Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/02

 

 

 

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

Улсын яллагчаар Б.Мөнгөнцэцэг,

Шүүгдэгч Т.Б, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ТТ.Бт холбогдох эрүүгийн ________ дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар: “Гэм буруугийн тухайд маргах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал байна. Прокурортой хууль заасан ял тохироод ороод ирсэн учраас саналын хүрээнд шийдэж өгнө үү... гэх дүгнэлтийг гаргав.

 

Шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 02-нд шилжих шөнө Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багт Шар булгийн ам гэх газарт хамтран амьдрагч Д.Чанцалдуламыг гэр бүлийн таарамжгүй харилцаанаасболж маргалдан үснээс нь зулгааж, нүүр хэсэгт нь өшиглөж, цохиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Хохирогч ДД.Ч...Би нөхөр Т.Бийн хамтаар Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг Шар булгын ам гэх газар сумын төвөөс 90 орчим км зайд оршин суудаг. Т.Б бид 2 хамтран амьдраад 10 гаран жил болж байна. Бид 2-н дундаас гарсан хүүхэд байхгүй. Би 1 хүүхэдтэй одоо Япон улсад амьдардаг, Т.Б 2 хүүхэдтэй одоо Улаанбаатар хотод амьдардаг юм. 2023 оны 12 дугаар сарын 01-02 нд шилжих шөнө Т.Б архи ууж 02 цаг өнгөрч байхад гэртээ ирээд намайг гэрээс хөөгөөд хэл амаар доромжлоод би орондоо орчихсон хэвтэж байсан чинь үснээс татаж газар унагаад нүүр хэсэгт нэг удаа өшиглөөд, ганц нэг удаа цохиод дахиад цохих гэхээр нь би хажуу талын айлын хүн ирж байна гэж хэлтэл Т.Б болиод гэрээс гараад яваад өгсөн. Маргааш өглөө нь буюу 2023 оны 12 дугаар сарын 02-ны өглөө 08 цагийн орчим би гадаа үхрийн баас арилгаад байж байтал Т.Б морьтой урд зүгээс ирээд жингэр минь, гичий минь гэж хэл амаар доромжлоод байхаар нь би дүүгээ ирж байна гэж хэлсэн чинь Т.Б морьтойгоо зугтаагаад явсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд цагдаа нар ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Бийн сэжигтнээр өгсөн ...2023 оны 12 дугаар сарын 01-02 нд шилжих шөнө гэртээ согтуу очоод хамт амьдардаг Чанцалдуламыг зодсон асуудал гаргасан байна. Тухайн үед их согтуу байсан болохоор яг ямар үйлдэл гаргаж зодсон асуудлыг би санахгүй байна. Ямар ч байсан буруутай үйлдэл хийсэн байна их гэмшиж байна. Дахиж ийм асуудал гаргахгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 10-12 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 04 дугаартай ...ДД.Чбиед баруун нүдний доод зовхины зөөлөн эдийн цус хуралт, хамар уруулын нугалаасын зөөлөн эдийн цус хуралт, дээд уруулын дээр зөөлөн эдийн цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь шинжээч эмч үзлэг хийсэн тухайн цаг хугацаанаас 1-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Дээрхи гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

Шүүгдэгч Т.Бийн яллагдагчаар өгсөн...Би Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2023 оны 12 дүгээр сарын 11-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа тогтоолыг ойлгосон. Би хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Т.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Д.Чнь эмчилгээний зардалтай холбоотой баримт гаргаж өгөөгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 44 дүгээр хуудас/ гэсэн байх тул шүүгдэгч Т.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Бийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ТТ.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ТТ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлиийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 2. Шүүгдэгч ТТ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ТТ.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 4. Шүүгдэгч ТТ.Бт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 5. Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч ТТ.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ТТ.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол ТТ.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН