Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 142/ШШ2019/01390 

 

 

 

 

 

 

 

2019 оны 11 сарын 28 өдөр                     Дугаар 142/ШШ2019/01390                                  Орхон аймаг

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: Г банкны Орхон салбар-ын нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Х.О-д холбогдох   

“648 477.59 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б, хариуцагч Х.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Х овогтой О ФА87032809 нь кредит картын зээлээ хугацаандаа төлөхгүй хугацаа хэтэрч байна. 2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар үндсэн зээл 523 678.21 төгрөг, хүү 102 505.52 төгрөг, эрх хэтрүүлсэн 12 007.82 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хүү 10 286.04 төгрөг, нийт 648 477.59  төгрөгийн зээлийн өртэй байгаа юм. Одоогоор ажлаа хэвийн хийж байгаа боловч зээлээ төлөхгүй байгаа юм. Иймд Х овогтой О /ФА87032809/-ын хариуцах дээр дурдсан зээлийн нийт үлдэгдэл буюу зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөр болох 648 477.59 /Зургаан зуун дөчин найман мянга дөрвөн зуун далан долоон төгрөг тавин есөн мөнгө /-г төлүүлэх арга хэмжээ авч богино хугацаанд банкийг хохиролгүй болгож өгнө үү. Мөн улсын тэмдэгтийн хураамж болох 20 155 /Хорин мянга нэг зуун тавин таван төгрөг/-г харилцагчаас гаргуулж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч Х.О шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Халзан овогтой О нь Г банкнаас 2017 оны 6 дугаар сард 500 000 төгрөгийн кредит картын гэрээ байгуулан авч байсан нь үнэн. Миний бие 2019 оны 05 дугаар сараас хойш биеийн байдал муудаж эмчилгээ хийлгээд кредит картны төлбөрөө төлж чадалгүй өдийг хүрсэн ба энэхүү Г банкны нэхэмжилсэн 648 477.59 төгрөгтэй санал нийлж хүлээн зөвшөөрч байна. Энэхүү мөнгийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлж барагдуулах болно. Би анх 500 000 төгрөгийн зээлийн эрхтэй карт авсан. Одоо үндсэн зээл гэж 523 000 төгрөг нэхэмжлээд байгаад гайхаж байна. Би энэ мөнгийг нэг удаа бүрэн төлж байсан. Дараа нь бол хүүгий нь хийгээд явж байсан. Сар бүр надад банкнаас мэдээлэл ирдэг байсан, тэр дагуу төлөлт хийж байсан...” гэжээ.   

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар нь Х.Од холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 648 477.59 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Х.О нь 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ-401652538 дугаартай кредит картын зээлийн гэрээ байгуулан 500 000 төгрөгийг Г банкны Орхон салбараас 2 жилийн хугацаатай авсан болох нь хэрэгт ирсэн дээрх гэрээ, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.   

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заажээ.

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн байна.   

Нэхэмжлэгч Г банкны Орхон салбар дээрх хууль, гэрээнд зааснаар хариуцагчаас шаардах эрхтэй.   

Р.О нь анх гэрээ байгуулахдаа 500 000 төгрөгийн эрхтэй кредит картыг авсан байх ба, нэхэмжлэгч банк нь одоо үндсэн зээл гэж 523 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Зээл нэмж аваагүй байхад үндсэн зээл нэмэгдсэн шалтгааныг нэхэмжлэгчийн төлөөлөгч төлөгдөөгүй удсан учир үндсэн зээл  нэмэгддэг гэж тайлбарласан.

 Мөн 2017 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн ЗГ/401652538 дугаартай Кредит карт эзэмшигчтэй байгуулсан гэрээний 2.1-д бэлэн бус гүйлгээний хүү 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү 3,5 хувь, зээлийн эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 2,0 хувь, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү 1,0 хувь байхаар тусгажээ.

 Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1-д зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно..., мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасан байна.  

Хуульд нэмэгдүүлсэн хүүгийн талаар: зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээгээр нэмэгдүүлсэн хүүг гэрээндээ зааж болохоор хуульчилсан байхад картын эрх хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү, зээлийн хугацаа хэтрүүлсний нэмэгдүүлсэн хүү гэж хоёр нэмэгдүүлсэн хүү тусгасан байгаа нь хуулийн дээрх зохицуулалттай нийцээгүй гэж үзэхээр байна.  

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2.-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, 38 дугаар зүйлийн 38.1-д Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж заасан.  

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар бүрэн нотолж чадаагүй байна. Учир нь хүү болон нэмэгдүүлсэн хүүг яаж бодсон, хэдэн төгрөгнөөс бодсон гэдгээ нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн тайлбарлаж чадахгүй байх ба, программ автоматаар боддог гэсэн тайлбар гаргасан. Жишээ нь хүүг бэлэн болон бэлэн бус гүйлгээнээс боддог гэж байгаа боловч энэ талаар хэрэгт ямар нэг баримт ирээгүй, бэлэн мөнгөний хүү нь хэдэн төгрөг, бэлэн бус мөнгөний хүү нь хэдэн төгрөг болох, хэдийд ямар ямар гүйлгээ хийгдэж байсан зэрэг нь тодорхойгүй байна.  

Хариуцагч авсан кредит картынхаа зээлийг бүрэн төлж байсан гэдэг боловч энэ талаар мөн нотлогдоогүй болно.

Иймд дээрх үндэслэлээр үндсэн зээл 500 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 148 477,59 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 155 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Оаас улсын тэмдэгтийн хураамжаар 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 452 дугаар зүйлийн 452.1., 453 дугаар зүйлийн 453.1.-д заасныг тус тус баримтлан хариуцагч Х.Оаас 500 000 төгрөг гаргуулан Г банкны Орхон салбарт олгож, нэхэмжлэлээс 148 477,59 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 155 төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Х.Оаас 15 650 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г банкны Орхон салбарт олгосугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.   

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА