Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 142/ШШ2019/00555

 

 

 

 

 

 

  2019 оны 05 сарын 01 өдөр

   Дугаар 142/ШШ2019/00555

Орхон аймаг

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: *******-ний нэхэмжлэлтэй,  

Хариуцагч *******-д холбогдох   

“гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Е нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Мтай 2003 оноос танилцаад найзалж, нөхөрлөж хамтран амьдарч байгаад гэр бүл болохоор болж 2006 онд охинтой болсон. Ингээд 2009 онд гэрлэлтээ баталгаажуулсан. Бидний дундаас охин ******* 2006 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, охин ******* 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр тус тус төрсөн. М нь биднийг гэрлэх үед элдэв ааш зан гаргадаггүй байсан. Сүүлдээ л архи ууж агсам согтуу тавьдаг болж сүүлдээ намайг хүртэл зодож гар хүрдэг болсон. Би ч хоёр хүүхдээ бодоод тэсэж тэвчээд л байдаг байсан. Ингээд М 2013 онд хүн амины хэрэгт холбогдон 10 жил 1 сараар таслагдан шоронд явсан. Би Мыг байхгүй хойгуур хоёр хүүхдээ харж хандан эхнэр хүний ёсоор хүлээсэн. Хүмүүжээд ирэх байх гэж бодсон.  М 2018 оны 6 сарын сүүлээр гарч ирсэн. Тэгээд гэртээ ирсэн. Ирээд бид хоёр ер таарахгүй сонин байсан. Тэгээд намайг ална гэж заналхийлж хайч барьж дайрсан. Би хашгирч унтаж байсан охиноо дуудсан. Охин босч ирээд аавыгаа хорьсон боловч охиноо ч тоолгүй түлхээд чаддаг юм бол цагдаа дууд гээд байсан. Тэгээд намайг дэглэж босч суулгаж хэвтүүлсэн. Ер нь тайван байлгаагүй. Би цагдаад өгөх гэхээр дөнгөж гараад ирсэн хүн буцаад явчих байх гээд хэнд ч хэлээгүй.  Ааш нь бүр их эвдэрсэн догшин болсон байсан. Тэгээд би айгаад 2 охиноо аваад Увс аймаг уруу ээж дээрээ очсон тэгээд тэнд амьдрах болсон. Тэгээд бид салахаар болцгоосон. Би одоо эргэж нийлэх боломжгүй. Би эргэж уулзахаасаа ч айж байна. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж Маас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б овогтой М миний бие нь Баарай овогтой Цтэй 2003 онд танилцаж гэр бүл болж 2 охинтой болсон. Үүнээс хойш 10 жил хамт амьдарч жаргал зовлонгоо хуваалцаж хэнээс ч дутахгүй сайхан амьдарч ирсэн. Харамсалтай нь 2013 оны 10 сард хэрэгт холбогдон 5 жил ял эдэлж байгаад 2018 оны 6 сард гарч ирсэн. Суллагдсанаас хойш эхнэр бид хоёрын харилцаа таарамж муутай байж би архи уун эхнэртээ агсам тавьсан нь үнэн. Гол асуудал нь сексийн асуудал байсан юм. Би 2 охиндоо хайртай, эхнэртээ хайртай, энэ сайхан амьдралаа ингээд үгүй хиймээргүй байна. Манай эхнэр надаас сална гээд байгаа. Би бол гэр бүлээ бүтнээр нь авч үлдэх бодолтой байгаа. Хоёр охиноо өнчин аавгүй өсгөмөөргүй байна. Эхнэрээ ч мөн адил ганцаараа зовж явахыг хармааргүй байна. Эцэг хүний хариуцлага нөхөр хүний үүрэг хариуцлагыг хүлээх болно. Шүүх хурал дээр болсон процессыг өөрийн биеэр хэлэх болно. Гэр бүл ямар чухал болохыг ойлгож байгаа” гэжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргасан.   

Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* нар нь 2003 онд танилцаж, 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлж, тэдний дундаас 2006 оны 06 дүгээр сарын 12-ны өдөр охин *******, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр охин ******* нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбараар тус тус нотлогдож байна.   

Зохигчид шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандаад эвлэрээгүй байх ба, шүүхээс зохигчдод эвлэрүүлэх гурван сарын хугацаа олгосон ч гэрлэгчид эвлэрээгүй, хариуцагч хэдийгээр эвлэрэх хүсэлтэй ч, нэхэмжлэгч нь гэр бүлээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байх тул дээрх нөхцөл байдлыг харгалзан *******, ******* нарын гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.  

Хүүхдийн асрамжийн хувьд 2006 оны 06 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин *******, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ий асрамжинд үлдээж, эцэг *******аар насанд хүртэл нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасан тэтгэлгийг сар бүр гаргуулан олгох нь зүйтэй байна.  

Иймд *******, ******* нарын гэрлэлтийг цуцалж, охин *******, ******* нарыг эх *******ий асрамжинд үлдээж шийдвэрлэв.    

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай. 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2006 оны 06 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин *******, 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин ******* нарыг эх *******ий асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин *******ыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2006 оны 06 дүгээр сарын 12-ны өдөр охин *******г 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг *******аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.   

4. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.    

5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас 70 908 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.   

6. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА