| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0018/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/27 |
| Огноо | 2024-01-16 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 16 өдөр
Дугаар 2024/ШЦТ/27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0018/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Г.Цолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигин овогт Ганбаатарын Цолмонд холбогдох эрүүгийн 2318002800664 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Боржигин овогт Ганбаатарын Цолмон /РД: УЖ********/, 2002 оны 03 сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Техник технологийн дээд сургуулийн Автын инженерийн 4 дүгээр дамжааны оюутан, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Орчлон хороолол, 48 дугаар байр, 51 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Цолмонг 2023 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “**************” зочид буудалд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис /шавар/-ыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Цолмонгийн: 2023 оны 09 сарын 26-ны өдөр “*********” студийн тоглолтыг зохион байгуулахаар Дархан-Уул аймагт ирсэн. Би “**********” студийн хөгжмийн зохиолчоор ажилладаг юм. Бид 2023 оны 09 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймагт ирж, ************* нэртэй зочид буудалд байрласан. 2023 оны 09 сарын 26-ны орой тоглолт дуусаад эхлээд Яак зочид буудалд Десант, Таандар, Өүзий, Жесон, Дээгий, Биг бэнд, Дижитал хамтлагийн Эрка нартай хамт байсан. Тэд маргааш нь буюу 2023 оны 09 сарын 27-ны өглөө Улаанбаатар хот руу ажилтай гээд явсан байсан. Намайг сэрэхэд хэн ч байгаагүй. Тэгээд ганцаараа үлдсэн юм чинь гээд Яак зочид буудлаас гараад ************* зочид буудал руу очиж н.Эрхэмбаяртай уулзаад, хөдөө дүүгийнд нь н.Эрхэмбаярын 2 найзынх нь хамт очиж, хорхог, боодог хийж идсэн. Орой нь Дарханд орж ирээд ************* зочид буудалд дахин ууж идсэн. Би агаар амьсгалах гээд гадаа гараад зогсож байтал 2 цагдаа ирээд намайг цагдаагийн машинд суулгаад авч явсан. Цагдаагийн хэлтэст ирээд нэг саванд шээлгэж шинжилгээ хийхэд надаас тетрагидроканнабинол илэрсэн. Тухайн бодисыг хаана, хэзээ хэрэглэснээ би санахгүй байна. “**********” студийн ах нар надад тухайн бодисыг хэрэглүүлээгүй, би гадуур архи ууж явж байхдаа тухайн бодисыг хэрэглэсэн юм шиг байна. Эд мөрийн баримтаар хураагдсан гар утас миний гар утас мөн. Гар утасны гадна гэрийг би 2023 оны 09 сарын 02, 03-ны үед гэрийнхээ гаднаас олсон бөгөөд шороо болчихсон доошоо хараад газарт байж байхаар нь би цэвэрлэж аваад гар утсандаа хийсэн. Миний шээснээс тетрагидроканнабинол бодис илэрсэн нь ямар нэгэн байдлаар хэрэглэсэн болоод гарч байгаа байх. Би сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэснээ хүлээн зөвшөөрч байна. Надад хорих ял оногдуулахгүйгээр, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэрч Э.Ганзоригийн: Манай найз н.Эрхэмбаяр Дархан-Уул аймагт “**********” рекордсын уран бүтээлчдийн тоглолтыг зохион байгуулахаар болоод найзууд нь туслах гэж очсон юм. Би тухайн асуудал болохоос 01 хоногийн өмнө залуу төлөөлөл бүхий репперүүдийг Дархан-Уул аймагт авч очоод тоглолтын зар сурталчилгаа хийж фэйсбүүкээр лайв хийсэн юм. Маргааш нь бид тоглолтоо зохион байгуулж, оройдоо амарчхаад маргааш өглөө нь Улаанбаатар хот руу явцгаая гэхэд н.Эрхэмбаярын танил гэх хөдөөгийн залуу бид нарыг гэртээ аваачаад хорхог хийж идээд жоохон ууж сууцгаасан. Уг нь тэндээ асар бариад хоноглоё гэсэн боловч гэртээ урьсан хөдөөгийн хүн согтоод агсам тавиад Г.Цолмонтой зодолдсон. Тэгэхээр нь бид Дархан орж “*************” зочид буудалд 2-3 өрөө авсан бөгөөд өрөөнд байсан шар айргаа уугаад байж байхад Г.Цолмон маш их согтсон болохоор хүн болгонтой ам зөрөөд байсан. Тэгээд н.Батжаргал, Г.Цолмон нар бас хоорондоо маргалдаад гадагшаа гарсан. Хаашаа гарсныг нь мэдэхгүй байна. Тэгээд н.Батжаргал буцаж ирэхдээ “дүүтэй маргалдчихлаа, бацаан андуураад байна” гэж байсан. Г.Цолмон буцаж орж ирээгүй бөгөөд караоке ороод сууж байхад Г.Цолмон байгаагүй. Тухайн үед 2 цагдаа үүдээр шагайх үед н.Эрхэмбаярт хэлэхэд “надад ямар хамаатай юм, наадах чинь ажлаа хийгээд явж байгаа биз дээ” гэж хэлсэн. Бид караокед ууж байгаад өрөөндөө орохоор очиход цагдаа хувцастай болон энгийн хувцастай цагдаа нар зогсож байгаад манай өрөө болон биед үзлэг хийсэн. Үүний дараа би тасраад өрөөндөө унтаад өгсөн. Цагдаа нар буцаад хэдэн цагийн дараа ирснийг мэдэхгүй байна. Намайг босоод ир гээд Дарханы төв цагдаа руу авч яваад шалгах зүйл байна гээд намайг дагуулж яваад өрөөндөө оруулахад н.Батжаргал, н.Эрхэмбаяр, Г.Цолмон нар байсан. Ингээд миний шээсэнд тест дүрж үзээд “чамаас алкохол илэрлээ, архи уусан байна” гэж хэлсэн. н.Эрхэмбаяраас юм гараагүй болохоор та хоёр явж бай гэсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/,
2023 оны 09 сарын 25-ны өдрийн: ...Үзлэгээр Г.Цолмон нь 170 сантиметр орчим өндөртэй, 60 килограмм орчим жинтэй, бараан ногоон өнгийн 001, Англи улсын төрийн далбаа дээр хүний амны зурагтай наалт наасан кейстэй, цагаан өнгийн ар талдаа Apple логоны хажууд бор өнгийн зүйлээр бохирлогдсон Iphone-11 загварын гар утастай байх бай гар утас, утасны кейсийг хураан авав... гэх хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-7/,
2023 оны 09 сарын 25-ны өдрийн: ... Г.Цолмон нь хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахаар шээснээс дээж авах ажиллагааг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт явуулж, Г.Цолмон тестийн уутыг задалж, зориулалтын саванд шээсний дээж авч, тестийг зааврын дагуу ашиглахад THC хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв. Г.Цолмонгоос биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавьж үзэхэд ТНС tetrahydrocannabinol илрэв... гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-13/,
2023 оны 10 сарын 21-ний өдрийн: ... Г.Цолмон нь хар тамхи, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэсэн эсэхийг шалгахаар биологийн шээснээс дээж авах ажиллагааг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 02 дугаар хэлтэст явуулж, Г.Цолмонгоор тестийн уутыг задлуулж, зориулалтын саванд шээсний дээж авч, тестийг зааврын дагуу ашиглахад THC хэсгийн Т С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэж зааж байв. Г.Цолмонгоос биологийн дээж авч мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хэрэглэсэн эсэхийг шалгах тест тавьж үзэхэд ТНС tetrahydrocannabinol илрэв... гэх хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 22-24/,
2023 оны 12 сарын 01-ний өдрийн: ...Гадуураа ногоон өнгийн хүрээтэй, ар хэсэгтээ 001, Англи улсын төрийн далбаан дээр хүний амны зурагтай наалт наасан кейстэй Iphone загварын гар утас 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 сарын 18-ны өдрийн 4804 дугаартай: Ирүүлсэн дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн Iphone загварын гар утаснаас дельта-9 тетрагидроканнабинол илэрсэн. Илэрсэн бодис нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ковенцийн II жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн бараан өнгийн зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн Iphone загварын гар утаснаас арчдас авч дээж бэлтгэсэн тул тухайн дээжийн цэвэр жинг тодорхойлох боломжгүй байна...гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-42/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 сарын 08-ны өдрийн 5283 дугаартай: Шинжилгээнд ирүүлсэн “***************” гэж хаягласан шээсний дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд ирүүлсэн “***************” гэж хаягласан шээсний дээжээс тетрагидроканнабинол илэрсэн. Тетрагидроканнабинол нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай ковенцийн II жагсаалтад хамаарна. Шээсэнд бусад төрлийн бодис тодорхойлох шинжилгээ хийх боломжгүй... гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-54/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Цолмон нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “*************” зочид буудалд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 02 дугаар жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол гэх сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай каннабис /Tetrahydrocannabinol/ гэх ургамлыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Г.Цолмонгоос гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй байна гэв.
Шүүгдэгч Г.Цолмон нь улсын яллагчийн гаргасан гарсан дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Цолмон нь 2023 оны 09 сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багт үйл ажиллагаа явуулах “*************” зочид буудалд мансуурсан байдалтай байсныг цагдаагийн албан хаагч олж илрүүлэн түүний шээснээс дээж авч шалгахад Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн, мөн түүний гар утаснаас арчдас авч шинжлэхэд Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол буюу сэтгэцэд нөлөөт бодис илэрсэн гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан үйлдлийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт буюу 2023 оны 09 сарын 24-ний өдөр шүүгдэгч Г.Цолмонгийн биологийн дээж болох шээс, түүний бие байсан эд зүйл болох гар утаснаас Делта-9 тетрагидроканнабинол илэрсэн гэх нөхцөл байдлаас дүгнэхэд шүүгдэгч нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан сэтгэцэд нөлөөт бодис болох Делта-9 тетрагидроканнабинол гэх бодисыг олж аван өөрийн гар утасны гадна хамгаалалтын гэрт хадгалсан, 2023 оны 09 сарын 24-ний өдөр уг бодисыг хэрэглэж мансуурсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Цолмонгийн дээрх үйлдэл нь Нэгдсэн Үндэсний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын II жагсаалтад багтсан Делта-9 тетрагидроканнабинол сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар биедээ хадгалснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Г.Цолмон нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, ам бүл 5, эцэг, эх, ах, дүү нарын хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Г.Цолмонд 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Шүүх шүүгдэгч Г.Цолмонгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгэмд аюултай байдал, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 жилийн хугацаагаар хорих оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадуураа ногоон өнгийн хүрээтэй, ар хэсэгтээ 001, Англи улсын төрийн далбаан дээр хүний амны зурагтай наалт наасан кейстэй Iphone загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчээс биологийн дээж авч байгаа байдлыг бичсэн бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацааг дуусах хүртэл хэрэгт хадгалахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгчийг хорих ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Цолмон нь мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн биеийн байцаалтыг өгөхдөө “********** рекордс”-д хөгжмийн зохиолчоор ажилладаг гэж мэдүүлсэн. Энэ нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар нотлогдохгүй байгаа хэдий ч шүүгдэгч нь Дархан-Уул аймагт “********** рекордс”-ийн дуучдын тоглолтыг зохион байгуулахад оролцсон, ингэхдээ биедээ мансууруулах бодис хадгалж явсан, уг тоглолтын дараа мансууруулах бодис хэрэглэсэн байдалтай явж байгаад саатуулагдсан гэх нөхцөл байдал тогтоогдсон.
Иймд тус байгууллагад гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүлэх шаардлагатайг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Ганбаатарын Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.Цолмонг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Цолмонд оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гадуураа ногоон өнгийн хүрээтэй, ар хэсэгтээ 001, Англи улсын төрийн далбаан дээр хүний амны зурагтай наалт наасан кейстэй Iphone загварын 1 ширхэг гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчид буцаан олгож, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цолмонд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Цолмонд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР