Шүүх | Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Балдангомбын Хишигдаваа |
Хэргийн индекс | 142/2019/01658/И |
Дугаар | 142/ШШ2020/00170 |
Огноо | 2020-01-31 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 142/ШШ2020/00170
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: “*******” *******-т холбогдох,
“*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн томилуулах, *******ын ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.А нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Б овогтой М нь 2007 оны 12 дугаар сард “*******” ХХК-д референт нарийн бичгийн ажилд томилогдон ажиллаж байгаад 2011 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн Б/378 тоот тушаалаар 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс 2013 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөнд, 2013 оны 09 дүгээр сарын 26-ний өдрийн Б/452 тоот тушаалаар 2013 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 09 дүгээр сарын 10-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг сунгуулах тушаал гаргуулан чөлөөтэй байсан. Хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусгавар болж ажилдаа эргэн орох байсан хэдий ч хөл хүнд байсан учир 2015 оны 03 сарын 12-ний өдрийн Б/234 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг дуустал хүүхэд асрах чөлөө, хөдөлмөрийн хуулинд заагдсаны дагуу 2017 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/92 тоот тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөг олгосон. ******* нь хүүхэд асрах чөлөөтэй байх хугацаанд гэр бүлийн минь хүн, миний нөхөр Б.Батхишиг нь Улаанбаатар хотод томилогдон ажилласан ба бид гэр бүлээрээ Улаанбаатар хотруу нүүх шаардлагатай болсон. Ийнхүү хүүхэд асрах чөлөө дуусахаас өмнө 2017 оны 04 дүгээр сарын 12-ний өдөр “*******” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн “*******” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бд хүсэлт гаргасан боловч энэхүү хүсэлтийн шийдвэрийг өгөөгүй болно. Ингээд дахин 2017 оны 12 дугаар сарын 06-ний өдөр “*******” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Б-д хандан “*******” ХХК-ийн Улаанбаатар хотын төлөөлөгчийн газар шилжүүлэн ажиллуулж өгнө үү хэмээн хүсэлт өгсөн хэдий ч хүсэлтийн минь хариуг мөн л өгөөгүй болно. Гэтэл тухайн үед *******ын дунд хүү Б.Дөлгөөн нь БНСУлсын “Sejong General Hospital” эмнэлэгт 100 хувийн буцалтгүй тусламжаар зүрхний хагалгаанд орох алтан боломж олдож хүүгээ эмчлүүлэхээр Эх нялхсын зүрхний тасагт хэвтэн эмчлүүлж буй хэд хэдэн хүүхэд тэдний гэр бүлийнхэнтэй хамт БНСУ-ыг зорих болсон билээ. 1 сарын хугацаанд хүүгийнхээ дэргэд сахиур хийх шаардлагатай байсан учир 1 сарын чөлөө олгохыг хүссэн хүсэлт гаргасны дагуу 2018 оны 01 дүгээр сарын 10-ний өдрийн Б/45 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 22-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй /цалингүй/ чөлөө олгосон болно. 2018 оны 01 дүгээр сарын 13-ний өдрөөр чөлөөний хугацаа дуусмагц “*******” ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн боловч хариу шийдэгдээгүй. 2018 оны 02 дугаар сарын 13-ний өдөр, 2018 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр мөн адил утгатай “*******” ХХК-д эргүүлэн ажлын байраар хангаж өгнө үү гэсэн хүсэлтийг дахин өгсөн боловч бичиг хэрэг хөтлөлтийн ажилтан Ганчимэг өмнөх өгсөн өргөдлүүдийн чинь хариу шийдвэрлэгдээгүй тул ижил утгатай өргөдлийг бүртгэдэггүй гэсэн тайлбарыг өгч бүртгээгүй болно. Ингээд өгсөн өргөдлүүдийн минь хариу тодорхой бус, шийдэгдэхгүй, хүлээлт үүсгэн удсан тул 2019 оны 04 дүгээр сарын 17-ний өдөр “*******” ХХК-ийн Ерөнхий захирал Х.Бтэй өөрийн биеэр уулзах гэсэн боловч тухайн үед томилолтоор явсан гэдэг шалтгаантай байсан ба Ерөнхий захирлын нэгдүгээр орлогч бөгөөд Ерөнхий инженер Т.Бтэй уулзах завшаан тохиосон билээ. Түүнтэй уулзахдаа “ажилдаа эргэн орох хүсэлтийг удаа дараа өгсөн боловч өнөөдрийг хүртэл намайг ямар ч ажлын байраар хангах нь бүү хэл миний өргөдлийг хянан үзэж ямар нэгэн хариу тайлбарыг хуульд заасны дагуу өнөөдрийг хүртэл өгсөнгүй. Та удирдах ажилтны хувьд миний хүсэлтийг хүлээн авч эрхэлсэн ажилд минь буцаан ажиллуулах талаар хариуцах эрх бүхий албан тушаалтанд уламжилж ажлын байраар хангаж өгнө үү” хэмээн аман болон бичгээр өгсөн болно. Өргөдлийг ЗХНБГ-ийн дарга О.Отгонбаярт “Журмын дагуу шийдвэрлэх” гэж шилжүүлсэн байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл хуульд заасны дагуу ямар ч хариу тайлбар өгөөгүй, тэр бүү хэл ажлаас халах тушаалыг гар утас, нөхрийн гар утасны дугаар, гэрийн хаяг, захидал, facebook, Instagram гэх мэт ямар ч нөхцөлөөр холбоо барих бүрэн боломжтой байхад надад урьдчилан мэдэгдэж дуулгалгүй, миний саналыг харгалзахгүйгээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн Б/5501 тушаалаар 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш ажил олгогчийн олгосон чөлөөг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан байх тул хөдөлмөрийн ноцтой зөрчил гаргасан гэдэг үндэслэлээр сахилгын шийтгэл ногдуулж 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг минь цуцлах тушаалыг гаргасан байна. Иймд миний бие энэхүү тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул дараах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.
“*******” *******-ийн Ерөнхий захирлын 2019 оны 11-р сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож *******ыг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эргүүлэн томилуулах, *******ыг ажилгүй байх хугацааны цалинг олгуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О, П.Од нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Иргэн *******ын нэхэмжлэлтэй ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч ******* нь хүүхэд асрах чөлөөнөөс үргэлжлүүлэн Ерөнхий захирлын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн Б/45 дугаар тушаалын дагуу 2018 оны 01 сарын 13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй чөлөө авсан. Энэ хугацаанд ажил олгогчийн зүгээс түүний ажил албан тушаалыг хэвээр хадгалсаар байсан ба ажлын байрыг цөөрүүлсэн, цомхтгосон зүйл одоог хүртэл байхгүй. ******* нь ажил олгогчоос албан ёсоор олгосон чөлөөний хугацаа дуусмагц өмнө эрхэлж байсан ажил албан тушаалдаа эргэн орж ажиллах үүрэгтэй. Гэтэл 2018 оны 01 сарын 13-ны өдрөөс хойш ажилдаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй.
Иймд ажил олгогчийн 2019 оны 11 сарын 07-ны өдрийн Б/5501 дугаар тушаал нь хуулийн үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь “*******” *******-т холбогдуулан “*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоолгох, ажилгүй байх хугацааны цалинг гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих хууль тогтоомжийн дагуу төлүүлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
******* нь “*******” *******-т захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт, нарийн бичгээр ажиллаж байгаад “*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн болох нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн дээрх тушаал, талуудын тайлбаруудаар нотлогдож байна.
“*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаалд: ...Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1.3 дахь заалт, хөдөлмөрийн дотоод журмын 8.9.1, хуулийн хэлтсийн даргын 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 117/1062 дугаартай албан бичиг, хөдөлмөрийн гэрээний 4.4.b дэх заалтуудыг баримталжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлахаар, мөн хуулийн 131.1.3-т хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулахаар заасан байна.
Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...******* нь 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан, ингээд ажилдаа орох байсан хэдий ч хөл хүнд байсан учир хүүхэд асрах чөлөөг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл олгосон... 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Б/45 тоот тушаалаар 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл тэтгэмжгүй чөлөө олгосон. Ингээд 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ажлын байраар хангаж өгнө үү гэсэн өргөдөл өгөхөд хүсэлтийг шийдээгүй. Дахин 2018-02-13, 2018-04-01-ний өдрүүдэд мөн адил утгатай хүсэлтийг өгсөн боловч бичиг хэрэг хөтлөлтийн ажилтан нь өмнөх өргөдлүүдийн чинь хариу шийдвэрлэгдээгүй тул ижил утгатай өргөдлийг бүртгэдэггүй гээд бүртгээгүй. Ингээд 2019 оны 4 дүгээр сарын 17-нд ерөнхий захирал Х.Бтэй уулзах гэсэн боловч эзгүй байсан тул, ерөнхий захирлын нэгдүгээр орлогч Ерөнхий инженер Т.Бтэй уулзаж, ажлын байраар хангаж өгнө үү гэж аман болон бичгээр өргөдөл өгсөн. Өргөдлийг ЗХНБГ-ын дарга О.Отгонбаярт шилжүүлсэн байсан... Гэтэл өнөөдрийг хүртэл ямар нэгэн хариу тайлбар өгөлгүй 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг цуцлах тушаалыг гаргасан байна... гэж тайлбарласан.
******* нь “*******” *******-т 2017 оны 4 дүгээр сарын 12, 2017 оны 12 дугаар сарын 06, 2017 оны 12 дугаар сарын 12, 2018 оны 01 дүгээр сарын 13, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрүүдэд тус тус өргөдөл гаргасныг хариуцагч байгууллага хүлээн авч цахим бүртгэлд бүртгэсэн бөгөөд хариу өгч байгаагүй гэдгээ хүлээн зөвшөөрч байна.
Хариуцагчийн төлөөлөгч нар нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэлээ: ...*******өнгөнсөр нь 2017-12-22-ныг хүртэл хүүхэд асрах чөлөөтэй байсан нь үнэн. Үүнээс хойш 2018-01-13-ны өдрийг хүртэл тэтгэмжгүй чөлөө олгосон байдаг. Ингээд ******* нь 2018-01-14-ний өдөр ажилдаа ирэх үүрэгтэй байтал ирээгүй. Захиргааны чөлөөтэй байгаа ажилтныг дахин ажилд томилсон тушаал гарч байж ажилдаа орно гэсэн юм байхгүй. ******* нь нийт 5 өргөдөл гаргасан, өргөдөлд хариу өгөөгүй. 2019-04-18-ны өдөр гаргасан өргөдөлд ...тодорхой албан тушаалд томилон ажиллуулж өгнө үү гэсэн байдаг. Тодорхой албан тушаалд томилж өгнө үү гээд байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Хоёр жил шахам ажилдаа ирээгүй, ажил олгогчийн шийдвэр гэж байгаа болохоос тушаал гэсэн юм байхгүй. ******* нь нэг өргөдөл өгчхөөд алга болчихдог, ажил дээрээ ирээд хүн амьтантай уулзаад, ажлын байран дээрээ ирээд байгаад байдаггүй байсан. Нэхэмжлэгч 2019-04-19-нөөс эрхээ зөрчигдсөн гэж үзэж байгаа юм байна, тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан... гэж мэтгэлцсэн.
******* нь “*******” *******-т нийт 5 удаа өргөдөл гаргасан байх ба 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гаргасан чөлөө хүссэн өргөдлийг нь 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ерөнхий захирлын Б/45 дугаартай тушаалаар *******д 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийг дуустал тэтгэмжгүй чөлөө олгож шийдвэрлэсэн байх ба бусад өргөдлүүдийг яаж шийдвэрлэсэн талаар хариуцагч тал түүнд мэдэгдээгүй, шийдвэрлээгүй болох нь хариуцагчийн төлөөлөгч нарын тайлбаруудаар нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн, ажил олгогчид гаргасан таван өргөдөл нь 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн, 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн өргөдлүүд нь Улаанбаатар хотын төлөөлөгчийн газарт шилжүүлж өгнө үү гэсэн, 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн өргөдөл нь хүүхдээ эмчлүүлэх захиргааны чөлөө хүссэн, 2018 оны 01 дүгээр сарын 13-ны, 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өргөдлүүд нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дууссан тул ажилдаа орох хүсэлтээ өгчээ.
Нэхэмжлэгчийн тэтгэмжгүй чөлөөний хугацаа 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр дууссан тул ******* нь ажил олгогчид хандан ажилдаа орох хүсэлтээ 2018 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гаргасан байх ба, ажил олгогч тухайн өргөдлийг бүртгэн авчээ.
Дээрх өргөдлийг хариуцагчийн төлөөлөгч: ...өмнө нь ажил албан тушаал эрхэлж байсан байж, тодорхой ажил, албан тушаалд томилж өгнө үү гэсэн утгатай өргөдөл гаргаад байна. *******ыг ажилд томилох бус тэр өдөр ажилдаа саадгүй ирэх үүрэгтэй байсан. Өргөдлийг шийдвэрлэх нь ажилдаа ирэхэд саад болохгүй гэсэн тайлбар гаргасан.
*******ын ажиллаж байсан ажлын байранд өөр хүн ажиллаж байгаа гэдгийг хариуцагчийн төлөөлөгч тайлбарласан бөгөөд, хэдийгээр ажил олгогч ямар нэгэн шийдвэр гаргаагүй /зөвшөөрөл өгөөгүй/ байхад ажилтан өөрийн дураар албан тушаалаа эрхлэх эрхтэй гэж үзэхгүй бөгөөд *******ын хувьд өмнө нь хүүхэд асрах чөлөөтэй байж байгаад, дахин хүүхэд асрах чөлөө авч, залгуулаад захиргааны чөлөө авсан байх ба чөлөөний хугацаа 2011 оны 9 дүгээр сарын 28-наас эхэлсэн байна.
Хэдийгээр ажил олгогч *******ыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр буруутгаж байгаа боловч, ажилтан ажилдаа орох хүсэлт өгөөд байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирэлгүй 2 жил болсон гэж хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэж үзнэ.
Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2-т Сахилгын шийтгэл гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш нэг сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэж заажээ.
“*******” ******* нь *******ыг 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр ажилдаа ирэх байсан ирээгүй гэх боловч, 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр тушаал гарган түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна.
Иймд *******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан “*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай тушаал үндэслэлгүй байх тул *******ыг “*******” *******-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн ажил албан тушаал эгүүлэн тогтоох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулан *******ын захиргааны чөлөөний хугацаа дууссан өргөдөл гаргасан өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах өдрийг хүртэл, “*******” *******-ын гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтын дагуу цалингаа нэхэмжилнэ гэсэн бөгөөд *******ын хүүхэд асрах болон захиргааны чөлөөний хугацаа дуусаж ажилдаа орохыг хүссэн өргөдөл гаргасан 2018 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажлаа эрхэлж чадахгүй, цалингаа аваагүй байх тул энэ өдрөөс буюу нийт 2 жил ажлын 12 өдрийг “*******” *******-ын гаргаж өгсөн цалингийн тодорхойлолтын дагуу бодоход /1 264 317₮ х 24 сар, хоёр жилийн цалин 30 343 608, нэг өдрийн цалин 58 805 төгрөг/ 31 049 268 төгрөг болж байна, үүнийг хариуцагч “*******” *******-с гаргуулан *******д олгохоор шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч байгууллагаас улсын тэмдэгтийн хураамжаар /313 196₮ + 70 200/ 383 396 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлдээ “*******” *******-ын ерөнхий захирлын 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн Б/5501 дугаартай хөдөлмөрийн гэрээг цуцалсан тушаалыг хүчингүй болгуулахаар шаардсан байх ба энэ нь нэхэмжлэлийн шаардлагаа нотолж буй байдал гэж үзэж буй учир шийдвэрийн тогтоох хэсэгт тусгах шаардлагагүй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан *******ыг “*******” *******-ын Захиргаа, хүний нөөцийн бодлогын газрын референт-нарийн бичгийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, “*******” *******-аас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговорт 31 049 268 төгрөг гаргуулан *******д олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан *******ын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэхийг “*******” *******-т даалгасугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд, хариуцагч “*******” *******-аас улсын тэмдэгтийн хураамжаар 383 396 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
4. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГДАВАА