| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0056/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/72 |
| Огноо | 2024-02-22 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 2024/ШЦТ/72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0056/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,
Улсын яллагч К.Нанжинханд,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч Д.Анхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Цамхаад овогт Даваадоржийн Анхбаярт холбогдох эрүүгийн 2418000000025 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Цамхаад овогт Даваадоржийн Анхбаяр /РД: ОР95070111 /, 1995 оны 07 сарын 01-ний өдөр Увс аймгийн Хяргас суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймаг, Орхон сум, Энхтал 02 дугаар баг, Хар морьтын хөтөл гэх газарт оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг Баяндаваагийн 5-16 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Анхбаярыг 2023 оны 12 сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 12 сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн Ойчид 02 дугаар гудамжны 20 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Мөнхтуяаг баривчилгаанд явуулсан гэж шалтгаанаар бие, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас тархи доргилт, хүзүү, эрүүний зүүн доод хэсэг, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Д.Анхбаярын: Сэтгэлээр унаад 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ агсам тавьж эхнэр Н.Мөнхтуяагийн биед халдаж зодсон. Өөрийн гаргасан үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Миний буруу гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч Н.Мөнхтуяагийн: Өчигдөр буюу 2023 оны 12 сарын 18-ны өдөр гэртээ байж байхад манай нөхөр Д.Анхбаяр төрсөн дүүтэйгээ утсаар ярьж байснаа гэнэт орилж чарлаад эхэлсэн. Тэгэхээр нь би “яачхав аа” гээд асуутал “чамд хамаагүй” гээд миний хоолойг багалзуурдаад үснээс зулгааж чирсэн. Мөн толгой хэсэгт 3 удаа гараараа цохиж, зүүн шанаа хэсэгт 1 удаа цохисон. Би хүүхдүүдээ гарцгаа гэж хэлэхэд манай хүүхдүүд нүцгэн гараад хажуугийн айлд орсон. Би өөрөө арай хийж зугтаж гэрээсээ гараад хажуу айлд байж байхад Д.Анхбаяр миний араас ирээд тэр айлын цонхыг хагалчихсан... гэх 2023 оны 12 сарын 24-ний өдрийн мэдүүлэг /хх-ийн 11-12/,
...2023 оны 12 сарын 18-ны өдөр манай нөхөр гэртээ ганцаараа 0.5 литрийн савлагаатай “Алтан буудай” гэх нэртэй архийг уугаад согтоод “чи намайг баривчилгаанд явуулж байсан биз дээ” гээд уурласан. Тэгээд миний өмсөж байсан цамцны захаар миний хоолойг боож, гараа атгаж байгаад толгой руу 2-3 удаа цохиж, үснээс татаж чирсэн. Би гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулмаар байна. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... гэх 2024 оны 01 сарын 06-ны өдрийн мэдүүлэг /хх-ийн 59/,
Насанд хүрээгүй хохирогч А.Ганбатын: 2023 оны 12 сарын 18-ны өдөр аав гэртээ ганцаараа архи уусан. Тэгээд аав ээжийг үсдээд чирсэн, бас ээжийн хоолойг боосон. Би дүү нараа аваад хажуу айл руу зугтаад ороход ээж араас орж ирсэн. Тэгтэл аав ирээд айлын хаалгыг цохиж байгаад цонхыг нь хагалсан... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Хохирогч З.Батсүхийн: 2023 оны 12 сарын 18-ны өдөр хөдөө гэртээ байж байхад манай эхнэрийн дүү Н.Мөнхтуяа над руу залгаад “манай нөхөр намайг алах гээд байна” гэж хэлэхээр нь эхнэр н.Мөнхцэцэгийг дагуулаад Шарын гол суманд Н.Мөнхтуяагийнд очсон. Н.Мөнхтуяа гэртээ ганцаараа уйлаад сууж байсан. Орой 20:00 цаг өнгөрч байхад Д.Анхбаяр гэртээ орж ирээд орилж чарлаж байгаад намайг шууд нэг удаа цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 2/,
“ Д.Анхбаяр нь 2023 оны 12 сарын 18-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Шарын гол сумын Санжинт багийн Ойн ****** тоотын хаалганы цонхыг хагалсан гэх зөрчилд үзлэг хийв. Хагарсан гэх цонх нь хаалганы зүүн талд байрлалтай цонх байлаа...” гэх үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 3-4/,
Хохирогч Н.Мөнхтуяагийн хүзүүг цамцаар нь боож улайлгасан байдлын гэрэл зураг /хх-ийн 5/,
“ Н.Мөнхтуяагийн зүүн шанааны орчимд зөөлөн эд хавдаж овойсон, хүзүүний урд, хоёр хажуу хэсэгт өнгөц олон тооны цус хуралтуудтай, хамраас цус гарсан, уруулын дотор салст хөхөрсөн, баруун гарын бугалгын урд хэсэг, зүүн гарын сарвууны урд хэсэгт хөхөрч гэмтсэн” гэх жижүүр эмч Ж.Гэрэлмаагийн тодорхойлолт /хх-ийн 25/,
“ Н.Мөнхтуяагийн биед тархи доргилт, хүзүү, эрүүний зүүн доод хэсэг, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 60 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28/,
“ З.Батсүхийн биед зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүү мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 21-ний өдрийн 61 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 29-30/,
“38 сантиметр урттай, 13 сантиметр өргөнтэй цонхны дан шил 10,000 төгрөг” гэх “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 12 сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34-36/,
Шүүгдэгч Д.Анхбаярыг 2023 оны 12 сарын 18-ны өдрийн 22:00 цагаас 2023 оны 12 сарын 19-ний өдрийн 08:00 цаг хүртэл Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Сум дундын цагдаагийн хэлтсийн эрүүлжүүлэх, саатуулах байранд саатуулсан тухай мөрдөгчийн тогтоол, тэмдэглэл, саатуулагдсан хүний карт /хх-ийн 45-46/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Д.Анхбаяр нь 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Шарын гол сумын Санжинт баг, Ойн 2 дугаар гудамжны 20 тоотод гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Мөнхтуяаг “баривчилгаанд явуулсан” гэх шалтгаанаар бие, эрх чөлөөнд нь халдаж зодсоны улмаас тархи доргилт, хүзүү, эрүүний зүүн доод хэсэг, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байх тул гэм буруутайд тооцуулах, хохирогч өөрт учирсан хохирол төлбөрөө цаашид иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч дүгнэлтдээ: Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Анхбаяр нь 2023 оны 12 сарын 18-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Шарын гол сум, Санжинт баг, Ойн 2 дугаар гудамж, 20 тоот гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Н.Мөнхтуяаг “баривчилгаанд явуулсан” гэх шалтгаанаар хоолойг нь боож, толгой руу нь удаа дараа цохисон, үснээс нь татаж чирэн эрүүл мэндэд нь тархи доргилт, хүзүү, эрүүний зүүн доод хэсэг, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Анхбаяр, хохирогч Н.Мөнхтуяа нар нь эхнэр, нөхөр буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан тус хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн болох нь хэрэгт авагдсан гэрлэсний бүртгэлийн лавлагаа, шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Д.Анхбаярын дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, гэр бүлийн хамаарал бүхий хүн буюу эхнэр Н.Мөнхтуяаг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Д.Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Н.Мөнхтуяагийн эрүүл мэндэд тархи доргилт, хүзүү, эрүүний зүүн доод хэсэг, доод уруулын дотор салст, баруун шуунд цус хуралт, дагзны баруун хэсгийн хуйханд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан, хохирогч нь гомдолтой хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх хүсэлтэй байх боловч хохирогч нь эмчилгээний зардал, хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иймд шүүгдэгч Д.Анхбаяр нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь өөрт учирсан хохирлыг холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй гэж үзлээ.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Д.Анхбаяр нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох Н.Мөнхтуяагийн биед удаа дараа халдаж түүнийг зодсон зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 сарын 15-ны өдрийн 2023/ЗШ/ 704 дугаартай шийтгэврийн хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч Д.Анхбаярт 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа тул нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мал маллаж ашиг шимийг хүртэж амьдардаг гэх түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгчийн сарын орлого, ам бүлийн байдал зэргийг харгалзан 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдвал зохино.
Шүүгдэгчийг торгох ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Цамхаад овогт Даваадоржийн Анхбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Анхбаярыг 1,500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,500,000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хохирогч өөрт учирсан хохирлыг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Анхбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.Анхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР