Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 13

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж        

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Түвшинтөр

Улсын яллагч Б.Батнасан

Шүүгдэгч Ц.Адъяадоржийн өмгөөлөгч Б.Болормаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ц.Адъяадоржид холбогдох 201707000012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын харьяат, халх, 1992 оны  03 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Тонхил сумд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 1, ганцаараа Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багт оршин суух, төрөөс авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, аминдаа 8 тооны адуу, 50 хонь, 112 ямаа, нэг мотоциклтой, ДИ92030111 регистрийн дугаартай, Тавичуул овогт Цэнгэлмаагийн Адъяадорж гэв.

 

Холбогдсон хэргийн талаар: Ц.Адъяадорж нь давтан үйлдлээр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд байх иргэн Г.Нэргүйн гэрийн цүүг эвдлэн орж 360.000/гурван зуун жаран мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий хоёр ширхэг мөнгөн аяга болон бэлэн 20.000/хорин мянга/-н төгрөгийг хулгайлсан, мөн Ц.Адъяадорж нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө дээрх сумын төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Амартүвшингийн дэлгүүрийн цонхыг хагалан орж 352.000/гурван зуун тавин хоёр мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, куртик, хүүхдийн цамц, том хүний малгайтай цамц, оймс, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

   Шүүгдэгч Ц.Адъяадорж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлэхдээ: Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 1 дүгээр сарын 02-ныг шилжих шөнө Тонхил сумын харьяат Г.Нэргүйн гэрээс хаалганых нь цүүг мулталж гэрт нь орсон хэргээ хүлээж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 2 цаг 2 гар утас, 10 ширхэг оймс зэрэг зүйлс хулгайлсан хэргээ хүлээж байна. Би энэ үйлдлүүлийг хийхдээ хоёуланд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Архи ууснаас л ийм үйлдэл хийсэн. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.  

 

 

2

 

Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Нэргүй мэдүүлэхдээ: “...Сумын төв дээр байдаг гэрээ 2017 оны 01 дүгээр сарын 01-ны орой 20 цагийн үед цоожилж орхиод хөдөө гэр рүүгээ явсан. Тэгээд 2017 оны 01 дүгээр сарын 05-нд 13 цагийн үед хөдөөнөөс ирсэн чинь гэрийн хаалга онгорхой, цүүг нь татчихсан, гэрийн тотгоны унь унасан, авдарын таг онгойчихсон байдалтай байсан... Зүүн талын сервантан дотор байсан 2 мөнгө аяга, хүүхдийн шинэ жилийн модон дээр байсан 3 ширхэг 5.000-тын дэвсгэрт, хэдэн мянгат, ойролцоогоор 20.000 орчим төгрөг байсан... Г.Адъяадорж надад учруулсан хохирол болох 2 ширхэг мөнгөн аяга, 20.000 төгрөгөө бүрэн төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 52-53 дугаар хуудас/

Мөрдөн байцаалтанд хохирогч Х.Амартүвшин мэдүүлэхдээ: “...2017 оны 01 дүгээр сарын 11-ний өглөө 09 цаг 30 минутанд дэлгүүртээ гал түлэх гээд ирсэн чинь сумын зах дээр байрладаг манай дэлгүүрийн цонхны торон төмөр хамгаалалтыг хойш нь татаад сөхцөн дэлгүүрийн давхар цонх хагарсан дэлгүүр дотор хулгайч орсон байдалтай байсан...богино өдөн куртик, хүүхдийн саарал цамц, хүүхдийн малгайтай хөх цамц, том хүний малгайтай хөх цамц, бугуйн цаг 4 ширхэг зайгаар ажилладаг, 10 ширхэг хос өвлийн оймс, гэрэл асдаг Jeeger гэх бичиглэлтэй 2 ширхэг гар утас, батерэй байхгүй. Эдгээр зүйлс бүгд шинэ, Хятад улсад үйлдвэрлэгдсэн бараа байгаа юм. Тооцоогоор энэ хэд л хулгайд алдагдсан байсан... нийт 432.000 төгрөгийн хохирол учирсан...Г.Адъяадорж нь надад учруулсан 432.000 төгрөгийн хохирлоо бүрэн төлж барагдуулсан...” гэжээ. /хх-ийн 54-54 дугаар хуудас/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Гэрч Т.Содхүүгийн мэдүүлэг/хх 58-рт/, гэрч Б.Алтайбаатарын мэдүүлэг/хх 59-рт/, гэрч А.Батдэлгэрийн мэдүүлэг/хх 61-62-рт/, гэрч Д.Батхүүгийн мэдүүлэг/хх 72-рт/, гэрч Б.Болдсайханы мэдүүлэг/хх 76-77-рт/, Ц.Адъяадоржийн сэжигтнээр өгсөн мэдүүлэг/хх 107-111-рт/, Ц.Адъяадоржийн сэжигтнээр дахин байцаасан тэмдэглэл/хх 114-рт/, Ц.Адъяадоржоос эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх 26-27-рт/, Л.Мөнхчулуунаас эд зүйл хураан авсан тэмдэглэл/хх 28-29-рт/, хохирогч Г.Нэргүйд 20.000 төгрөг болон 2 ширхэг мөнгөн аягыг хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/42-43-рт/, Ц.Алъяадоржийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт/хх 46-48-рт/ зэрэг нотлох баримтуудыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Болормаагийн хүсэлтээр: Хохирогч Г.Нэргүйн мэдүүлэг/хх 52-53-рт/, хохирогч Х.Амартүвшингийн мэдүүлэг/хх 55-56-рт/, гэрч Т.Содхүүгийн мэдүүлэг/хх 58, 68-рт/, гэрч Б.Алтайбаатарын мэдүүлэг/хх 59-рт/, гэрч Б.Дунгаамаагийн мэдүүлэг/хх 60-рт/, гэрч Л.Шинэхүүгийн мэдүүлэг/хх 63-64-рт/, гэрч Я.Ариунаагийн мэдүүлэг/хх 65-рт/, гэрч Ү.Амархүүгийн мэдүүлэг/хх 66-рт/, гэрч Д.Батхүүгийн мэдүүлэг/хх 72-рт/, Ц.Адъяадоржийн эд хөрөнгийг битүүмжилсэн тогтоол/хх 30-31, 34-35-рт/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх 40, 42, 44-рт/, эд зүйлийн үнэлгээ/хх 95, 101-рт/, хохирогч нарын хүсэлт/хх 117-118-рт/, Тонхил сумын Тамч багийн Засаг даргын тодорхойлолт/хх 129-рт/, сумын Засаг даргын тодорхойлолт/хх 130-рт/, Тонхил сумын 12 жилийн дунд сургуулийн захирлын тодорхойлолт, сурагчдын нэрс/хх 131-132-рт/, ял шалгах хуудас/хх 133-рт/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалж үзлэг хийв.

 

Говь-Алтай аймгийн Тонхил сумын төвд 2017 оны 01 дүгээр сарын 01-нээс 02-нд шилжих шөнө байх иргэн Г.Нэргүйн гэрийн цүүг эвдлэн орж 360.000/гурван зуун жаран мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий хоёр ширхэг мөнгөн аяга болон бэлэн 20.000/хорин мянга/-н төгрөгийг хулгайлсан, мөн 2017 оны 01 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө дээрх сумын төвд үйл ажиллагаа явуулдаг иргэн Х.Амартүвшингийн дэлгүүрийн цонхыг хагалан орж 352.000/ гурван зуун тавин хоёр мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий гар утас, куртик, хүүхдийн цамц, том хүний малгайтай цамц, оймс, бугуйн цаг зэрэг эд зүйлсийг хулгайлсан гэмт хэрэг гарч уг гэмт хэргийг шүүгдэгч Ц.Адъяадорж үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэргийн 52-53 дугаар хуудсанд байх хохирогч Г.Нэргүйн мэдүүлэг, 54-57 дугаар хуудсанд байгаа хохирогч Х.Амартүвшингийн мэдүүлэг, 80-81 дүгээр хуудсанд гэрч Р.Буянтогтохын “...2017 оны 01 дүгээр сарын 11-ний 01-нд Тонхил сумын Соёл мэдээлийн төвд манай багийн шинэ жилийн арга хэмжээ болсон юм.. тухайн арга хэмжээнд Ц.Адъяадорж хүрэлцэн ирсэн байсан...Адъяадорж нь баярын үйл ажиллагаан дээр согтуу байсан...” гэх мэдүүлэг, 66 дугаар хуудсанд гэрч Ү.Амархүүгийн “...2017 оны 01 дүгээр

3

 

сарын 10-11-нд шилжих шөнө 02 цагийн үед манайд Адъяадорж ганцаараа орж ирсэн. Яах гэж ирсэн талаараа надад хэлээгүй, бага зэрэг архи уучихсан, халамцуу байсан. Манайд 20-30 минут сууж байгаад л харьж амарна гээд л гарсан... Адъяадорж “би нэг жаахан юм уучихлаа” л гэж байсан”... гэх мэдүүлэг, 78-79 дүгээр хуудсанд гэрч Д.Батаагийн “...Хадбаатарын түлээний амбаараас эд зүйлс хурааж авахад би хөндлөнгийн гэрчээр оролцсон. Тамч багийн иргэн Ц.Адъяадорж нь Х.Амартүвшингийн дэлгүүрээс хулгайлсан эд зүйлс гэж ярьж байсан... куртик, цамц, оймс, цаг, гар утас зэрэг эд зүйлс байсан...” гэх мэдүүлэг, 84 дүгээр хуудсанд гэрч Л.Мөнхчулууны “...2017 оны 01 дүгээр сарын 11-нд Ц.Адъяадорж нь “танд жаахан юм аймгийн төврүү дайх гэсэн юм, та аваад яваач гэсэн, тэгэхээр нь “тэгээ, аваад ир” гэсэн, тэгтэл Алтайбаатар “Ц.Адъяадоржийн юм” гээд аваад ирсэн. Тэрийг нь аваад тухайн өдөр аймаг руу явсан, ардаас Тонхил сумын хэсгийн төлөөлөгч Д.Сүрэн залгаад Ц.Адъяадоржийн явуулсан эд зүйлсийг сураад “өөртөө хадгалж бай, хүнд өгч болохгүй” талаар хэлсэн, тэгээд Д.Сүрэнд хүлээлгэн өгсөн... Алтайбаатар авчрахдаа тарваганы мах юм шиг байна гэж байсан, хаанаас авсан талаараа юу ч яриагүй...” гэх мэдүүлэг, 14-25 дугаар хуудсанд хэрэг учралын газар үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлт, 26-27 дугаар хуудсанд Ц.Адъяадоржоос эд зүйл хураан авсан тэмдэглэл, 28-29 дүгээр хуудсанд Л.Мөнхчулуунаас 2 ширхэг мөнгөн аяг хураан авсан тэмдэглэл, 42-43 дугаар хуудсанд хохиогч Г.Нэргүйд 20.000 төгрөг, 2 ширхэг мөнгөн аяга хүлээлгэн өгсөн тэмдэглэл, 86-93 дугаар хуудсанд эд зүйлийн үнэлгээ тогтоосон шинжээчийн 2016 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн дүгнэлтүүд, шүүгдэгч Ц.Адъяадоржийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн “...Тухайн гэмт хэргийг үйлдсэн нь миний буруу, би хууль эрх зүйн мэдлэг муутай учраас ийм гэмт хэрэг үйлдсэн, дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. 2017 оны 1 дүгээр сарын 02-ныг шилжих шөнө Тонхил сумын харьяат Г.Нэргүйн гэрээс хаалганых нь цүүг мулталж гэрт нь орсон хэргээ хүлээж байна. Мөн 2017 оны 01 дүгээр сарын 11-ний шөнө 2 цаг 2 гар утас, 10 ширхэг оймс зэрэг зүйлс хулгайлсан хэргээ хүлээж байна. Би энэ үйлдлүүлийг хийхдээ хоёуланд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн байсан. Архи ууснаас болж ийм үйлдэл хийсэн. Би хохирогч нарт хохирлыг бүрэн барагдуулсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг, хохирогч нарт хохирлыг төлж барагдуулсан тухай нотариатаар батлуулсан баримт зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Адъяадоржид холбогдох хэргийн зүйлчлэл нь зөв байх тул шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг давтан, орон байр, агуулан саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Адъяадоржийн эд хөрөнгийг хураахгүйгээр, хорих ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 147 дугаар зүйлд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай үйл баримтыг хангалттай цуглуулж тогтоосон байх тул шүүх үнэлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Адъяадоржийн согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.10 дахь хэсэгт заасныг баримтлан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг байдлыг Эрүүгийн хуулийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9 дэх хэсэгт заасныг баримтлан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, ял оногдуулахдаа харгалзаж үзэв.

 

Иймд шүүгдэгчийг хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдэж, хорих ял шийтгүүлж байгаа болон уг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн

 

4

 

төлсөн байдал зэргийг харгалзан хуульд зааснаар шүүгдэгчид оногдуулах хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шүүгдэгч нь бусдад учруулсан хохирлоо төлсөн, хохирогч нар нь цаашид нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ болон нотариатаар батлуулсан хүсэлтдээ дурдсан байх тул шүүгдэгчийн битүүмжлэгдсэн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Хятад улсад үйлдвэрлэгдсэн цэнхэр өнгийн Мустанг-150 маркийн мотоцикл, 4.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 тооны адуу, 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 тооны хонь, 5.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 112 тооны ямааг тус тус битүүмжлэлээс чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч  Ц.Адъяадорж нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нарт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлсөн, шүүгдэгч Ц.Адъяадоржийн ДИ92030111 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэх шүүхэд шилжин ирсэн зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Тавичуул овогт Цэнгэлмаагийн Адъяадоржийг бусдын эд хөрөнгийг давтан, орон байр, агуулах саванд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар Ц.Адъяадоржийн эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Адъяадоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар ялтан Ц.Адъяадоржид оногдуулсан 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 8 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Адъяадоржийн засрал хүмүүжилд нь хяналт тавих үүргийг Говь-Алтай аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.       

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар ялтан Ц.Адъяадорж нь хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулах, мөн захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг тайлбарласугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжилсэн 900.000 төгрөгийн үнэлгээ бүхий Мустанг-150 маркийн мотоцикль, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн тогтоолоор битүүмжилсэн 4.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий 8 тооны адуу, 3.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий 50 тооны хонь, 5.600.000 төгрөгийн үнэлгээ бүхий 112 тооны ямааг тус тус битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, ялтан Ц.Адъяадорж нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ялтан Ц.Адъяадоржийн иргэний цахим үнэмлэхийг өөрт нь буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Ц.Адъяадоржид урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч нар Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ц.Адъяадоржид авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

         

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ч.МӨНХТУЯА