| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Готовын Уламбаяр |
| Хэргийн индекс | 1914006770430 |
| Дугаар | 2020/ДШМ/035 |
| Огноо | 2020-05-26 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 2020/ДШМ/035
Б.Н
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Э.Гантулга
Хохирогч П.Дэцмаа, Т.Баярмаа
Хохирогч нарын өмгөөлөгч Х.Мөнхбаатар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов
Шүүгдэгч Б.Н
Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Н холбогдох эрүүгийн 1914006770430 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн, Б.Н, ............ оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд 2017 оны 01 дүгээр сарын 06-нд Эрүүгийн хуулийн 185 дугаар зүйлийн 185.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан
Б.Н нь Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас Говь-Алтай явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 62-12 БНХ улсын дугаартай Тоуоtа согоllа маркийн автомашиныг согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зам тээврийн осол гаргасны улмаас уг машинд зорчин явсан Ц.Б, Т.А нарын амь насыг хохироож, М.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-т тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, Шүүгдэгч Б.Ныг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн, согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 4.2-т зааснаар шүүгдэгч Б.Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 / таван/ жилийн хугацаагаар хасч, 5 / таван / жил 6 / зургаан/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан 5 / таван / жил 6 / зургаан / сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.Н оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг таван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг хорих ял дээр нэмж оногдуулсан тул уг хорих ял эдлэж дууссан үеэс хугацааг тоолж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 508 дугаар зүйлийн 508.1-т зааснаар шүүгдэгч Б.Ноос 14.826.900 төгрөг гаргуулж, хохирогч Т.Баярмаад 6.429.500 төгрөг, хохирогч П.Дэцмаад 8.397.400 төгрөг тус тус олгож, хохирогч Т.Баярмаагийн нэхэмжлэлээс үлдэх 5.636.350 төгрөг, хохирогч П.Дэцмаагийн нэхэмжлэлээс үлдэх 2.473.000 төгрөгийг хангахгүй орхиж, Хохирогч П.Дэнсмаа 1.098.500 төгрөг, Т.Баярмаа 990.000 төгрөгийг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдаж, Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.7-т зааснаар шүүгдэгч Б.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Энхчулуунд төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж, Эрүүийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шүүгдэгч Б.Нын .....автомашины 0961382 дугаар тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүгдэгч Б.Н буцаан олгож, ... 62-12 БНХ улсын дугаартай Королла маркийн....тээврийн хэрэгслийн битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, түүний хохирлыг нөхөн төлөхөд тооцуулахаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх баримт бичгийн хамт Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Н хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Прокурор Э.Гантулгын бичсэн 13 дугаар эсэргүүцэлд:
Прокуророос Б.Нын үйлдсэн “согтуурсан үедээ”, “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт багтаж зүйлчлэгдэх тул прокуророос яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож байгаа нь буруу юм.
Б.Нын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2, 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус хангасан боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар “ нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Б.Нын үйлдсэн авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих хэргийг хүнд зүйлд ангид заасан ял шийтгэлийг нэгтгэж зүйлчлэх нь хуулийг зөв хэрэглэх шаардлагатай байна.
Гэвч анхан шатны шүүхээс Б.Н холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосон атлаа түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж байгаа нь нэг үйлдэлд 2 өөр шийдвэр гаргаж байгаа мэтээр ойлгогдохоор байх тул Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/59 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.
Шүүгдэгч Б.Н гаргасан давж заалдах гомдолдоо: Миний бие Боржигон овогт Б.Н би Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/59 тоот шийтгэх тогтоолыг хүндэтгэлтэй хандаж байгаа боловч зарим хэсэгт өөрчлөлт оруулахаар гомдол гаргаж байна.
Би 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр автомашин жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ осол гаргасны улмаас 2 хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна. Иймд анхан шатны шүүхээр шийтгүүлсэн ял шийтгэлийг хөнгөрүүлэн шийдэж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Б.Н тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн үед би машин барьж яваагүй, М.Э барьж явсан. М.Э бүх хохирлыг төлнө гэсэн. Намайг тахир дутуу учраас хорих ял оногдуулахгүй гэж ятгаж би машин барьсан гэж худлаа хэлсэн. Энэ талаар М.Э мэдэж байгаа гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Тухайн осол болох үед автомашиныг Б.Н биш М.Э жолоодож явсан талаар миний үйлчлүүлэгч саяхан надад хэлсэн. Энэ талаар замд таарсан болон ажлын газрынх нь хүмүүс мэддэг юм байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал бий болж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Гантулга гаргасан дүгнэлтэндээ: Б.Н нь осол болох үед автомашиныг жолоодож явсан нь тогтоогдсон. Тухайн замд таарсан гэх хүмүүсийг гэрчээр асуусан. Мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн. Харин Б.Ныг эрхийн үнэмлэхгүй, согтуугаар автомашин жолоодсон үйлдлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байгаа тул эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд давж заалдах шатны шүүхээс гомдол эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа шийдвэрийг прокурор Э.Гантулгын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан үзвэл Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын 2 дугаар багийн нутаг Баянхонгор аймгаас Говь-Алтай явах чиглэлийн хатуу хучилттай асфалтан зам дээр 2019 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр 62-12 БНХ улсын дугаартай Тоуоtа согоllа маркийн автомашиныг согтуугаар, эрхийн үнэмлэхгүйгээр жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчих зам тээврийн осол гаргасны улмаас уг машинд зорчин явсан Ц.Б, Т.А нарын амь насыг хохироож, М.Э эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн хэргийн үйл баримт тогтоогджээ.
Дээрх үйл баримт нь эрүүгийн 1914006770430 дугаар хэрэгт авагдсан хохирогч М.Э, П.Дэцмаа, Т.Баярмаа, гэрч Ц.Энхбаяр, Д.Цэдэнбал нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 93 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 92 дугаар, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Г89 дүгээр, 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 629 дүгээр, 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 94 дүгээр тус тус шинжээчийн дүгнэлт,
Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 45 дугаар шинжээчийн дүгнэлт, Энх нахиа ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 628 дугаар шинжээчийн дүгнэлт,
Баянхонгор аймгийн Засаг даргын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, үзлэгээр тогтоосон байдал, Б.Н нь өөрийн үйлдсэн хэргийн талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг хангалттай шалган тодруулсан, дээр дурдагдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байна.
Дээрх нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн, шүүгдэгч Б.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр, согтуурсан, мансуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хоёр хүний амь насыг хохироож, нэг хүний биед хүндэвтэр хохирол учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 4.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд хуульд заасан төрөл хэмжээний хүрээнд хорих ял оногдуулан шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ хувийн байдал болон учруулсан хохирлын шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэрэгт тохирсон, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.
Прокурорын Э.Гантулгын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон талаар дурдсан эсэргүүцлийн тухайд Б.Н нь нэг удаагийн үйлдлээр дээрх гэмт хэргийг үйлдсэн байх ба Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан диспоцезийг хангасан үйлдлийг тухайн зүйл хэсэгт заасан гэмт хэргийн аль тохирох үйлдлээр зүйлчлэх тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.2-т заасан үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Мөн шүүгдэгч Б.Н нь ял шийтгэлийг хөнгөрүүлэхээр давж заалдах гомдол гаргасан ба энэ гэмт хэргийн улмаас хоёр хүний амь нас хохирсон тул гэм хор арилсан гэж үзэх боломжгүй, түүний өмгөөлөгч Г.Доржготовын шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтанд буцаалгах талаар шүүх хуралдаанд гаргасан саналыг дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд зааснаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэйг сануулж, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авсан, бусад мөрдөн шалгах ажиллагааг ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу явуулсан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготовын гаргасан саналыг хүлээн авах боломжгүй тул тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Б.Н нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нийт 102 хоног цагдан хоригдсныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/59 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн 13 дугаар эсэргүүцэл, шүүгдэгч Б.Нын гаргасан давж заалдах гомдол зэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н нь 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 26-ны хүртэл цагдан хоригдсон 102 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
В.ЦЭЦЭНБИЛЭГ