Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 2024/ШЦТ/54

 

 

 

 

 

 

                                             2024/ШЦТ/54

 

 

 

 

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Дониддолгор даргалж,

Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү   

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Энхбаяр

Шүүгдэгч: Б.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Бын Дт холбогдох 2412000000002 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Архангай аймгийн Чулуут суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт А аймгийн Ч сумын Х багт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Бовогт Бын Д /РД: ../

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Д нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2022 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутагт Бага ороох гэх газраас Б.Бын өмчлөлийн 1 тооны сарлагийн үхэр хулгайд алдагдаж, хохирогч Б.Бад 1.200.000 төгрөгийн хохирол учирсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.    

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

            Шүүгдэгч Б.Д нь 2022 оны 12 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг Бага ороох гэх газраас Б.Бын өмчлөлийн 1 тооны сарлагийн үхрийг хулгайлж, хохирогч Б.Бад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

хохирогч Б.Бын мэдүүлсэн “...Архангай аймгийн Чулуут сумын Халуун-Ус багийн нутаг дэвсгэрт Бага ороох гэх газарт 2022 оны 12 дугаар сарын 15-нд манайх үхрээ бэлчээрт гаргасан юм. Тэгээд маргааш нь үхрээ хураасан чинь манай үхрүүдээс 2 тооны үхэр байхгүй байсан. Тухайн үхэр алдах үед манайхтай айл саахалт байдаг айлууд болон ойр орчмоор хайгаад олоогүй байсан юм. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын эхээр Чулуут сумын Халуун-Ус багийн Урд мөрөн гэдэг газарт оршин суудаг Балбар гэдэг залуу нэрийг нь сайн мэдэхгүй юм, тэр залууг манай хоёр үхрийг хулгайлсан сураг сонсоод Цагдаагийн байгууллагад хандсан юм. ...Миний хувьд хоёр тооны үхрээ тухайн үед хайгаад олоогүй юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 06-08/,

 

хохирогч Б.Бын дахин мэдүүлсэн “...2023 оны 10 дугаар сарын сүүлээр Чулуут сумын төвд Балбартай таарахад миний нэг үхрийг алж идсэнээ хүлээн зөвшөөрөөд хохирол, төлбөр төлж барагдуулахаар тохиролцоод үхэр хайсан зардал, цаг хугацаагаа тооцоод 2.000.000 төгрөгөөр тохиролцсон. Тухайн үед манай үхрээс 2 үхэр алга болсон бөгөөд Балбарыг 1 үхрийг нь авсан юм чинь нөгөө үхрийг авсан байж таарна гэж бодоод Балбарыг 2 үхэр авсан талаар мэдүүлсэн. Миний хохирлыг барагдуулсан учир надад гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн надаас уучлалт гуйсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74-75/,

 

гэрч Б.Оын мэдүүлсэн “...Манай ах болох Б.Б нь 2022 оны 12 дугаар сарын 15-ны үеэр Чулуут сумын Халуун-Ус багийн Бага ороох гэдэг газраас 2 тооны сарлагийн үхрээ хулгайд алдаад олохгүй байгаа гэж сонсож байсан. Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын эхээр Б ахын 2 үхрийг Халуун-Ус багийн Урд мөрөн гэдэг газарт нутаглаж байдаг Д гэдэг хүн хулгайлснаа хүлээж 2 үхрийнх нь хохирлыг барагдуулсан гэж сонссон...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/,

 

гэрч Б.Лгийн мэдүүлсэн “...Тухайн үед Б.Д надад хар зүсмийн үнээ гаргаж өгсөн. Би өөрийн идшиндээ идсэн. Би им болон насыг нь мэдэхгүй. Үнээ байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 105-106/,

 

яллагдагч Б.Дын мэдүүлсэн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа. Би хүлээн зөвшөөрч байна. Маргах зүйлгүй. Би буруу зүйл хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/,  

 

хулгайд алдагдсан малын үнэлгээг тогтоосон “Дамно” ХХК-ний 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн АЦ-23-226 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Б.Дын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

 Шүүгдэгч Б.Д нь өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн, уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзлээ.

 

Архангай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Дын бусдын малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

Иймд шүүгдэгч Б.Дыг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Бад 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд шүүгдэгч Б.Д нь хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Б.Бад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Б.Д нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн, шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирол төлбөрийг төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

 

Шүүгдэгч Б.Дт Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд прокурорын сонсгосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврыг хүлээн зөвшөөрч байх тул прокурорын саналын хүрээнд шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 8 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Дт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тул шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Бовогт Бын Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Б.Дт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дэх хэсэгт заасан журмаар ял оногдуулах болохыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Б.Дын тэнссэн хугацаанд хяналт тавьж ажиллахыг Архангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Шүүгдэгч Б.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   П.ДОНИДДОЛГОР