| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Галсангийн Гэрэлт-Од |
| Хэргийн индекс | 166/2024/0009/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/0015 |
| Огноо | 2024-01-03 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | К.Нанжинханд |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 03 өдөр
Дугаар 2024/ШЦТ/0015
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 166/2024/0009/Э
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Гэрэлт-Од даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Баярсүрэн,
Улсын яллагч К.Нанжинханд,
Хохирогч А.Пүрэв /цахимаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,
Шүүгдэгч Ц.Буянтогтох нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Боржигон овогт Цолмонгийн Буянтогтоход холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2318002370649 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, Улиастайн 4 дүгээр гудамжны 23 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Боржигон овогт Цолмонгийн Буянтогтох
Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Ц.Буянтогтохыг иргэн А.Пүрэвийн гэрээс Самсунг-А14 загварын гар утсыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авч 650,000 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч А.Пүрэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдөр өөрийн гэр болох Дархан-Уул аймаг, Дархан сум, 3 дугаар баг, Улиастайн 4-25 тоотод 19 цагийн орчимд ирсэн ба утсаа оролдож байсан чинь утасны цэнэг 7 хувьтай болохоор нь цэнэглэчхээд унтаад өгсөн. Би өөрийн гар утсаа үүдэнд хөлдөөгч дээр тавьж цэнэглэсэн ба маргааш өглөө нь буюу 2023 оны 08 дугаар 07-ны өдрийн 06 цагийн орчимд сэрээд утсаа авах гэсэн чинь цэнэглэж орхисон газраа байхгүй, цэнэглэгч нь залгаатай байсан. Би гэрээсээ гараад хажуу айлаас сонсож үзсэн юм байна уу, утас алга болчихжээ гэсэн чинь шөнө 22 цагийн орчимд хаалга чинь дуугараад байх шиг байсан өөр юм харж сонссонгүй гэж хэлсэн. Манай баруун урд талын айл гаднаа камертай болохоор нь тэдний камерт бичигдсэн байх гэж бодоод хэд хоног хүлээсэн юм. Тэгээд 2 хоногийн өмнө уулзсан чинь танай тийшээ туссан хяналтын камер ажиллахгүй байгаа нөгөөх нь зөвхөн манай хашаан доторхыг л хардаг камер гэж хэлсэн. Таньдаг хүн аваад явчихсан юм болов уу гэж бодоод хэд хоног харж байгаад өнөөдөр цагдаад хандаж байна. Би өөрийн гар утсаа Дархан-Уул аймгийн Мобикомын салбараас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 699,000 төгрөгийн зээлээр авсан ба сард утасны төлбөр гэж 3 сарын турш төлсөн байгаа. Анх авсан үнээрээ утсаа үнэлж байна. Миний утас хар өнгөтэй 64gb багтаамжтай, ямар нэг эвдрэл гэмтэлгүй, эдэлгээний сэвгүй шинэ утас. Миний гар утасны имэй код 351429921412744, 352148601412746...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14-15/,
Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...өглөө босоход ундаа, архи, гар утас 3 алга болсон байсан, ...Буянтогтох архи уудаггүй болохоор манайд орж ирээд архи, ундаа, гар утас авсан гэж бодохгүй байна. Ямар ч байсан гэрээсээ утсаа алдсан. Цагдаа надаас сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь хамт архи уудаг 3 хүнийг хэлсэн. Манайх Буянтогтохтой айл хөрш болоод 20 гаруй жил болж байгаа. Буянтогтох хулгай хийх хүн бишээ” гэх мэдүүлэг
Насанд хүрээгүй гэрч Б.Саранзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би Мобиком ХХК-аас 99396183 гэсэн дугаар худалдаж авсан. Миний нэр дээр байдаг юм. 2023 оны 08 дугаар сарын 13-ны өдөр би өөрийнхөө 99396183 дугаарын сим картыг манай аав Ц.Буянтогтох нь миний охин холбоо барих гар утасгүй юм чинь энэ утсанд сим картаа хийгээд хэрэглэ гээд надад самсунг А-14 загварын гар утас өгөхөөр нь би асаах товч дээр нь дарсан чинь асахгүй байхаар нь цэнэглэгч хайж олоод цэнэглэсэн чинь тэр гар утас асаж байсан. Тэгээд би цэнэглээд ашиглаж байсан. Манай аав Ц.Буянтогтохын надад өгсөн гар утас нь Самсунг А-14 загварын хар өнгийн ар талдаа 3 ширхэг камертай имэй код нь 351429921412744 гэсэн дугаартай гар утас байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 22-23/,
“Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн: “...үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2023 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 650,000 төгрөг байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 /,
Мобиком корпораци ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 4/7598 дугаартай албан бичиг /хавтаст хэргийн 76/,
Эд зүйл хураан авсан тэмдэглэл, алдагдсан гэх гар утсыг хохирогч А.Пүрэвт хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хавтаст хэргийн 9-11/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэм буруу, үйл баримтын талаар:
Хохирогч А.Пүрэв архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 19 цагийн орчимд утсаа цэнэглэж унтаад маргааш өглөө нь буюу 2023 оны 08 дугаар 07-ны 06 цагийн орчимд сэрээд утсаа алга болсныг мэджээ.
Шүүгдэгч Ц.Буянтогтох “гар утсыг гэрээс хулгайлаагүй, хохирогч болон өөрийн хашааны голын хашааны үүдэнд байх дугуйны ойролцоо архи, ундаа, тамхины хамт орхисон байхад нь олсон, тийм ч учраас охиндоо хэрэглэ гэж өгсөн, хохирогчийн утас гэж мэдээгүй” гэж мэдүүлжээ.
Шүүгдэгчийн охин буюу гэрч Б.Саранзаяа гар утсыг ашиглаж байхад нь Цагдаагийн байгууллага хураан авч хохирогчид хүлээлгэж өгсөн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Пүрэв “...өглөө босоход ундаа, архи, гар утас 3 алга болсон байсан, ... Буянтогтох архи уудаггүй болохоор манайд орж ирээд архи, ундаа, гар утас авсан гэж бодохгүй байна. Ямар ч байсан гэрээсээ утсаа алдсан. Цагдаа надаас сэжиглэж байгаа хүн байна уу гэхээр нь хамт архи уудаг 3 хүнийг хэлсэн. Манайх Буянтогтохтой айл хөрш болоод 20 гаруй жил болж байгаа. Буянтогтох хулгай хийх хүн бишээ. Буянтогтох миний утсыг дугуйны дэргэдээс олсон гэж хэлдэг. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.
Хэдийгээр хохирогч “утсаа алдсан” гэж мэдүүлсэн боловч уг мэдүүлгийг шүүгдэгчийг “утсыг хулгайлсан” гэдгийг шууд нотлох баримт гэж үзэх үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч согтууруулах ундаа их хэмжээгээр хэрэглэсэн байдалтай утсаа цэнэглэж орхиод унтсан, үүнээс хойш хэн нэг нь орж утас, архи, ундаа, тамхийг аваад гадаа дугуйны орчим орхих боломжтой, шүүгдэгч хулгайд алдагдсан гэх гар утсыг нуух, өнгө дүрсийг өөрчлөх, худалдан борлуулах талаар ямар нэгэн идэвхитэй үйлдэл хийгээгүй, шүүгдэгчийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхэд эргэлзээтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан.
Хохирогч А.Пүрэвийн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Саранзаяагийн мэдүүлэг, шүүгдэгч Ц.Буянтогтохын мэдүүлэг, “Капитал зууч” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч Ц.Буянтогтохын үйлдэл нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 650,000 төгрөгийн хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Ц.Буянтогтохыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:
Хохирогч А.Пүрэв нь шүүхийн хэлэлцүүлэгт “гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, гар утсаа буцааж авсан” гэж байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Ц.Буянтогтоход эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байх ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Иймд дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэв.
Энэ хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн болон хураасан хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2, 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Ц.Буянтогтход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсүгэй.
2. Боржигон овогт Цолмонгийн Буянтогтохыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан; Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Буянтогтоход 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Буянтогтход оногдуулсан 450,000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд, сар бүр 150,000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж, шийтгэх тогтоолын биелэлтийг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5.Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хураасан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Буянтогтоход авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ГЭРЭЛТ-ОД