| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0007/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/71 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/71
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0007/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч*******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Цэдэндамбаа,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Түмэн овогт*******т холбогдох эрүүгийн 2318000000606 дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Түмэн овогт******* /РД: ТГ********/, 1977 оны 01 сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд төрсөн, 47 настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 1, Дархан-Уул аймаг, Дархан сум, 13 дугаар баг, Их сургуулийн*******,******* тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 21-ний өдрийн 217/ШЦТ/******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******ийг 2022 оны 12 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах мах нядалгааны газарт иргэн*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 31 толгой үхрийн 6,276 килограмм махыг “Улаанбаатарт үйлдвэрт зараад мөнгийг нь буцаагаад өгье” хэмээн хуурч,*******д 47,070,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч *******ийн: Хохирогч*******ээс авсан махыг Улаанбаатар хотын Дэнжийн мянга гэх зах дээр махны худалдаачинд нэг килограммыг 8,500 төгрөгөөр худалдсан. Хохирогч 55,000,000 төгрөг болгоод өг гээд байхаар нь Улаанбаатарт арай өндөр үнээр худалдъя гээд Дэнжийн мянга зах дээр аваачиж худалдсан. Маргааш мөнгийг нь шилжүүлнэ гэсэн боловч шилжүүлээгүй бага багаар хувааж төлсөөр байгаад төлбөрийг бараг дуусгасан. Би махны наймаа хийдэг болохоор бага багаар орж ирсэн мөнгийг наймаандаа зарцуулсан боловч алдагдалд ороод хохирогчийн мөнгийг өгч чадаагүй. Хохирогчид 2023 оны 01 сард 5,000,000 төгрөгийг төлсөн. Мөн 20,000,000 төгрөгийг бэлнээр, 10,000,000 төгрөгийг дансаар шилжүүлж төлсөн. Үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс эхлэн сар бүр 2,400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргаан байхгүй гэх мэдүүлэг,
Хохирогч*******ийн: 2022 оны 12 сарын 02-ны өдөр би ******* лүү залгаад үхрийн мах хэдэн төгрөгийн үнэтэй байна гэж асуухад ******* надад 8,700 төгрөгөөр авч байна гэсэн. Тэгэхээр нь 31 толгой үхрийг Дархан-Уул аймгийн Ноён хонгор гэх газарт *******ийн мах бэлтгэх газарт тууж ирээд нядлахад нийт 6,278 килограмм мах болж, нэг килограммыг нь 8,700 төгрөгөөр бодож, нийт 54,618,600 төгрөг болсон. ******* нь зарим үхрийн махыг туранхай, нимгэн байна, гэхдээ санаа зоволтгүй, Улаанбаатар хотод махны үйлдвэрт өгөөд мөнгийг нь авч болно гээд үхрийн махыг аваад явсан. Тэгээд намайг мөнгөө асуухаар үйлдвэрээс удахгүй 2-3 хоногт мөнгө гарна, үйлдвэрээс мөнгө гараагүй байна, хүлээж бай гэж хэлдэг. Шинжээчийн дүгнэлтээр 47,070,000 төгрөг хохирол тогтоогдсон боловч би шүүгдэгчээс 47,000,000 төгрөгийг авч, 70,000 төгрөгөөс татгалзаж байна. Шүүгдэгч надад 35,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш сар бүр 2,400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцсон байгаа гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Гэрч*******ы: 2022 оны 12 сарын 11-ний өдөр шиг санагдаж байна би *******ийн малын махыг ачиж Улаанбаатар хот руу явсан. Тухайн үед 7-8 тонн орчим махтай яваад Хүчит шонхор зах дээр буулгасан. Махны худалдаачинд хэдэн төгрөгөөр худалдсаныг, ******* махныхаа мөнгийг худалдаачнаас авсан эсэхийг би мэдэхгүй. Миний хувьд махыг нь хүргэж өгөөд хөлсөө авдаг, нэг удаадаа 500,000 төгрөгөөр ачдаг гэх мэдүүлэг /хх-ийн 11/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2/,
“31 толгой үхрийн нядалсан 6,276 килограмм мах 2022 оны 12 сарын 07-ны өдрийн байдлаар 47,070,000 төгрөг байна” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2023 он 10 сарын 24-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 16-17/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* нь 2022 оны 12 сарын 06-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд байрлах мах нядалгааны газарт иргэн*******ийг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж 31 толгой үхрийн 6,276 килограмм махыг “Улаанбаатарт үйлдвэрт зараад мөнгийг нь буцаагаад өгье” хэмээн хуурч,*******д 47,070,000 төгрөгийн хохирол учруулж залилсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинэчлэн өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж байна. Хохирол төлбөр нийт 47,070,000 төгрөгөөс 35,000,000 төгрөгийг хохирогчид барагдуулсан. Хохирогчийн зүгээс 70,000 төгрөгөөс татгалзсан бөгөөд үлдэгдэл 12,000,000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж, хохирогч*******д олгуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч ******* гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.*******ээс авсан махыг бусдад өгч мөнгийг нь бүрэн авч чадаагүй удсанаас ийм байдалд хүрсэн. Шүүгдэгч ******* нь хохирогчид 35,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 5 сарын хугацаанд төлж барагдуулахаар тохиролцсон байгаа гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь мал, махны ченжийн үйл ажиллагаа эрхэлдэг ба 2022 оны 12 сарын 06-ны өдөр өөрийн танил*******ээс “Улаанбаатар хотод үйлдвэрт худалдаж мөнгийг нь өгнө” гэж хэлэн 31 толгой үхрийн нийт 6,276 килограмм махыг 1 килограммыг нь 8,700 төгрөгөөр тооцож 54,618,600 төгрөгөөр худалдан авсан. Улмаар дээрх махаа Дэнжийн мянга захын махны ченжид худалдсан боловч*******д “үйлдвэрээс мөнгө удахгүй гарна, үйлдвэрээс мөнгө гараагүй байна” гэж хэлэн махны мөнгийг нь өгөлгүй өөрийн үйл ажиллагаандаа зарцуулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан үйлдлийг залилах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
“Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр 6,276 килограмм үхрийн мах нь 47,070,000 төгрөгөөр үнэлэгдсэн ба талууд уг үнэлгээг хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээг 47,070,000 төгрөгөөр тогтоолоо.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч *******ийн дээрх үйлдэл нь хохирогчийн урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, “үйлдвэрээс мөнгө удахгүй гарна, үйлдвэрээс мөнгө гараагүй байна” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч, хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч 47,070,000 төгрөгийн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч*******д 47,070,000 төгрөгийн хохирол учирчээ.
Хохирогч нь шүүгдэгчээс 47,000,000 төгрөгийг нэхэмжилж, 70,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзаж байх тул хохирогчийн нэхэмжлэлийн хүрээнд хохирлыг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь хохирол төлбөрт 35,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 2,400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцсон байна.
Иймд шүүгдэгчээс 12,000,000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, 12,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 2,400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцсон болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, ганцаараа амьдардаг зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоос зарим хэсгийг нөхөн төлсөн, зарим хэсгийг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой харилцан тохиролцсон байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зорилготой байдаг.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч *******т 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг оногдуулах, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хохирол төлбөрөө төлж барагдуулахаа илэрхийлсэн, зүрхний шигдээс өвчний улмаас зүрхэндээ гуурс тавиулж, байнгын эмчийн хяналтад байдаг зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар 01 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд дөрвөн зуун тавин нэгжээс арван дөрвөн мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан ба энэ нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч ******* нь зан байдлын хувьд нийтэд аюултай, зайлшгүй нийгмээс тусгаарлан эрх чөлөөг нь тодорхой хугацаагаар хязгаарлах шаардлагатай гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд буюу 2024 оны 10 сарын 25-ны дотор хохирол 12,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүрэг болох 2024 оны 10 сарын 25-ны дотор хохирол 12,000,000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт 2024 оны 01 сарын 26-ны өдрөөс 2024 оны 02 сарын 06-ны өдрийг хүртэл 11 хоног цагдан хоригдсон, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг тус тус дурдвал зохино.
Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Түмэн овогт*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т 2024 оны 10 сарын 25-ны өдрийн дотор хохирол 12,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт 11 /арван нэг/ хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******ээс 12,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум,*******, тоотод оршин суух Шарнууд овогт -д олгож, шүүгдэгч нь 12,000,000 төгрөгийг 2024 оны 05 сарын 25-ны өдрөөс хойш 5 сарын хугацаанд сар бүр 2,400,000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр хохирогчтой харилцан тохиролцсон болохыг дурдсугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч *******т урьд авсан Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглох хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР