| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/03383/и |
| Дугаар | 101/ШШ2021/00221 |
| Огноо | 2020-01-21 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 101/ШШ2021/00221
| 2021 01 21 | 101/ШШ2021/00221 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 10 дугаар хороо, 67-52 тоотод оршин суух Үхэр цахар овогт Төмөрбаярын Ө /регистрийн дугаар ЛЮ86030484/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Сэнгүр горхи хотхон, 53б байр, 2 тоотод оршин суух Боржигин овогт Нэргүйн Ц /регистрийн дугаар ТИ86091371/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Ө, хариуцагч Н.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Миний бие Н.Цтэй 2002 онд танилцаж 2007 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас хүү Ц.Мөнхтөр 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр, охин Ц.Сүндэръяа 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр, охин Ц.Гэгээнсар 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тус тус мэндэлсэн. Н.Ц нь гэр бүлийн таарамжгүй харилцаа үүсгэж, 2013 оноос эхлэн эрүүл үедээ миний биед гар хүрч зоддог болсон бөгөөд жирэмсэн байхад хүртэл зодож хүчирхийлэл үйлдэж байсан. 2019 оны 12 дугаар сард саллаа гээд намайг болон хүүхдүүдээ орхиж, хувцас хунараа авч явсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ ирж намайг зодож гэрээс хөөсөн болно. Хүү Ц.Мөнхтөр, охин Ц.Сүндэръяа, охин Ц.Гэгээнсар нар төрсөн цагаасаа хойш өнөөдрийг хүртэл миний асрамжинд өсөж хүмүүжиж байна. Цаашид миний бие Н.Цтэй гэр бүл болж амьдрах бодит нөхцөл байдал байхгүй болсон тул гэрлэлт цуцлаж, хүү Ц.Мөнхтөр, охин Ц.Сүндэръяа, охин Ц.Гэгээнсар нарыг миний асрамжинд үлдээж, хүүхдүүдэд эцэг Н.Цээс тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагч Н.Ц шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Т.Ө нь 2010 онд том хүү Ц.Мөнхтөрийг 3 настай байхад 2 жил шахам гэр бүлтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь надад мэдэгдсэн. Улмаар би гэр бүлтэйгээ хүүгээ элэг бүтэн байлгах үүднээс харилцан ойлголцож хамтдаа амьдарч, 2013 онд охин Ц.Сүндэръяа, 2017 онд бага охин Ц.Гэгээнсар нар төрсөн. Т.Ө 2019 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос Улсад 1 сарын хугацаанд ажил хийх зорилгоор явж, цайны газар ажилд орсон ба хамт ажилладаг 50 настай солонгос иргэнтэй холбоотой болсон байсан. Энэ хугацаанд би ажлаа хийж хүүхдээ харж үлдсэн. Би тэр хүнтэйгээ тэгтлээ дотно хэмжээнд хүрсэн гэж бодоогүй учир дахин эвлэрсэн. Гэтэл эхнэр 1 сарын дараа буюу 6 дугаар сард дахиад явчихаад ирье гэж маш их итгэл үнэмшилтэй амлалт өгч, гуйж байж зөвшөөрүүлээд явсан ба солонгос иргэнтэй дахин холбогдсон байсан. Ингээд бидний харилцаа улам холдож би гэрээсээ явж, тусдаа байх болсон. Энэ хугацаанд би ярилцаж ойлголцож эвлэрэх оролдлого хийж байсан хэдий ч бүтэлтэй болоогүй. Т.Ө солонгос иргэнтэй ямар ч холбоогүй гэж ойр орчмын хүмүүс болон надад итгүүлж байсан хэдий ч хөдлөшгүй баримтаар одоог хүртэл холбоотой байгаа нь батлагдсан. Тэр ч бүү хэл солонгос иргэн Монголд ирж Т.Ө хүүхдүүдээ орхин 7 хоног хамт гадуур явсан байдаг. Т.Ө нь ааш авир муу, хүнийг тэвчихийн аргагүй байдалд хүргэн дайрч доромжилж гар хүрдэг, би түүнийг эхний алдааг нь ярьж зовоож байсан удаа байхгүй. Түүнийг надад гар хүрээгүй байхад нь түүнд гар хүрч байсан удаа мөн байхгүй. Т.Ө нь уурлаж бухимдах, үл ойлголцох бүртээ хүүхдийн хажууд байгаа гэдгээ үл тоон авир гаргах /үг хэлээр доромжлох, салаавч гаргах/, цохих, өшиглөх зэргээр надад гар хүрдэг бөгөөд миний бие бухимдаж тэсвэр алдаж, түлхэж холдуулсан, алгадсан тохиолдлууд байгаа. Мөн 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр зодсон гэдэг нь ор үндэсгүй. Тухайн үед түүний ээж охиндоо амьдралаа ийм болгосонд гомдож гар хүрсэн. Т.Ө нь солонгос иргэнтэй амьдралаа төлөвлөсөн, 2 охиноо авч тус хүн дээр очиж амьдарна гэсэн яриагаа өөрөө дуу хураагчид хураан авсан байдаг. Миний охидыг Т.Өд өгөх юм бол миний 2 охинд хэлж мэдэхгүй амьдрал хүлээж байна. Учир нь Т.Ө өөрөө ч сайн таньж мэдээгүй хүн дээр бага насны 2 охиноо авч очно гэдэг нь тус хүний ямаршуу бодлогогүй, хөнгөн хийсвэр хүн гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Мөн Т.Ө нь хүүхдүүдтэйгээ таагүй харьцдаг, байнга хашгирч загнадаг. Түүний хэнтэй ч үл тохирдог, харьцаа муу байдлыг түүний ээж, ах, эгч, дүү нар нь нотлон хэлэх байх. Миний бие эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, амьдрах байр сууц, машин унаатай. Мөн миний эх О.Алтанцэцэг хажуу байранд амьдардаг бөгөөд 3 хүүхдийг харахад бүрэн тусалж дэмжээд явах боломжтой тул эдгээр нөхцөлийг харгалзан үзэж, Ц.Мөнхтөр, Ц.Сүндэръяа, Ц.Гэгээнсар нарыг миний асрамжид үлдээж өгөхийг хүсч байна. Миний бие хүүхдийн тэтгэмжийг Т.Өгаас нэхэмжлэхгүй, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна” гэв.
Хариуцагч Н.Ц шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Т.Ө нь 2010 онд том хүү Ц.Мөнхтөрийг 3 настай байхад 2 жил шахам гэр бүлтэй хүнтэй гэр бүлээс гадуурх харилцаатай байсан нь мэдэгдсэн. Улмаар би гэр бүлтэйгээ хүүгээ элэг бүтэн байлгах үүднээс харилцан ойлголцож хамтдаа амьдарч, 2013 онд охин Ц.Сүндэръяа, 2017 онд бага охин Ц.Гэгээнсар нар төрсөн. Т.Ө 2019 оны 04 дүгээр сард Бүгд Найрамдах Солонгос улсад 1 сарын хугацаанд ажил хийх зорилгоор явж, цайны газар ажилд орсон ба учир шалтгаангүйгээр хэрүүл үүсгэж надтай ярихаа больсон, хамт ажилладаг 50 настай солонгос иргэнтэй харилцаатай болсон байсан. Энэ хугацаанд би ажлаа хийж, хүүхдээ харж үлдсэн. Би тэр хүнтэйгээ тэгтлээ дотно хэмжээнд хүрсэн гэж бодоогүй учир дахин эвлэрсэн. Гэтэл эхнэр 1 сарын дараа буюу 6 дугаар сард дахиад явчихаад ирье гэж маш их итгэл үнэмшилтэй амлалт өгч, гуйж байж зөвшөөрүүлээд явсан ба солонгос иргэнтэй дахин холбогдсон байсан. Ингээд бид хоёрын харилцаа улам холдож би гэрээсээ явж, тусдаа байх болсон. Энэ хугацаанд би ярилцаж ойлголцож эвлэрэх оролдлого хийж байсан хэдий ч бүтэлтэй болоогүй. Тус хугацаанд Т.Ө солонгос иргэнтэй ямар ч холбоогүй гэж ойр орчмын хүмүүс болон надад итгүүлж байсан хэдий ч хөдлөшгүй баримтаар одоог хүртэл холбоотой байгаа нь батлагдсан. Тэр ч бүү хэл солонгос иргэн Монголд ирж Т.Ө хүүхдүүдээ орхин 7 хоног гадуур явсан байдаг. Мөн Т.Ө нь солонгос иргэнтэй амьдралаа төлөвлөсөн байх бөгөөд 2 охиноо авч яваад тус хүн дээр очиж амьдарна гэсэн яриагаа өөрөө дуу хураагчид хураан авсан байдаг. Иймд миний охидыг Т.Өд өгөх юм бол миний хоёр охинд хэлж мэдэхгүй амьдрал хүлээж байна. Учир нь Т.Ө өөрөө ч сайн таньж мэдээгүй хүн дээр бага насны 2 охиноо авч очно гэдэг нь тус хүний ямаршуу бодлогогүй, хөнгөн хийсвэр хүн гэдгийг нотолж байгаа хэрэг юм. Т.Ө хүүхдүүдтэйгээ таагүй харьцдаг ба байнга хашгирч загнадаг. Түүний хэнтэй ч үл тохирдог, харьцаа муу байдлыг түүний төрөл төрөгсөд нь нотлон хэлэх байх. Миний бие эрхэлсэн тодорхой ажилтай, тогтмол орлоготой, амьдрах байр сууц, машин унаатай. Мөн миний эх О.Алтанцэцэг нь хажуу байранд амьдрах бөгөөд 3 хүүхдийг харахад бүрэн тусалж дэмжээд явах боломжтой тул эдгээр нөхцөлийг харгалзан үзэж, Ц.Мөнхтөр, Ц.Сүндэръяа, Ц.Гэгээнсар нарыг миний асрамжид үлдээж өгнө үү” гэв.
Нэхэмжлэгч Т.Ө шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “... Миний бие сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би хүү Ц.Мөнхтөр, охин Ц.Сүндэръяа, охин Ц.Гэгээнсар нарыг төрүүлсэн цагаасаа өнөөдрийг хүртэл байнга өөрийн асрамжиндаа өсгөн хүмүүжүүлж, цэцэрлэг сургуульд явуулж, үр хүүхдээ зөв хүн болгож өсгөх эх хүний үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Н.Ц өөрөө байнгын асрамжиндаа хүүхдүүдээ байлгасан мэт худал бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй. Н.Ц нь 2019 оны 12 дугаар сард намайг болон үр хүүхдүүдээ орхин явж байсан. Энэ хугацаанд ахуйн хэрэглээний болон ямар нэгэн зүйлээр биднийг тусалж, дэмжиж байгаагүй. Н.Ц нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ намайг удаа дараа гэр бүлээс гадуур харилцаатай байсан гэж худал мэдүүлсэн. Миний хувьд Н.Цтэй хар нялхаасаа буюу 17 настай байхдаа нийлсэн бөгөөд хүү Ц.Мөнхтөрийг төрүүлснээс хойш ажил хэргийн холбоотой байсан хүнтэй хардаж, бүхэл бүтэн 2 жил уулздаг байсан мэтээр байнга ярьдаг. Ээж, ах дүү нарт маань тэгэж итгүүлсэн. Намайг байнга муу хүн болгож бусдад ярьдаг. Мөн нялхаараа байгаа хүүхдүүддээ ээжийг нь муулж ярих, ээжийнх нь эсрэг болгох бүх юмыг хийдэг. Энэ мөчөөс эхлээд намайг байнга хэл амаар доромжилж, зоддог болсон. Дурдвал, 2013 оны 10 дугаар сарын 19-ний өдөр төрөөд тавхан хонож байхад шөнө дөлөөр муудалцан өөрийн дүүг өмөөрч, хэл амаар доромжилж байсан болохоор хүй нь ч цөглөөгүй байсан нялх охиноо аваад ээж, аав дээрээ очиж 7 хонож байсан. Үүнийг гэрчлэх хүмүүс бий. 2014 оны 05 дугаар сард дунд охин маань 7 сартай байхад ээжийнхээ болон хүү Ц.Мөнхтөрийн хажууд намайг зодож, дээрэлхэж, толгой түрүүгүй цохиж байсан. 2015 оны 08 дугаар сард эрэгтэй дүү нь оюутан болж хотод орж ирэхэд нь би гэртээ суулгахгүй гэсний төлөө /яагаад гэвэл өмнө нь эмэгтэй дүүгээс нь болж их хэрүүл гардаг байсан/ аймшигтай уурлаж, утсаа хана руу чулуудаж, намайг алгадаж газар хэвтүүлж байгаад өшиглөж зодсон, энэ үед гэртээ хоёулаа байсан. 2015 оны цагаан сарын шинийн 3-ны өдөр манай аавынх руу явж байхдаа машин дотроо хэрүүл хийж, хэл амаар доромжилж зодсон. Гар хүчтэй мушгиж, толгой руу цохиж, машинаас үсдэж чирж буулгасан. Энэ үед нуруундаа гэмтэл авч байсан. 2016 оны 12 дугаар сарын сүүлээр 6 сартай жирэмсэн байхад шөнө гэртээ хоноогүй өглөөгүүр орж ирээд 2 хүүхдийнхээ хажууд зодсон, толгой руу цохиж, хананд толгой савсан. Энэ харгис үйлдлийг 2 нялх хүүхэд маань харсан. 2018 оны 10 дугаар сарын 14-ний өдөр дунд охины төрсөн өдрөөр гэртээ хоёулаа байхдаа мөн хэрүүл хийж, толгой руу цохиж зодсон, энэ үед толгойдоо гэмтэл авч, толгой эргээд босч чадахгүй хэд хоносон. Энэ бүх тохиолдолд хүүхдүүдээ бодоод нэг ч удаа цагдаа дуудаж үзээгүй. 2019 оны 10 дугаар сард ванны өрөөнд хэл амаар доромжилж, угаалгын машины хаалганд зүүн гарыг маань хавчсан. Одоо тэр сорви зүүн гарын бугалга дээр байдаг. Үүнийг бас л хүүхдүүд харж байсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр ажил дээр ирж машин дотроо зодсон. Зодохдоо толгой руу цохиж, хүчээр миний хурууг барьж байгаад утасны код хийлгэж, утас авч явсан. Энэ хэрэг Баянзүрх дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгагдаж байх үед нь миний бие хүүхдүүдээ бодож гомдолгүй гэж өргөдөл өгсөч. Н.Ц нь хамгийн аймшигтай нь зодох болгондоо өөрийн гэсэн эрүүл саруул ухаантай байдаг. Дандаа толгой руу цохидог нь миний амь нас, эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж болзошгүй юм. Миний бие амьдралынхаа төлөө, үр хүүхдийнхээ төлөө уйгагүй явдаг, миний энэ дайчин занг гэрчлэх хүмүүс олон. Бага охин Ц.Гэгээнсарыг 3 сартай байхад нь тэврээд хөдөө орон нутагт мэргэжлийнхээ чиглэлээр үзлэг хийхээр явдаг байлаа. Ингэж хөдөө үзлэг хийж явахдаа ч Н.Цд хардуулж, хараалын үг сонсож байлаа. Тэр яриад байгаа солонгос хүний тухайд бол амьдралаа бодож явсан. Тэр хүн надад ажилд тусалдаг байснаас биш дотно харьцаанд орсон зүйл байхгүй. Н.Ц нь маш их хартай хүн бөгөөд энэ бүх бичсэн зүйл нь өөрийнх нь төсөөллийн хардалт юм. Хүн байхгүй хоёулхнаа үед зодож цохьдог, хэрэлддэг ба тухайн үед утсан дээрээ авсан зураг, хараалын үгтэй дайрч давшилсан мессеж баримтыг хүчээр утас булаан авч устгадаг. Н.Ц нь нэхэмжпэлдээ намайг хүүхдүүдээ орхин солонгос иргэнтэй гадуур явсан мэтээр гүтгэж, худал бичсэн бөгөөд энэ үед миний бие сум орон нутгийн удирдлага болон иргэдийн хүсэлтийн дагуу хөдөө орон нутагт ажилласан үе байсан. Би энэ хүнээс үнэхээр их айж амь нас, эрүүл мэндээрээ хохирч болзошгүй байнгын айдас түгшүүртэй, сэтгэл санааны хүнд дарамтад 8 жил амьдарч байна. Иймээс цаашид өөрийн болон хүүхдүүдийн сэтгэл санаа, амь нас, эрүүл мэндээ хамгаалж үлдэхийн тулд албан ёсоор салах хүсэлт гаргасан. Мөн Н.Ц нь нэхэмжлэлдээ амьдрах байр, орон сууц, машин унаатай гэсэн боловч тухайн байр орон сууц, автомашин нь бидний дундын өмч хөрөнгө бөгөөд хүүхдийн асрамжийг бидний аль нэгэнд үлдээсэн тохиолдолд дундын өмчийн талаар маргахгүй гэж харилцан тохиролцсон. Гэтэл өөрийн байр, автомашинтай мэтээр шүүхэд нотлох баримт гарган хүүхдүүдийн асрамжийг өөрчлүүлэх талаар нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм” гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Ө нь хариуцагч Н.Цд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл, хариуцагч Н.Ц нь нэхэмжлэгч Т.Өд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэгчийн гаргасан гэрлэлт цуцлуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин хүүхдүүдийн асрамжийн талаар зохигчид харилцан шаардлага гарган маргаж байна.
Зохигчид 2007 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэр бүл болсныг 2007 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээгээр нотлогдож байна /хх-14/.
Гэрлэлт цуцлуулах шалтгааны талаар нэхэмжлэгч нь хамт амьдрах хугацаанд үл ойлголцол, хардалт зэргээс шалтгаалан хэрүүл маргаантай байдаг, мөн хариуцагч догшин ширүүн авиртай, удаа дараа хүч хэрэглэн зодсон гэж, хариуцагч нь нэхэмжлэгчийг гэр бүлээс гадуур өөр хүмүүстэй удаа дараа харилцаа тогтоосон, үл ойлголцлын үед гаргасан уур уцаар, ааш авираас нь болж тэсвэр алдан түлхэж холдуулсан, алгадсан тохиолдлууд байгаа, эхэлж гар хүрч байгаагүй гэж тус тус тайлбарласан ба гэрлэлт цуцлахыг хэн аль нь хүлээн зөвшөөрсөн.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2 дахь хэсэгт тодорхойлсноор гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх, үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг “гэр бүл” гэж ойлгох бөгөөд мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар гэрлэгчид нь гэр бүлийн дотор тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ.
Тодруулбал, гэр бүлээ төлөвлөх, оршин суух газар, эрхлэх ажил, мэргэжлээ чөлөөтэй сонгох, хуваарьт эд хөрөнгөтэй байх, дундаа хамтран өмчлөх эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах, материалын болон сэтгэл санааны хохирлоо буруутай этгээдээс гаргуулах тэгш эрхийг эдэлж, бие биедээ үнэнч байх, хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, бие биеэ халамжлах, хүндэтгэх, тэжээн тэтгэх, туслах, гэр бүлд шаардагдах эдийн засгийн нөхцөлийг бүрдүүлэх, хэн нэгнийхээ эрхийг зөрчихгүй, бие биеэ аливаа хэлбэрээр хүчирхийлэхгүй байх үүргийг хүлээдэг.
Гэвч талуудын тайлбараас үзэхэд гэр бүлийн харилцаанд үзэл бодол нийлдэггүй, бие биеэ ойлгодоггүй, эхнэрийг гэр бүлээс гадуур эр, эмийн харилцаа үүсгэсэн гэх шалтгаанаар хэрүүл маргаан, хүчирхийлэлтэй байдаг, цаашид гэрлэгчид гэр бүлийн харилцаагаа үргэлжлүүлэх хүсэл эрмэлзэлгүй болсон, өөрөөр хэлбэл дээрх хуульд заасан гэрлэгчдийн эрх, үүргийг зохих ёсоор хэрэгжүүлдэг гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Шүүх Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт заасны дагуу гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээг авсан боловч гэрлэгчид эвлэрээгүй болох нь эвлэрүүлэн зуучлагчийн баримтуудаар нотлогдож байна /хх-90-91/.
Иймээс мөн хуулийн 14.3 дахь хэсэгт гэрлэгчид эвлэрэх боломжгүй бол шүүхийн шийдвэрт заасан хугацаа дуусмагц шүүх гэрлэлтийг цуцлахаар заасны дагуу зохигчдын гэрлэлтийг цуцлах үндэстэй.
Зохигчдын дундаас 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хүү Ц.Мөнхтөр, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Ц.Сүндэръяа, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр охин Ц.Гэгээнсар нар төрсөн байх /хх-11-13/ ба хүүхдүүдийн асрамжийн талаар талууд маргаж, харилцан шаардлага гаргасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх асуудлыг шүүх шийдвэрлэхээр заасан.
Хэрэгт авагдсан баримтуудаар эцэг Н.Ц “Монголын алт” ХХК-ийн Дотоод хяналт, мэдээлэл технологийн газарт мэргэжилтнээр ажилладаг /хх-26-27/, эх Т.Ө эмчлэх үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн дагуу ажил үйлчилгээ эрхэлдэг /хх-30-50, 51-54, 63/ болох нь тогтоогдож байх ба ахуйн нөхцөл, бололцооны хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь хуулийн шаардлагыг хангаж байна.
Түүнчлэн зохигчийн хүсэлтээр үзлэг хийж бэхжүүлсэн ярианы бичлэг болон фэйсбүүкиийн мэдээлэл, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан фото зураг /хх-31/ зэрэг баримтуудыг талуудын тайлбартай харьцуулан үзэхэд гэрлэгчдийн эв түнжин муутай, таарамжгүй харьцаанд зөвхөн эхнэрийг, эсхүл зөвхөн нөхрийг буруутай гэж дүгнэх үндэслэл тогтоогдохгүй байх тул хүүхдийн асрамжийг тогтооход гэрлэгчдийг хэн нэгнээсээ дээрх нөхцөлөөр давуу байдалтай гэж үзэх боломжгүй.
Иймээс шүүх охин Ц.Сүндэръяа, Ц.Гэгээнсар нарын насны байдлыг харгалзан эх Т.Өгийн асрамжид, харин хүү Ц.Мөнхтөрийн саналыг харгалзан эцэг Н.Цийн асрамжид тус тус үлдээхээр шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар эцэг, эх нь насанд хүрээгүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба нэхэмжлэгчийн гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагын хүрээнд охин Ц.Сүндэръяа, Ц.Гэгээнсар нарт хуульд заасан хугацаа, хэмжээгээр эцэг Н.Цээс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр шүүх гэрлэгчдийн гэрлэлтийг цуцалж, хүүхдийн асрамжийн талаар гаргасан талуудын үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүүхдийн тэтгэлгийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хангаж шийдвэрлэв.
Зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овогт Нэргүйн Ц /регистрийн дугаар ТИ86091371/, Үхэр цахар овогт Төмөрбаярын Ө /регистрийн дугаар ЛЮ86030484/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2007 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр төрсөн хүү Ц.Мөнхтөрийг эцэг Н.Цийн асрамжид, 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Сүндэръяа, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Гэгээнсар нарыг эх Т.Өгийн асрамжид тус тус үлдээж, нэхэмжлэгчийн шаардлагаас хүү Ц.Мөнхтөрийг асрамжид авах хэсгийг, хариуцагчийн сөрөг шаардлагаас охин Ц.Сүндэръяа, Ц.Гэгээнсар нарыг асрамжид авах хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан 2013 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Ц.Сүндэръяа, 2017 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн охин Ц.Гэгээнсар нарт тус бүрд 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Н.Цээс тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.6 дахь хэсэгт зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг тайлбарлаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хуулиар хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахыг хориглосугай.
5. Зохигчид хамтран өмчлөх дундын хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 203,370 төгрөгийг, хариуцагчийн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Цээс 144,260 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.Өд, нэхэмжлэгч Т.Өгаас 23,400 төгрөг гаргуулан хариуцагч Н.Цд тус тус олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Сэндэнхоролд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА