төлөгч анхан шатны болон нягтлан шалгах бүртгэлийг хөтлөн татварын тайлан гаргах, орлого татвараа тодорхойлох, баримт бүрдүүлэх ажлыг хууль тогтоомжид заасны дагуу хийж байгаа эсэхийг хянан шалгаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх”,
-2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн “Татвар төлөгчийн эрх”-ийн тухай заалтын 12.1-д Татвар төлөгч дараах эрх эдэлнэ.
-Тус хуулийн заалтын 12.1.2-д “Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх”, зэрэг заалтуудыг Татварын хэлтэс болон түүний Татварын улсын байцаагчид зөрчсөний улмаас “А” ХХК-нд Татварын улсын байцаагч нарын акт тавигджээ гэж шүүх үзэв.
Мөн дээрх хуулийн боломжуудыг олгосон бол 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн 2 дугаар зүйл. “Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 18.2, 18.3, 18.4, 18.5-д заасан албан татвар ногдох орлогын нийт дүн нь өмнөх татварын жилд 1.5 тэрбум төгрөгөөс бага байсан, төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээдээс бусад Монгол Улсын хуулийн дагуу үүсгэн байгуулагдсан албан татвар төлөгчийн 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх хугацаанд олсон орлогод мөн хуулийн 20.1, 20.2.7-д заасны дагуу ногдуулан тайлагнасан аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлнө” гэсэн заалтанд тус компанийг хамруулах боломжтой байжээ.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2, 15.1.4, 29 дүгээр зүйлийн 29.1.7, 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Татварын ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.2, 2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлөх тухай” хуулийн 2 дугаар зүйлүүдэд зааснуудыг баримтлан нэхэмжлэгч “А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч С.О, Б.С нарын 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Н.А-”““““““““““““““ тоот нөхөн ногдуулалтын акт, Өвөрхангай аймгийн Татварын хэлтсийн дэргэдэх маргаан таслах зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Өвөрхангай аймгийн Татварын хэлтсээс 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.НЭРГҮЙ