| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2017/0047/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Н.Амаржаргал |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 45
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Л.Батжаргал, шүүгч А.Цэрэнханд нарын бүрэлдэхүүнтэй
Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн
Улсын яллагч Н.Амаржаргал
Иргэдийн төлөөлөгч Ц.Отгонбулаг
Хохирогч Ж.Бадамсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр
Шүүгдэгч Н.Билэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ихбулаг овогт Норжинсүрэнгийн Билэгт холбогдох эрүүгийн 20606398 тоот хэргийг 2017 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Архангай аймгийн Хашаат суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг, Нефтийн гудамж 2-7 тоотод оршин суух, Ихбулаг овогт Норжинсүрэнгийн Билэг /РД: АС77022313/
Холбогдсон хэргийн талаар: /прокурорын яллах дүгнэлтэнд авагдснаар/
Шүүгдэгч Н.Билэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Усны гудамжинд иргэн Ж.Бадамсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Н.Билэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт: 2006 оны 07 сарын 02-нд манай хүргэн Энхбаяр эхнэр Мөнгөншагайтай манайд ирсэн. Би маргааш өдөр нь МЧ-д ажилд орохоор болсон байсан учир түүнийгээ тэмдэглэж хүргэнтэйгээ хамт дэлгүүрээс нэг шил архи аваад гадаа гудамжинд хувааж уусан. Тэгээд гэртээ ортол манай эхнэр Хэрлэнцэцэг ахдаа зодуулсан гэж ярьсан. Тэгэхээр нь миний уур хүрээд ширээн дээр байсан хутгыг авч гараад Бадамсайханы байшингийн хаалгыг байлбасан. Хаалгаа нээж өгөхгүй болохоор нь хутгатай гараа хагархай цонхоор нь оруулаад түгжээг нь онгойлгох гэж байгаад болгоомжгүйгээр Бадамсайханыг хутгалсан байсан. Тухайн үед би Бадамсайханыг хутгалсан болохоо мэдээгүй, түүнийг хэлхээр нь л мэдсэн. Санаатайгаар хутгалсан зүйл байхгүй. Эхнэрийг алгадсан гэхээр нь айлгах санаатай хутгатай очсон юм. Миний үйлдлээс болж Бадамсайханы биед гэмтэл учирсаныг хүлээн зөвшөөрч байна гэв.
-Хохирогч Ж.Бадамсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: 2006 оны 07 дугаар сарын 02-ны орой 24 цагийн үед унтаж байтал хаалга тогшсон юм. Тэгэхээр нь би яасан хүчтэй хаалга цохидог юм бэ одоохон хаалгаа нээлээ гээд Хэрлэнцэцэгийн хагалсан цонхоор нь цээж нүцгэн шагайтал Азбилэг миний урдаас хутга барьчихсан шууд хэвлийн тус газар хутгалсан. Би ч хутганы урд хэсгээс нь барьж авсан. Хутгыг нь барьж авах гэж байгаад ядам хуруугаа эсгэсэн. Тэгээд л би хутгалагдаж ар тийшээ шалан дээр унасан. Хэрлэнцэцэгээс л болж Азбилэг намайг хутгалсан байх. Азбилэг намайг хутгалах үедээ нэлээд их согтуу байсан. Одоо би Азбилэгээс нэхэмжлэх төлбөр байхгүй. Миний биеийн байдал өвчин зовиургүй эдгэрч зүгээр болж эмнэлгээс гарсан. Төрсөн дүү Хэрлэнцэцэг манай эхнэр Одонгоо бид гурвын хоорондын хэрүүл маргаан таарамжгүй харьцаатай байдаг байсны улмаас Азбилэг намайг хутгалж миний биед гэмтэл учрууллаа. Азбилэг бол миний дүү Хэрлэнцэцэгийн нөхөр нь байгаа юм. ...Өдөр нь Хэрлэнцэцэг бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад би Хэрлэнцэцэгийг 2 удаа алгадчихсан юм үүнээс болж Азбилэг орой нь намайг хутгалчихсан юм. Ер нь Азбилэг бид хоёр хэрэлдэж маргалдаж үзээгүй хоёр биедээ тус болоод явдаг хүмүүс гэжээ. /хх-ийн 8,9/
-Гэрч О.Энхбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэгт: ...2006 оны 07 дугаар сарын 02-ны орой 22 цагийн үед намайг бие засахаар жорлон орчихоод гарч ирэхэд хүмүүс орилолдоод шуугихаар нь харсан чинь Азбилэг хүргэн ах Бадамсайханыхаа байшингийн үүдний довжоон дээр хутга барьчихсан хүн хутгалчихлаа гээд зогсч байсан. Би Азбилэгийн хутгыг нь булааж авч гэрт нь дагуулж ороод орхисон. Тэгээд л би явсан түргэн дуудахаар гарч яваад буцаад ирэхэд Бадамсайханы эмнэлэг аваад явсан байсан. ...Азбилэг архи уучихаад харьж явахдаа Хэрлэнцэцэгийн ах Бадамсайхантай нь уулзах хэрэг байна гэж хэлж байсан. ...Би Азбилэгийг эрүүлдээ уулз архи уусан үедээ Бадамсайхантай уулзсаны хэрэггүй л гэж хэлж байсан. ...Бие засчихаад ирэхэд л Азбилэг Бадамсайханыг хутгалчихсан байсан. Азбилэгийнд байж байхад Хэрлэнцэцэг Бадамсайханыхаас гарч ирэхдээ маргалдлаа л гэж хэлж байсан гэжээ. /хх-ийн 11-12/
-Гэрч Ж.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Азбилэгийн эзэмшлийн газар дээр Бадамсайхан байшин барьсан юм билээ. Тэгээд Бадамсайхан хашаа байшингаа зарна гэж хэлснээс болоод хоорондоо хэрүүл маргаан гаргаж байгаад Азбилэг нь Бадамсайханыг хутгалсан гэж бодож байна гэжээ. /хx-ийн 13/
-Гэрч Ж.Хэрлэнцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...Энэ хэрэг үйлдэгдэхийн урьд 2 өдөр нь би Бадамсайхан ахтай түүний эхнэр Одонгоотой нь 2 удаа хэрэлдэж маргалдаж байсан юм. Энэ хэрэг гардаг өдөр буюу 2006 оны 07 дугаар сарын 02-ны орой гэртээ унтах гээд байж байтал 24 цагийн үед Азбилэг согтуу манай хүргэн дүү Энхбаяртай цуг хашгираад орж ирсэнээ гэрээс алаг иштэй хутгыг авч гарсан юм. ...Тэгтэл Азбилэг согтуугаараа Бадамсайхан ахын хэвлийн тус газар хутгалчихсан байсан. Азбилэгийг Бадамсайхан ахыг яаж хутгалсныг нь хараагүй....Энэ хэрэг миний хэрүүлээс болж үйлдэгдсэн. Манай нөхөр Бадамсайхан ахтай хэрэлдэж маргалдаж байгаагүй. Би өөрөөсөө болж төрсөн ахаа эрэмдэг болгож, хань ижлээ хэрэгт холбогдуулсандаа маш их харамсаж байна гэжээ. /хх-ийн 14-15/
-Гэрч З.Одонгоогийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгт: ...2006 оны 07 дугаар сарын 02-нд Бадамсайхан хүүхэдтэйгээ бид гурав гэртээ байж байтал 18 цагийн үед Хэрлэнцэцэг хаалга цохисноо хаалга нээхийн завдалгүй хаалганы хажуугийн цонх хагалсан. Тэгээд 24 цаг 40 минутын үед унтаж байтал Азбилэг хаалгаа нээ янхан, пиздануудаа алаад өгье гэж хашгирч байснаа үүдээ гэсэн. Бадамсайхан яачихаад байгаа юм бэ гээд цонхоороо шагайхад хэвлий тус газар нь хутгалчихсан юм. ...Ер нь Бадамсайханы дүү Хэрлэнцэцэгийнхээ газраас болж хэрэлдээд байдаг байсан. Бадамсайхан, Азбилэг нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй гэжээ. /хх-ийн 16-17/
-Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: 1.Бадамсайханы биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учирч хагалгаанд оржээ. 2.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ явуулах дүрэм зааврын 2.2.1-н “и”-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 3.Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. 4. Дорноговь аймгийн шүүх эмнэлгийн үзлэгийн 173 актны дүгнэлт үндэслэлгүй, шүүх эмнэлгийн нэмэлт 02 тоот актны дүгнэлт үндэслэлтэй байна. 5.Өвчний түүхийн хуулбарт мэс засал хийсэн хуудас, тэмдэглэл байхгүйгээс ямар мэс засал хийсэн нь ойлгомжгүй байна гэжээ. /хх-ийн 72-73/
-Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 510 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт: 1.Бадамсайханы 781 тоот өвчний түүхэнд мэс заслын тэмдэглэл байхгүй боловч эмчлэгч эмчийн үзлэгийн тэмдэглэл, оношийг үзэхэд хэвлийн мэс засалд орсон, хутгалагдсан шарх хэвлийн хөндийд нэвтэрсэн байх боломжтой байна. Иймд шүүх эмнэлгийн үзлэгийн 173 тоот акт үндэслэл муутай, комиссын гаргасан 02 тоот акт үндэслэлтэй байна. 2.Бадамсайханы биед хэвлийн хөндийрүү нэвтэрсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирсан байх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 113-114/
-Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/
-Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай тогтоол /хх-ийн 46/
-Хэрэгсэхгүй болгосон хэргийг сэргээж, хэрэг бүртгэлт мөрдөн байцаалт явуулах хугацааг тогтоох тогтоол /хх-ийн 50/
-Ял өөрчлөн сонсгох тогтоол /хх-ийн 77-78/
-Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 84/
-Хил нэвтэрсэн мэдээлэл /хх-ийн 86-87/
-Монгол Улсын ерөнхий консулын тодорхойлолт /хх-ийн 88/
-Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 116-121/
-Эрээн хотын Цагдаагийн газрын албан бичиг, орчуулгын хамт /хх-ийн 131-132/
-2014 оны 01 сарын 17-ны өдрийн Мөрдөн байцаалтын ажиллагааг түдгэлзүүлэх тухай Прокурорын тогтоол /хх-ийн 113-114/
-2016 оны 03 сарын 21-ний өдрийн Түдгэлзүүлсэн хэргийг сэргээж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тухай Прокурорын тогтоол /хх-ийн 136/
-Шүүгдэгчийн улсын хилээр нэвтэрсэн бүртгэл /хх-ийн 140-141/
-Шүүгдэгчийн ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас /хх-ийн 199/
-Замын-Үүд сумын Сүлд багийн Засаг даргын шүүгдэгчийн ам бүл, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 59/
-Иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 60/
-Шүүгдэгчийн ургийн овог, эцэг /эх/-ийн нэр, нэр өөрчилсөн тухай лавлагаа /хх-ийн 202/
-Шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 204/
-Мөрдөн байцаах ажиллагааг дуусгаж, хэргийн материалыг байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 224-225/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Шүүгдэгч Н.Билэг нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2006 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Усны гудамжинд иргэн Ж.Бадамсайхантай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Өдөр нь Хэрлэнцэцэг бид хоёр хэрэлдэж маргалдаж байгаад би Хэрлэнцэцэгийг 2 удаа алгадчихсан юм. Үүнээс болж Азбилэг орой нь намайг хутгалчихсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 9/, гэрч О.Энхбаярын “...жорлон орчихоод гарч ирэхэд хүмүүс орилолдоод шуугихаар нь харсан чинь Азбилэг хүргэн ах Бадамсайханыхаа байшингийн үүдний довжоон дээр хутга барьчихсан хүн хутгалчихлаа гээд зогсч байсан. Би Азбилэгийн хутгыг нь булааж авч гэрт нь дагуулж ороод орхисон.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч З.Одонгоогийн “...Бадамсайхан яачихаад байгаа юм бэ гээд цонхоороо шагайхад хэвлий тус газар нь хутгалчихсан юм. ...Ер нь Бадамсайханы дүү Хэрлэнцэцэгийнхээ газраас болж хэрэлдээд байдаг байсан. Бадамсайхан, Азбилэг нар хоорондоо хэрэлдэж маргалдаж байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/, Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 510 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр нь шүүгдэгчийг болгоомжгүйгээр бусдын биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1-д зааснаар зүйлчлэлийг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгчийн үйлдлээс хохирогч зүсэгдсэн, гэмтлийн хувьд шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж мэтгэлцсэн болно.
