| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Даваанямын Оюумаа |
| Хэргийн индекс | 159/2025/0083/3 |
| Дугаар | 221/МА2026/0711 |
| Огноо | 2026-10-13 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2026/0711
“М ш” ХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэгч шүүгч Д.Оюумаа
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О, Д.О
Нэхэмжлэгч: “М ш” ХК
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Засаг дарга
Гуравдагч этгээд: “М х с” ХХК
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 023 дугаар шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 159/2025/0083/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “М ш” ХК-иас хариуцагч Сэлэнгэ аймгийн засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/*** дугаар захирамж, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргасан байна.
2. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 223 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М ш” ХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж ...”, 2 дахь заалтаар “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М ш” ХК-иас Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож ...” шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “... Ажлын хэсэг нь анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.7, 7 дугаар зүйлийн 7.1, 15 дугаар зүйлийн 15.1.2, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт тус тус нийцээгүй тул анхнаасаа ажлын хэсгийн хяналт шалгалтын үр дүн, дүгнэлт тодорхой байсан. Нэхэмжлэгч байгууллагад ажлын хэсгийн дүгнэлтэд дурдсан "Эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй", "асуудал нь өнөөг хүртэл шийдвэрлэгдээгүй”, “гараашийг буулгаж чөлөөлүүлэх шаардлагатай" гэх зэрэг гаргасан дүгнэлтэд нь тайлбар өгөх, нотлох баримт гарган өгөх боломж олгогдоогүй байна. Иймд ажлын хэсэг нь 3 хүний бүрэлдэхүүнтэй, түүний 1 хүн нь шууд ашиг сонирхлын зөрчилтэй байгаа тул ажлын хэсэг нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, ажлын хэсгийн дүгнэлтээс шалтгаалан гарааш албадан буулгагдсан, ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны актаас шалтгаалан нэхэмжлэгч байгууллагын эрх ашиг зөрчигдөж, Засar даргын газар албадан чөлөөлөх тухай захирамж гарсан байгаа тул анхан шатны шүүхийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн "Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамж нь нэхэмжлэгч байгууллагад эрх зүйн үр дагавар учруулаагүй, газар албадан чөлөөлөх захирамжид тус ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэл болгоогүй, захирамжилсан шийдвэр биш гэх үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
3.2. Аймгийн засаг дарга нь “Газар албадан чөлөөлөх тухай" захирамжийг 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, эрх ашиг нь хөндөгдөж буй этгээдийн захирамжид гомдол гаргах эрхийг хангахгүйгээр захирамжийг 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр шууд биелүүлсэн, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх хэсэгт Хуульд өөрөөр заагаагүй бол хөөн хэлэлцэх ерөнхий хугацаа арван жил байна" гэж заасан байхад Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2 дахь хэсэгт заасны дагуу маргаан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй, асуудлыг хүч түрэмгийлэх байдлаар шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхийн "хууль бус" эзэмшлээс газар чөлөөлөх зорилгоор гаргасан Засаг даргын захирамж хуульд нийцжээ гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талын зүгээс буулгаж буй гарааш нь төрийн өмчийн бүртгэлд бүртгэлтэй талаар тайлбарлаж, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас албан тодруулга авч, хүргүүлсэн, төрийн байгууллагуудын үл хөдлөх хөрөнгө буюу барилга нь төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт бүртгэлтэй байдаг бөгөөд иргэний үл хөдлөх хөрөнгө шиг Улсын бүртгэлийн байгууллагаас олгосон гэрчилгээ байдаггүй гэх тайлбарыг өгсөн байхад "зохих зөвшөөрөлгүй баригдсан үл хөдлөх эд хөрөнгө нь төрийн өмчийн эд хөрөнгө гэх үндэслэлээр тухайн газрыг өмчлөх, эзэмших, ашиглах эрх шууд дагаж үүсэхгүй","Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь гараашийг албадан буулгахаасаа өмнө Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас санал, дүгнэлт авах ёстой байсан гэж буруутгаж байгааг хүлээн авах үндэслэлгүй" гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна" гэх дүгнэлт гаргаж байгаа нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх хэсэгт заасан "Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан тухайлсан хууль байхгүй бол ерөнхийлөн зохицуулсан хуулийг хэрэглэнэ. Хэрэв тийм хууль байхгүй бол шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн агуулга, ерөнхий үндэслэл, үзэл санаанд нийцүүлэн шийдвэрлэнэ." гэх заалттай нийцэхгүй байна, шүүх Иргэний хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг хэрэглэж холбогдох дүгнэлтийг гаргах ёстой байсан гэж үзэж байна.
3.3. “М х с” ХХК-ийн газар эзэмших эрхийн үүсэл нь “М х с” ХХК, “М ш” ХК-ийн хамтран эзэмшиж ашиглаж буй Сэлэнгэ аймаг дахь төв барилга буюу үл хөдлөх эд хөрөнгийн хөдөлгөөнтэй салшгүй холбоотой юм. Иймд газрын асуудлыг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2007 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 11 дүгээр тогтоол, Барилга хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэр, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын саналгүйгээр шийдвэрлэх боломжтой мэтээр дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.
4. Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлснээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “М ш” ХК-иас хариуцагч Сэлэнгэ аймгийн засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/*** дугаар захирамж, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох”-оор маргажээ.
3. Хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн тухайд:
3.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Захиргааны хэргийн шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх үүрэгтэй...”, 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ.”, 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.”, 107 дугаар зүйлийн 107.4-т “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана.” гэж тус тус заасан.
3.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн оролцогчдын маргаж буй шаардлага, татгалзлын үндэслэл тус бүрд хамаарах нотлох баримтыг шүүх талуудын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагад тодорхойлсон маргаан бүхий захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны бөгөөд зөрчигдсөн эсэх, хариуцагч болон гуравдагч этгээдийн татгалзал нь хууль зүйн үндэслэлтэй эсэх талаар маргааны үйл баримтын хүрээнд хууль зүйн бүрэн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
3.3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, нэхэмжлэгч “М ш” ХК-ийн зөвшөөрөлгүй барьсан гэх 6 авто машины гараашийн байршлын зураг авагдсан байх боловч гараар зурагдсан, нотлох баримтын шаардлага хангахгүй, үнэлж дүгнэхэд учир дутагдалтай, маргаан бүхий нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдол бүхий нотлох баримт гэж үзэх боломжгүй байна. /1 дүгээр хавтаст хэргийн 102 дугаар тал/
3.4. Үүний зэрэгцээ, шүүх “... эрхийн гэрчилгээгүй этгээдийн хувьд газар эзэмших, ашиглах аливаа эрх хамгаалагдахгүй тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэхгүй ...” гэж дүгнэсэн боловч энэхүү дүгнэлтийнхээ үндэслэлийг эргэлзээгүйгээр бүрэн тогтоогоогүй, тодруулбал нэхэмжлэгчийн гараашийн барилга байгууламжийн хийцийн хэмжээс 2021 оны санхүүгийн тайлангийн бүртгэлд 73.3 м.кв байхаар тусгагдсан байхад хэзээ, хэрхэн 120 м.кв болж өөрчлөгдсөн талаарх баримт байхгүй бөгөөд аль ч кадастрын зурагт тусгагдаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байхад дээрх байдлаар дүгнэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.
3.5. Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-6/1309 дүгээр албан бичгээр “...авто машины гарааш нь 2025 оны жилийн эцсийн тайлангаар Сэлэнгэ шуудангийн үйлчилгээний газрын гарааш гэсэн нэршилтэй, 26,790,000 төгрөгийн балансын үнэтэйгээр “М ш” ХК-ийн хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн өмч болно...” гэж тодорхойлсноор энэ нь маргаан бүхий гарааш мөн эсэх, тухайн гарааш нь төрийн өмчид хэзээ, хэрхэн бүртгэгдсэн талаарх бүртгэл, лавлагаа, мөн “М ш” ХК болон “М х с” ХХК-ийн үндсэн хөрөнгөд тус бүр нийт хэдэн гарааш хэзээ, хэрхэн бүртгэгдсэн талаарх баримтуудыг бүрэн цуглуулалгүйгээр “... нэхэмжлэгчийн үндсэн хөрөнгөд 1995 онд бүртгэгдсэн 1 ширхэг гарааш нь 2012 онд баригдсан 6 ширхэг гараашийн газартай байршлын хувьд өөр, мөн эдгээр гараашнууд нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгүй ...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл муутай байна.
3.6. Түүнчлэн, анх 1995 онд нэхэмжлэгч “М ш” ХК-ийн үндсэн хөрөнгөд бүртгэгдсэн 1 гараашийн суурь дээр маргаан бүхий 6 гараашийг барьсан эсэх, гуравдагч этгээд “М х с” ХХК-ийн эзэмшлийн 2237.9 м.кв газрын аль хэсэгт нэхэмжлэгчийн маргаж буй 6 гарааш байрлаж байсан нь тодорхойгүй, тухайн гараашнууд нь анх хэдэн онд баригдсан талаарх хэргийн оролцогч нарын тайлбар өөр хоорондоо зөрүүтэй, хэрэгт авагдсан баримтуудаас эдгээр нөхцөл байдал бүрэн тогтоогдох боломжгүй байх тул Геодези, зураг зүйн газраас он цагийн дарааллаар /хэрхэн давхцаж байгааг тусад нь тэмдэглэх/ нотлох баримтын шаардлага хангуулан энэхүү эргэлзээ бүхий байдлыг тодруулах нь зүйтэй.
3.7. Нөгөөтэйгүүр, гуравдагч этгээдийн бариулсан гэх 45 метрийн өндөртэй Цамхаг нь тухайн 6 авто машины гарааш байрлаж байсан газрын чухам аль хэсэгт баригдсаныг тодорхойлох зорилгоор газрын үзлэг хийж, фото зургаар бэхжүүлэлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.2-т зааснаар нэхэмжлэгчийн маргаж буй үндэслэлтэй шууд холбоотой, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.
3.8. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбарт холбогдуулж нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй.
4. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн тухайд:
4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан.
4.2. Хуулийн дээрх зохицуулалтын дагуу захиргааны хэргийн шүүх нэхэмжлэгч нь захиргааны байгууллагын хууль бус ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн талаар бусдын өмнөөс төлөөлөн нэхэмжлэл гаргаж байгаа эсэх, эсхүл өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, хөндөгдөж болзошгүй гэж үзэж маргаж байгаа эсэхийг тодруулж, хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой баримтыг бүрэн гүйцэд цуглуулж, тэдгээрт хууль зүйн дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх үүрэгтэй.
4.3. Нэхэмжлэгч “М ш” ХК-иас 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Засаг даргад холбогдуулан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн А/*** дугаар “Газар албадан чөлөөлөх” захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасныг анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 0296 дугаар захирамжаар захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан.
4.4. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс 2026 оны 06 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Газар албадан чөлөөлөх тухай” А/*** дугаар захирамж, 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамжийг тус тус хууль бус байсан болохыг тогтоолгох” гэж өөрчилсөн байна.
4.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д “захиргааны акт хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасны дараа тухайн актыг цуцалсан болон хүчингүй болгосон, эсхүл бусад байдлаар хэрэгжсэн бөгөөд нэхэмжлэгчийн ашиг сонирхол байгаа бол маргаан бүхий акт хууль бус байсан болохыг тогтоох” гэж заасан бөгөөд маргаан бүхий актыг илт хууль бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасны дараа тухайн акт аливаа байдлаар хэрэгжсэн гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь өөрчилснийг шүүх хүлээн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Мөн нэхэмжлэгчээс хууль ёсны эрх, ашиг сонирхол байсан гэх үндэслэлээр тодорхойлсон “хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргаан бүхий 6 гарааш нь чухам хэний өмчлөлд байгааг хангалттай, хөдөлшгүй байдлаар тогтоогоогүй гэж үзэхээр байна.
4.6. Нэхэмжлэгчээс 2025 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 05/383 дугаар албан бичгээр “М х с” ХХК, Сэлэнгэ аймгийн Газрын даргад хандан “... Сүхбаатар сум дахь барилга нь манай компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй эд хөрөнгө буюу төрийн өмчийн эд хөрөнгөд хамаардаг ... тус газар дээрх барилгыг чөлөөлөх нь манай байгууллагын эрх хэмжээний асуудал биш байх тул чөлөөлөх боломжгүй ...” гэж тайлбарлан хүргүүлж байсан бөгөөд мөн “М ш” ХК-иас 2026 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 05/579 дүгээр албан бичгээр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтэст хандан “... бүртгэлийн ************* дугаарт бүртгэлтэй Сэлэнгэ шуудангийн үйлчилгээний газрын гарааш нэрээр бүртгэлтэй хөрөнгө нь компанийн болоод төрийн өмчийн үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй талаар тодорхойлолт гарган өгч тусална уу” гэжээ.
Уг албан бичгийн хариуд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2026 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн А-6/1309 дүгээр албан бичгээр “... Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын, 2-р баг, Цагаан-Эрэг, Холбооны барилгын ард байрлах авто машины гарааш нь 2025 оны жилийн эцсийн тайлангаар Сэлэнгэ шуудангийн үйлчилгээний газрын гарааш гэсэн нэршилтэй, 26,790,000 төгрөгийн балансын үнэтэйгээр “М ш” ХК-ийн хувьцаат компанийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй төрийн өмч болно” гэх хариуг хүргүүлснээс үзэхэд, тухайн гарааш нь төрийн өмч мөн болохыг тодорхойлсон үйл баримтууд тогтоогдож байна.
4.7. Энэ тохиолдолд маргаан бүхий гараашууд нь төрийн өмчид хамаарах эсэх, үүнтэй холбогдуулан “М ш” ХК нь тухайн гараашийг албадан чөлөөлсөн асуудлаар маргах эрхтэй этгээд мөн эсэхийг дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг нөхөн дүгнэх боломжгүй.
4.8. Түүнчлэн нэхэмжлэгчээс гаргасан “Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2025 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/*** дугаар захирамжийг хууль бус байсан болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “... “М х с” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн салбарын удирдлагыг ажлын хэсэгт оруулаад гишүүнээр ажиллуулж байгаа нь ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаа буюу энэ нь бидний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үйл ажиллагаа ...” гэж тайлбарлаж байхад анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлтийг огт өгөлгүйгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д “захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэж зааснаар хүлээн авахаас татгалзсан нь учир дутагдалтай байна.
Ийнхүү анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байх төдийгүй хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 023 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.ОДМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА