| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2024/0057/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/75 |
| Огноо | 2024-02-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мядагбадам |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 2024/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0057/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,
Улсын яллагч Ч.Мядагбадам,
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Бор адуут овогт Гантөмөрийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн 2418000000013 дугаартай хэргийг 2024 оны 01 сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Бор адуут овогт Гантөмөрийн Мөнх-Эрдэнэ /РД: ТА********/, 1993 оны 04 сарын 16-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, туслах машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 04 дүгээр баг, 22 дугаар хороолол, 17 дугаар байр, 57 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Дархан-Уул аймаг, Дархан сум, 08 дугаар баг, 16 дугаар байр, 63 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 05 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг тэнсэж 02 жилийн хугацаагаар хянан харгалзсан.
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 2023 оны 12 сарын 14-нд 18:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С********” баарны гадна Х.Алдарбаясгалантай маргалдан толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, хэлний баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн: Би 2023 оны 12 сарын 14-ний өдөр С******** нэртэй бааранд архи уугаад хохирогч Х.Амарбаясгалантай маргаж, зодоон хийсэн. Би өөрөө согтуу байсан учраас болсон асуудлын талаар сайн санахгүй байгаа. Хохирогчид гар хүрсэн нь миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч хохирол төлбөрт 200,000 төгрөг нэхэмжилснийг сарын өмнө өөрийн данснаас шилжүүлж өгсөн. Дахин уулзаад нэмж 500,000 төгрөг өгөхөөр ярилцсан гэх мэдүүлэг,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт авагдсан:
Хохирогч Х.Алдарбаясгалангийн: ...гэртээ харих санаатай баарны үүд хэсэгт зогсож байхад үл таних Г.Мөнх-Эрдэнэ гэх залуу миний хажууд хүрч ирээд “хөөе писда минь” гэж хэлээд баруун гараараа миний зүүн нүд хэсэг рүү 1 удаа цохисон. Тухайн үед миний зүүн хөмсөг хэсгээс нэлээн их цус гараад ирэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Миний зүүн хөмсөг язарч 4 оёдол тавиулсан. Би гэрээр 200,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн боловч 40,000 төгрөгийн баримт байгаа, бусад эм тариаг баримтаар авч чадаагүй. Би гомдолтой байна, хуулийн дагуу арга хэмжээ авч өгнө үү гэх мэдүүлэг /хх-ийн 11, 13/,
Гэрч Ц.Мөнхнасангийн: ...би араас нь дагаад гарахад Г.Мөнх-Эрдэнэ уг үл таних 50 орчим насны эрэгтэй хүний зүүн нүд хэсэг рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгтэл тэр хүний зүүн талын хөмсөгнөөс нэлээн их цус гарсан. Г.Мөнх-Эрдэнийг бүжгийн талбайд бүжиглэж байхад уг 50 орчим насны хүн Г.Мөнх-Эрдэнийг цохсон гэж надад хэлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 16/,
Гэм хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,
“...Бичлэгийг цааш үргэлжлүүлэн үзэхэд Х.Алдарбаясгалан, Г.Мөнх-Эрдэнэ нар нь хоорондоо маргалдаж нэгнээ түлхэх үйлдэл хийж байв, хохирогч Х.Алдарбаясгалан нь сэжигтэн Г.Мөнх-Эрдэнийн толгой хэсэг рүү баруун гараараа 1 удаа цохих ба хоорондоо маргалдаж зууралдаж эхлэв, хохирогч Х.Алдарбаясгалан үүд хэсэгт унав.