Хохирогч Ж.Бадамсайханыг 2006 оны 07 сарын 03-ны 01 цаг 20 минутад эмнэлэгт үзүүлсэн Эмчлүүлэгчийн анамнез /хх-ийн 23-25/ дээр “хэвлийн хөндий нэвтэрсэн шарх, хурц цус алдалт” гэж оношилсон, мөн Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэнгийн 2009 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр “хохирогч Ж.Бадамсайханы биед хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх бүхий гэмтэл учирч хагалгаанд орж, уг гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ явуулах дүрэм зааврын 2.2.1-н “и”-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 510 тоот бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй болно. Түүнчлэн шүүгдэгч Н.Билэгийг болгоомжгүйгээр бусдад хүнд гэмтэл учруулсан талаарх нотлох баримт эрүүгийн 20606398 дугаартай хэрэгт авагдаагүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгч ямар нотлох баримтыг үндэслэж зүйлчлэлийг хөнгөрүүлэх гэж байгаагаа нотолж чадсангүй гэж шүүх үзлээ. Шүүхэд хэрэг хэлэлцэгдэх ажиллагаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1-д зааснаар шүүгдэгчийн хувьд гагцхүү түүний шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явуулахаар хуульчилсаныг дурдах нь зүйтэй байна.
Хохирогч Ж.Бадамсайхан нь шүүх хуралдааны явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон байх тул түүний шүүх хуралдаан дээр өгсөн хохирогчийн мэдүүлгийг шүүх нотлох баримтын хүрээнд үнэлэхгүй болно.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэгт Замын-Үүд дэх Сум дундын Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл анги тохирсон тул ял шийтгэл оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Н.Билэг нь 2016 оны 09 сарын 22-ны өдөр Жанчивын Азбилэг гэх эцэг/эх/-ийн болон өөрийн нэрийг өөрчлөн Норжинсүрэнгийн Билэг болгосон нь Оюуны өмч, улсын бүртгэлийн Ерөнхий газар Улсын бүртгэлийн төв архивын 103/000222 тоот лавлагаагаар батлагдаж байна.
Шүүгдэгч Н.Билэгт ял шийтгэл оногдуулахдаа хохирогчид учруулсан эрүүл мэндийн эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзсан үзлээ.
Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүлйийн 5.1.1, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 10 дугаар зүйлийн 10.10-д хамрагдах хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-298-р зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ихбулаг овогт Норжинсүрэнгийн Билэгийг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Норжинсүрэнгийн Билэгийг 5 /тав/ жил 20 /хорь/ хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаарр зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Билэгт оногдуулсан 5 жил 20 хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Билэгийн цагдан хоригдсон 22 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. 2009 оны 07 сарын 09-ний өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Билэгт оногдуулсан 5 жил 20 хоногийн хорих ялаас 3 жилийн хорих ялыг, 2015 оны 08 сарын 11-ний өдрийн Анхны Ардчилсан Сонгууль Болж Байнгын Ажиллагаатай Парламент Байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хэлтрүүлсүгэй.
6. Шүүгдэгч нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг хураагдаж ирээгүйг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох тул хуулийн хүчин төгөлдөр болтол ялтан Н.Билэгт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Энэ шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Э.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Л.БАТЖАРГАЛ
А.ЦЭРЭНХАНД