| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0006/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/26 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/26
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0006/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч Л.Магванжав,
Шүүгдэгчийн өмгөөлөгч З.Энхтуяа,
Шүүгдэгч Б.Далаймагнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Элжгэн овогт Бат-Ерөөлтийн Далаймагнайд холбогдох эрүүгийн 1918000650558 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Элжгэн овогт Бат-Ерөөлтийн Далаймагнай /РД: ТБ********/, 1987 оны 11 сарын 07-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бага боловсролтой, кранистын оосорлогч, дохиочин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлж, ногоо тарьдаг, ам бүл 2, ахын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, Малчин баг, Хөтөл хороолол, задгай тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан, үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Далаймагнайг 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг дэвсгэрт орших Шийрийн бригад гэх газраас иргэн Л.Магванжавын өмчлөлийн олон тооны буюу 9 тооны хонийг машин механизм ашиглаж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Далаймагнайн: Машин эвдэрсэн учир 2018 оны 12 сарын 01-ний өдөр н.Баяраа гэдэг залууг дуудсан. Намайг ирж авсан. Улмаар н.Баяраатай Дархан-Уул аймаг орж зочид буудал орсон. Зочид буудал ороод өөрийн картыг өгч н.Баяраагаар архи, ундаа авхуулсан. Зочид буудалд н.Хишигбаяртай цуг хоносон. 2018 оны 12 сарын 02-ны өдөр н.Хишигбаяр над руу залгаад 6 хонины мах зараад өг гэж хэлсэн. Тухайн хонины махыг зах дээр ченжид өгсөн. Н.Хишигбаяр намайг карттай юм чинь хонины мөнгийг өөрийн данс руу хий гэж хэлсэн. Миний дансанд орсон мөнгийг нь н.Хишигбаярт бэлнээр авч өгсөн. Хохирогч Л.Магванжавын 9 тооны хонийг хэн авсныг би мэдэхгүй. Хуулийн байгууллагаар явсаар байгаад сүүлдээ залхаж байна. Би хохирол төлбөрийг нь төлж барагдуулна гэх мэдүүлэг,
Хохирогч Л.Магванжавын: 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 12 сарын 02-ны өдрийг шилжих шөнө 9 тооны хонь алга болсон нь үнэн. Өглөө босоод гэрээс гарахад хонины хашааны хаалга онгорхой, хонь хашаанаас гарсан байсан. Урд орой нь малын хашааны хаалгыг сайн хаасан. Манай хашааг сайн мэддэг хүн онгойлгосон байсан. Мухарт байсан хашааны хаалгыг хэр баргийн хүн мэдэхгүй. Хашааны ард машины мөр, гутлын мөр, мал чирсэн мөр байсан. Тухайн өдөр би Хонгор сумын цагдаад дуудлага өгсөн. Манайх 100 гаруй хоньтой. Тухайн өдөр хашаанаас гарсан хонийг хашаалаад малаа тоолсон. Зүс мэдэхээр хүний 2 эр хонь байгаагүй. 7 тооны хонь нь миний хонь байсан. Б.Далаймагнай буудалд хоносон, машин эвдэрсэн гэж хэлээд байна. Хонь алга болдог өдөр манай саахалт айлд байсан. Би 9 тооны хонины үнэ 1,800,000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэрч М.Бямбаагийн: 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдөр шилжих шөнө би Дархан явсан бөгөөд манай нөхөр Л.Магванжав ганцаараа гэртээ үлдсэн. Гэтэл “өвөлжөөнд хашсан байсан хониноос 9 хонь алга болсон байна” гэж манай нөхөр надад утсаар хэлсэн. Манай алдсан хонь нь хөх толгойтой, улаан өнгөтэй, хар, гэх зэрэг янз бүрийн зүстэй хонь байсан ба бүгд бүдүүн эр хонь байсан. Намайг Дархан явах гэж байхад манай урд талын Даваа гэх залуу “аккумлятор байна уу” гэж манайд орж ирсэн бөгөөд би хойшоо явж байхад гэрийн хойд хэсэгт цагаан өнгийн машин зогсож байсан. Тэр машин эвдэрсэн байсан гэж нөхрөөсөө сонссон. Тэгэхээр тэр хэд шөнө машинаа янзалж байгаад асахаар нь манай хонийг хулгай хийгээд аваад явсан гэж би бодож байна... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 60-61/,
Гэрч Н.Нандинцэцэгийн: ... н.Цэнгэлмаагийн хамт Б.Далаймагнайгаас 6-7 удаа хонь, ямаа, үхрийн мах авч байсан. Б.Далаймагнай нь өөрөө цагаан өнгийн машинтайгаа ирээд н.Цэнгэлмаатай утсаар ярьж асууж байгаад авчирч өгдөг. 2018 оны 11 сарын 19-нд 3 хонины мах авч байсан санагдаж байна. 2018 оны 11 сарын 27-нд 4 хонины мах авсан. 2018 оны 12 сарын 02-нд 17 цагийн орчимд 9 орчим хонины мах авсан, том жин сайтай, 20-38 килограмм махнууд байсан. 2018 оны 12 сарын 08-нд 12 цагийн үед 3 хонины мах авсан. 2018 оны 12 сарын 26-нд 9 хонины мах авсан. 2018 оны 12 сарын 31-нд 2 удаа мах өгсөн, эхний нь 10 цагийн орчим 5 хонь, 2 ямааны мах, үдээс хойш 13 цагийн орчим 5 хонины мах авсан. Дээрх махнуудыг би н.Цэнгэлмаагаар дамжуулж авдаг байсан. Б.Далаймагнайг 2-3 удаа харж байсан. Б.Далаймагнай нь 28-30 орчим настай, бор царайтай, бадируун биетэй залуу байсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 62-63/,
Гэрч С.Цэнгэлмаагийн: ... Б.Далаймагнайгаас 6-7 удаа хонь, ямаа, үхрийн мах авч байсан. Б.Далаймагнай нь өөрөө цагаан өнгийн машинтайгаа ирээд өгдөг байсан. 2018 оны 11 сарын 19-нд 6 хонины мах авч байсан санаж байна. 2018 оны 11 сарын 27-нд 632,000 төгрөгийг би өөрийнхөө данснаас Б.Далаймагнайгийн данс руу хийж, 5 хонины мах авсан. 2018 оны 12 сарын 02-нд 17 цагийн орчим 9 орчим хонины мах авсан. Том жин сайтай, 28-39 килограмм орчим махнууд байсан ба уг мах нь халуунаар нь ачаад үнэр орох дөхсөн байсан. 2018 оны 12 сарын 08-нд 12 цагийн үед 3 хонины мах би авсан, бэлэн мөнгө өгөөд үлдэгдэл 165,000 төгрөгийг нь цахимаар шилжүүлсэн. 2018 оны 12 сарын 26-нд 7 хонины мах авсан. 2018 оны 12 сарын 31-нд 2 удаа мах өгсөн, эхнийх нь 10 цагийн орчим 5 хонь, 2 ямааны мах, үдээс хойш 13 цагийн орчим 5 хонины мах авсан. Дээрх махнуудыг Б.Далаймагнай өөрөө авчирч өгсөн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 64-65/,
Гэрч Н.Ухаантөгсийн: Би тэр өдөр адуунд явж байгаа н.Батмягмарынд ороход тэдний хүү н.Анхтөр, н.Далай, н.Ишгэнхүү нар байсан. Тэгээд ороод гарах гэхэд хойно байгаа машин дээр аккумлятор дөхүүлж өгөөч гэхээр нь цагаан өнгийн суудлын машинд аккумлятор авчирч өгсөн. Тэр 3 араас гурвуулаа явган ирсэн. Би наашаа гэр лүүгээ шууд ирсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 66-67/,
Гэрч Н.Нордогийн: ... Б.Далаймагнай нь 30-37 насны махлаг шар царайтай, 170 сантиметр орчим өндөртэй залуу байдаг. Б.Далайнмагнайн ээж болон Б.Далаймагнайн нэр дээр Хонгор суманд 2017 оноос 2021 оны хооронд огт мал тоологдож байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 82/,
Гэрч Е.Цээлээхүүгийн: ... Б.Далаймагнай 30 нас гарсан, 170 сантиметр орчим өндөр, шар царайтай, тарган, туранхай нь дунд зэрэг. Б.Далаймагнайн ээж болон Б.Далаймагнайн нэр дээр Хонгор сумын 02 дугаар багт мал тоологдож байгаагүй, хашаа хороонд нь мал байдаггүй байсан, өөр айлд тавиул мал байхгүй, Б.Далаймагнай нь Хонгор сумын 02 дугаар багт оршин суух бүртгэлгүй. Б.Далаймагнай 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022 онуудад ямар нэгэн малын гарал үүслийн гэрчилгээ авч байгаагүй гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84/,
Гэрч Ю.Хишигбаярын: ...13 цагийн үед Б.Далаймагнай над руу залгаад “хонины мах өгөлцөөд өрөө ав” гэхээр нь би Буян захын ард очиход н.Анхтөр, Б.Далаймагнай хоёр цагаан өнгийн Марк-2 маркийн машинтай зогсож байсан. Тэгээд Толгойтоос махны ченж эмэгтэйг аваад Буян захын арын хаалгаар ороод 9 ширхэг хонины махыг тэр махны ченж эмэгтэйд өгсөн. Ингээд бид гурав 1 ширхэг шар айраг хувааж уугаад би 60,000 төгрөгийн авлагаа аваад гэртээ харьсан. Тухайн үед махны ченж эмэгтэй Б.Далаймагнайн дансанд мөнгийг нь хийсэн, хэдэн төгрөг гэдгийг би мэдэхгүй байна. Уг 9 тооны хонины мах хулгайн мах гэж би мэдээгүй, Б.Далаймагнай хэлэхдээ н.Анхтөрийн мах гэж хэлсэн... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 86/,
Гэрч Б.Баяржаргалын: ...он, сар, өдрийг сайн санахгүй байна, намайг Дарханд гэртээ байж байхад орой 21-22 цагийн орчим Б.Далаймагнай над руу залгаад “миний машин Шийрийн бригадын наана эвдэрчихлээ, ирээд аваач” гэж ярьсан. Тэгээд би машинтайгаа ганцаараа очиход Б.Далаймагнайн цагаан өнгийн Тоёота марк-2 маркийн машин чулуу дээгүүр гараад тэгнэчихсэн, урд нэг дугуй нь хагарчихсан байсан. Б.Далаймагнай ганцаараа архи уусан байдалтай байсан. Тэгээд би Б.Далаймагнайг аваад захиргааны хажуугийн буудалд буулгаж оруулсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 88/,
Гэрч Б.Анхтөрийн: ... Б.Далаймагнайтай Буян зах дээр таарахад Б.Далаймагнай нь цагаан өнгийн марк-2 маркийн тээврийн хэрэгслээс хонины мах буулгаад тэргэн дээр ачсан байсан. Би яг хэдэн тооны хонь зарсан талаар мэдэхгүй байна, 2-3 тоогоор жин дээр тавьж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 97/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 38/,
Гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 40-43/,
...2018 оны 12 сарын 02-ны өдөр Б.Далаймагнайтай хамт ирж 9 тооны хонины мах зарсан залуу мөн гэж 4 гэсэн дугаартай Ю.Хишигбаярыг, 5 гэсэн дугаартай Б.Анхтөрийг заасан тухай гэрч С.Цэнгэлмааг оролцуулсан таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэлүүд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 44-51/,
...нас гүйцсэн 9 толгой эр хонины зах зээлийн үнэ 2018 оны 12 сарын байдлаар 1,800,000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 99-100/,
...Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэ 2018 оны 12 сарын 02-ны өдрийн байдлаар 2,500,000 төгрөг гэх “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 11 сарын 10-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 106-107/,
Шүүгдэгч Б.Далаймагнайн ХААН банкны 5055781517 тоот дансанд 2018 оны 12 сарын 02-ны өдөр 17:03 цагт мах гэсэн утгатай 900,000 төгрөгийг орлого орсон талаарх депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1-р хх-ийн 129/,
Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн Засаг даргын 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 6/510 дугаартай “Тус сумын 02 дугаар багт Б.Далаймагнай, Б.Анхтөр нар нь оршин суудаггүй, албан ёсны хаяггүй бөгөөд мал тоолуулаагүй нь үнэн болно” гэх, 2019 оны 02 сарын 27-ны өдрийн 6/117 дугаартай “Иргэн Б.Далаймагнай нь тус багт оршин суудаггүй, 2016, 2017, 2018 онуудад мал тоолуулж байгаагүй нь үнэн болно” гэх албан бичгүүд /1-р хх-ийн 135, 146/,
2018 оны 12 сарын 02-ны өдөр 17:03 цагт “мах” гэсэн утгаар Сүхээгийн Цэнгэлмаагаас 900,000 төгрөг шилжиж орсон гэх шүүгдэгч Б.Далаймагнайн ХААН банкны 5055781517 тоот дансны 2018 оны 11 сарын 19-ний өдрөөс 2019 оны 01 сарын 08-ны өдрийг хүртэл хугацааны дансны хуулганд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 179/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Б.Далаймагнай нь 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө хохирогч Л.Магванжавын 9 тооны хонийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчид 1,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна. Хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдсэн. Гэвч гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулиар хөнгөрүүлж зүйлчлэх нь зүйтэй. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчээс 1,800,000 төгрөг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Улсын яллагч яллах дүгнэлтийн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж байна. 2020 оны 01 сарын 16-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд өөрчлөлт орсон. Өөрчлөлт орсонтой холбогдуулан хэргийн зүйлчлэл өөрчлөгдсөн гэж бодож байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харахад Б.Далаймагнай гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлт гаргаж байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлөх ёстой. Хэргийн зүйлчлэл хөнгөрч байгааг хүлээн зөвшөөрч байна гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Далаймагнай нь 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө хохирогч Л.Магванжавын 1,800,000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны нас бие гүйцсэн эр хонийг нууцаар авч, Тоёота марк-2 маркийн авто машинаар тээвэрлэн Буян захын махны ченжэд 900,000 төгрөгөөр худалдсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч нь ...2018 оны 12 сарын 02-ны өдөр н.Хишигбаяр над руу залгаад 6 хонины мах зараад өг гэж хэлсэн. Тухайн хонины махыг зах дээр ченжид өгсөн. Н.Хишигбаяр намайг карттай юм чинь хонины мөнгийг өөрийнхөө данс руу хийчих гэж хэлсэн. Би мөнгийг нь бэлнээр авч н.Хишигбаярт өгсөн. Хохирогч Л.Магванжавын 9 тооны хонийг хэн авсныг би мэдэхгүй... гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байна.
Харин хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2018 оны 12 сарын 01, 02-ны өдрүүдэд шүүгдэгч Б.Далаймагнай нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 02 дугаар багийн нутаг Шийрийн бригад гэх газар байсан, 2018 оны 12 сарын 02-нд махны ченж С.Цэнгэлмаад 9 тооны хонины мах зарсан, түүнээс дансанд ********* ***********-аас “max” гэсэн гүйлгээний утгаар 900,000 төгрөг орсон болох нь хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, дансны хуулга зэргээр эргэлзээгүй тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд бусдын малыг хулгайлсан үйлдлийг мал хулгайлах гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Далаймагнайн 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө хохирогч Л.Магванжавын 1,800,000 төгрөгийн үнэ бүхий 9 тооны эр хонийг нууцаар авсан үйлдэл нь бусдын малыг эзэмшигч, өмчлөгчид нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар буюу зөвшөөрөлгүйгээр авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Б.Далаймагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн боловч шүүх хуралдааны явцад улсын яллагчаас шүүгдэгчийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг гаргаж байна.
2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж, 2 дахь хэсэгт бусдын олон тооны малыг хулгайлсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж зааж, “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно гэж тайлбарласныг 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар өөрчлөн найруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт бусдын малыг хулгайлсан бол зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж оногдуулах ялыг хүндрүүлсэн, 2 дахь хэсэгт мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж, улсын хилээр нэвтрүүлж, машин механизм ашиглаж, ноцтой хохирол, хор уршиг учруулж, гойд ашиг шимт малыг хулгайлж үйлдсэн бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж гэмт хэргийн объектив шинжийг нарийвчлан хуульчлахын зэрэгцээ "олон тооны мал" гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш малыг ойлгоно. гэж тайлбарлажээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заажээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Далаймагнайн 2018 оны 12 сарын 01-ний өдрөөс 02-ны өдрийг шилжих шөнө Л.Магванжавын 9 тооны хонийг хулгайлсан үйлдлийг гэмт хэрэгт тооцохдоо гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийг хэрэглэх бөгөөд түүний үйлдэл нь 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан олон тооны мал гэх ойлголтод хамаарахгүй, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Далаймагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Далаймагнайг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Магванжавт 1,800,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны явцад шүүгдэгч нь хохирогчид 1,500,000 төгрөг бэлнээр хүлээлгэн өгсөн, хохирогч нь үлдэгдэл 300,000 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжлэхээс татгалзсан болох нь хэрэгт авагдсан хохирол барагдуулсан баримтаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулж, бусдад төлөх төлбөргүй болсон, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Б.Далаймагнай нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, өмнө нь мал хулгайлах гэмт хэрэгт ял шийтгүүлж байсан, ам бүл 2, ахын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь гэм хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Б.Далаймагнайд 2 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирол төлбөрөө барагдуулсан байх тул шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэх үед мөрдөгдөж байсан эрүүгийн хуулийг дагаж мөрдөж, түүнийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж өгнө үү гэжээ.
Шүүх шүүгдэгч Б.Далаймагнайн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Далаймагнай нь 2018 оны 12 сарын 25, 2019 оны 01 сарын 07-ноос 08-нд шилжих шөнө, 2019 оны 01 сарын 11-ээс 12-нд шилжих шөнө бусдын мал хулгайлсан үйлдэлдээ Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 03 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд зан, үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан ба түүний тэнссэн хугацааг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт зааснаар өршөөн хэрэгсэхгүй болгосон тул шүүгдэгчид дахин өршөөл үзүүлэх боломжгүй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ 2,500,000 төгрөгийн үнэ бүхий Тоёота марк-2 маркийн тээврийн хэрэгсэл ашигласан болох нь тогтоогдож байгаа боловч уг тээврийн хэрэгслийг Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 сарын 19-ний өдрийн 156 дугаартай шийтгэх тогтоолоор улсын орлого болгосон тул хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Далаймагнайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэнийг хөнгөрүүлэн өөрчилж, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч Элжгэн овогт Бат-Ерөөлтийн Далаймагнайг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Шүүгдэгч Б.Далаймагнайг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
7. Ялтан Б.Далаймагнай нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173, 174 дүгээр зүйлд заасан үндэслэлээр зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг өөрчлүүлэх хүсэлтээ эрх бүхий байгууллагад гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Далаймагнайд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Далаймагнайд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР