| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Амаргэрэл |
| Хэргийн индекс | 175/2024/0048/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/45 |
| Огноо | 2024-03-01 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | А.Эрдэнэдэлгэр |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/45
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Амаргэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номин,
улсын яллагч А.Эрдэнэдэлгэр,
хохирогч Р.Батмөнх,
шүүгдэгч Х.Ууганболд нарыг тус тус оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Алаг адуу овогт Хүрлээгийн Ууганболдод холбогдох эрүүгийн 2431000000014 дугаартай, 175/2024/0048/Э индекстэй хэргийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 02 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, ах, эгч, дүү нарын хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сум, 1 дүгээр баг, Залуучуудын 1 дүгээр хэсэг, 11 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, Алаг адуу овогт Хүрлээгийн Ууганболд /РД: МА00222118/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурьдснаар/
Шүүгдэгч Х.Ууганболд нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 01 дүгээр баг, Залуучуудын 03 дугаар баг, 324 тоотод хашаанаас Р.Батмөнхийн 43-01 СЭҮ улсын дугаартай, “Тоёота Алион” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар “Тоёота Алион” загварын тээврийн хэрэгслийг эд зүйл мөргүүлж, 1,242,500 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар.
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Х.Ууганболд нь 2023 оны 12 дугаар сарын 24-ний шөнө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Бүргэдэй 01 дүгээр баг, Залуучуудын 03 дугаар баг, 324 тоотод хашаанаас Р.Батмөнхийн 43-01 СЭҮ улсын дугаартай, “Тоёота Алион” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж, улмаар “Тоёота Алион” загварын тээврийн хэрэгслийг эд зүйл мөргүүлж, 1,242,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Ууганболд нь гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доорх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
1.Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Ууганболдын өгсөн мэдүүлэгтээ: “Мэдүүлэг өгөхгүй өмнөх мэдүүлгээ дэмжиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би гупер 320,000 төгрөгөөр, 2ш под карлон 160,000 төгрөгөөр, 500,000 төгрөг бэлнээр өгсөн” гэжээ[1],
2.Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Р.Батмөнх өгсөн мэдүүлэгтээ: “Хохирлоо барагдуулмаар байна. 1,200,000 төгрөг бол куперын мөнгө л дөө. Энэ хүүг хохирлоо барагдуул гэсэн барагдуулахгүй ийш тийшээ зугтаагаад байгаа юм уу яваад байна. Би машинаа алдаад эвдэрснээс болж 1 сар орлогогүй зогслоо гомдолтой байна. Би банкны зээл төлдөг...” гэжээ[2],
3.Хохирогч Р.Батмөнхийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өнөө өглөө буюу 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Алтанбулаг сумын боомтоор гарах гэж байсан. Улмаар өглөө 04 цагийн үед босоод машинаа халаах гээд гарсан чинь гэрийн гадаа машин мань байхгүй хучлага нь газарт байсан. Би машинаа худалдаж аваад 3 сар болж байгаа уг машинаараа хил гарч ачаа бараа зөөдөг. Би өчигдөр өглөө буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр машинтай өглөөний 05 цагийн үед Алтанбулаг сумын Хиагтын боомтоор гараад өдөр 11 цагийн үед буцаад Алтанбулаг суманд орж ирээд шууд гэр лүүгээ явсан. Өдөр нь 14 цагийн үед эхнэр Ганцэцэг машиныг минь унаад аймгийн төв ороод 17 цаг өнгөрч байхад ирсэн. Би өчигдөр хэнтэй ч уулзаагүй гэртээ өнжсөн. Эхнэр маань найз хүүхэн болох Эрдэнэчимэгтэй хамт Сэлэнгэ явсан байсан. Орой нь эхнэр маань миний хойноос ачиж орж ирсэн барааг Эрдэнэчимэгтэй хамт Алтанбулаг сумын айлуудаар тараагаад 18 цагийн үед хашаанд орж ирээд машинаа хуччихаад орж ирсэн. Түүнээс хойш машин маань хөдлөөгүй. Би орой нь 23 цагийн үед гадаа гарч бие засахад машин маань байшингийн урд талд байсан. ...Би машинаа хүлээн авахад урд талын купер, нэмэлт гэрэл унасан, под карлан унаж алга болсон байсан. Машинд өөр ямар нэгэн гэмтэл байхгүй байсан. Мөн буцааж авахдаа миний машины банк тал байсан. Тиймээс би өөрт учирсан хохирол төлбөрөө барагдуулмаар байна. Ууганболд гэдэг нөхөр хэрэг болсны дараа купер авчирч өгсөн. Уг купер нь ориг биш юм байна лээ. Гэхдээ уг куперыг машиндаа тавина. Ууганболдын авчирч өгсөн купер нь 250.000 төгрөгийн үнэлгээтэй купер байсан. Тэгэхээр Ууганболдод гомдолтой байна учирсан хохирлоо барагдуулмаар байна” гэх мэдүүлэг[3],
4.Гэрч Ш.Ганцэцэгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр би 09 цагийн үед боссон. Босоход гэрт охин байсан, нөхөр Хиагт руу гараад явсан байсан. Гэртээ цай ундаа хийгээд байж байхад нөхөр Р.Батмөнх 11 цаг 30 минутын үед хойноос манай найз хүүхэн Эрдэнэчимэгийн хамт орж ирсэн. Эрдэнэчимэг болон нөхөр хоёр цай хоол унд идээд Эрдэнэчимэг гэр лүүгээ явсан. Нөхөр маань унтаж амарсан. Би гэртээ ойр зуурын юм хийгээд 14 цагийн үед би нөхрийнхөө 43-01 СЭҮ улсын дугаартай, “Тоёота Алион” маркийн тээврийн хэрэгслийг унаад найз Эрдэнэчимэгийн гэрт очиж түүнийг аваад Сэлэнгэ аймгийн төв рүү хөдөлсөн. Аймгийн төвд эмнэлэгт хэвтэж байгаа найзыгаа эргээд Эрдэнэчимэгийн гар утсыг янзлуулаад 17 цаг өнгөрч байхад эргээд Алтанбулаг суманд ирж Эрдэнэчимэгийг гэрт нь буулгаад би харьсан. Нөхрийн Хиагтаас оруулж ирсэн барааг янзлаад байж байхад Эрдэнэчимэг өөрийн “Harrier” маркийн машинтайгаа гэрт ирээд бид хоёр миний машинтай Алтанбулаг сумын 3 айлаар орж нөхрийн авсан барааг тараасан. Тэгээд бид хоёр шууд манай гэрт ирээд Эрдэнэчимэг өөрийн машинаа унаад гэр лүүгээ явсан. Түүнээс хойш гэрээс гарахгүй байж байгаад 23 цагийн үед гадаа гарч бие засахад машин маань гэрийнхээ урд талд байж байсан. Тэгээд би гэртээ ороод унтсан. Өглөө нь нөхөр 04 цаг өнгөрч байхад сэрээгээд машин алга болсон байна гэж хэлсэн” гэх мэдүүлэг[4],
5.Гэрч Ч.Наранцэцэгийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүү Улаанбаатар хотод байж байгаад 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр санагдаж байна. Улаанбаатар хотоос ирсэн ямар ч байсан 9 эхлээгүй байсан юм. Харин хамгийн сүүлд гэвэл өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 24-ний өдөр орой гадаа харуй бүрий болж байхад гэрийн гадна нэг машин ирээд л аваад явсан санагдаж байна. Х.Ууганболд нь Улаанбаатар хотод Дарь гэх газарт дугуй засвар болон гагнуур хийж байгаа гэж хэлж байсан. Улаанбаатар хотод төрсөн ах Эрдэнэбаатарын гэрт амьдарч байгаад л ирсэн юм шиг байсан. Би гэрийн хаягийг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг[5],
6.Гэрч Б.Болор-Эрдэнийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би 2023 оны 12 дугаар сарын 25-ны Баянзүрх дүүргийн 27-р хороо, Тасархайн 2346 тоот буюу өөрийн гэртээ байхад манай найз Ууганболд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай өглөөний 07-08 цагийн хооронд манай гэрт ганцаараа орж ирсэн. Тэгээд 18 цагийн орчимд унаж ирсэн машинтайгаа манай гэрээс холгүй байдаг, авто засварын газар орлоо гэж хэлээд гараад явсан. Нэг улаан өнгийн машин байсан. Ямар учиртай хэний машин болох талаар тодруулж асуухад манай эгчийн машин байгаа юм. Би урд талын куперийг нь юманд мөргөчихлөө, одоо явж янзлууллаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг[6],
7.“Ашид Билгүүн” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1446 дугаартай шинжээчийн: “...шууд зардлын дүн 1,162,500 төгрөг, шууд бус зардал 80,000 төгрөг, нийт 1,242,500 төгрөг” гэх дүгнэлт[7],
8.Шүүгдэгч Х.Ууганболдын 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь болсон явдлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Одоо яллагдагчийн эрхэд зааснаар өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй”гэх мэдүүлэг[8], 9.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл[9], 10. Хэргийн газрын үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[10], 11.Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт[11], 12.Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай баримт[12], 13.Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа[13], 14.Шүүгдэгчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа[14], 15.Шүүгдэгчийн оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа[15], шүүгдэгчийн авто тээврийн хэрэгсэлтэй эсэх лавлагаа[16], 16. Шүүгдэгчийн үл хөдлөх хөрөнгөтэй эсэх лавлагаа[17], 17.Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[18], 18.Шүүгдэгчийн урьд зөрчлийн хэрэг хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[19], 19.Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар хувь[20], 20. Хавтаст хэргийн материалтай танилцуулсан тухай баримт[21]зэрэг бичгийн нотлох баримт болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, шүүгдэгч хэргийн үйл баримт, гэм буруу, зүйлчлэлийн талаар маргаангүй болохыг дурьдах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ууганболдын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд шүүхээс яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотолсон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Б.Ууганболдын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч Р.Батмөнхөд 1,242,500 төгрөгийн хохирол учирсан бөгөөд купер 320,000 төгрөг, под карлон 160,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, нийт 980,000 төгрөгийн биет болон биет бусаар өгсөн. Засвар хийлгэсэн 100,000 төгрөг, үлдэгдэл 262,500 төгрөг нийт 362,500 /гурван зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгч Б.Ууганболдоос гаргуулж, хохирогч Р.Батмөнхөд олгуулахаар шийдвэрлэв.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүх шүүгдэгч Б.Ууганболдод эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшин, харамсаж байгааг ял хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдалд харгалзан үзсэн болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч хохирол төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн мөнгийг төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.
Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Ууганболдод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганболдын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ууганболдод анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Ууганболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх нь хуульд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Алаг адуу овогт Хүрлээгийн Ууганболдыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганболдод 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганболдын хөрөнгө, цалин хөлс болон бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх үүрэг хүлээлгэсүгэй. ы
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Ууганболдод анхааруулсугай.
5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ууганболд нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт 980,000 төгрөгийг биет болон биет бус байдлаар хохирогчид нөхөн төлснийг дурьдаж, үлдэгдэл 362,500 /гурван зуун жаран хоёр мянга таван зуун/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан, хохирогч Р.Батмөнхөд олгуулсугай.
6.Шүүгдэгч Б.Ууганболд нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АМАРГЭРЭЛ
[1] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[2] Шүүх хуралдааны тэмдэглэлээс
[3] Хавтаст хэргийн 14-15, 17 дугаар хуудас
[4] Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас
[5] Хавтаст хэргийн 23 дугар хуудас
[6] Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас
[7] Хавтаст хэргийн 47 дугаар хуудас
[8] Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас
[9] Хавтаст хэргийн 03 дугаар хуудас
[10] Хавтаст хэргийн 05-08 дугаар хуудас
[11] Хавтаст хэргийн 32-43 дугаар хуудас
[12] Хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас
[13] Хавтаст хэргийн 56 дугаар хуудас
[14] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас
[15] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас
[16] Хавтаст хэргийн 59 дүгээр хуудас
[17] Хавтаст хэргийн 60 дугаар хуудас
[18] Хавтаст хэргийн 61 дүгээр хуудас
[19] Хавтаст хэргийн 62 дугаар хуудас
[20] Хавтаст хэргийн 63 дугаар хуудас
[21] Хавтаст хэргийн 75-76 дугаар хуудас