Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 00082

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж, шүүгчид Н.Нямсүрэн, М.Эрдэнэ-Очир нарын бүрэлдэхүүнтэй,

Нарийн бичгийн даргаар О.Өлзийбуянг суулцуулан,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Иргэдийн төлөөлөгч Л.Эрдэнэчимэг,

Хохирогч Б.Мягмарзундуй, Б.Батцэцэг

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярдаваа,

Шүүгдэгч Э.Гандаваа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхтуяагийн Гандаваад холбогдох эрүүгийн 201622000733 дугаар хэргийг 2017 оны 2 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Боржигон Энхтуяагийн Гандаваа, 1998 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эх, дүү нарын хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 9 дүгээр багийн 25-07 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, регистрийн РЮ98072010 дугаартай.

Шүүгдэгч Э.Гандаваа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах “Тэмүүнхүслэн” гэх биллярдын газар иргэн Б.Мягмарзундуйг биллярдны цохиур модоор нүд рүү нь хатгаж бие махбодид нь нэг нүдний бүрэн сохрол, зүүн доод зовхинд язарсан шарх, зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Гандаваа нь 2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар багт байрлах Тэмүүнхүслэн гэх биллярдын газар иргэн Б.Мягмарзундуйг биллярдны цохиур модоор нүд рүү нь хатгаж бие махбодид нь нэг нүдний бүрэн сохрол, зүүн доод зовхинд язарсан шарх, зулгаралт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Үүнд: Шүүгдэгч Э.Гандаваагийн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12-р сарын 06-ны өдөр би өөрийн найзууд болох Гантогоо, Өсөхбаяр хоёртой Гантогоогийн гэрт нэг шил 0.5 граммтай архи хувааж уучихаад 10-р хороонд байх Тэмүүнхүслэн нэртэй биллярдын газарт очиж нэг цаг аваад тоглосон. Бид гурвыг тоглож байсан чинь Гантогоо цонхоор харснаа тэр хоёр бандийг дуудчих гэхээр нь харсан чинь хоёр банди биллярдын гадна талаар өнгөрөөд явж байсан, тэгэхээр нь би тухайн үед биллярдан дотор сууж байсан зүс таних /нэрийг нь мэдэхгүй байна/ бандид гадаа яваа хоёр бандийг дуудчих гэж хэлсэн, тэгсэн нөгөө банди гарч яваад дагуулаад ороод ирсэн. Гаднаас орж ирсэн хоёр бандийг би танихгүй юм билээ. Тэр хоёрыг орж ирэхэд нь манай найз Гантогоо тэр хоёртой уулзаад байсан юу гэж хэлж ярьсан сайн мэдэхгүй байна, ямар ч байсан мөнгө төгрөг нэхээд байх шиг байсан, энэ үед би биллярд тоглож байсан юм. Гантогоог мөнгө гэхэд Мягмарзундуй /сүүлд нь нэрийг мэдсэн/ гэдэг банди нь байхгүй гэж байх шиг байсан. Тэгсэн Гантогоо юу гэнээ би сонсохгүй байна дахиад хэл дээ гэж хэлснээ хальт мөргөх үйлдэл хийх үед нь хажууд нь зогсож байгаад гартаа барьсан палк /биллярдын цохиур мод/ модоороо Мягмарзундуйгийн мөр лүү нь хатгачихья гэж бодоод хатгасан чинь зүүн нүднийх нь доод тал руу нь хатгаж таарсан. Тэгсэн Мягмарзундуй нүд гээд доошоо тонгойхоор нь очоод харсан чинь доод зовхиноос нь цус гараад нүднийх нь цагаан улайчихсан байсан....” гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Мягмарзундуйгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2016 оны 12 сарын 06-ны өдөр 17 цагийн үед найз Бямбабаярын гэрээс гарахдаа хамт манай гэрт очих гээд Тэмүүн хүслэн биллярдны урдуур өнгөрөөд явж байтал зүс таних 2-р сургуульд сурч байсан нэг банди бид хоёрыг дуудаад Тэмүүнхүслэн дотор Ганаа дуудаж байна гэхээр нь бид хоёр хэн дуудаж байгаа юм бол гээд гайхаад ортол Гантогоо бид хоёроос мөнгө байна уу гэхээр нь бид хоёрт мөнгө байхгүй микроны мөнгө байхгүй алхаад явж байна гэхэд Гантогоо чанга хэл, чих хатуу, чихэн дээр хэл гэхээр нь би чи хэзээ ийм болчихсон юм бэ гэхэд Гантогоо юу гээд байгаа новш вээ гэхэд цаанаас нь улаан куртиктэй залуу ирээд хөөш гэснээ биллярдны палкны нарийн талаар нь миний зүүн талын нүд рүү нэг удаа хүчтэй цохисон. Тэгээд миний нүдний доод зовхиноос цус гараад нүдээ нээхээр нүд юу ч харахгүй байсан...гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Батцэцэгийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, сүр бүр 240.000 төгрөгийг 2016 оны 12 дугаар сарын 6-ны өдрөөс хойш 1 жилээр буюу 2.880.000 төгрөг,

Цаашид Энэтхэг улсад нүдний хагалгаанд орох шаардлагатай бөгөөд үүний төлбөрт 90.000.000 төгрөг,нийт 101.633.620 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилж байна гэв.

Гэрч Х.Ууганбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр намайг дэлгүүртээ зогсож байхад 3 банди орж ирээд биллярд тоглоё гээд мөнгөө өгөөд биллярд руу орсон. Би яг хэр удаан хугацаагаар авсныг бол санахгүй байна. Би тэд нарыг оруулчихаад дэлгүүрээсээ камерын бичлэгээр давхар хянаж байсан. Тэгээд би дэлгүүр дотроо юм хийгээд байж байсан чинь нэг банди орж ирээд нүд сохолчихлоо гэр утсаа өгөөч цагдаа дуудъя гэсэн, тэгэхээр нь би хаана юу болов гээд асуусан чинь танай биллярдан дотор тоглож байсан хүүхэд палк модоор хатгаад нүд сохолчихлоо гэсэн. Тэгэхээр нь би гар утсаа өгөөд тэр банди цагдаа дуудсан. Би яг нүдрүү нь хатгаж байгааг хараагүй сүүлд камерын бичлэг үзэхэд улаан өнгийн куртиктэй банди нүд рүү нь палк модоор хатгачихаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуудас/,

Гэрч О.Өсөхбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “....2016 оны 12 сарын 06-ны өдөр би өөрийн найзууд болох Гантогоо, Гандаваа хоёртой хамт 10-р хороонд байрлах Тэмүүн хүслэн нэртэй биллярдны газарт очиж биллярд тоглосон юм. Эхэлж би Гантогоотой тоглож хожигдчихоод байж байсан. Миний зүс таних 10-р хорооны хүүхэд гадаа гудамжинд явж байхаар нь би дуудаж оруулж ирээд бид хоёр хамт тэрний гар утсаар бичлэг үзсэн. Миний хамт бичлэг үзэж байсан хүүхэд бол эмэгтэй хүүхэд бид хоёрыг бичлэг үзэж байхад бас нэг өөр зүс таних банди бид хоёрын хажууд сууж байсан. Тэр банди сууж байснаа цонхоор харснаа миний таньдаг хоёр хүүхэд явж байна гээд гарах гэхэд нь Гантогоо цаад хоёрыгоо дуудчих гэж хэлж байсан. Тэгээд би нөгөө охинтойгоо гар утсаар бичлэг үзээд байж байсан чинь нүд сохорчихлоо юм харахгүй байна гэхээр нь очоод харахад Мягмарзундуйгийн баруун талын нүдийг нь цохиод нүднийх нь доод зовхи ангайчихсан байсан. Тэгээд би хэн цохисон юм бэ гэж асуусан чинь танай найз Гандаваа цохичихлоо гэж надад хэлсэн. Тэгсэн нөгөө банди цагдаа дуудна гэхээр нь тэг тэг гэж хэлээд тэр банди цагдаа дуудсан. Тэр хооронд Гантогоо та Гандавааг аваад явж бай би өөрөө зохицуулчихаад яваад очъё гэхээр нь Гандаваа бид хоёр явсан юм. Тэгээд тэр оройдоо цагдаа дээр дуудагдаж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Гантогоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “....2016 оны 12 сарын 06-ны өдөр манай найзууд болох Өсөхбаяр, Гандаваа бид гурав захаас нэг шил 0.75 граммтай архи аваад манай ахынд очиж нөгөө архиа уусан, тэндээсээ 10-р хороонд байх Тэмүүн хүслэн нэртэй биллярдын газарт очиж тоглосон. Бид нарыг тоглож байсан чинь биллярдан дотор сууж байсан миний зүс таних банди манай хоёр найз явж байна гэснээ гараад явчихсан, тэгээд буцаж орж ирэхдээ Мягмарзундуйг нэг бандитай хамт дагуулаад ороод ирсэн. Орж ирэхээр нь би хаа хүрэх гэж байгаа юм гэж асуусан чинь гэртээ харих гэж байна гэж хэлсэн, тэгэхээр нь би мөнгө байна уу гэж асуусан чинь байхгүй гэж хэлэхээр нь чанга хэлдээ гэсэн мөнгө байхгүй гэж дахиж хэлсэн, тэгснээ чи яасан том болчихсон юм бэ гэсэн, энэ үед манай найз Гандаваа биллярдын цохиур модоороо Мягмарзундуйгийн зүүн нүдрүү нь очоод хатгачихсан. Тэгснээ Мягмарзундуй нүд нүд гэснээ газарт уначихсан, тэгэхээр нь очоод харахад зүүн нүдний доод талын зовхиноос нь цус гарч байсан. Тэгснээ цагдаа дуудна гээд гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Бямбабаярын мөрдөн байцаалтад өгсөн: “...2016 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Мягмарзундуй бид хоёр манай гэрт байж байгаад хөл бөмбөгийн бэлтгэлдээ явахаар Мягмарзундуйгийн гэрт очиж хувцсыг нь авахаар тэдний гэр лүү явсан. Бид хоёрыг Тэмүүн хүслэн нэртэй биллярдын гадна талд явж байтал Биллярдан дотроос зүс таних Боожий гэдэг банди гарч ирээд бид хоёрыг дуудахаар нь очиж уулзсан чинь та хоёрыг дотор хүн дуудаж байна гэж хэлсэн, тэгэхээр нь дагаад биллярдын газар луу орсон чинь 10-р хороонд байдаг Гантогоо гэдэг банди хоёр найзынхаа хамт биллярд тоглоод байж байсан. Бид хоёрыг орсон чинь Гантогоо мөнгө байна уу гэж асуухаар нь Мягмарзундуй бид хоёр байхгүй гэж хэлсэн тэгсэн чинь би сонсохгүй байна чихэн дээр чанга хэл гэхээр нь дахиж байхгүй гэж хэлсэн. Тэгсэн Мягмарзундуй уурлаад та нар ийм байгаагүй биз дээ яагаад байгаа юм бэ гэсэн чинь Гантогоо чи томроод байгаа юм уу гэж хэлээд мөргөх гэж байгаа юм шиг үйлдэл хийсэн, яг энэ үед цаана биллярд тоглож байсан улаан өнгийн куртиктэй банди биллярдын цохиур модоор Мягмарзундуйгийн нүүр хэсэг рүү нь хатгачихсан. Тэгсэн Мягмарзундуй хойшоо болоод уначихсан, тэгэхээр нь би очоод яасан бэ гээд очоод харсан чинь зүүн нүдний доод хэсэгт цохисон бололтой тэрнээс цус гарч байсан, яг сайн хараагүй Мягмарзундуй гараараа нүдээ дараад нүд юм харахгүй байна, цагдаа дуудъя гээд биллярдын газраас хажуу талын дэлгүүрийн хүний утаснаас цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Болортэсийн мөрдөн байцаалтад өгсөн: “Манай гудамжны үзүүрт байх Тэмүүн хүслэн нэртэй биллярдын газар ороод сууж байсан чинь Гандаваа, Гантогоо хоёр нэг бандитай гаднаа орж ирсэн. Тэр гурав орж ирээд 30 гаруй минут тоглож байсан. Тэгсэн Гантогоо цонхоор хаснаа тэр хоёр бандийг дуудаад ир гэхээр нь гараад тэр хоёрыг дуудаад хамт биллярдны газарт орж ирсэн. Тэр хоёрыг дуудаад биллярдны газарт орж ирсэн чинь Гантогоо, Бямбабаяраас мөнгө байна уу гэсэн, тэгэхэд Бямбабаяр байхгүй гэж хэлсэн, тэгсэн Гантогоо би дүлий дахиад хэл дээ гээд байж байсан чинь Гандаваа цаана тоглож байснаа биллярдын цохиур модоор Мягмарзундуйгийн нүүр хэсэг рүү нь хатгачихсан. Тэгтэл Мягмарзундуй хойшоо болоод нүүрээ дараад байсан, тэгэхэд ямар ч байсан зүүн нүднийх нь тэндээс цус гоожоод байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Камерын бичлэгт үзлэг хийж хуулбарлан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 10 дугаар хуудас/,

Эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл /хх-ийн 12-13 дугаар хуудас/,

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 666 дугаартай “...1.Батцэцэгийн Мягмарзундуйн биед гэмтэл тогтоогдлоо. 2. Б.Мягмарзундуйн биед нэг нүдний бүрэн сохрол, зүүн доод зовхинд язарсан шарх, зулгаралт бүхий гэмтэл учирсан байна. 3. Тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байна. 4. Хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 5. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7, 31.1-д зааснаар хөдөлмөрийн ерөнхий чадварт их хэмжээгээр тогтонги байдлаар нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 6. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварт тогтонги 65% нөлөөлнө.” гэх дүгнэлт /хх-ийн 38 дугаар хуудас/ зэрэг дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч Э.Гандавааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

Шүүгдэгч Э.Гандаваад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Гэмт хэргээс учирсан хохирлын хувьд: Хохирогч Б.Мягмарзундуй, Б.Батцэцэг нар нь эмчилгээний зардал болон бусад зардалд 101.633.620 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд нүдний дусаалга 297.395 төгрөг, Болор мэлмий, Солонго эмнэлгийн шинжилгээний төлбөр 40.000 төгрөг, үзлэгийн баримт 81.200 төгрөг, эмийн зарлагын баримт 27.700 төгрөг, 8.500 төгрөг, замын зардал 163.000 төгрөгийн баримтыг үнэлж, шүүгдэгч Э.Гандаваагаас нийт 617.795 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мягмарзундуй, Б.Батцэцэг нарт олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нар нь эмчилгээний зардал, цалин хөлс, орлогогүй байсан талаарх нөхөн төлбөр, өмгөөллийн хөлс зэрэг бусад зардал нь урьдчилан төлүүлэх, тооцоог бүрэн хийх боломжгүй байх тул цаашид гарах эмчилгээний болон бусад зардал 101.015.825 төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.

 Шүүгдэгч Э.Гандаваа нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь хавтаст хэргийн 57 дугаар хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СD 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, биллярдны цохиур мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294-299 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Боржигон овогт Энхтуяагийн Гандавааг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар шүүгдэгч Э.Гандавааг 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Гандаваад оногдуулсан 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.
  4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.Гандаваагаас 617.795 /зургаан зуун арван долоон мянга долоон зуун ерэн тав/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Батцэцэг, Б.Мягмарзундуй нарт олгосугай.
  5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эрүүгийн 201622000733 дугаар хэрэгт хураагдан ирсэн СД 1 ширхэгийг уг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, биллярдны цохиур мод 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүгчийн туслах О.Уранчимэгт даалгасугай.
  6. Эрүүгийн 201622000733 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хохирогч Б.Мягмарзундуй, хохирогч Б.Батцэцэг нар нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардал 101.015.825 /нэг зуун нэг сая арван таван мянга найман зуун хорин тав/ төгрөгийн нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар шүүгдэгч Э.Гандаваагаас нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
  7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Гандаваад урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
  8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

                          

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР

                                               ШҮҮГЧИД                             Н.НЯМСҮРЭН                                                                                                               

                                                                                             М.ЭРДЭНЭ-ОЧИР