Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 44

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн

Улсын яллагч Б.Батбаяр

Шүүгдэгч Ц.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татах тогтоол үйлдсэнийг баталж ирүүлсэн Галуут овогт Цэрэндуламын Энх-Амгаланд холбогдох эрүүгийн 201710010051 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1975 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 42 настай, яс үндэс халх, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Дорноговь аймаг Замын-Үүд сумын Сүлд баг 144-б байрны 44 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Галуут  овогт Цэрэндуламын Энх-Амгалан /РД: ПЭ75061913/

Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллагдагчаар татах тогтоолд авагдснаар/

Шүүгдэгч Ц.Энх-Амгалан нь 2017 оны 02 сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 02:00 цагийн үед Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах 144-Б-44 тоотод эхнэр Д.Ундралын нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүгдэгч Ц.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 02 сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 02:00 цагийн үед гэртээ унтаж байтал утас дуугарсан тэгтэл эхнэр байсан. Би босоод хаалга тайлж өгсөн чинь эхнэр согтуу байсан. Тэгэхээр нь би чи согтуу байна хэнтэй архи уусан юм бэ гэж асуутал чамд хамаагүй гээд уурлаад өөдөөс орилж хашиграад байсан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан би уураа барьж чадалгүй эхнэрийнхээ нүүрэн тус газар буюу шанаа руу 2 цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан нь үнэн миний буруу. Би эхнэрээсээ ахин дахин уучлалт гуйсан. Би өөрөө тэр болгон архи уугаад яваад байдаггүй. Би тахианы ферм ажиллуулдаг болохоор тэр болгон цаг зав гараад байдаггүй. Тэгээд ядраад гэртээ ирэхэд эхнэр байхгүй байсан. Тэгээд унтсан шөнө дунд эхнэр согтуу ирэхлээр нь уурласан. Надаас өөр хүн байсан бол бас л ингэж хандах байсан байх. Айлын эхнэр гэдэг гэр орондоо халуун хоол цайтай байж байх ёстой. Би тийм л зүйлийг хүсч байсан. Би эхнэр хүүхдүүдийнхээ төлөө сайхан амьдралын төлөө л явж байгаа. Би эхнэртэй гар хүрч цохисон нь миний буруу хийсэн зүйлдээ харамсаж байна. Ахиж ийм алдаа гаргахгүй. Би эхнэртэйгээ сайн дураараа харилцан ярилцаж эвлэрсэн гэв.   

-Хохирогч Д.Ундрал хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн мэдүүлэгт: Би нөхөр Ц.Энх-Амгалантай амьдраад 11 жил болж байна. 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-ныг шилжих шөнө 02:00 цагийн үед би найз хүүхэнтэйгээ хамт 2 пиво уугаад гэртээ орж ирсэн. Тэгтэл нөхөр Ц.Энх-Амгалан чи хаагуур явж ирж байгаа юм бэ гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгээд нөхөр маань миний нүүрэн тус газар руу 3-4 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн. Өдөр нөхөр маань надтай ах дүүсийн хоорондын юмаа ярьж маргалдаад гэрээс гараад явсан. Тэгээд би орой вагонд хүн рүү юм явуулчихаад найз хүүхэнийдээ очиж пиво уусан. Сүүлд нөхөр маань уучлалт гуйсан буруугаа ойлгосон. Нөхөр бид хоёр гэртээ өдөр нь хэрэлдэж маргалдсан болохоор тэр байдлаа орой давтаж яриад тэгээд ахиж хэрэлдэж маргалдсан. Тийм л шалтгаанаар нөхөр намайг зодсон. Урьд өмнө нь зодож цохидог асуудал байхгүй. Ер нь гэр бүлд хэрүүл маргаанаас болж хэрэлдэх зүйл байдаг. Тэгээд дараа нь нөхөр маань би түрэгдсэн байна миний буруу гээд уучлалт гуйдаг байсан. Намайг зодож бие махбодид гэмтэл учруулж байгаагүй. Би ч цагдаагийн байгууллагад хандаж байгаагүй. Тухайн үед нөхөр маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Би 2 пиво уусан байсан. Нөхөр өөрийнхөө гэм бурууг хүлээгээд ахин дахин уучлалт гуйсан болохоор би нөхөртөө итгэж байна. Бид хоёр гурван хүүхэдтэй болохоор энэ удаа сайн ойлгосон байх гэж бодож байна. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр маань гэмшиж гэм буруугаа хүлээж надаас уучлалт гуйсан. Би нөхөртэйгөө одоо хамт амьдарч байгаа. Бид хоёр хоорондоо ярилцаж сайн дураар эвлэрсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. /хх-ийн 10/       

-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/

-Хялбаршуулсан журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 2/

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

-Шинжээчийн 82 тоот дүгнэлт. 1.Д.Ундралын биед хуйханд цус хуралт, баруун чамархай хэсэгт, баруун нүдний доод зовхинд, зүүн чамархайд цус хуралт, зүүн чихний дотор талд зулгаралт, зүүн чихний ар талд цус хуралт, хүзүүний урд дунд талд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, зүүн шууны гадна доод талд цус хуралт, зулгаралт, зүүн гарын долоовор болон дунд хурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны урд дунд талд, баруун өвдгөн дээр, зүүн шилбэний урд талд цус хуралт, баруун хөлний дээд талд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. 3.Учирсан гэмтлүүд нь нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дан дангаараа “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй болно. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 15/

- Шүүгдэгчийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24/

- Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 25/

-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын шүүгдэгчийн оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 26/

- Шалгасан материалтай танилцуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 29-30/

 - Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ердийн журмаар байцаан шийтгэх ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 32/ зэргийг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно. 

Шүүгдэгч Ц.Энх-Амгалан нь 2017 оны 02 сарын 17-ноос 18-ны шилжих шөнө 02:00 цагийн үед Замын-Үүд сумын Сүлд багийн нутаг дэвсгэрт байрлах 144-Б-44 тоотод эхнэр Д.Ундралын нүүрэн тус газар нь цохиж хуйханд цус хуралт, баруун чамархай хэсэгт, баруун нүдний доод зовхинд, зүүн чамархайд цус хуралт, зүүн чихний дотор талд зулгаралт, зүүн чихний ар талд цус хуралт, хүзүүний урд дунд талд цус хуралт, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, зүүн шууны гадна доод талд цус хуралт, зулгаралт, зүүн гарын долоовор болон дунд хурууны зөөлөн эдийн гэмтэл, баруун гуяны урд дунд талд, баруун өвдгөн дээр, зүүн шилбэний урд талд цус хуралт, баруун хөлний дээд талд зулгаралт бүхий гэмтлүүдийг санаатай учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч Д.Ундралын /хх-ийн 10/ “...Тэгтэл нөхөр Ц.Энх-Амгалан чи хаагуур явж ирж байгаа юм бэ гээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Тэгээд нөхөр маань миний нүүрэн тус газар руу 3-4 удаа цохисон. Тэгээд би цагдаагийн газарт ирж дуудлага өгсөн” гэх мэдүүлэг, шинжээчийн 82 дугаартай дүгнэлт болон бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Энх-Амгалан нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдсэн, үйлдсэн хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги нь түүний үйлдэлд  тохирсон гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч Д.Ундрал нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, эвлэрсэн гэх тайлбарыг шүүхэд өгсөн байдал, нийгмийн хор аюул, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгч нь анх удаа хөнгөн хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан үзээд шүүх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.  

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Галуут овогт Цэрэндуламын Энх-Амгаланг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Галуут овогт Цэрэндуламын Энх-Амгаланд Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.3-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Ц.Энх-Амгалан нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүхэд эд мөрийн баримт болон иргэний бичиг баримт ирээгүйг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Ц.Энх-Амгаланд урьд авсан оршин суугаа газраас гадагш явж болохгүй баталгаа авсан таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

5. Энэ шийтгэх тогтоолыг Ц.Энх-Амгалан, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ  Э.БОЛОРМАА