| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0039/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/47 |
| Огноо | 2024-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхтулга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 2024/ШЦТ/47
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0039/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч Б.Энхтулга,
Шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигин овогт Батсуурийн Анхбаатар, Бичээч овогт Сандагдоржийн Лхагважаргал нарт холбогдох эрүүгийн 2418000000018 дугаартай хэргийг 2024 оны 01 сарын 25-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, Боржигин овогт Батсуурийн Анхбаатар /РД: ТЯ********/, 1984 оны 04 сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, "*********************" ТӨХК-д Төлөвлөлт бодлого зохицуулалтын албаны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн 02 дугаар гудамж, 30б тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, Парк таун 214а байр, 37 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй,
2. Монгол Улсын иргэн, Бичээч овогт Сандагдоржийн Лхагважаргал /РД: ИЦ********/, 1972 оны 09 сарын 02-ны өдөр Завхан аймгийн Тосонцэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, "*****************" ТӨХК-д ерөнхий нягтлан бодогч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 14 дүгээр баг, 02 дугаар хороолол, 48 дугаар байр, 92 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Анхбаатарыг 2023 оны 12 сарын 23-ны өдрийн 05:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” зочид буудлын 301 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Лхагважаргалыг “гуйлгачин” гэж хэллээ гэх шалтгаанаар маргалдаж биед нь халдаж эрүүл мэндэд нь хэвлий, цээж, баруун шуу, баруун мөр, 2 гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж,
Шүүгдэгч С.Лхагважаргалыг 2023 оны 12 сарын 23-ны өдрийн 05:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” зочид буудлын 301 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Анхбаатарыг “гуйлгачин” гэж хэлснээр маргалдаж биед нь халдаж эрүүл мэндэд нь дух, зулайн хуйхны шарх, баруун зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нар нь 2023 оны 12 сарын 23-ны өдөр 05:00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “********” зочид буудлын 301 тоот өрөөнд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо маргалдаж улмаар харилцан зодолдож, С.Лхагважаргал нь Б.Анхбаатарын толгой руу ширээний хугарсан хөлөөр цохиж эрүүл мэндэд нь дух, зулайн хуйхны шарх, баруун зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол, Б.Анхбаатар нь С.Лхагважаргалыг гараараа цохиж эрүүл мэндэд нь хэвлий, цээж, баруун шуу, баруун мөр, 2 гуя, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол тус тус учирсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 8/,
“...өрөөний голд бор өнгийн дээд болон доор нь ундаа, ус, вискиний шил, лааз эмх замбараагүй байдалтай байх ба цаад талд нь 4 хөлтэй бор өнгийн жижиг ширээний 1 хөл нь хугарсан байдалтай байсныг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан байж болзошгүй гэж хураан авав...” гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 9-13/,
“...хяналтын камерын бичлэгийн 05:03:28-т цагаан өнгийн куртиктэй эрэгтэй хүн хар өнгийн куртиктэй эрэгтэй хүний нүүр хэсэгт 2 удаа цохисон, үүний дараа хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн цагаан өнгийн куртиктэй эрэгтэй хүнийг газарт унагааж дээр нь дарах байдалтай дүрс харагдаж байв...” гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” зочид буудлын 03 давхрын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-24/,
“...хэргийн газрын үзлэгээр хураан авсан 57 сантиметр урттай, бор өнгийн мод 1 ширхэг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн нутаг дэвсгэр “********” зочид буудлын 03 давхрын хяналтын камерын бичлэг бүхий сиди 1 ширхгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 25/,
“... С.Лхагважаргал ах намайг “гуйлгачин” гэхээр нь би “яахаараа гуйлгачин байдаг юм” гээд хэрүүл маргаан үүсэж бид хоёр барьцалдаж байхад нэг эрэгтэй хүн бид хоёрыг салгасан. Ингээд нэг мэдэхэд тас гээд толгой хэсэг доргиод өвдсөн ба нүүр рүү цус урссан... гэх шүүгдэгч Б.Анхбаатарын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 30/,
“... Б.Анхбаатар намайг газарт унагаагаад хөл, гар, цээж хэсэг рүү олон удаа гараараа цохисон. Н.Батжаргал орж ирээд биднийг салгасны дараа би хугарсан ширээний хөлийг аваад Б.Анхбаатарын толгой руу нэг удаа цохисон...” гэх шүүгдэгч С.Лхагважаргалын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-ийн 35/,
“... Анхаа болон Лхагважаргал нар коридорт маргалдаж байгаад бие биеэ нэг нэг удаа цохиод Анхаа Лхагважаргалын дээр гараад босгохгүй байхаар нь би арайхийж салгасан. Өрөө рүү ороход тэр хоёр маргалдсан байдалтай юм шиг эмх замбараагүй байсан, Лхагважаргал ширээний хөл аваад Анхаагийн дух хэсэгт нэг удаа цохиход цус гарсан...” гэх болсон үйл явдлыг харсан гэрч Б.Батжаргалын мэдүүлэг /хх-ийн 49/,
“...намайг очиход цагдаа нар ирчихсэн, Б.Анхбаатарын толгой хэсгээс цус гарсан байдалтай байсан тул эмнэлэг рүү явсан...” гэх гэрч Ц.Нарангэрэлийн мэдүүлэг /хх-ийн 50/,
“...дахиад чимээ шуугиан гараад байхаар нь 3 давхарт гарахад тухайн хоёр эрэгтэй коридорт маргалдаж байгаад өрөө рүү орсон. Өрөө рүү ороход нэг эрэгтэй ширээний хугарсан хөлийг аваад нөгөө эрэгтэй хүний нуруу, дух хэсэгт цохичхоод гараад явсан...” гэх болсон үйл явдлыг харсан гэрч Г.Уранбаярын мэдүүлэг /хх-ийн 52/,
“ С.Лхагважаргалын биед хэвлий, цээж, баруун шуу, баруун мөр, 2 гуя, зүүн шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь нийтдээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, тус тусдаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 77 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62/,
“ Б.Анхбаатарын биед дух, зулайн хуйхны шарх, баруун зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх дух, зулайн хуйхны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт, баруун зүүн нүдний дотор булан, дээд зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн 78 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 67-68/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарын үйлдэл нь өөрсдийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Анхбаатар Эрүүл мэндийн даатгалын санд 90,000 төгрөг төлсөн, шүүгдэгч С.Лхагважаргал нь Эрүүл мэндийн даатгалын санд 30,000 төгрөг, хохирогч Б.Анхбаатарт 2,000,000 төгрөг тус тус төлсөн. Хохирогч С.Лхагважаргал нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч нарын хүсэлт, ХААН банк болон Төрийн банкны мөнгө шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Прокуророос шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргахаар шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигин овогт Батсуурийн Анхбаатар, Бичээч овогт Сандагдоржийн Лхагважаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүр 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг Сиди-ийг хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Анхбаатар, С.Лхагважаргал нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР