Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 2024/ШЦТ/96

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0084/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Балжинням,

Улсын яллагч Ч.Мядагбадам,

Шүүгдэгч Б.Энхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигин овогт Булгамаагийн Энхцэцэгт холбогдох эрүүгийн 2418000000078 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 28-ны өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Боржигин овогт Булгамаагийн Энхцэцэг /РД: ТА********/, 2004 оны 04 сарын 03-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, өвөө,эмээ, дүү нарын хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 03 дугаар баг, Хараа 03 дугаар гудамж, 52 тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Энхцэцэгийг 2024 оны 01 сарын 01-ний өдрийн 19:30 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багт байрлах “Өргөө” кинотеатрын 01 дүгээр танхимын 02 дугаар эгнээнээс Б.Уранбилэгийн эзэмшлийн Iphone загварын гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж авч завшин 500,000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Энхцэцэг нь 2024 оны 01 сарын 01-ний өдрийн 19:30 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 09 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Өргөө” кинотеатрт найз залуу Б.Азбаярын хамт кино үзээд гарахдаа хохирогч Б.Уранбилэгийн үзвэрийн танхимд гээсэн 500,000 төгрөгийн үнэ бүхий Iphone XS загварын гар утас болон гар утасны гэрт байсан бэлэн 20,000 төгрөгийг олж аван ашигласан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/,

“...ягаан өнгийн ороолт, хар өнгийн куртиктэй эмэгтэй, хар өнгийн 2 үүргэвчтэй цүнхтэй, хар өнгийн малгайтай эрэгтэй хүн кино үзээд гарахдаа эрэгтэй хүн нь 01 дүгээр цувааны 13 дугаар эгнээнд ороод гар утас аваад гарч байгаа дүрс бичигдсэн байв...” гэх “Өргөө” кинотеатрын үзвэрийн танхимын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, уг камерын бичлэг бүхий сиди-г эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 6-7, 22/,

2024 оны 01 сарын 01-ний өдрийн 18:10:37 цагт Өргөө-6 салбарын тасалбарын касст 438054******7033 дугаартай картаар гүйлгээ хийсэн Голомт банкны 13149206 дугаартай мерчантын хуулга /хх-ийн 17/,

438054******7033 дугаартай карт эзэмшигч нь Баасанжавын Азбаярын 5073308526 тоот дансны карт байна гэх ХААН банкны 2024 оны 01 сарын 19-ний өдрийн 5045/24/** дугаартай албан бичиг, 5073308526 тоот дансны хуулга /хх-ийн 19-20/,

Шүүгдэгч Б.Энхцэцэгээс Iphone XS загварын, хар хөх өнгөтэй, шилэн наалт нь бага зэрэг цуурсан байсан, өнгөгүй хамгаалалтын гэртэй гар утсыг хүлээн авч, хохирогч Б.Уранбилэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 23-24/,

“...01 дүгээр танхимын 12 дугаар эгнээний 13 дугаар суудал дээр кино үзэж дуусаад хувцсаа өмсөөд гарахдаа өөрийн Iphone XS загварын гар утсыг унагаасан байсан. Миний гар утас хар өнгөтэй, өнгөгүй хамгаалалтын гэртэй, хамгаалалтын гэрийн ард бэлэн 20,000 төгрөг байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хохирогч Б.Уранбилэгийн мэдүүлэг /хх-ийн 29-30/,

“...Өргөө кинотеатрын 01 дүгээр танхимын 12 дугаар эгнээний 13-16 дугаар суудалд кино үзэж дуусаад 2 давхарт зураг авхуулаад дуусахад найз Б.Уранбилэгийн Iphone XS загварын гар утас байхгүй байсан...” гэх гэрч Д.Уранбилэгийн мэдүүлэг 33/,

“...манай найз охин Б.Энхцэцэг намайг дуудаад тэнд гар утас байна гэхээр нь би тухайн утсыг аваад найз охиндоо өгсөн. Манай найз охин ариун цэврийн өрөөнд ороод тухайн утсыг унтраагаад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 37/,

Iphone XS загварын, 256 GB багтаамжтай, хэрэглэж байсан гар утас 500,000 төгрөг” гэх Капитал зууч” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 41-42/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч Б.Энхцэцэгийн дээрх үйлдэл нь бусдын гээсэн эд хөрөнгийг олж авсан гэдгээ мэдсээр байж өмчлөгч, эзэмшигчид нь буцааж өгөх санаачлага гаргахгүйгээр өөртөө авч 500,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч Б.Энхцэцэг нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч Б.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчид 500,000 төгрөг учирсан боловч хохирогч нь өөрийн гар утсыг биет байдлаар буцаан авч, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч Б.Энхцэцэгээс хураан авсан гар утсыг хохирогч Б.Уранбилэгт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, хохирогчийн мэдүүлэг хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх санал гаргасныг шүүгдэгч Б.Энхцэцэг нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Энхцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Булгамаагийн Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Энхцэцэгийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 5 сарын хугацаанд сар бүр 90,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан нэг ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Энхцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Энхцэцэгт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР