Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 02 сарын 03 өдөр

Дугаар 101/ШШ2021/00430

 

 

 

 

 

 

 

 

  2021         02          03  

              101/ШШ2021/00430

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Туул гол гудамж, 49 байр, 202 тоот хаягт оршин суух Тэнгэрийн тээхнь овогт Батчулууны Ж /регистрийн дугаар ХА70102705/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Төгөл хус 3 байр, 6 тоот хаягт оршин суух Чонос овогт Батболдын Д /регистрийн дугаар УХ97061918/-т холбогдох,

 

9,200,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Эрдэнэчимэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “...

Б.Ж нь Б.Дтай 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, Америк улсаас оруулж ирсэн, 2013 онд үйлдвэрлэсэн, 5TFDW5F16EX333590 арлын дугаартай, саарал өнгөтэй, 9495 УАМ улсын дугаартай, тоёота тундра маркийн тээврийн хэрэгслийг 92,000,000 төгрөгөөр худалдахаар харилцан тохиролцсон. Гэрээний 2.1-д урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр, үлдэх 47,000,000 төгрөгийг 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр тус тус төлөхөөр заасны дагуу худалдан авагчийн зүгээс урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр төлсөн. Талууд мөн өдөр автомашин худалдсан тухай баримт үйлдэж, тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн эзэмшилд шилжүүлэн хүлээлгэн өгсөн ба хүлээлцэх үед тээврийн хэрэгсэл дараахь байдалтай байсан. Үүнд кабины хойд талын оврын гэрэл хагарсан байгааг сольж өгөх, хойд 18-тай запас дугуйг 20-той дугуйгаар сольж өгөх, дугуйны данхрадны эргүүлдэг өргөгч гар дутуу байгааг гүйцээж өгөх, багажны тагны голд мөн жолооны эсрэг талын багана дээр тус тус жижиг хэмжээний сэвтэй, хянах самбарын заалт 43,691 мил явсан, автомашины бүх зүйл үйлдвэрлэгчээс гарснаараа буюу засаж янзалсан зүйлгүй, нэмэлтээр оврын гэрэл, ачаа суурилуулсан, машины түлхүүр 1 ширхэг, удирдлага 1 ширхэг. Нэхэмжлэгч Б.Ж нь тээврийн хэрэгслийг эзэмшилдээ байлгаж ашиглах хугацаанд урд шилний завсраар ус орох, явах үед тасалдах, дуу гарах гэх мэт доголдлууд илэрсэн тул 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр “Таван богд” ХХК-аар механик оношилгоо хийлгэхэд урд хойд амортизатор, хойд пиланз, хойд наклад, кропны тос, хөдөлгүүрийн шүүр, тосны шүүр, цэгэн тосолгоо, свеча зэргийг солих, эдгээрийн ажлын хөлсөнд нийт 7,770,000 төгрөг шаардлагатай гэсэн. Түүнчлэн тус тээврийн хэрэгслийн хянах самбарт 43,691 мил явсан гэж зааж байгаа боловч бодит байдалд үүнээс их явсан буюу милийг ухраасан байсан нь тогтоогдсон. Ийнхүү худалдагч нь биет байдлын болон эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ зөрчиж доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар хариуцагчид мэдэгдэж гэрээнээс татгалзах тухайгаа илэрхийлсэн. Улмаар Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 254 дүгээр зүйлийн 254.1, мөн гэрээний 3.5 дахь хэсэгт тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хүлээлцэх баримт үйлдэн тээврийн хэрэгслийг Б.Дт буцаан шилжүүлсэн. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа буцаах үр дагавар үүсдэг ба хариуцагч нь нэхэмжлэгчийн урьдчилгаанд шилжүүлсэн 45,000,000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй. Гэтэл хариуцагч ямар ч үндэслэлгүй урьдчилгаа төлбөрөөс 9,200,000 төгрөгийг суутган авч, 35,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн. Иймд Б.Даас үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 9,200,000 төгрөг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Б.Д, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Энхгэрэл нар шүүхэд болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: “... Д.Батсайхан нь 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Уранган авто худалдааны төвд Америк улсаас оруулж ирсэн, 9495 УАМ улсын дугаартай, 5TFDW5F16EX333590 арлын дугаартай, тоёота тундра маркийн 2013 онд үйлдвэрлэсэн саарал өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг үзэж сонирхон худалдан авахаар болж, тээврийн хэрэгсэл зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Тээврийн хэрэгслийн үнэ 92,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 45,000,000 төгрөг, 2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 47,000,000 төгрөг төлөхөөр тохирч, 45,000,000 төгрөгийг 2020 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шилжүүлсэн. Мөн өдрөө гэрээнд заасан тээврийн хэрэгслийг өмчлөлд нь шилжүүлсэн. Гэтэл 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Батсайхан нь би үлдэгдэл мөнгөө төлж чадахаа больсон тул дүү Б.Ждаа уг машиныг шилжүүлье гэсний дагуу 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Б.Жтай тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Худалдан авагч нь тээврийн хэрэгслийг үзэж шалган өөрийн хүслээр авсан ба уг тээврийн хэрэгсэл эрхийн болон биет байдлын доголдолгүй байсан. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй эд хөрөнгийг хүлээлгэн өгөх үүрэгтэй ба Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1 дэх хэсэгт зааснаар гэрээгээр тогтоосон чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзэхээр заасан. Бидний хооронд байгуулсан гэрээгээр чанарын талаар тохиролцоогүй ба Иргэний хуулийн 251.2 дахь хэсэгт хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзэхээр заасан. Б.Дын зүгээс гэрээнд заасан тээврийн хэрэгслийг шилжүүлсэн тул биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлсэн гэж үзэж байна. Ингээд сар гаран тээврийн хэргслээ унаж өөрийн эзэмшил ашиглалтанд байлгаж байгаад 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр тээврийн хэрэгслийг буцаая гэсэн. Импортын автомашины /гаалийн бичигтэй/ үнэ нь дугаар авсан буюу Монголд явж байсан автомашины үнээс 10 хувиар өндөр байдаг. Дугаар авсан автомашиныг Монголд явж байсан гээд 10 хувиар үнэ буурдаг. Худалдан авагч нь тээврийн хэрэгслийг авсан өдрөөс хойш сар гаран унаж хэрэглэсэн тул худалдагч тал ахин зарахад дугуй, амортизатор, тос масло, агаар шүүгч солиулахад гарах зардал болон дугаар аван Монголд явсан автомашин гэдгээр үнэ 10 хувиар буурах зэрэг бодитоор учрах зардал, хохирлоо тооцоод харилцан тохиролцоод автомашины үнэ 92,000,000 төгрөгийн 10 хувь буюу 9,200,000 төгрөгийг урьдчилгаа төлбөр 45,000,000 төгрөгөөс суутган үлдэгдэл 35,800,000 төгрөгийг Б.Жгийн Хаан банкны 5029496555 тоот дансанд шилжүүлэхийг зөвшөөрч, 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэлцэл байгуулсан. Энэ хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны байгуулагдсан, 39 дүгээр зүйлийн 39.1, 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу хүчин төгөлдөр хэлцлийн үндсэн дээр үүссэн харилцаа тул үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх боломжгүй. Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 дахь хэсэгт заасны дагуу импортын дугаар аваагүй Америк улсаас оруулж ирсэн 5TFDW5F16EX333590 арлын дугаартай тоёота тундра маркийн 2013 онд үйлдвэрлэсэн саарал өнгөтэй суудлын зориулалттай тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч тал улсын дугаар аван сар гаран хэрэглэсний дараа зарсан үнэ 82,000,000 төгрөг /худалдсан гэрээ хавсаргав/, мөн уг тээврийн хэрэгслийг ахин зарахын тулд 4 дугуй 1,920,000 төгрөг /4*480,000/, амортизатор 1,040,000 төгрөг /4*260,000/, тос, масло, агаар шүүгч 780,000 төгрөг, нийт 3,740,000 төгрөгийн бодит хохирол учирсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ж нь хариуцагч Б.Дт холбогдуулан 9,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчтэй харилцан тохиролцон 9,200,000 төгрөгийг хохиролд тооцон суутган авсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй маргаж байна.

 

Шүүх дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэстэй гэж дүгнэв.

 

Зохигчдын хооронд 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээ бичгээр байгуулагдаж, хариуцагч нь Америкийн нэгдсэн улсаас импортолсон, тоёота тундра маркийн, 2013 онд үйлдвэрлэсэн, 5TFDW5F16EX333590 арлын дугаартай, суудлын зориулалттай, саарал өнгийн тээврийн хэрэгслийг худалдах, нэхэмжлэгч нь тээврийн хэрэгслийг хүлээн авч, үнэд 92,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ /хх-6/.

 

Дээрх гэрээний дагуу хариуцагч тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн, нэхэмжлэгч урьдчилгаа 45,000,000 төгрөгийг хариуцагчид төлсөн болох нь зохигчдын тайлбар, тээврийн хэрэгсэл хүлээлцсэн баримтаар /хх-8/ тогтоогдсон, энэ талаар талууд маргаагүй. 

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт заасны дагуу талууд гэрээний гол нөхцөлийн талаар хүсэл зоригоо илэрхийлэн тохиролцож гарын үсэг зурсан, мөн гэрээний зүйлийг шилжүүлсэн байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэх үндэстэй ба гэрээ байгуулагдсан, мөн хүчин төгөлдөр эсэхэд талууд маргаагүй.

 

Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг.  

 

Хэрэгт авагдсан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “хэлцэл” баримт /хх-12/ болон зохигчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч худалдан авсан тээврийн хэрэгслийг хариуцагчид, хариуцагч нэхэмжлэгчийн төлсөн 45,000,000 төгрөгөөс 9,200,000 төгрөгийг суутган авч 35,800,000 төгрөгийг нэхэмжлэгчид тус тус харилцан буцаан өгч, худалдах, худалдан авах гэрээг дуусгавар болгосон үйл баримт тогтоогдож байх ба тус үйл баримтын хувьд нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь шүүхэд маргаагүй.

 

Харин нэхэмжлэгч нь тээврийн хэрэгсэл доголдолтойн улмаас гэрээнээс татгалзсан үндэслэлээр хариуцагчийн суутган тооцсон 9,200,000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг шаардсан ба хариуцагч нь доголдолгүй тээврийн хэрэгсэл шилжүүлэх үүргээ бүрэн биелүүлсэн, нэхэмжлэгч гэрээнээс татгалзсантай холбогдуулан 9,200,000 төгрөгийг хохиролд тооцон суутгасан гэж маргасан.

 

“Хэлцэл” баримтад 2 талын хүсэлтээр гэрээг цуцалсан, мөн худалдагч урьдчилгаа төлбөрөөс 9,200,000 төгрөгийг суутган авахаар тохирсон талаар дурдсан байх боловч ямар үндэслэлээр юунд суутгах болсныг тодорхой тусгаагүй.

 

Талуудын 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үйлдсэн “автомашин хүлээлцэх тухай” баримтад “Б.Ж би бага явсан машин авах сонирхолтой байсан, худалдан авсан машины 4 амортизатор, тормозны диск их элэгдэлтэй, солих шаардлагатай, урьд шилний завсраар ус ордог, запас дугуйны размер өөр хэмжээтэй байсан, 2014 оны машин гэсэн боловч 2013 оных байсан, бид доголдлыг арилгуулах гэсэн боловч тохиролцож чадаагүй ...” гэж дурджээ.

 

Нэхэмжлэгч гэрээнээс татгалзахын өмнө тээврийн хэрэгсэлд “Таван богд” ХХК-аар оношилгоо хийлгэн доголдлыг тогтоолгосон гэж тайлбарлан 1202904 тоот оношилгооны хуудас, төлбөрийн баримтыг шүүхэд гаргасан ба амортизатор, хойд пиланз, хойд накладка, сэнсний ремень чангалагч, свечаг тус тус солих, цэгэн тосолгоо хийх, автомат кроп, ХДА тос, хөдөлгүүрийн шүүр, тосны шүүрийг тус тус солих шаардлагатайг тодорхойлжээ /хх-9, 10/.   

 

Мөн нэхэмжлэлд хариуцагчийг тээврийн хэрэгслийн хянах самбарын милийг ухраасан буюу ашиглалтын байдлыг зориуд нуусан гэж буруутгасан ба анх хүлээн авах үед тээврийн хэрэгслийн хянах самбарын заалт 43,691 миль байжээ /хх-8/. Хариуцагчаас шүүхэд гаргасан гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэгт тээврийн хэрэгслийн гүйлт /км/ 78,858 гэж бүртгэгдсэн байх /хх-45/ ба Америкийн нэгдсэн улсад 1 милийг 1.6 км-ээр тооцдог гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарлаж байна. Эдгээр баримтаар тээврийн хэрэгслийн хянах самбарын заалт импортлох үед 49,286 миль /78,858/1.6/ буюу худалдах үеийнхээс 5,595 миль илүү байсан гэж үзэхээр байна.

 

Дээрх баримтуудыг харьцуулан үзэхэд тээврийн хэрэгслийн зарим эд анги /амортизатор, тормозны диск г.м/-ийг солих шаардлагатай, мөн тээврийн хэрэгслийн ашиглалтын /гүйлтийн/ мэдээлэл бодитой бус үндэслэлээр, өөрөөр хэлбэл тээврийн хэрэгслийн чанар байдалтай холбогдуулан талууд худалдах, худалдан авах гэрээг цуцалсан гэж дүгнэх үндэстэй ба Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 дэх хэсэгт эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй байхаар заажээ.

 

Хариуцагчийн хувьд, гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой, биет байдлын доголдолгүй тээврийн хэрэгсэл худалдсан гэж мэтгэлцэж байх боловч дээрх 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “автомашин хүлээлцэх тухай” баримт, “Таван богд” ХХК-ийн оношилгооны хуудаст тээврийн хэрэгслийн доголдлын талаар тусгагдсаныг баримтаар үгүйсгэж чадаагүй болно.

 

          Иймд худалдах, худалдан авах гэрээ нь дээрх үндэслэлээр цуцлагдсан нөхцөлд нэхэмжлэгчийн шаардаж буй 9,200,000 төгрөгийг хохиролд тооцон суутган авсан гэх хариуцагчийн татгалзлыг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй.

 

          Тодруулбал, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэж заасны дагуу хариуцагч нь тээврийн хэрэгслийн үнэд авсан 9,200,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан шилжүүлэх үүрэгтэй.

 

          Хариуцагч нь нэхэмжлэгчийг тээврийн хэрэгсэлд улсын дугаар аван сар гаруй хугацаанд ашигласнаас шалтгаалан бусдад 10,000,000 төгрөгөөр хямд зарсан, тээврийн хэрэгслийг зарахын тулд дугуй, амортизатор, тос, масло, агаар шүүгч сольсон гэж марган зарлагын баримтууд, Д.Отгонбаатартай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг тус тус шүүхэд гаргасан /хх-23-27/ ба дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч нь мөн тээврийн хэрэгслийг биет байдлаар нь хариуцагчид буцааж өгөх үүрэгтэй. Хэрвээ үүргийн зүйлийг ердийн элэгдэл, хорогдлоос гадуур гэмтээсэн, муутгасан, дутаасан, устгасан бол үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар бус мөнгөөр нөхөн төлөхөөр хуулийн 205.2.3 дахь хэсэгт зохицуулсан.   

 

          Тээврийн хэрэгслийг худалдах болон буцаан шилжүүлэх үеийн хүлээлцсэн 2 баримтыг харьцуулан үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшилд байсан 36 хоногийн хугацааны гүйлт 279 миль байх бөгөөд хариуцагч моторын болон кропны тос, агаар шүүгч, 4 дугуй солиулсныг нэхэмжлэгч түүний ашиглалтаас ийм элэгдэл хорогдол үүсээгүй гэж маргаж байх хэдий ч баримтаар нотлоогүй, мөн хариуцагчийн баримтуудыг шүүхэд баримтаар үгүйсгэж чадаагүй.

 

          Иймээс нэхэмжлэгчийг тээврийн хэрэгслийн дээрх элэгдлийг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй буюу хариуцагчийн гаргасан зардал болох 2,700,000 төгрөгийг /дугуй 1,920,000+тос, агаар шүүгч 780,000/ төлөх үүрэгтэй гэж шүүх дүгнэв. 

 

          Харин амортизатор солиулсан зардлын хувьд, дээр дурдсанчлан 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн “автомашин хүлээлцэх тухай” баримт, “Таван богд” ХХК-ийн оношилгооны хуудаст тусгагдсан байх тул нэхэмжлэгчийн ашиглалттай холбоотой үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй болно.

 

          Дээрх үндэслэлүүдийг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагчаас 6,500,000 төгрөг /9,200,000-2,700,000/ гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Даас 6,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,700,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Жгаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 162,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Даас 118,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Жд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Д.ЗОЛЗАЯА