Г.Мөнх-Эрдэнэ баарнаас гарч ирэх ба хохирогч Х.Алдарбаясгалан урд талаас камерын хяналтад орж ирэхэд Г.Мөнх-Эрдэнэ зүүн гараараа Х.Алдарбаясгалангийн толгойн зүүн хэсэгт 1 удаа цохиод цаанаа байрлах төмөр хашаа руу шахах үед Х.Алдарбаясгалан нь баруун гараараа Г.Мөнх-Эрдэнийн толгой хэсэгт 1 удаа цохив...” гэх “С********” баарны гадна болон дотор хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, 2 ширхэг бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-8/,
“ Х.Алдарбаясгалангийн биед тархи доргилт, баруун хөмсөг, хэлний баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 19-ний дөрийн 49 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-23/,
“...баруун хөмсөг язарсан шархтай, зүүн талын шанааны арьсан доорх өөхөн эд баруунтай харьцуулахад бага зэрэг зузаарсан...” гэх хохирогч Х.Алдарбаясгалангийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан 202312142114 дугаартай хуудас, гэрэл зураг, толгойн томографын шинжилгээний бичиг /хх-ийн 24-26/,
“ Г.Мөнх-Эрдэнийн биед баруун чихний хөхлөг сэртэн, зүүн чихний дэлбэнд язарсан шарх, зүүн чамархайд зулгаралт, зүүн шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх Дархан-Уул аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2023 оны 12 сарын 19-ний дөрийн 50 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-32/,
“зүүн чих орчим язарсан шархтай” гэх шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгээс яаралтай тусламж авсан 20231214 дугаартай хуудас /хх-ийн 33/,
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 2023 оны 12 сарын 14-ний өдөр эрүүлжүүлэх баривчлах байранд хүлээлгэн өгсөн үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 67/ болон шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтуудыг хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай гэж үнэлж, прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.
Улсын яллагч дүгнэлтдээ: Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 12 сарын 14-ний өдрийн 18:00 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С********” баарны гадна талбай дээр Х.Алдарбаясгалантай маргалдаж улмаар эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, хэлний баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан эд мөрийн баримт болон бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгч хохирогчийн нэхэмжилсэн 200,000 төгрөгийг төлж барагдуулсан гэж мэдүүлдэг тул шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй байна. Хохирогч Х.Алдарбаясгалан нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх саналтай байна гэв.
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь улсын яллагчаас гаргасан дүгнэлттэй холбогдуулан тусгайлсан санал гаргаагүй болно.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь 2023 оны 12 сарын 14-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дархан-Уул аймаг, Дархан сум, 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “С********” бааранд хохирогч Х.Алдарбаясгалантай маргалдаж харилцан бие биеэ цохисон. Улмаар хохирогч Х.Алдарбаясгалангийн эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун хөмсөг, хэлний баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт тооцохоор хуульчилжээ.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийн дээрх үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус болохыг ухамсарласан, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн, хохирогчийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэргээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Алдарбаясгалангийн эрүүл мэндэд тархи доргилт, баруун хөмсөг, хэлний баруун хажуу хэсэгт шарх, баруун нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирчээ.
Хохирогч Х.Алдарбаясгалан нь 200,000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн боловч энэ байдалтай холбоотойгоор 40,000 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн байна.
Шүүгдэгч нь хохирогчийн нэхэмжилсэн 200,000 төгрөгийг өөрийн данснаас шилжүүлж нөхөн төлсөн гэх боловч энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй байна.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан тул шүүгдэгч нь хохирогчид учруулсан хохирол, эмчилгээний зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.
Иймд хохирогчоос гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд шүүгдэгчийн хариуцан арилгах хохирлын хэмжээг тогтоож, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнээс 40,000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Алдарбаясгаланд олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь хохирол төлбөрийг төлөх зорилгоор шүүх хуралдааныг завсарлуулах хүсэлт гаргаж, хохирогч Х.Алдарбаясгалангийн ХААН банкны 5055567741 тоот дансанд 500,000 төгрөг шилжүүлсэн болох нь ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Шүүх Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх ба эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.
Шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэ нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 07 сарын 10-ны өдрийн 253 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа зэрэг нотлох баримтаар нотлогдож байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Харин шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлснийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгч нь улсын яллагчийн саналтай холбоотойгоор тайлбар гаргаагүй болно.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрхэлсэн тодорхой ажилгүй буюу цалин хөлс, түүнтэй адилтгах орлогогүй гэх түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт эдлүүлэх нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчим, 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчийг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн тул шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бор адуут овогт Гантөмөрийн Мөнх-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнийг 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар “Дархан хотын тохижилт үйлчилгээний газар” ОНӨААТҮГазарт эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Мөнх-Эрдэнэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР