Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 2024/ШЦТ/08

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж, шүүгч Ш.Гандансүрэн, шүүгч Ю.Энхмаа нарын бүрэлдэхүүнтэй, 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

улсын яллагч М.Хэрлэнчимэг,

иргэдийн төлөөлөгч Д.Пүрэвсүрэн,

хохирогч Ш.М,

шүүгдэгч Ж.Д, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

 

Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ЖЖ.Дт холбогдох _____ дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

             

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Ж.Д нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Асралт хайрхан” гэх газарт иргэн Ш.Мхоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хэсэгт хутгалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дийн мэдүүлэг, эрүүгийн _____ дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:  

Шүүгдэгч Ж.Д нь согтуугаар 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 07 цагийн үед Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Асралт хайрхан” гэх газарт иргэн Ш.Мхоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний цээжний зүүн хэсэгт хутгалж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Дийн өгсөн: “...2023 оны 01 дүгэр сарын 23-ны өдөр ченж залуу архи авчирсан. Архиа орой бөөнөөрөө уусан. Тухайн үед Ш.М байгаагүй. Онон, түүний эхнэр, өөр эхнэр, нөхөр хоёр бас нэг залуу байсан. Тэгээд таван шил архи уусан. Бүгд согтоод тасарсан. Сүүлд нэг хүүхэн бид хоёр үлдсэн. Нэрийг нь мэдэхгүй байна. Тэр хүүхэн пиво уугаад надад нэг шил архи үлдсэн. Тэгээд сууж байтал Ш.М гаднаас ганцаараа орж ирсэн. Тэгээд бид хоёр хамт нэг шил архиа хувааж уусан. Тэрнээс хойшоо юу болсон санахгүй байгаа. Өглөө унтаж байхад Мийгаа гээд залуу хутга хаана байна гэж орж ирсэн. Юун хутга гэсэн чинь “өө энэ байна шүү дээ гээд газар зоогдсон байсан хутга аваад” гарсан. Отроосоо гараад байж байтал доод отгын тэнд Ш.М “та намайг хутгалчихлаа гээд орилж” байсан. Хажууд пиво ууж байсан хүүхэн байсан. Тэр бас уйлаад гарч ирсэн. Та хүүхэд хутгалчихлаа гэсэн. Тэгээд Мөнхтулгыг эмнэлэг явъя гэсэн. Тэгээд юу болсон юм бэ ахдаа яриад өг ах нь юу ч санахгүй байна гэхэд надаа ярьж өгсөн.  Та аавтай хэрэлдээд би таныг хоёр гурав хөшиглөсөн та намайг цохих шиг болсон чинь хутгалсан байсан гэсэн...” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Мөгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр өглөө 06 цаг 30 минутын үед аав цай чанаад “миний хүү доошоо машин руугаа яваад сүүгээ аваад ир” гэсэн. Би Дашзэвгийг отогт ороход Ж.Д, нэг хүүхэнтэй сууж байсан. Намайг ороход 21 нас хүрсэн сайхан залуу байна гээд ахын дүү нэг уучих гээд би архинаас нь хоёр удаа татсан. Би нэг шил архи бүтнээр нь уугаагүй. Тэгээд би машинаас сүүгээ хайж байгаад аваад очсон чинь манай отгонд Ж.Д орсон аавтай маргалдсан сууж байсан. Тэгээд аавыг дараад орон дээр унасан. Араас нь очоод салгах гэсэн салахгүй байхаар нь би Ж.Дийн толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд Мягмаржав гэдэг хүн салгаад би хойшоо тамхи асаагаад орон дээр суусан. Зөрөөд цээж рүү цохих шиг болсон чинь хутгалсан байсан. Дараа нь эмнэлэг рүү явсан...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны хохирогч Ш.М“...Өглөө 07 цагийн үед би орноосоо босоод отгоос гарч бие засчихаад буцаж отог руу ороход Ж.Д нь манай аав болох Ганбаатар руу согтуу хоорондоо маргалдаж байхаар нь хараад байсан чинь Ж.Д нь дайраад байхаар нь би очоод салгах гээд очтол салахгүй болохоор нь Ж.Дийн толгойн чамархай хэсэгт 2-3 удаа цохисон нь хамт отогт байсан хүмүүсээс хоёр хүн дундуур орж ирээд салгах үед Ж.Дийн гар нь хоёр хүний дундуур орж ирээд гартаа барьсан хутгаараа миний зүүн талын суганаас доош хэсэгт нэг удаа хутгалахаар тухайн отгоос гараад ойрхон байсан отогт очиж Ж.Д аавтай маргалдаад байхаар би дундуур нь орж болиулах гэтэл намайг хутгалчихлаа гэж хэлсэн чинь тухайн отогт байсан Онон гэх хүн машинаа асаагаад уулнаас доош бууж Улаанбаатар хотод Гэмтэл Согог үндэсний төвд хүргэж өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,

Гэрч Ч.Ганбаатарын “...Тухайн өдрийн өмнөх өдөр отгоор дайрч өнгөрч байсан самарт явж байсан хүмүүсээс 2 шил архи авч төлбөрт нь самар өгсөн. Тэгээд тухайн өдөр нь бүгдээрээ отогтоо орж амарцгаасан. Маргааш өглөө 1 сарын 23-ны өдрийн 7 цагийн үед босцгоогоод тухайн гадаа хүйтэн байсан болохоор самарт гарахгүй отогтоо байцгааж самраа цайруулна гэсэн болохоор өмнөх өдөр авсан хоёр шил 0.75 граммын “Хараа” нэртэй архи болон Ж.Д нь 1 шил 0.75 граммын хараа нэртэй архи авч Ж.Д отогтоо ганцаараа уугаад би хоёр шил архиа хамт Мягмаржав, Батаа, Тулгаа, Урсмаа нарын хамтаар ууж дуусгачихаад отогтоо байж байхад гаднаас Ж.Д нь согтуу орж ирээд намайг хоёр шил архи авсан нэгийг нь уусан нэг нь байгаа гэж бодоод надаас архи нэхэхээр нь би байхгүй уучихсан гэж хэлээд надтай барилцаж аваад хоорондоо ноцолдож байхад отогт гаднаас хүү болох Ш.М орж ирээд бид хоёрыг салгаад намайг отгоос гар гэж хэлээд үүд рүү явуулаад өөрөө отогтоо үлдээд би отгийн гадаа гарч тайвширч зогсож байхад отгоос хүү маань гарч ирээд шууд доод отог руу явтал удалгүй доод отгоос нэг эмэгтэй манай отог дээр ирээд Ж.Дийг хүн алчихлаа гэж хэлэхээр нь юу болсон талаар асуухад Ж.Д нь манай хүүг хутгалчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуудас/,

Гэрч М.Мягмаржавын “...Би болон Ганбаатар, Урнаа, Батаа, Тулга бид байж байхад гаднаас отогт Ж.Д нь орж ирээд Ганбаатар ахаас архи нэхээд хоорондоо маргалдаад сүүлдээ барилцаж аваад маргалдаж байхад отогт  Ш.М орж ирээд Ж.Д болон Ганбаатар нарын дундуур орж салгааад Ганбаатар ах отгоос гарч яваад би хоол хийж байсан болохоор тухайн хоолоо хутгаж байхад удалгүй Ш.М нь отгоос гарч явсан. Тэгээд хойноос Ж.Д гараад зөрч Ганбаатар ах орж ирээд бид хоёр отгын зуух болон бусад зүйлийг янзалж байхад хажууханд байдаг отгоос нэг эгч уйлж ирээд Ж.Дийг хүн алчихлаа гээд хэлээд байхаар нь юу болсон талаарх асуухад Ж.Д нь Мөнхтулгын цээжний зүүн хэсэгт хутгалчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 дугаар хуудас/

Гэрч О.Мөнх-Ононы “...2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 15 цагийн орчим Улаанбаатар хотоос Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг “Асралт хайрхан” уулын зүүн хойд талд байх самарт хамт гарсан хүмүүстээ хоол хүнсний зүйл аваачиж өгөх гэж эхнэрийн хамтаар явсаар 01 дүгээр сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим очиж хоол хүнсний зүйлсээ өгчхөөд амарсан. Тэгээд 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөөний 07 цагийн үед намайг сэрээхэд нь юу болсон талаар асуухад Тулгыг Ж.Д ах хутгалчих гээд Тулга нь нил цус болчихсон байхаар шууд машинаа асаагаад Тулга, Ж.Д, Ганбаа, Мягмаржав болон эхнэрийн хамтаар уулнаас доош бууж Улаанбаатар хот руу явсаар Гачууртын эцэст буулгаад цааш жижиг тэргээр явцгаасан... гэх мэдүүлэг /хх-ийн 27 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ж.Дийн сэжигтнээр өгсөн “...Төв аймгийн Эрдэнэ сумын Баянтуул 3 дугаар баг “Асралтын хайрхан” уулын зүүн талд байрлах самрын отогтоо 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шөнийн 01-02 цагийн үед би Бямбаагийн самрын отогт очиж Ононгын авчирч өгсөн 3 ширхэг 0.75 граммын архийг Бямбаагийн отогт байхдаа уугаад 2 шил архийг ууж дуусгаад сүүлийн архийг задалж байхад шөнийн 05 цагийн үед ойрхон байдаг отгын Ш.М дүү орж ирээд аавын хажууд ууж чадахгүй юм аа гэж хэлээд Ш.М бид хоёр сүүлийн архиа хувааж ууж байгаад цааш юу болсныг сайн санахгуй байна. Тэгээд өглөөний 09 цагийн үед сэрэхэд отогтоо ганцаараа унтаж байхад отогт гаднаас Мягмаржав орж ирээд хутга хаана байна гэж асуухаар нь юу болсон талаар асуухад намайг Мөнхтулгыг хутгалсан тэр хутга нь хаана байна гэж асуухад отгийн дотор байх жуухын хажуу талд хар иштэй хутгыг газарт зоосон байдалтай байсан. Тэгээд хутгыг Мийгаа аваад отгоос гараад би хойноос Ш.М дээр очиход та намайг хутгалчихлаа гэж надад хэлэхээр нь Ононгын машиныг асаагаад сууж Улаанбаатар хот руу явсан... гэх мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/,

Шинжээчийн 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай ...Ш.Мбиед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 11 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судласнаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлтийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хохирогч Ш.Мхохирол, хор уршгийн талаар өгсөн мэдүүлэг, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн цаг хугацаа, орон зайн талаар хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлын талаар шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Ш.Мөнхтулгын....”би машинаас сүүгээ хайж байгаад аваад очсон чинь манай отгонд Ж.Д орсон аавтай маргалдсан сууж байсан. Тэгээд аавыг дараад орон дээр унасан. Араас нь очоод салгах гэсэн салахгүй байхаар нь би Ж.Дийн толгой руу нь 2-3 удаа цохисон. Тэгээд Мягмаржав гэдэг хүн салгаад би хойшоо тамхи асаагаад орон дээр суусан. Зөрөөд цээж рүү цохих шиг болсон чинь хутгалсан байсан” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Ч.Ганбатаарын өгсөн... “доод отогоос нэг эмэгтэй Дашзэвгийг хүн алчихлаа гэж хэлэхэд юу болсон талаар асуухад Ж.Д нь манай хүүг хутгалчихсан байсан” гэх, гэрч М.Мягмаржавын өгсөн... “Дашзэвгийг хүн алчихлаа гээд хэлээд байхаар нь юу болсон талаар асуухад Ж.Д нь Мөнхтулгын цээжний зүүн хэсэгт нь хутгалчихсан байсан” гэх, гэрч О.Мөнх-Ононгын өгсөн... тэгээд 1 сарын 23-ны өдрийн өглөөний 07 цагийн үед намайг сэрээхэд нь юу болсон талаар асуухад Тулгыг Ж.Д ах хутгалчихлаа гээд Тулга нил цус болчихсон байхаар нь шууд машинаа асаагаад Тулга, Ж.Д, Ганбаа, Мягмаржав болон эхнэрийн хамтаар уулнаас доош бууж Улаанбаатар хот руу явсаар Гачууртын эцэст буулгаад цааш жижиг тэрэгээр явцгаасан” гэх мэдүүлгүүд, Төв аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Л.Бямбатуяагын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 73 дугаартай “Ш.Мбиед цээжний хөндий рүү нэвтэрсэн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт зэргээс шүүгдэгч Ж.Дийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Шүүх эмнэлэгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ш.Мбиед тогтоогдсон гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ба тухайн шинэ гэмтлийг учруулсан шүүгдэгчийн санаатай үйлдлүүд нь хохирогчийн биед учирсан гэмтлүүдтэй шалтгаант холбоотой нь нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт ...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг... ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,

мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцох гэж ойлгоно.

Улмаар шүүгдэгч Ж.Д хохирогч Ш.Мбиед зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хүнд гэмтэл учруулж буй энэхүү үйлдэл, эс үйлдэхүйгээрээ Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг болох Арваннэгдүгээр бүлгийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэргийн хүнд хохирол учруулсан гэсэн үндсэн шинжийг хангаж байна.

 

Түүнчлэн тухайн гэмт хэрэг нь шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, зэвсгийн чанартай зүйл болох хутгыг хэрэглэн хутгалж гэмтэл учруулсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч биед хүнд, хор уршиг учирсан байх тул материаллаг бүрэлдэхүүнтэй, хохирол, хор уршиг учирснаараа төгссөн гэмт хэрэг юм.

 

Өөрөөр хэлбэл хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Тэрээр хүний эрүүл мэндэд халдаж, түүнийг хутгыг зэвсгийн чанартай ашиглаж хутгалж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр байна.

Иймд шүүгдэгч Ж.Дийг зэвсэг хэрэглэн, хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ. 

 

Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч “шүүгдэгчийг гэм буруугүй” гэж,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “уг хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Ж.Д нь хохирогчийн биед гэмтэл учруулсан нь эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтүүдийг тус тус гаргасныг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хохирогчид учруулсан хохирол, хор уршиг, шүүгчдэгчийн гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх бөгөөд хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэх няцаах, эргэлгээтэй баримтууд хэрэгт авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг талаар:

Хохирогч Ш.М нь эмчилгээний зардалтай холбоотой баримт мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд хохирлын баримт гаргаж өгөөгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ж.Д нь хохирол төлбөрт 200.000 төгрөг төлсөн гэх ба хохирогч хэн аль нь маргаагүй болно.

Хохирогч Ш.М гомдол саналгүй, нэхэмжлэхгүй зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Ж.Дээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

 

Эрүүгийн хариуцлагын талаар: 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэнгээс хохирогчийн зүй бус харьцаа нөлөөлж толгойн тус газарт нь хоёр удаа цохисон гэх, мөн шүүгдэгч Ж.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг журамлан 3 жил 5 сарын хугацаагаар багасгаж өгнө үү гэсэн саналыг тус тус гаргажээ.

 

            Шүүгдэгч Ж.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Ж.Дт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагаад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

             

            Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ж.Дийн иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 25.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 2, 36.5 дугаар зүйлийн 1,2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ЖЖ.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч ЖЖ.Дийг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЖЖ.Дт оногдуулсан 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Дийн цагдан хоригдсон 70 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Ж.Дийн иргэний бичиг баримт болон бичгийн баримт ирээгүйг, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс гаргах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг болохыг тус тус дурдсугай.

 

6.  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн бариултай 25.5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

 

7. Шүүхийн шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ж.Дт Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай. 

 

8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.  

 

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Дт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН

 

                  ШҮҮГЧИД                                       Ш.ГАНДАНСҮРЭН                       

 

                                                                  Ю.ЭНХМАА