| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 128/2026/0480/3 |
| Дугаар | 221/МА2026/0697 |
| Огноо | 2026-09-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0697
“Б” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч С.Мөнхжаргал
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл
Илтгэсэн шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Нэхэмжлэгч: “Б” ХК
Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн * дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ш
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Л
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2026/0480/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Б” ХК-иас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б” ХК-иас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгаж …” шийдвэрлэсэн байна.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Уг шийдвэр нь хэрэгт авагдсан нотлох баримт, газрын харилцааны талаарх тусгай зохицуулалт, захиргааны байгууллагын эрх хэмжээний хуваарилалттай нийцээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д "эс үйлдэхүй" гэдгийг иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгохоор зохицуулсан байдаг. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэхээр 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 01-05/581 дугаар албан бичгээр холбогдох захирамжийн төслийг хүргүүлсэн болох нь тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч байгууллага нь Маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг огт хэрэгжүүлээгүй, асуудлыг шийдвэрлэхгүй орхисон нөхцөл байдал байхгүй бөгөөд харин холбогдох шийдвэр гаргуулах ажиллагааг хуульд нийцүүлэн эхлүүлж, эрх бүхий этгээдэд захирамжийн төслийг хүргүүлсэн байна. Иймд зөвхөн тухайн үед газрын бүртгэл, мэдээллийн санд өөрчлөлт оруулаагүй гэх нөхцөлөөр "эс үйлдэхүй" гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй.
3.2. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх бүхий этгээдийг тусгайлан заасан. Тухайлбал, Газрын тухай хуулийн 40.1-д аймаг, сум, нийслэлийн Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор, 40.2-т дээрх үндэслэл тогтоогдсон тохиолдолд Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргах талаар тодорхой зохицуулсан. Мөн хуулийн 40.4 дэх хэсэгт Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрээ газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлд тусгуулахаар заасан байна. Үүнээс үзэхэд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох, сэргээх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргахаар хуульд тусгайлан заасан байна. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь эрх бүхий этгээдийн шийдвэрийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй болохоос өөрийн санаачилгаар газар эзэмших эрхийг сэргээх, хүчингүй болгох замаар эрх зүйн үр дагавар бүхий шинэ шийдвэр гаргах эрх хэмжээтэй этгээд биш юм. Гэтэл анхан шатны шүүх нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд "газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулах"-ыг шууд даалгасан нь газрын эрх үүсгэх, өөрчлөх, дуусгавар болгох эрх бүхий этгээдийн бүрэн эрхийн хуваарилалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.
3.3. Газрын тухай хуулийн 602, 603 дугаар зүйлд Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн үйл ажиллагааг тусгайлан зохицуулсан. Газрын тухай хуулийн 603.1-д Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргах, 603.3-т Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба уг дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно гэж зохицуулсан байна. Өөрөөр хэлбэл, Маргаан таслах зөвлөлийн дүгнэлт гарсан нь тухайн дүгнэлтэд дурдсан эрх зүйн үр дагаврыг ямар ч нэмэлт ажиллагаагүйгээр газрын бүртгэлд шууд өөрчлөлт хийх нөхцөл болдог гэж ойлгох боломжгүй. Ялангуяа маргаан бүхий тохиолдолд нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн А/**** дугаар захирамж хүчин төгөлдөр байгаа бөгөөд уг захирамжтай холбоотой дараагийн эрх зүйн үр дагаврыг эрх бүхий этгээдийн шийдвэрээр шийдвэрлэх шаардлагатай. Хариуцагч байгууллага нь дээрх нөхцөл байдлыг харгалзан захирамжийн төсөл боловсруулж, эрх бүхий этгээдэд хүргүүлсэн бөгөөд энэ нь эс үйлдэхүй бус, харин хуульд заасан эрх хэмжээний хүрээнд авч хэрэгжүүлсэн ажиллагаа юм.
3.4. Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг хэрэгжүүлэх үүрэг болон захиргааны байгууллагын эрх хэмжээний ялгааг анхан шатны шүүх буруу тайлбарласан. Анхан шатны шүүх хариуцагч байгууллагын эрх хэмжээний хүрээнээс давсан ажиллагааг гүйцэтгэхийг даалгасан гэж үзэж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдсон тохиолдолд шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах зохицуулалттай. Даалгах үйлдэл нь тухайн захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд байх явдал юм. Улсын Дээд шүүхийн практикт ч тодорхой шийдвэр гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд захиргааны байгууллагын хууль бус эс үйлдэхүй тогтоогдохын зэрэгцээ шаардах эрхийн урьдчилсан нөхцөл хангагдсан, мөн шаардаж буй захиргааны актыг гаргах эрх тухайн байгууллагад байх шаардлагатай гэж тайлбарласан байдаг. Гэтэл энэ хэрэгт анхан шатны шүүх нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд газрын эрхийн бүртгэлийг сэргээхийг даалгасан боловч уг бүртгэлийг сэргээхэд шаардлагатай эрх бүхий этгээдийн шийдвэр гарсан эсэх, хариуцагч байгууллага уг шийдвэрийг дангаар гаргах эрхтэй эсэхийг бүрэн тогтоогоогүй байна. Иймд шүүхийн даалгасан ажиллагаа нь хариуцагчийн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнээс давсан гэж үзэх үндэслэлтэй.
3.5. Анхан шатны шүүх нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 02 дугаар сарын 04-ний өдөр захирамжийн төсөл хүргүүлсэн, уг ажиллагаа нь эрх бүхий этгээдийн шийдвэр гаргуулах зорилготой байсан, газар эзэмших эрхийн бүртгэлд өөрчлөлт оруулахын өмнө эрх бүхий этгээдийн шийдвэр шаардлагатай байсан, хариуцагч байгууллага өөрийн эрх хэмжээний хүрээнд шийдвэрлэх ажиллагааг эхлүүлсэн зэрэг нөхцөл байдлыг бүхэлд нь үнэлэлгүйгээр зөвхөн бүртгэлд өөрчлөлт ороогүй гэх үр дүнг үндэслэн эс үйлдэхүй тогтоосон байна. Иймд анхан шатны шүүхийн нотлох баримтын үнэлгээ нь хэрэгт авагдсан бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2026/0708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
4. Нэхэмжлэгч талаас хариуцагчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэлээ. Үүнд:
2. Нэхэмжлэгч “Б” ХК-иас нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах”-аар маргаж байна.
2.1. Анхан шатны шүүх “... хариуцагч нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг цаг алдалгүй хэрэгжүүлэн Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг газрын бүртгэл, мэдээллийн санд сэргээж оруулахгүй буюу Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д заасан эрх бүхий байгууллага, албан тушаалтны шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуй нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааг цахим системээр эрхлэн явуулах албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байгаа болох нь маргааны үйл баримтаар тогтоогдлоо ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.
2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, нийслэлийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/**** дугаар захирамжаар Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт газар доорх гараашийн зориулалтаар 0,33 га газрыг “Б” ХК-д эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус гэж үзэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших эрхийг дуусгавар болгожээ.
Улмаар нэхэмжлэгч компанийн зүгээс Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, тус маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтээр Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Б” ХК-ийн гомдлыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2025 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/**** дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.
3. Нэхэмжлэгч хуулийн этгээдийн албан ёсны нэрийг маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамж болон 2004 оны газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Б к” ХК гэж, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон 2023 оны аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээнд “Б” ХК гэж өөр өөр байдлаар тусгасан байх хэдий ч энэ талаар хэргийн оролцогчид маргаагүй болно.
4. Газрын тухай хуулийн 602 дугаар зүйлийн 602.1-д “Газар өмчлүүлэх, эзэмших, ашиглах, чөлөөлөхтэй холбоотой энэ хуулийн 601.1.3, 601.3-т заасны дагуу гаргасан гомдол, Захиргааны ерөнхий хуулийн 94.2-т заасан хүсэлтийг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий орон тооны бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл /цаашид “Маргаан таслах зөвлөл” гэх/ ажиллана”, гэж,
Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн ажиллах журмын 7.1-д “Маргаан таслах зөвлөл гомдлыг хянан хэлэлцээд тухайн захиргааны акттай холбогдуулан дараах шийдвэрийн аль нэгийг гаргана”, 7.1.1-д “захиргааны актыг өөрчлөх”, 7.1.2-т “захиргааны актыг хүчингүй болгох”, 7.1.3-д “захиргааны актыг хэвээр үлдээх” гэж тус тус зохицуулсан.
4.1. Дээрх хууль, журмын зохицуулалтаас үзвэл иргэн, аж ахуй нэгж, байгууллага нийслэлийн Засаг даргын газар чөлөөлөх, газрын төлбөртэй холбоотой шийдвэр, захирамжийг эс зөвшөөрвөл тухайн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргах бөгөөд маргаан таслах зөвлөл уг гомдлыг хянаад захиргааны актыг өөрчлөх, хүчингүй болгох, хэвээр үлдээх шийдвэрийн аль нэгийг гаргахаар зохицуулжээ.
4.2. Үүний дагуу нэхэмжлэгч “Б” ХК-иас нийслэлийн Засаг даргын 2025 оны “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” А/**** дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлд гомдол гаргаж, улмаар маргаан таслах зөвлөлөөс гомдол гаргагчийн гомдлыг шаардлагыг хангаж, нийслэлийн Засаг даргын дээрх захирамжийг хүчингүй болгосон талаарх дүгнэлтийг гаргасан үйл баримт тогтоогдож байна.
4.3. Гэвч Газрын тухай хуулийн 603 дугаар зүйлийн 603.1-д “Маргаан таслах зөвлөл нь хууль тогтоомжид нийцүүлэн дүгнэлт гаргана”, 603.3-д “Нийслэлийн Засаг дарга, нийслэл, дүүргийн газрын алба энэ хуулийн 602.1-д заасан дүгнэлтийг үндэслэн өмнө гаргасан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх шийдвэр гаргаж болно” гэж, мөн газар ашиглах, эзэмшүүлэх эрхийг олгох бусад зохицуулалтад тус тус зааснаар Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлөөс гарсан дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга өөрөө маргаан бүхий шийдвэр буюу 2025 оны А/**** дугаар захирамжийг хэрхэн шийдвэрлэх эрх нь хадгалагдах бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн уг газрыг эзэмших эрхтэй холбоотой зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах боломжтой гэж үзнэ.
4.4. Дээрхээс үзвэл, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөл гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэдий ч энэхүү захиргааны хэрэг маргааны хувьд маргаан таслах зөвлөл нь хуулиар тухайлан эрх олгосон гомдлыг урьдчилан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага бөгөөд түүний шийдвэр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг шууд сэргээх эрх зүйн үр дагаврыг үүсгэхээргүй байна.
4.5. Хэрэгт авагдсан нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 01-03/3766 дугаар албан бичгээр ирүүлсэн нотлох баримтаас үзэхэд хариуцагчаас нийслэлийн Засаг даргын Тамгын газарт 2026 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 01-05/581 дүгээр албан бичгээр “Захирамж хүчингүй болгох тухай” гэх захирамжийн төслийг хүргүүлсэн үйл баримт тогтоогдож байна.
4.6. Нөгөөтэйгүүр, Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн нийслэлийн Засаг дарга 2025 оны А/**** дугаар захирамжаа хүчингүй болгосон шийдвэр гаргаагүй байгаа бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... эс үйлдэхүй гаргаагүй, захирамжийн төслийг хүргүүлсэн, хянагдаж байгаа төлөвтэй байгаа, Засаг дарга хуульд заасан эрхийн хүрээнд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээсэн захирамж гаргаагүй байхад газар эзэмших эрхийг сэргээх, бүртгэх, боломжгүй ...” гэж тайлбарлан маргаж байгаа тохиолдолд энэхүү захиргааны хэргийн хариуцагчаар тодорхойлогдсон нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь нийслэлийн Засаг даргын шийдвэр, захирамжгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг сэргээж бүртгэл, мэдээллийн санд бүртгэх боломжгүй юм.
4.7. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шүүх шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгаж шийдвэрлэх”-ээр заасан бөгөөд дээрх нөхцөл байдлууд нь байгууллага хоорондын үйл ажиллагаа, дотоод зохион байгуулалт буюу дотогшоо чиглэсэн шинжтэй төдийгүй Засаг даргын харьяаны байгууллагуудын гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх, биелүүлэх үйл ажиллагааг даалгах нь зохисгүй байх тул энэхүү маргааныг захиргааны хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх боломжгүй.
4.8. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д шүүгч захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус тохиолдолд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана гэж заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэхээр байтал нэхэмжлэлийг хүлээн авч, шийдвэрлэсэн нь хэргийн харьяалал зөрчсөн гэж үзлээ.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус”, 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл хэргийг хянан шийдвэрлэх явцад, эсхүл шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч, шүүх бүрэлдэхүүн хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “Б” ХК-ийн “Нийслэлийн Газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
5. Түүнчлэн нэхэмжлэгчээс анх нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2025 оны А/**** дугаар захирамжийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3297 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасан үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус захирамжийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй.
Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2026 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШЗ2026/4917 дугаар захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэснийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч гомдол гаргасан байх бөгөөд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221/ШТ2026/0633 дугаар тогтоолоор “нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах агуулгаар бус Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн дүгнэлтийн дагуу бүртгэл хийлгэх агуулгаар маргаж байхад урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгээгүй гэж үзэхгүй” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 708 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХК-ийн нэхэмжлэлтэй, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан “Нийслэлийн газрын эрхийн маргаан таслах зөвлөлийн 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн ** дугаар дүгнэлтийг хэрэгжүүлэхгүй байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Ч****** дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгж талбарын ************ дугаар бүхий Э-********* тоот газрын эрхийн гэрчилгээтэй “Б” ХК-д эзэмшүүлсэн газрын эрхийн бүртгэлийг сэргээж, газрын бүртгэл, мэдээллийн санд оруулахыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Д.ОЮУМАА