Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 121/ШШ2022/0025

 

2022 оны 05 сарын 25-ны өдөр             Дугаар 121/ШШ2022/0025                                   Арвайхээр сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Нэргүй даргалж, тус шүүхийн “Б” дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга,

Хариуцагчийн өмгөөлөгч: Т.О нарын хоорондын ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахаас татгалзсантай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г, хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга Т.Б /цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ч /цахимаар/, хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өмгөөлөгч Т.О нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр сумдын Засаг дарга нартхолбогдуулан 1. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар “Ц” ХХК-ийн XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох,                            2. “Ц” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сум дахь XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт даалгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гарган маргасан.

3. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь анх 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасныг 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 121/ШЗ2021/0116 дугаартай “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалах тухай” шүүгчийн захирамжаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д заасныг үндэслэн дээрх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчэгчээс 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдөр дахин нэхэмжлэл гаргажээ.

4. Нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ашигт малтмал, Газрын тосны газрын Геологи, Уул уурхайн Кадастрын хэлтсийн даргын 2016 оны 3 сарын 24-ний өдрийн 225 тоот шийдвэрээр Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын нутаг дахь XV-******тоот, “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг манай компанид шилжүүлэн олгосон. /2016 оноос өнөөдрийг хүртэл манай компани уг тусгай зөвшөөрөлд холбогдох үйл ажиллагаанд 266,9 сая.төгрөг зарцуулсан/.

Манай компани 2019, 2020, 2021 онуудад XV-******тоот, “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө”-г батлуулахаар удаа дараа хандаж байсан боловч        Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар уг төлөвлөгөөг батлахаас тодорхойгүй шалтгаанаар удаа дараа татгалзсанаар манай компани хайгуулын үйл ажиллагаагаа явуулах боломжгүй нөхцөл үүсч, компанийн хэвийн үйл ажиллагаа алдагдахад хүрээд байна.

Манай компани сумын Засаг дарга нар болон иргэдийн нийтийн хурлын дарга нар, аймгийн Засаг дарга, салбарын холбогдох төрийн бүхий л байгууллагад энэ асуудлаар хандсан боловч ямар ч тодорхой хариу авч чадахгүй өдий хүрлээ. Иймд хуульд заасны дагуу эрх ашгаа хамгаалуулахаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх анхан шатны шүүхэд гомдол гаргаж байгаа тул хуулийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү ... Сумын Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуульд 38.2-т заасны дагуу Байгаль орчныг хамгаалах төлөвлөөг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор баталж, тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлэхээр заасан байдаг. Иймд сумдын Засаг дарга нар хуульд заасан үүргээ биелүүлнэ үү. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө батлагдаж байж тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуй нэгж хайгуулын үйл ажиллагаагаа явуулах ёстой байдаг. Энэ төлөвлөгөө батлагдахгүй байснаар “Ц” ХХК үйл ажиллагаагаа явуулах нөхцөл бүрдэхгүй эрх нь хангагдахгүй. Мөн тусгай зөвшөөрлийн эрхээ хугацааг сунгуулах эрх нь хангагдахгүй байна ... “Ц” ХХК нь 2022 онд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус  нэхэмжлэлдээ зөвхөн 2022 оны хайгуулын тусгай зөвшөөрлийн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлуулахаар шаардлага тавьсан. Өмнөх онуудын төлөвлөгөөг одоо батлуулаад нөхөж хийхгүй тул зөвхөн 2022 оны төлөвлөгөөгөө батлуулна” гэв.

5. Хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ийн манайд холбогдуулан гаргасан Байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна. 100 хувь Сингапурын хөрөнгө оруулалттай компани гэх “Ц” ХХК-ийн ХҮ-019676 дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг АМГТГ-ын ГУУКХ даргын 2016-3-24-ны өдрийн 225 тоот шийдвэрээр шилжүүлэн авч 2015-12-22-ноос эзэмшиж геологийн судалгааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа талаар нэхэмжлэлээс олж мэдлээ. Мөн 2016, 2017, 2018, 2019 оны хайгуулын ажлын тайлан гаргаж гэжээ. Нэхэмжлэгч Байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2016, 2017, 2019 онуудад сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан болох нь Засаг даргын Тамгын газрын тухайн жилүүдийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд бүртгэл байхгүй, тогтоогдохгүй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйл болон 38.1.1-д тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах; 42.1.Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. 48.1.2-т хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор гаргаж байхаар заасан. Гэтэл энэ хугацаанд манай суманд тус компани ямар ч хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан болон тус хуулийн 35.3.6. уурхайн талбайн хилийг тогтоож, байнгын шав тэмдэг тавьсан акт; 35.3.7.газар, ус ашиглах тухай гэрээ байгуулж төлбөр төлсөн талаар баримт манайд байхгүй ямар ч оролдлого хийгээгүй байна. “Ц” ХХК Байгаль орчныг хамгаалах, Газрын тухай, Усны тухай, Ашигт малтмалын тухай зэрэг хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй атлаа байгаль орчны менежментийн төлөвлөгөөг баталсангүй, батлахыг шүүхээр даалгуулах шаардлага гаргасныг эс зөвшөөрч байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

Нотлох баримт гаргуулах хүсэлт гаргаж үүн дээр үндэслэн нэмэлт тайлбар гаргахаар урьд нь хүсэлт хүргүүлсэн билээ. Цугларсан нотлох баримтын хүрээнд дараах тайлбарыг гаргаж байна. 1. Ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана:

-хайгуулын тусгай зөвшөөрлийн хуулбар;

-байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан гэж заасан боловч эдгээр баримт бичиггүйгээр 2021 онд хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзах үндэслэл болсон.Учир нь: мөн хуулийн 38 дугаар зүйл. Байгаль орчныг хамгаалах талаар хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хүлээх үүрэг

27.2. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах талаар дараахь үүрэг хүлээнэ,                                                                                                         27.2.1. тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах;

38.1.2. энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөнд хүрээлэн байгаа орчны бохирдолтыг зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтрүүлэхгүй байх, эвдэгдсэн газрыг булах, тэгшлэх, ургамалжуулах замаар цаашид нийтийн хэрэгцээний зориулалтаар ашиглаж болох нөхөн сэргээх арга хэмжээг тусгах,                        38.1.3. Энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах;                                   38.1.4.энэ хуулийн 38.1.3-т заасны дагуу батлагдсан байгаль орчны менежментийн төлөвлөгөөний хувийг хайгуулын талбай байршиж байгаа орон нутгийн байгаль орчны хяналтын албанд хүргүүлэх;                                                      38.1.5.хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн байгаль орчны менежментийн төлөвлөгөөний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх;                                                                                       38.1.6.энэ хуулийн 38.1.5-д заасан тайланд байгаль орчныг хамгаалах талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, хайгуулын ажилд ашигласан шинэ техник, технологи, байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллөөс сэргийлэх чиглэлээр төлөвлөгөөнд оруулах нэмэлт, өөрчлөлтийн тухай саналыг тусгаж уг өөрчлөлтийг сум, дүүргийн Засаг даргаар батлуулах;                                     38.1.8.байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэх баталгаа болгон холбогдох сум, дүүргийн Засаг даргын нээсэн тусгай дансанд байгаль орчныг хамгаалах арга хэмжээнд шаардагдах тухайн жилийн зардлын 50 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг шилжүүлэх. заалтуудыг хэрэгжүүлээгүй, мөн батлагдсан төлөвлөгөөгүй хайгуулын үйл ажиллагаа явуулсан нь уг компанийн зүгээс хуульд заасан үүргээ биелүүлээгүй болох нь харагдаж байна. Эдгээр хуульд заасан үүргээ биелүүлсэн эсэхийг тодруулах зорилгоор холбогдох байгууллагуудаас нотлох баримт хүссэн боловч ирүүлээгүй нь нэхэмжлэгчээс холбогдох газар нь хүргүүлээгүй гэж ойлгож болохоор байна.          Мөн хуулийн 40 дүгээр зүйл. Байгаль орчны нөлөөллийн шинэчилсэн үнэлгээ, менежментийн төлөвлөгөөг хянуулах                                                                                          Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан боловч нэхэмжлэгч 2018 онд энэ үүргээ биелүүлээгүй.                                                                                                                                  Мөн 48 дугаар зүйл. Мэдээ, тайлан гаргах                                                                     Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь дараахь мэдээ, тайлан, төлөвлөгөөг дор дурдсан хугацаанд үнэн зөв гаргаж төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын албанд хүргүүлнэ,                                          хайгуулын ажлын төлөвлөгөөг хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон өдрөөс хойш 30 хоногийн, дараагийн жилүүдэд тухайн оны төлөвлөгөөг 04 дүгээр сарын 15-ны дотор,                                                                                                                        хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж, дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор;           48.1.3.энэ хуулийн 44 дүгээр зүйлд заасан аюулгүй ажиллагааны талаархи мэдээг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор,                                             48.2.Энэ хуулийн 48.1.2-т заасан тайланд тухайн талбайд хийгдсэн тойм судалгаа, геофизик, геохими, өрөмдлөг болон бусад бүх төрлийн ажлын тоо хэмжээ, өртөг, зардал, ажиллах хүчтэй холбогдсон мэдээ, түүнчлэн хайгуулын ажлын үр дүн, тухайн талбайд хийгдсэн ажлын зургийг хавсаргах бөгөөд түүнийг улсын геодезийн зураглалын тулгуур сүлжээтэй холбосон байна,                        48.3.Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө ордын нөөц, эрэл, хайгуулын үр дүнгийн тайланг ашигт малтмал эрэх, хайх үйл ажиллагааны журам, ашигт малтмалын баялаг, ордын нөөцийн ангилалд нийцүүлэн боловсруулж, шинжээчийн дүгнэлт гаргуулан төрийн захиргааны байгууллагад хүлээлгэн өгнө гэсний дагуу тайлан мэдээг хуулийн хүрээнд өгч байсныг тодруулахыг оролдсон боловч холбогдох байгууллагаас ирсэнгүй,                                                                                                                                         Мөн хуулийн 53 дугаар зүйл. Тусгай зөвшөөрөл дуусгавар болох үндэслэл            53.1.Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл дараахь тохиолдолд дуусгавар болно:                                                                                                                                53.1.1 .тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан 56.1.4.тухайн жилд гүйцэтгэсэн хайгуулын ажлын зардал нь энэ хуулийн 33 дугаар зүйлд заасан хайгуулын ажлын зардлын доод хэмжээнээс бага бол;                                   Мөн байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 Байгаль орчны нөлөөллийн ерөнхий үнэлгээг байгалийн нөөцийг ашиглах, газрын тос болон ашигт малтмал хайх, ашиглах, аж ахуйн зориулалтаар газар эзэмших, ашиглах эрх авах болон төсөл хэрэгжүүлэхээс өмнө хийнэ. 9 дүгээр зүйлийн 9.9. Энэ хуулийн 9.10-т зааснаас бусад төрлийн төсөл хэрэгжүүлэгч нь байгаль орчныг хамгаалах талаар хүлээсэн үүргээ биелүүлэхийн баталгаа болгон тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана гэсэн заалтуудыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр уг хайгуулын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохоор шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.2021 онд холбогдох зөвшөөрөлгүйгээр хайгуулын үйл ажиллагаа явуулсан гэдгийг нотлох зорилгоор нэхэмжлэгчид хүргүүлж байсан албан тоотын хуулбаруудыг хүргүүлэв. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хайгуулын үйл ажиллагааг зохих ёсны зөвшөөрөлгүй хийсэн гэдгийг батлах бичлэг Арвайхээр телевизэд байгаа тул шүүхээс уг бичлэгийг татан авч нотлох баримтаар ашиглахыг хүсэж байна” гэв.                                  6. Хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК-ийн манайх холбогдуулан гаргасан Байгаль орчны төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоолгох, батлахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.Нэхэмжлэлийн шаардлагад: Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар нь “Ц” ХХК-ийн Х\/-******* тоот Ж нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбай нь байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох гэж ээ.Үүнд тайлбарлах нь:Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбайд байрших сум дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, мөн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчныг хамгаалах уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх, асуудлаар нутгийн захиргааны байгууллагатай гэрээ байгуулж ажиллана. Мөн 48 дугаар зүйлийн 48.1.2-т хайгуулын ажлын жилийн тайланг төрийн захиргааны байгууллагаас баталсан зааврын дагуу гаргаж дараа оныхоо 02 дугаар сарын 15-ны дотор гаргаж байхаар тус тус заасан. Гэтэл энэ хугацаанд тус Есөнзүйл суманд “Ц” ХХК ямар ч хайгуулын ажлын төлөвлөгөө тайлан болон ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.6-д уурхайн талбайн хэлийг тогтоож байнгын шав, тэмдэг тавьсан акт 35.3.7-д газар ус ашиглах тухай гэрээ байгуулж ямар нэгэн төлбөр төлсөн баримт байхгүй.                                                                                                                  Тус “Ц” ХХК нь 2016,2017,2018,2019 оны хайгуулын ажлын тайлан гаргасан гэх боловч тус Есөнзүйл суманд байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ Сумын Засаг дарга болон байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан талаархи сумын Засаг даргын тамгын газар болон сумын Иргэдийн хуралд ирсэн ямар нэгэн албан тоот баримт бичиг байхгүй. Иймд “Ц” ХХК-ийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй. Тус компани нь Байгаль орчныг хамгаалах, Ашигт малтмалын тухай хууль, Усны тухай хууль, Газрын тухай хуулиар хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй байж байгаль орчны менежментийн төлөвлөгөө баталсангүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.                                      7. Хариуцагч Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргын өмгөөлөгч Т.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ц” ХХК нь 3 жилийн хугацаа болсон. Тусгай зөвшөөрлийн хугацааг урьд нь хэрхэн сунгаж байсан талаар тодорхойгүй. Шүүхэд шинээр нотлох баримтаар  гаргаж өгсөн 2019 оны менежментийн төлөвлөгөө гаргаж өгч байгаа боловч энэ талаар Есөнзүйл суманд менежментийн төлөвлөгөө батлуулсан нэг ч баримт байхгүй. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна. Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт бол нэлээд хэдэн баримтууд ирсэн байдаг ... Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлснийг сонслоо. Сум хөгжүүлэх санд мөнгө ордог гэж байна. Мөнгө ордог эсэх талаар баримт нь байхгүй байна. Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг 3 жил тутам сунгадаг гэж байна 2019 онд хэн гэдэг албан тушаалтан баримт бичгээ өгч менежментийн төлөвлөгөөгөө сунгуулсан бэ, энэ талаар материал Есөнзүйл сумын Засаг даргын Тамгын газрын архивт байдаггүй.  Ашигт малтмалын тухай хуулийн менежментийн төлөвлөгөө Байгаль орчинд нөлөөллийн үнэлгээ хянуулах тухай Ашигт малтмалын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан, мөн  40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт Ашиглалтын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ болон байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад батлуулахаар хүргүүлнэ гэж заасан ч эдгээр баримтууд нь алга байна. Есөнзүйл сумын Байгаль орчны улсын байцаагч Засаг даргаас илүү давуу эрх мэдэлтэй гэж байгаа боловч Байгаль орчны байцаагчаа мэддэггүй, Есөнзүйл суманд хор хохирол учирсан зүйл байхгүй ч гэсэн тухайн сум орон нутгийн 10%-ийг нь эзэмшдэг. Тухайн газар нь бэлчээрийн бүс нутаг, хөдөөний малчин иргэд амьдардаг. Бэлчээрийн даац хэтэрсэн өөр сумдаас хүмүүс ирж амьдардаг. Гадаадын хөрөнгө оруулалттай нэрээр бусдын эрхийг зөрчиж болохгүй. Тухайн газарт хүний амьд явах, амьдрах, хөдөлмөр эрхлэх эрхэд хор хохирол учруулахгүй байх үүднээс Засаг дарга нар төлөвлөгөөг батлахгүй байгаа юм. Удаа дараагийн менежментийн төлөвлөгөө батлуулсан гэх боловч өнөөдөр бүрдүүлсэн баримтыг харахад 2019 оны төлөвлөгөөг өгч албан тоотуудын хувьд нотлох баримтаас үзэхэд 2016 оноос хойш ашигт малтмалын тусгай зөвшөөрөл авсан ч энэ хугацаанд юу хийж байсан эсэх талаар тодорхойгүй. Ямар зөвшөөрлөөр яаж хугацаагаа сунгуулаад явсан талаар баримтууд нь хангалтгүй. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл  үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “Ц” ХХК-аас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт холбогдуулан“Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар “Ц” ХХК-ийн XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, “Ц” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сум дахь XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 20200 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт даалгуулах” шаардлага гарган маргажээ.

2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар “Ц” ХХК-ийн XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, “Ц” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сум дахь XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт даалгуулах” гэж тодруулсан.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар шүүх нэхэмжлэгчийн тодруулсан шаардлагын хүрээнд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг судлаад, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

4. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хариуцагч нараас “Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг” батлахаас тодорхойгүй шалтгаанаар удаа дараа татгалзсанаар манай компанийн цаашдын хэвийн үйл ажиллагаа /хайгуулын ажлын төлөвлөгөө, тайланг хянуулж батлуулах, эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулах, тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах, орон нутгийн захиргааны байгууллагатай хамтран ажиллах гэх мэт/ алдагдахад хүрээд байна” гэж, хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нараас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ “нэхэмжлэгч байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулах хүсэлтээ 2016, 2017, 2019 онуудад сумын Засаг дарга болон Байгаль орчны хяналтын улсын байцаагчид гаргаж байсан нь Засаг даргын Тамгын газрын тухайн жилүүдийн ирсэн бичгийн бүртгэлийн дэвтрээс үзэхэд бүртгэл байхгүй, тогтоогдоогүй, өнгөрсөн хугацаанд тус компани ямар ч хайгуулын ажлын төлөвлөгөө, тайлан болон талбайн хилийг тогтоож, шав тэмдэг тавьсан акт, ус ашиглах гэрээг манайд ирүүлж байгаагүй, тухайн жилийн байгаль орчны менежментийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээнд шаардагдах зардлынхаа 50-иас доошгүй хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн хөрөнгийг тус сум, дүүргийн Засаг даргын дэргэдэх байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн тусгай дансанд төвлөрүүлж, төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнана гэсэн заалтыг хэрэгжүүлээгүй, хуульд заасан үүргээ биелүүлээгүй” гэж тус тус тайлбарлан маргажээ.

5. Нэхэмжлэгч “Ц” ХХК нь Өвөрхангай аймгийн Есөнзүйл, Баян-Өндөр сумдыг хамарсан “Ж” нэртэй газарт XV-********дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг кадастрын хэлтсийн даргын 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 225 тоот шийдвэрээр шилжүүлэн эзэмших болсон нь тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтад тэмдэглэгдсэн байна.

6. Улмаар нэхэмжлэгчид олгосон тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусах болсонтой холбогдуулан нэхэмжлэгч талаас Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг даргад хандан “2021 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөт батлуулахаар 2021 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 02/09, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг даргад хандан 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 07/06 дугаартай албан бичгийг тус тус хүргүүлснийг хариуцагч нараас тодорхой шалтгаанаар батлахаас татгалзжээ.

7. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.1-д “Тусгай зөвшөөрөл авснаас хойш 30 хоногийн дотор байгаль орчны хяналтын алба болон хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн байгаль орчныг хамгаалах төлөвлөгөө боловсруулах, 38.1.3-т “энэ хуулийн 38.1.1-д заасан төлөвлөгөөг тухайн хайгуулын талбай байрших сум, дүүргийн Засаг даргад хүргүүлж батлуулах”, 38.2-т “Сум, дүүргийн Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн дотор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ”, 35.2-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч дараахь баримт бичгийг хайгуулын үйл ажиллагаа явуулж байгаа газар дээр байлгана”, 35.2.2-т “байгаль орчны менежментийн төлөвлөгөө, тайлан” гэж тус тус заажээ.

8. Байгаль орчны менежментийн төлөвлөгөө нь тусгай зөвшөөрлийн хүчинтэй байх 3 жилийн хугацаанд нэг удаа хийгдэх ба уг төлөвлөгөөний биелэлтийн тайлангийн талаар Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5-д хайгуулын ажлын явцад үүссэн байгаль орчны сөрөг нөлөөллийг тухай бүр бүртгэн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-ний жилийн тайланд тусгах бөгөөд уг тайланг байгаль орчны хяналтын алба болон тухайн сум, дүүргийн Засаг даргад хүргүүлэх” гэж зааснаас үзэхэд 3 жилд нэг удаа боловсруулан батлагдах уг төлөвлөгөөний биелэлтийг жил бүр тайлагнах, төлөвлөгөөнд тусгагдсан ажил бүрэн биелэгдсэн эсэхийг эрх бүхий байгууллага буюу байгаль орчны хяналтын алба болон сумын Засаг даргад хүргүүлэн дүгнүүлэхээр байна.

9. Мөн хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 1 сарын өмнө түүний эзэмшигч нь хугацааг сунгуулах тухай өргөдлийг төрийн захиргааны байгууллагад гаргаж, түүнд дараах баримт бичгийг хавсаргана”, 22.1.3-т “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г энэ хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу шинэчлэн батлуулсан баримт”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахдаа тусгай зөвшөөрөл эзэмшигч нь байгаль орчны менежментийн төлөвлөгөөг шинэчлэн боловсруулж хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас өмнө сум, дүүргийн Засаг даргад батлуулахаар хүргүүлнэ”, 40.3-т “Энэ хуулийн 40.1, 40.2-т заасан төлөвлөгөө, үнэлгээг мөн хуулийн 38.2, 39.2-т заасны дагуу батална” гэж заасан.

10. Нэхэмжлэгч талаас шүүх хуралдаанд нотлох баримтаар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Засаг дарга, “Ц” ХХК-ийн хамтран баталсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Ж” нэртэй XV-********дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөө, Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын Засаг дарга, “Ц” ХХК-ийн хамтран баталсан Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын нутагт орших “Ж” нэртэй XV-********дугаартай тусгай зөвшөөрлийн талбайн 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг тус тус ирүүлжээ.

11. Маргаан бүхий тусгай зөвшөөрлийн 1 дүгээр хавсралтанд Кадастрын хэлтсийн даргын 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 106 тоот шийдвэрээр тус компанийн тусгай зөвшөөрлийг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгасан байх ба нэхэмжлэгч компаниас хэдийгээр 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулсан боловч түүний биелэлтийг жил болгон тайланд тусгаж, эрх бүхий албан тушаалтанд хүргүүлэх үүрэгтэй байсан бөгөөд уг үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбар зэргээр нотлогдож байна.

12. Ашигт малтмалын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т “Сумын Засаг дарга энэ хуулийн 38.1.3, 38.1.6-д заасан төлөвлөгөө, түүний өөрчлөлтийг хүлээн авснаасаа хойш 10 хоногийн додор хянан баталж тусгай зөвшөөрөл эзэмшигчид хүргүүлнэ” гэж заасан нь хариуцагч нарт тухайн “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г заавал батлах үүрэг хүлээлгэсэн зохицуулалт огт биш бөгөөд шууд батлах биш “хянан батлах” эрх хэмжээг хариуцагчид хуулиар олгосон зохицуулалт юм.                                                                                                                                                   Иймд нэхэмжлэгч нь хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулахад шаардагдах “шинэчлэн боловсруулсан “Байгаль орчны менежментийн төлөвлөгөө”-г батлуулахаас өмнөх  буюу 2019 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөний биелэлтийн тайланг жил болгон гаргаж байгаль орчны хяналтын алба, хариуцагч нарт хүргүүлэн дүгнүүлэх зэрэг хуульд заасан үүргээ биелүүлээгүй байх ба энэ талаар гаргасан хариуцагчийн “...танай байгууллага үүргээ биелүүлж холбогдох газруудад тайлан гаргаж өгдөггүй, 2020 он хүртэл 5 жилийн хугацаанд хайгуулын үйл ажиллагаа эрхлэх эрх нээлттэй байхад ямар нэг үйл ажиллагаа явуулаагүй, хулгайгаар  хайгуулын үйл ажиллагаа явуулсан үйлдлүүд чинь та бидний дунд цаашид харилцан ашигтай хамтран ажиллах боломж байхгүй болсон гэдгийг хэлмээр байна” гэх тайлбар үндэслэлтэй тул шүүхээс байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахаас татгалзсан хариуцагч нарын эс үйлдэхүйг хууль бус, уг эс үйлэхүйн улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэх боломжгүй.

13. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагаа Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нар “Ц” ХХК-ийн XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, “Ц” ХХК-ийн “Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сум дахь XV-********тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлахыг Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт даалгуулах” гэж тодруулсан боловч хариуцагч Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Есөнзүйл сумдын Засаг дарга нарт хандан 2022 оны байгаль орчны менежментийн төлөвлөгөөг батлуулахаар хандсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч талаас ирүүлээгүй, мөн нэхэмжлэгч компанийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон, уг хугацааг цаашид сунгах эсэх нь тодорхойгүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5, 22 дугаар зүйл, 38 дугаар зүйлийн 38.1.1, 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснуудыг баримтлан “Ц” ХХК-ны нэхэмжлэлтэй, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Зүйл сумын Засаг дарга нарт холбогдох “Ц” ХХК-ийн ХV-***** тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоох, “Ц” ХХК-ны ХV-***** тоот “Ж” нэртэй ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайн 2022 оны байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөг батлахыг  Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Зүйл сумын Засаг дарга нарт даалгах тухай”шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48,2-т   тус тус зааснаар нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.            

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.НЭРГҮЙ