Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2026/0710

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               “Д а т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                               захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон: шүүгч Ц.Одмаа

Илтгэгч: шүүгч Д.Оюумаа

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Т

Нэхэмжлэгч: “Д а т” ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 772 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.О

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2026/0577/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Д а т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, “Д а т” ХХК-ийн эзэмшлийн ****А дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг “** жил, * сар” гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү засвар хийхийг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 772 шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5, Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, 3 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан “Д а т” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, “Д а т” ХХК-ийн эзэмшлийн ****А дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг “** жил, * сар” гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү засвар хийхийг даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Шүүх Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд тусгай зөвшөөрлийн хугацааг хэрхэн тоолох талаар зохицуулаагүй болохыг зөв тогтоосон. Гэвч хуулийн энэхүү хийдлийг хуульд үндэслэлгүйгээр, тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хязгаарлах байдлаар нөхсөн нь буруу. Хуульд заагаагүй хязгаарлалт, хугацаа, нөхцөлийг захиргааны байгууллага өөрөө бий болгож болохгүй бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх" зарчмын шууд шаардлага мөн. Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд "...олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ", 3 дугаар зүйлд "...түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно" гэж заасан. Эдгээр заалт нь "хүчин төгөлдөр" тусгай зөвшөөрлийг шинэ хуулийн бүртгэлд шилжүүлэх бүртгэлийн ажиллагааг зохицуулсан бөгөөд урьд олгогдсон хугацааг хасах, богиносгох, шинээр тогтоох эрхийг захиргааны байгууллагад олгоогүй. Хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэнэ гэдэг нь түүнийг агуулга, түүний дотор хугацааны хувьд хэвээр хадгалж бүртгэх утгатай.

3.2. Шүүх Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн 26 дугаар зүйлийн 26.5-ыг баримталсан. Гэтэл энэ заалт нь "Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26 дугаар зүйлийн 26.3.2, 26.3.3-д заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож..." гэж шинээр тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан этгээдэд тусгай зөвшөөрөл олгох харилцааг зохицуулдаг. Энэ заалт нь хууль батлагдахаас өмнө олгогдсон тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх харилцаанд хамаарахгүй. Иймд шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн байна. Түүнчлэн Хариуцагч тусгай зөвшөөрлийн хугацааг тоолохдоо эхлэх огноог Ашигт малтмалын тухай хууль /1997 он/-ийн үеийн анх олгосон огнооноос, харин үргэлжлэх хугацааг Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийн дагуу 30 жилээр тогтоож, нэг эрх зүйн харилцаанд хоёр өөр хуулийг эрх эзэмшигчид хамгийн ашиггүй байдлаар хольж хэрэглэсэн. Хуулийн хийдэл байгаа нөхцөлд ч хариуцагч дараах хоёр аргын аль нэгийг л хэрэглэх боломжтой байсан.

3.3. Шүүхийн хүлээн зөвшөөрсөн аргачлалаар бол Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-ийг түүнийг батлагдахаас 11 жилийн өмнө буюу 1995 онд үүссэн эрх зүйн харилцаанд буцаан хэрэглэсэн болж байна. Хуулийг буцаан хэрэглэхгүй байх нь эрх зүйн нийтлэг зарчим бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ийм буцаан хэрэглэх зохицуулалт байхгүй. Хэрэв энэ аргачлалыг хүлээн зөвшөөрвөл шинэ хууль батлагдах үед анх олгосноос хойш 30 ба түүнээс дээш жил өнгөрсөн аливаа хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэгдмэгц дуусгавар болох утгагүй үр дагавар гарах бөгөөд энэ нь "хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэх" гэсэн Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зорилгод шууд харшилна.

3.4. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д "Захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй" бол захиргааны акт илт хууль бус болохоор заасан. Дээр дурдсанаар Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль болон Ашигт малтмалын тухай хууль /2006 он/-д урьд олгогдсон тусгай зөвшөөрлийн хугацааг шинэчлэн бүртгэх явцад бууруулах, хасах эрх зүйн үндэслэл огт байхгүй. Иймд маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэхдээ түүний хугацааг ** жил * сараас 30 жил болгон бууруулсан нь эрх зүйн үндэслэлгүй буюу илт хууль бус байна. Мөн зөвхөн шинэчлэн бүртгэх чиг үүрэгтэй байгууллага тусгай зөвшөөрлийн хугацааг шинээр тогтоосон нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан тухайн байгууллагын чиг үүрэгт хамаарахгүй асуудлаар акт гаргасан тохиолдолд мөн хамаарна. Маргаан бүхий шийдвэрт хугацаа заагаагүй нь дээрх дүгнэлтийг улам бататгаж байна. Хэрэгт авагдсан маргаан бүхий шийдвэрт тусгай зөвшөөрлийн хугацааг өөрчлөх, бууруулах талаар ямар ч агуулга байхгүй бөгөөд тэмдэглэсэн 30 жилийн хугацаа нь ямар нэг захиргааны шийдвэр, хуулийн заалтад үндэслээгүй болох нь нотлох баримтаар тогтоогдож байна. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийг 3 дугаар зүйлийн 3.1.1-д тусгай зөвшөөрлийг "тодорхой төрлийн аж ахуйн үйл ажиллагааг тогтоосон хугацаа, нөхцөл, шаардлагын дагуу эрхлэн явуулах эрхийг олгосон албан ёсны баримт бичиг" гэж тодорхойлж, 4 дүгээр зүйлийн 4.1.4-д тусгай зөвшөөрлийн хугацааг түүнд заавал тусгах агуулгын нэг гэж заасан бөгөөд энэ агуулга Зөвшөөрөл мэдэгдлийн тухай хуулийг хэвээр хадгалагдсан. Тусгай зөвшөөрлийн ийм үндсэн агуулгыг өөрчлөх нь зөвхөн хуульд тодорхой үндэслэл байж, эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр илэрхий шийдвэрлэгдсэн тохиолдолд л боломжтой. Энэ хоёрын аль нь ч байгаагүй.

3.5. Тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулах тухай захиргааны байгууллагын хүсэл зориг Маргаан бүхий шийдвэрт огт илэрхийлэгдээгүй байхад гэрчилгээ дээрх тэмдэглэлийг тийм хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзсэн нь нотлох баримтыг буруу үнэлсэн хэрэг. Нэхэмжлэгч маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлсэн үйл баримтыг маргаагүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл нь уг шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 30 жил болгон бууруулсан агуулга юм. Маргаан бүхий шийдвэрийг хугацааны хувьд илт хууль бус болохыг тогтоосноор тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэгдсэн хэвээр, 2003 онд олгогдсон 52 жил 4 сарын хугацаагаараа хүчин төгөлдөр байх эрх зүйн үр дагавар үүснэ.

3.6. Хариуцагч нэхэмжлэгчийг 2007 онд өөрөө шинэчлэн бүртгүүлэх хүсэлт гаргаж, 30 жилийн хугацаатай гэрчилгээ авсан гэж тайлбарладаг. Гэвч Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд тусгай зөвшөөрлийг 5 сарын дотор шинэчлэн бүртгүүлэхийг заавал үүрэг болгосон тул Нэхэмжлэгчийн өргөдөл нь хуулиар ногдуулсан үүргээ биелүүлсэн хэрэг бөгөөд тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулахыг зөвшөөрсөн хүсэл зоригийн илэрхийлэл биш юм. Нэхэмжлэгчид хугацааг бууруулах тухай мэдэгдээгүй, энэ талаар санал сонсох ажиллагаа явуулаагүй. Маргаан бүхий шийдвэрийн тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулсан агуулга нь илт хууль бус, гарсан цагаасаа эрх зүйн үйлчлэлгүй тул тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2003 онд олгогдсон 52 жил 4 сар хэвээр байх ёстой. Иймд хариуцагч 2026 оны 01 сарын 19-ний өдрийн 1/333 дугаар албан бичгээр бүртгэлд засвар хийхээс татгалзсан нь хууль бус эс үйлдэхүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан "хуульд үндэслэх", 4.2.8-д заасан "хууль ёсны итгэлийг хамгаалах" зарчмыг зөрчсөн. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн энэ шаардлагын талаар бие даасан дүгнэлт хийлгүйгээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Иймд  дээр дурдсан үндэслэлээр шийдвэр нь хууль буруу хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянаад хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Д а т” ХХК-иас “Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэр илт хууль бус болохыг тогтоолгох, “Д а т” ХХК-ийн эзэмшлийн ****А дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг “52 жил, 4 сар” гэж засварлаж бичилт хийхгүй байгаа Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, энэхүү засвар хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргажээ.

2.1. Анхан шатны шүүх “... Ашигт малтмалын газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд зааснаар нэхэмжлэгчийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэсэн шийдвэр байх бөгөөд тус шийдвэрт тусгай зөвшөөрлийн хугацааг заагаагүй нь түүнийг утга агуулгын илэрхий алдаатай гэж үзэх үндэслэл болохгүй ... ” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

3. Маргааны үйл баримтын тухайд:

3.1. Анх Дархан-Уул аймгийн Шарынгол сумын нутагт Бурхант нэртэй 195.5 гектар талбай бүхий ашигт малтмалын ашиглалтын МВ****** дугаартай тусгай зөвшөөрлийг 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр “Ш г” ХК-д олгосон бөгөөд тус компаниас тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбайн тодорхой хэсгийг нэхэмжлэгчид шилжүүлэх өргөдөл гаргаж, улмаар Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 152 дугаар шийдвэрээр 32 гектар талбайг “Д а т” ХХК-д хэсэгчлэн шилжүүлж, шинээр ашиглалтын МВ-****** дугаартай тусгай зөвшөөрөл олгожээ.

3.2. Уг тусгай зөвшөөрлийг шилжүүлэх үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.8-д заасныг үндэслэн ашигт малтмалын ашиглалтын МВ-****** дугаартай тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг гэрчилгээний нүүрэнд 52 жил, 4 сарын хугацаагаар олгосон тухай тэмдэглэсэн байна.

3.3. Гэтэл Ашигт малтмалын тухай хууль 2006 онд шинэчлэн батлагдсантай холбоотойгоор 1997 оны Ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсон байх бөгөөд Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар, мөн нэхэмжлэгчээс тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгүүлэх өргөдлөө 2006 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албанд гаргасны дагуу Кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэрээр шинэчлэн бүртгэж ашигт малтмалын ашиглалтын МВ-****** дугаар тусгай зөвшөөрлийн хугацааг анх олгосон өдрөөс буюу 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс хойш 30 жилээр тооцон бүртгэжээ.

3.4. Нэхэмжлэгчээс “... Журмын дагуу хүсэлтээ өгөөд шинэчлэн бүртгэлд бүртгүүлэхэд Ашигт малтмалын газраас 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаартай шийдвэр гарсан. Шийдвэрийн дагуу гэрчилгээ олгогдсон, гэрчилгээ дээр хугацааг 52 жил, 4 сар байсныг 30 жил гэж заасан. Нэгэнт олгогдчихсон байсан хүчин төгөлдөр тусгай зөвшөөрлийн хугацааг бууруулах эрх Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар болон түүний кадастрын хэлтэст хуулиар олгогдоогүй ...” гэж,

Хариуцагчаас “... Шинээр батлагдсан Ашигт малтмалын тухай хуульд нийцүүлэн ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 30 жилээр тооцож, шинэчлэн бүртгэсэн байна. Тусгай зөвшөөрлийг бүртгэхдээ анх олгосон огноог 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс тооцон шилжүүлэн бүртгэсэн байх тул тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа 2025 оны 06 дугаар сарын 09-ний өдрөөр дуусгавар болсныг бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй ...” гэж тус тус тайлбарлан маргадаг.

4. Хууль зүйн үндэслэлийн тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хууль /2006 он/-ийн 47 дугаар зүйлд “Захиргааны акт илт хууль бус болох”, 47.1.1-д “утга агуулгын илэрхий алдаатай” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-д “Өргөдөл гаргасан этгээд тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг энэ хуулийн 26.3.2, 26.3.3-т заасны дагуу хийснээс хойш ажлын 3 өдөрт багтаан төрийн захиргааны байгууллага ашиглалтын тусгай зөвшөөрлийг 30 жилийн хугацаагаар олгож, тусгай зөвшөөрөл болон уурхайн талбайг тусгай зөвшөөрлийн болон түүний зураг зүйн бүртгэлд бүртгэнэ”, 26 дугаар зүйлийн 26.6-д “Ашиглалтын тусгай зөвшөөрөлд түүнийг олгосон он, сар, өдөр, эзэмшигч этгээдийн нэр, хаяг болон уурхайн талбайн булангийн цэгийн солбицлуудыг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрөлтэй холбоотой өөрчлөлтийг тэмдэглэх зориулалт бүхий хавсралттай байна” гэж,

Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2006 оны 7 дугаар сарын 8 -ны өдөр батлагдсан Ашигт малтмалын тухай хуулийг дагаж мөрдөхөөс өмнө тухайн үед мөрдөгдөж байсан хууль тогтоомжийн дагуу олгогдсон хайгуулын болон ашиглалтын хүчин төгөлдөр тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг шинээр батлагдсан хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд уг хуульд заасан журмын дагуу шинэчлэн бүртгэнэ”, 3 дугаар зүйлд “Тусгай зөвшөөрөл /лиценз/ эзэмшигч нь түүнийг шинэчлэн бүртгүүлэх тухай өргөдлийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад гаргах бөгөөд түүнийг энэ хуулийн 1, 2 дугаар зүйлд заасны дагуу бүртгэж, тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгоно” гэж тус тус заасан.

4.2. Захиргааны ерөнхий хуульд захиргааны актыг илт хууль бусд тооцох, “утга агуулгын илэрхий алдаатай” гэдэг нь захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийн агуулга нь хууль зүйн үндэслэл, логик уялдаа холбооны хувьд илтэд алдаатай буюу шууд танигдах алдаа гаргасан, хоорондоо зөрчилдсөн, найруулгын алдаатай байхыг хэлэх бөгөөд эдгээр нь эрх зүйн үр дагаварт нөлөөлөхүйц байхыг хэлнэ.

4.3. Мөн Ашигт малтмалын тухай хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид тусгай зөвшөөрлийн хугацааг анх 30 жилээр олгохоос гадна цаашлаад хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдсан тохиолдолд, мөн ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулж, ашиглалтын тусгай зөвшөөрлийг нийт 70 хүртэл жилийн хугацаанд хүчинтэй байлгах боломжтой гэж үзэхээр байна.

Гэхдээ энэ нь тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахад түүнийг хуульд заасан тодорхой нөхцөл шаардахгүйгээр үргэлжлүүлэн ашиглах, анх олгосон хугацаанаас эхлэн үргэлжлүүлэн нийт 70 жилийн хугацаанд ашиглалт явуулах баталгааг олгосон агуулга бус харин тусгай зөвшөөрөл эзэмшигч нь хуульд заасан нөхцөл, журмыг хангасан байх, сунгуулах хүсэлтийг эрх бүхий байгууллагад хуульд заасан хугацаанд гаргах, уг хүсэлтийг захиргааны байгууллага хуульд нийцүүлэн шийдвэрлэх агуулга юм.

4.4. Нөгөөтэйгүүр, маргааны үйл баримтад дурдсанчлан ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг “Ш г” ХК анх 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдөр эзэмшиж, тус тусгай зөвшөөрөлд хамаарагдах Шарынгол сумын нутагт Бурхант нэртэй ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайн тодорхой хэсгээс нэхэмжлэгч хуулийн этгээд шилжүүлэн авсныг тусдаа буюу шинээр хугацаа тоологдоно гэж үзэхгүй.

Тухайн тохиолдолд 1995 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн 30 жилээр тооцон шинэчлэн бүртгэж гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл нь хуульд харшилсан, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн үйлдэл биш, мөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үндэслэн шийдвэрлэсэн байх тул Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн ****дугаар шийдвэрээр “Дараах аж ахуйн нэгж байгууллагаас ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлэхээр ирүүлсэн өргөдлийг КБТөвд хүлээн авч хянан үзээд тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэж олгосугай” гээд нэхэмжлэгч хуулийн этгээдийн тусгай зөвшөөрлийг заасан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан “утга агуулгын илэрхий алдаатай” байх шинжийг агуулаагүй байна. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй.

4.5. Түүнчлэн, маргаан бүхий актын үндэслэл болсон Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 84 дүгээр шийдвэрээр Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын албаны даргын “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 2006 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 1031 дүгээр шийдвэрийн “Д а т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Мөн өмнө нь Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын кадастрын бүртгэлийн төвийн даргын 2007 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн “Тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх тухай” 1526 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч хуулийн этгээдийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сэргээж шийдвэрлэхдээ гэрчилгээний хавсралтад “Лицензийг анх олгосон огноог 1995 оны 07  дугаар сарын 09-ний өдрөөр тооцно” гэж тэмдэглэсэн нь Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д заасантай нийцсэн, хэрэгт авагдсан ашигт малтмал ашиглах ****А тоот лицензийн гэрчилгээний хавсралт бүрд энэхүү огноог тэмдэглэсэн үйл баримтууд тогтоогдож байна. Энэ нь ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацааг тус огнооноос эхлэн 30 жилийн хугацаагаар тооцож буйг илэрхийлж байна.

4.6. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдсанчлан тусгай зөвшөөрлийн хугацааг “52 жил 4 сар” гэж засварлаж бичсэнээр нэхэмжлэгчид сэргэх эрх байхгүй бөгөөд маргаан бүхий захиргааны актыг илт хууль бусд тооцсоноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдахааргүй байна.

Өөрөөр хэлбэл, Ашигт малтмалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.7-д “цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг ашигт малтмалын нөөцийн хэмжээнээс хамааран 20, 20 жилээр сунгуулах”, 28 дугаар зүйлийн 28.1-д “Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 2-оос доошгүй жилийн өмнө түүнийг эзэмшигч нь төрийн захиргааны байгууллагаас баталсан маягтын дагуу хугацаа сунгуулах тухай өргөдөл гаргаж, түүнд дараахь баримт бичгийг хавсаргана” гэж тус тус зааснаар хуульд заасан нөхцөл журмыг ханган, сунгуулах хүсэлтийг гаргаснаар ашигт малтмалын нөөц байгаа тохиолдолд тусгай зөвшөөрлийг үргэлжлүүлэн 20 жилээр эзэмших хууль эрх зүйн бүрэн боломж бүрдэхээр байна.

4.7. Нэхэмжлэгч талын гомдолд дурдснаар, “нэхэмжлэгч маргаан бүхий шийдвэрээр тусгай зөвшөөрлөө шинэчлэн бүртгүүлсэн үйл баримттай маргаагүй. Нэхэмжлэгчийн маргаж байгаа зүйл нь уг шийдвэрт үндэслэн тусгай зөвшөөрлийн хугацааг 30 жил болгон бууруулсан агуулга юм. Маргаан бүхий шийдвэрийг хугацааны хувьд илт хууль бус болохыг тогтоосноор тусгай зөвшөөрөл шинэчлэн бүртгэгдсэн хэвээр, 2003 онд олгогдсон 52 жил 4 сарын хугацаагаараа хүчин төгөлдөр байх эрх зүйн үр дагавар үүснэ” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй. 2006 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн батлахдаа ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг 30 жил байхаар тогтоосон нь тухайн газар нутгийн онцлог, ашигт малтмалын нөөцийг харгалзан үзэж шаардлага хангасан тохиолдолд сунгах эсэх асуудлыг шийдвэрлэхээр зохицуулсан нь байгалийн баялгийг зүй зохистой ашиглах, нөхөн сэргээх боломж, хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллийг төрийн захиргааны байгууллага хянах, арга хэмжээ авах, хариуцлага тооцох тогтолцоог хуульчилж өгсөнтэй холбоотой.

4.8. Иймд шинэ хуулийн дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг шинэчлэн бүртгэхдээ гэрчилгээнд 30 жил гэж бүртгээд хавсралтад анх олгосон огноо болох 1995 оны 07 дугаар сарын 09 гэж бүртгэж байсныг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэхээргүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн болно.

4.9. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан нэхэмжлэгч хуулийн этгээд нь 2023 онд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг сунгуулах хүсэлт өгч байсан талаар дурдсан боловч уг хугацааг сунгаагүйтэй холбоотой нэхэмжлэгч талаас аливаа байдлаар маргаагүй, түүнийг тогтоосон нотлох баримт хэрэгт авагдаагүй тул энэ талаар дүгнэлт өгөх шаардлагагүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 772 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                        ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА

 

                        ШҮҮГЧ                                               Ц.ОДМАА

 

ШҮҮГЧ                                               Д.ОЮУМАА