Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 2024/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2024/0070/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Д.Баярсүрэн,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа /цахимаар/,

Шүүгдэгч М.Энхбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Манал овогт Магсаржавын Энхбаатарт холбогдох эрүүгийн 2202007470332 дугаартай хэргийг 2024 оны 02 сарын 19-ний өдөр хүлээн авч, хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Манал овогт Магсаржавын Энхбаатар /РД: ЧД********/, 1965 оны 08 сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 58 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, “********************” ХХК-ийн ерөнхий инженер ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Хар усан тохой хэсэг гудамж, 395б тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 07 сарын 06-ны 92 дугаартай зарлигаар Алтангадас одонгоор шагнагдсан.

Нийслэлийн Прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих II хэлтсээс шүүгдэгч М.Энхбаатарыг Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 4252284 регистрийн дугаартай “********************” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа тус хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган, зохих зөвшөөрөлгүйгээр 2018 оны 06 сарын 12-ны өдрөөс 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан аммиак (ammonia) гэх нэршилтэй бодис 4 тонныг хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.Энхбаатар нь “********************” ХХК-д 2008 оны 10 сарын 01-нээс 2022 оны 10 сарын 05-ныг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. “********************” ХХК нь Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайд нарын 2015 оны А/356/396 тоот хамтарсан тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Химийн хорт болон аюултай бодисын ангилалд хамруулсан бодисын жагсаалт”-д багтсан аммиак (ammonia) гэх бодисыг ашиглан махны үйлдвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, аммиак хий ашиглах тусгай зөвшөөрөл нь 2018 оны 06 сарын 12-ны өдөр дууссан ба дээрх бодисыг ашиглан 2022 оны 11 сарын 07-ны өдрийг хүртэл үйл ажиллагаа явуулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 5/,

“...Аммиак нь NH3 өнгөгүй, амьсгал боогдуулам хурц үнэртэй хий юм. Азотын хүчил болон азотын бордооны түүхий эд юм. Аммиакийг капролактом синилийн хүчил, тэсрэх бодис, техникийн давсууд зэргийг үйлдвэрлэхэд мөн хөргөлтийн техникт хөргөгч бодис болгон ашигладаг...” гэх гэрч Б.Должингийн мэдүүлэг /1-р хх-ийн 20/,

“Аммиак NH3 нэртэй бодис нь хүний амьсгалын замыг цочроон боогдуулж, ухаан алдуулдаг ба их хэмжээгээр хордвол үхэлд хүргэх аюултай. Уг бодис нь шатамхай тул хэт халалт үүсвэл дэлбэрэх аюултай. Тухайн бодисыг ашиглаж хадгалахын тулд холбогдох мэргэжлийн байгууллагаас тусгай зөвшөөрөл авдаг ба мэргэжлийн хүн харьцаж ажиллах ёстой” гэх гэрч Г.Хишиг-Эрдэнийн мэдүүлэг /1-р хх-ийн 28/,

“...манай байгууллага боловсруулсан махаа хөлдөөх болон хадгалахад зориулагдсан хөргөлтийн тоног төхөөрөмж ашигладаг ба уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад аммиак хий нэртэй химийн бодис ашигладаг. Манай компани уг химийн бодисыг ашиглахын тулд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас тусгай зөвшөөрөл авсан боловч 2018 оны 06 сарын 12-ны өдөр хүчинтэй хугацаа нь дууссан. 2023 оны 01 сарын 24-ний өдөр тусгай зөвшөөрлийн хугацаа сунгуулах хүсэлтээ цахимаар явуулсан байгаа. Манай байгууллагын мах боловсруулах үйлдвэр 2018 оны 06 сараас хойш Ковид-19 цар тахал гарснаас хойш 2019 оны 11 сар хүртэл үйл ажиллагаагаа хэвийн явуулж байгаад түр зогсоод 2022 оны 10 сараас эхлэн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна ” гэх гэрч ***********ийн мэдүүлэг /1-р хх-ийн 30, 35-36/,

“...боловсруулсан махаа хөлдөөх болон хадгалахад зориулагдсан хөргөлтийн тоног төхөөрөмж ашигладаг ба уг тоног төхөөрөмжийг ажиллуулахад аммиак хий нэртэй химийн бодис ашигладаг. Химийн бодис ашиглах тусгай зөвшөөрөл байдаг талаар мэдэхгүй, байгууллагын захирал болон удирдлагууд мэднэ” гэх гэрч Р.Бадамральдын мэдүүлэг /1-р хх-ийн 32/,

“******************** ХХК нь 2017 онд тус яамнаас аммиакийн хийнд 01 жилийн хугацаатай химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийг авсан байна. Химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө тусгай зөвшөөрөл авах материалыг бүрдүүлж ирүүлсэн байх шаардлагатай. Сунгуулах хүсэлтээ өгөөгүй, сунгуулахгүйгээр химийн хорт болон аюултай бодис ашигласан бол хууль бусаар химийн хорт болон аюултай бодис ашигласанд тооцно” гэх гэрч Ц.Батжаргалын мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

“********************” ХХК-ийн байранд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 42-47/,

“********************” ХХК-ийн химийн бодис эргэлтэд оруулж байгаа үйлдвэр, техникийн өрөөнд хийсэн үзлэгийн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 48-51/,

“********************” ХХК-д аммиак хийг импортлох, ашиглах аж ахуйн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2017 оны 06 сарын 12-ны өдрөөс 2018 оны 06 сарын 12-ны өдрийг хүртэл хугацаагаар олгосон 0000720 дугаартай тусгай зөвшөөрөл /хх-ийн 52/,

“********************” ХХК нь мал аж ахуй, махны үйлдвэр чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, М.Энхбаатар нь 2008 оны 10 сарын 01-ний өдрөөс 2022 оны 10 сарын 05-ны өдрийг хүртэл гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан гэх хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-ийн 53/,

“Шинжилгээнд ирүүлсэн “Экологийн цагдаагийн алба”, Дээжийн дугаар 01, Дээжийн авсан газар: ******************** ХХК”, Дээжийн авсан огноо” 2023.01.02., цэвэр усанд шингээж авсан хий” гэж хаяглан битүүмжилсэн VITA шошготой хуванцар саванд ирүүлсэн шингэн зүйл нь шинжилгээнд тэнцэнэ. “Экологийн цагдаагийн алба”, Дээжийн дугаар 01, Дээжийн авсан газар: ******************** ХХК”, Дээжийн авсан огноо” 2023.01.02., цэвэр усанд шингээж авсан хий” гэж хаяглан битүүмжилсэн VITA шошготой хуванцар саванд ирүүлсэн шингэн зүйл аммонийн гидроксид /NH4OH/ байна. Монгол Улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд, Эрүүл мэнд, спортын сайдын хамтарсан А/356/396 тушаалын хавсралтад аммонийн гидроксид /NH4OH/ химийн хорт, аюултай бодисын ангилалд хамаарна. Арьс үрэвсүүлэгч 1В, усан орчинд богино хугацааны хурц хоруу чанартай бодис болно. Аммонийн гидроксид /NH4OH/-ийг азотын хүчил, бордооны үйлдвэрт, хөргөх төхөөрөмжид, хуванцар, тэсрэх бодисын үйлдвэрт, цэвэрлэгээ, ариутгалд өргөн хэрэглэдэг...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 01 сарын 09-ний өдрийн 281 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 57-59/,

“********************” ХХК-ийн “М*************” ХК-тай 2018 оны 06 сарын 02-ны өдөр байгуулсан 2000 килограмм аммиак нийлүүлэх гэрээ /1-р хх-ийн 99-100/,

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 06/3321 дугаартай “********************” ХХК-ийн аммиак ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтэд татгалзсан хариу өгсөн тухай албан бичиг /1-р хх-ийн 103/,

 “********************” ХХК-ийн “М*******” ХХК-тай 2022 оны 03 сарын 11-ний өдөр байгуулсан СХД/3/15 дугаартай, СХД/3/14 дугаартай, ХУД/1/10 дугаартай, 2021 оны 03 сарын 26-ны өдөр байгуулсан ДМФ/ХУД/СХД/БЗД/21/119 дугаартай мах бэлтгэн нийлүүлэгч, агентын гэрээнүүд /1-р хх-ийн 106-121/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 03/**** дугаартай албан тоотын хавсралт 6 хуудас материалд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 122/,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 12 сарын 23-ны өдрийн 03/**** дугаартай “********************” ХХК-ийн 2010 оны 01 сараас 2022 оны 11 сар хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан талаарх лавлагаа, уг лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 122-130/,

Татварын ерөнхий газрын 2022 оны 12 сарын 27-ны өдрийн 07/**** дугаартай “********************” ХХК-ийн 2013 оноос хойших аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангийн лавлагаа, уг лавлагаанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 134-137/,

“Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ” ХК-ийн 2023 оны 01 сарын 04-ний өрийн 05/** дугаартай “********************” ХХК-ийн 2010 оны 2022 оны цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийн мэдээлэл, түүнд хийсэн үзлэгийн тэмдэглэл /1-р хх-ийн 138-164/,

Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 12 сарын 22-ны өдрийн 06/**** дугаартай “********************” ХХК нь химийн хорт болон аюултай бодис ашигласан тайланг ирүүлж байгаагүй гэх албан бичиг, 06/**** дугаартай “********************” ХХК нь 2017 онд аммиакийн хийнд 01 жилийн хугацаатай химийн хорт болон аюултай бодисын тусгай зөвшөөрөл авсан, өөр тусгай зөвшөөрөл аваагүй гэх албан бичиг /1-р хх-ийн 166, 168-169/,

“********************” ХХК-ийн 2010 оноос хойших хэрэгцээний цэвэр усаар хангагдсан, бохир ус татуулсан хэмжээ болон төлбөрийн дэлгэрэнгүй мэдээлэл /1-р хх-ийн 176-190/,

Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны 2023 оны 01 сарын 31-ний өдрийн 01/378 дугаартай “********************” ХХК нь нийслэлийн хүн амын өвөл, хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан 2019-2022 онд “Мал, мах бэлтгэх махны нөөц бүрдүүлэх, түүнийг худалдан борлуулахад хяналт тавих гэрээг байгуулж ажилласан гэх албан бичиг, гэрээний хуулбарууд /1-р хх-ийн 194-203/,

“********************” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа болон хувийн хэргийн хуулбар /1-р хх-ийн 209-250, 2-р хх-ийн 1-49/

“********************” ХХК-ийн ХААН банк дахь дансны хуулга, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл /2-р хх-ийн 69-120/,

“********************” ХХК-ийн Голомт, Худалдаа хөгжлийн банк дахь дансны хуулгууд /2-р хх-ийн 121-211/,

“Манай байгууллага улсын нөөцийн махыг 2022 оныг дуусах хугацаанд бэлтгэж ажилласан. Мах хөлдөөх 5-6 зоорьтой байх, тоог нь сайн мэдэхгүй байна. Мах хөлдөөх зоорь аммиак болон пироноор ажилладаг. Миний мэдэхээр 2018 онд 01 удаа, 2022 онд 01 удаа “М***********” ХК-аас аммиак худалдаж авахаар гэрээ байгуулсан. Худалдан авалт хийсэн эсэхийг би мэдэхгүй байна. Манай байгууллагын мах хөлдөөх зооринд аммиакийн нөөц дуусаад худалдан авалт хийх гэж байсан юм” гэх гэрч Х.Бурмаагийн мэдүүлэг /3-р хх-ийн 120/,

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Хүнс, хөдөө аж ахуйн газрын 2023 оны 04 сарын 25-ны өдрийн 02/184 дугаартай “********************” ХХК нь 2018-2022 онуудад иргэдийн хаврын хэрэгцээнд зориулан мах бэлтгэн нөөцлөх арга хэмжээнд оролцож байсан гэх албан бичиг /3-р хх-ийн 129/,

Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын 2023 оны 05 сарын 31-ний өдрийн 23/179 дугаартай “********************” ХХК нь аммиак ашиглан 1 гүн хөлдөөгч, 6 агуулах, 2 сэврээх туннелийн хэсгүүдийг хөргөн үйл ажиллагаа явуулдаг гэх албан бичиг /3-р хх-ийн 186-187/,

“2022 оны 11 сарын 07-ны өдөр шалгалт хийхэд “********************” ХХК нь аммиакийн хий гэх нэртэй химийн хорт бодисыг хөргүүртээ ашиглаж байсан бөгөөд тухайн үед уг бодисыг ашиглах тусгай зөвшөөрлийн хугацаа нь дуусан байх тул гэмт хэргийн шинжтэй үйлдлийг цагдаагийн байгууллагын тоо бүртгэлд оруулсан” гэх гэрч Б.Замын мэдүүлэг /3-р хх-ийн 213, 4-р хх-ийн 20/,

“********************” ХХК-ийн химийн бодис эргэлтэд оруулж байгаа үйлдвэр, хадгалж байгаа агуулахад нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /4-р хх-ийн 24-29/,

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас “********************” ХХК-д олгосон 2023 оны 07 сарын 06-ны өдрөөс 2028 оны 07 сарын 06-ны өдөр хүртэл аммиак хий ашиглах тусгай зөвшөөрөл /4-р хх-ийн 51/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт болох шүүгдэгч М.Энхбаатарын дээрх үйлдэл нь химийн хорт, аюултай бодис болох аммиак хийг эрх бүхий байгууллагын тусгай зөвшөөрөлгүйгээр буюу хууль бусаар ашиглан үйл ажиллагаа явуулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч М.Энхбаатар нь холбогдсон хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Иймд шүүгдэгч М.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад материаллаг хохирол учраагүй тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч М.Энхбаатар нь хүлээн зөвшөөрч тохиролцсон нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч М.Энхбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 900,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураасан эд зүйлгүй болохыг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Манал овогт Магсаржавын Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан химийн хорт, аюултай бодисыг хууль бус эргэлтэд оруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч М.Энхбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 900,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Энхбаатарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Энхбаатарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                Б.ИХТАМИР