Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 142/ШШ2020/00780

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  

  

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

Нэхэмжлэгч: *******-гийн нэхэмжлэлтэй,   

  Хариуцагч: *******-д холбогдох,   

  Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд: *******-ийн бие даасан шаардлагатай,   

  “Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг асрамж тогтоолгох, ******* улсын дугаартай “Land Cruiser-200” маркийн автомашиныг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг болох 163 333 000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагчийн “охин *******г өөрийн асрамжид авах тухай” сөрөг нэхэмжлэл, гуравдагч этгээдийн ******* улсын дугаартай “Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох бие даасан шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

  Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.С, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Э.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь

  Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие ******* нь *******тай 2007 оноос үерхэж байгаад 2008 оноос хамтдаа амьдарч 2011 оны 10 сарын 15-нд бидний дундаас охин А төрж, эцэг эх нь болсон. Ингээд бид гэрлэлтээ батлуулж, батламж авсан. Хамт амьдрах хугацаанд бид 3 боломжийн амьдарч байсан. Миний төрсөн ах Т Чехээс ирэхдээ Вольсваген машинтай ирж, түүнийг үлдээж явсан. Ээж бид 2 авч зараад тал мөнгийг нь өгөх ёстой байсан. Гэтэл уг машиныг 35 000 000 төгрөгөөр зарж ээжид 2 000 000 төгрөг хэл амтайгаар өгөөд 15 000 000 төгрөгөөр Марк X машин аваад 10 000 000 төгрөгийг ажил хийнэ гэж өөртөө үлдээсэн. Уг мөнгөөрөө тендерийн ажил авч улмаар барилгын компанитай болсон. 2013 онд би ипотекийн зээлээр бидний амьдрах 2 өрөө байрыг 65 000 000 төгрөгөөр авч 47 000 000 төгрөгний зээл авч 2017 оны 09 сарын 06 хүртэл зээлийг цалингаасаа төлсөн. Байшин барьж амьдарна гээд байраа зарж, газар авч байшин барьсан. Энэ хугацаанд охин бид 2-ыг байр хөлсөлж мөнгө үрээд яахав гээд миний ээж болох Должинсүрэн дээр байлгасан.  

2014 оноос М гэх эмэгтэйтээ холбоотой болсныг нь тэр эмэгтэй нь над руу утасдаж хэлж мэдсэн. Энэ асуудлаас болж бид 2 байнгын хэрүүл маргаантай байсан. Баттулгын зан авир нь хувирч намайг хэд хэд зодсон. Бүр ажлын хамт олны хажууд 2017 онд зүүн уруул сэтэлж, хамар хугалж гэмтээсэн. Эмчилгээний зардлыг Б гаргаж, оёулж, хамранд имплант хийлгэсэн. Саяхан бас зодож арга буюу өөрийн амь насаа хамгаалахын тулд Цагдаагийн газарт хандаж, зөрчлийн хэрэг үүсгэн шүүхээр орсон.

Одоо бид цаашид хамт амьдрах боломжгүй. Би өөрийн амь нас, эрүүл мэнд, сэтгэл санаа, эд материал, хөрөнгөөр хохирох ёсгүй тул гэрлэлтээ цуцлуулах хүсэлтэй байна.  

1. Охин Аг өөрийн асрамждаа авч, эцэг Бас тэжээн тэтгүүлэх тэтгэврийг тогтоон гаргаж өгнө үү.

2. Бидний хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр Land 200 99-66 УБЯ машиныг тогтоож оногдох хувь хэсэг болох 21 666*2 хүн=43 333  Уртбулаг 11-р хороолол А-46 тоот хувийн сууцыг Б зарсан. Уг сууцнаас охин бид 2-т оногдох хувь, хэсэг болон 60 000 000*2хүн=120 000 000 төгрөг, нийт 163 333 000 гаргуулж өгнө үү.  

Охин бид 2 одоо орох оронгүй ээжийнхээ гэрт байна. Би орон сууц урьд нь зээлээр авч, үйлдвэрээс 8 000 000 төгрөгний хөнгөлөлт эдэлсэн тул одоо зээлээр байр авахад хүндрэлтэй байна. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.  

Нэхэмжлэгч ******* сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие ******* нь охин Аг өөрийн асрамжинд авах тухай Баттулгын сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Амины сууц барих явцад ээж дээр байж бай гээд 2 жил гаруй хугацаанд тэрээр Мягмарсүрэн гэгч хүүхэнтэй холбоотой болсон, тэднийхээ эцэг эхээр орж гарч, мөн сууцыг зарж, борлуулан охин бид хоёрт ч олгогдох хувь хэсгийг өгөхгүй, өөртөө хэрэглэж ашигласан. Тэрээр эмэгтэй хүнийг хүндлэх, үр хүүхдээ халамжлахыг мэддэггүй. Охин маань надтай хамт байж энэ бүх хугацаанд охиныхоо бүх зүйлд анхаарал халамжийг би ганцаараа хариуцаж ирсэн. Б энэ бүх хугацаанд өөрийгөө ажилгүй, орлогогүй гэж нотолдог. Тийм байж яаж хүүхдээ асрамжиндаа авна гэж хэлж ярьж байгааг ойлгохгүй байна. Тэрээр хүүхдийн тэтгэвэр төлөхгүй гэж ийм арга хэрэглэж байна гэж үзэж байна. Иймд сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй” гэжээ.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******гийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд:  

Нэг. Гэрлэлт цуцлуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  

Хоёр. Охин *******г өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна. Иймд хүүхдийн тэтгэлэг гаргуулах шаардлагыг зөвшөөрөхгүй байна.  

Гурав. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс ногдох хувь гаргуулах шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна” гэжээ.  

Хариуцагч ******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “...Миний бие *******тай гэр бүл болон амьдарч байх хугацаандаа гэр бүлээс гадуур өөр эмэгтэй хүнтэй дотно харилцаа холбоотой болж байгаагүй. Мөн *******гийн нэхэмжлэлдээ дурдсанчлан 2017 онд түүний бие махбодод халдаагүй. Харин ******* нь надтай хамтран амьдарч байх хугацаандаа хэрүүл маргааныг эхлүүлж маргалдах болгондоо миний толгой тархи луу цохидог байсан. Дээрх *******гийн үйлдлийг болиулах, түүнээс өөрийгөө хамгаалахаар хийсэн үйлдлийг минь хэт дөвийлгөн өөрийгөө хохирогч мэтээр бусдад ойлгуулдаг нь түүний гэм биш зан юм. Энэхүү үйлдлээс нь болж би цагдаагийн байгууллага болон шүүхийн өмнө хуулийн хариуцлага хүлээсэн. ******* нь бусадтай харилцах харилцааны соёлгүй, аливаа асуудал маргааныг өөрийн санаснаар шийдэх хүсэлтэй бусдыг хүндлэхийг мэддэггүй зан ааштай, архи согтууруулах ундаа хэрэглэдэг. Үүнээсээ болж Орхон аймгийн Цагдаагийн газар эрүүлжүүлэгдэж байсан. Дээрх *******гийн хувийн байдал нь хүүхдийн хүмүүжил, ирээдүйн боловсролд сөргөөр нөлөөлөх тул охин *******г миний асрамжид үлдээж өгнө үү” гэжээ.  

Хариуцагч ******* гуравдагч этгээдийн бие даасан шаардлагад гаргасан хариу тайлбартаа: “*******ийн тус шүүхэд хандаж гаргасан бие даасан шаардлагыг хүлээн авч танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна. Миний бие тус автомашиныг эхнээсээ миний машин биш гэдгийг шүүхэд тайлбарласан. ******* нь шүүхэд хандаж нэхэж байхад нь өгөх боломжгүй гэдгийг хэлсэн. *******ийн автомашиныг би түрээслэн хэрэглэж байсан ба одоо уг машиныг Б өөрөө авсан. Одоо надад байхгүй, би өмчлөгч нь биш. Иймээс ******* улсын дугаартай Ланд 200 маркийн автомашиныг *******ийн өмчлөлийнх болохыг тогтооход татгалзах зүйлгүй” гэжээ.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: "Миний бие ******* улсын дугаартай, Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч юм. Би энэхүү тээврийн хэрэгслийг өөрийн хүч хөдөлмөрөөр авсан. Гэтэл энэхүү миний тээврийн хэрэгслийг миний найз болох *******аттулгын эхнэр нь өөрийн гэр бүлийн өмч болохыг тогтоолгох нэхэмжлэл гаргасан юм байна. ******* түүний эхнэр хоёрын хооронд үүссэн маргаантай холбоотойгоор миний эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Иймд намайг ******* улсын дугаартай Land Cruiser 200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоож өгнө үү” гэжээ.  

Шүүхийн хэлэлцүүлэгт зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад   

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь *******д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тэтгэлэг тогтоолгох, 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн автомашиныг хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөр тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсэг болох 163 333 000 төгрөг гаргуулах тухай” үндсэн нэхэмжлэл, хариуцагч нь охин *******г өөрийн асрамжид авах тухай сөрөг нэхэмжлэл, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд ******* нь ******* улсын дугаартай “Land Cruiser-200” маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч болохыг тогтоолгох бие даасан шаардлагыг тус тус гаргажээ.   

Шүүх хуралдаан дээр ******* нь хүүхдийн асрамжийг өөртөө авна гэсэн сөрөг нэхэмжлэлээсээ татгалзаж, охин Аг эхийнх нь асрамжид үлдээнэ гэсэн.   

*******, ******* нар нь 2007 онд танилцан үерхэж байгаад 2008 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр охин ******* төрсөн байх ба, тэд 2011 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлжээ.

Гэрлэгчид сүүлийн гурван жил тусдаа амьдарсан байх ба, тэдний дунд үл ойлголцол, хэрүүл маргаан байнга үүсдэгээс гадна, ******* нь эхнэр *******г хэл амаар доромжлон зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 194 дугаартай шийтгэвэр, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 06 дугаартай магадлалаар нотлогдож байна.

Гэрлэгчид хэн хэн нь гэрлэлтээ цааш үргэлжлүүлэх хүсэлгүй байгаа, хоорондын таарамжгүй харьцаатай байдал, *******-н гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан тэдэнд эвлэрүүлэх арга хэмжээ хэрэглэхгүйгээр гэрлэлтийг цуцлахаар шийдвэрлэв.

Хариуцагч ******* нь хүүхдийн асрамжин дээр маргахгүй охиныг эхийнх нь асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг төлнө гэж байх тул 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******г эх *******гийн асрамжид үлдээж, эцэг *******ас Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-т заасан тэтгэлгийг насанд хүртэл нь сар бүр гаргуулан олгох үндэслэлтэй байна.

*******, ******* нар нь гэр бүл болсноос хойш Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут баг 2-1а-17 тоот орон сууцыг худалдан авч амьдарч байгаад 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр худалдсан байх ба, 11 дүгээр хороололд газар авч Хаус барьсан болох нь талуудын тайлбар хэрэгт ирүүлсэн худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдсон.

Гэрлэгчид Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 11 хороолол А хэсэг гудамж, 46 тоот 180 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай 340 мкв гэр бүлийн хэрэгцээний газраа 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр сууцыг 70,0 сая төгрөгөөр, газрыг 30,0 сая төгрөгөөр худалдсан болох нь дээрх үл хөдлөх хөрөнгүүдийг худалдах, худалдан авсан тухай гэрээнүүд, хариуцагчийн тайлбараар нотлогдож байх ба, уг мөнгөө хөрөнгө оруулалтын зориулалтаар хүнд өгөөд алдсан гэж ******* тайлбарласан.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.2.1.-д Гэрлэгчид, гэр бүлийн бусад гишүүн болон тэдгээрийн хамтын хөдөлмөр, аж ахуйн үйл ажиллагаанаас олсон бусад орлого, мөнгөн хуримтлал, шинээр бий болсон хөрөнгө, 126.2.2-т Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн орлогоор олж авсан үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгө нь гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө байхаар хуульчилжээ.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын 5-р баг Уртбулаг 11 хороолол А хэсэг гудамж, 46 тоот 180 мкв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлалтай 340 мкв гэр бүлийн хэрэгцээний газар нь гэрлэгчдийн гэр бүл болсноос хойш бий болсон хөрөнгө байх ба тухайн эд хөрөнгөөс  гэр бүлийн гишүүдэд ногдох хувь тэнцүү хэмжээтэй байх учиртай.

Гэтэл ******* нь тухайн хувийн сууц, газрыг зараад ******* болон охин *******д ногдох хувь хэмжээг өгөөгүй байх ба нэхэмжлэгч шаардах эрхтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1.-д Гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг гэрлэгчдийн хэн нэгний буюу гэр бүлийн насанд хүрсэн бусад гишүүний шаардлагаар гэрлэлт хүчин төгөлдөр байх хугацаанд, гэрлэлт цуцалсны дараа, эсхүл гэр бүлийн гишүүн хэн нэгний нь хуваарьт эд хөрөнгө төлбөр гаргуулахад хүрэлцэхгүй бол нэхэмжлэгчийн шаардлагаар хувааж болно гэж заасан.

Нэхэмжлэгч ******* хувийн сууц /хаус/, газрыг нийт 180,0 сая төгрөгөөр худалдсан гэж, өөрт болон охинд ногдох хувь 120,0 сая төгрөг нэхэмжилсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд болох худалдах худалдан авах гэрээ, хариуцагчийн тайлбараар хувийн сууц, газрыг нийт 100,0 сая төгрөгөөр худалдсан болох нь тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд 100,0 сая төгрөгийг гэр бүлийн гурван гишүүнд тэнцүү хуваахад нэг гишүүнд 33 333 333 төгрөг оногдох ба охин болон ******* нарт нийт 66 666 666 төгрөг оногдож байх ба энэ мөнгийг *******ас гаргуулан *******, ******* нарт олгож, хувийн сууц, газрын үнээс үлдэх 53 333 334 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.  

Нэхэмжлэгч ******* нь 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн автомашиныг гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болохыг тогтоолгож, машинаас ногдох хэсэг болох 43 333 000 төгрөг /охин болон өөрт ногдох/ гаргуулахаар шаардсан.

******* нь уг тээврийн хэрэгслийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө биш, би найз *******аасаа түрээсээр түр унаж хэрэглэж байсан, одоо машиныг нь буцаагаад өгсөн гэсэн тайлбар гаргасан.

Хэрэгт 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн автомашиныг хэдэн төгрөгөөр, хэнээс, хэзээ худалдаж авсан талаар баримт ирээгүй, нэхэмжлэгч: ...******* нь надад хэлэхдээ түрээсээр машиныг авсан, одоо мөнгийг нь төлөөд /түрээсээ/ дуусаж байгаа гэж хэлж байсан. Тиймээс өөрийнхөө нэр дээр шилжүүлээгүй байсан байж магадгүй гэсэн.

Нэхэмжлэгч дээрх тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг *******, ******* нарын гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж дүгнэх боломжгүй байх тул 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн дундын хөрөнгөөр тогтоолгож, 43 333 000 төгрөг гаргуулах шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Одоогийн байдлаар 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгсэл нь Онолын Бийн өмчлөлд 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс бүртгэгдсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Орхон аймгийн Автотээврийн төвийн лавлагаагаар нотлогдож байх тул уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *******ийг тогтоолгох гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг хангах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлүүдээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэв.   

Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/01497 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШЗ2020/02010 дугаар шүүгчийн захирамжууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг дурьдах нь зүйтэй.     

Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 044 815 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжаар 491 283 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах, нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр 35 100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******т олгохоор заав.   

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т заасныг баримтлан *******, ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.  

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******г эх *******гийн асрамжинд үлдээсүгэй.   

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2011 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн охин *******г 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг *******ар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 130 дугаар зүйлийн 130.1., 130.3.-т заасныг тус тус баримтлан *******ас 66 666 666 төгрөг гаргуулан *******, охин ******* нарт олгож,  

99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийг гэр бүлийн хамтран өмчлөх дундын өмчөөр тогтоолгох, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 96 666 333 төгрөгийг /хувийн сууцны үнээс нэхэмжилсэн 53 333 333 төгрөг, Ланд круйзер 200 маркийн машины үнээс 43 333 000 төгрөг/ хэрэгсэхгүй болгосугай.   

5. Иргэний хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.-д заасныг баримтлан 99-66 УБЯ улсын дугаартай Land Cruiser-200 маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр *******ийг тогтоосугай.   

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор Иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.С-д даалгасугай.  

7. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1 044 815 төгрөг, хариуцагчийн төлсөн 70 200 төгрөг, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 491 283 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, хариуцагчаас 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод, нэхэмжлэгч хариуцагч нараас тус бүр 35 100 төгрөг гаргуулан бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд *******т олгосугай.    

8. Тус шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 142/ШЗ2020/01497 дугаартай шүүгчийн захирамж, 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 142/ШЗ2020/02010 дугаар шүүгчийн захирамжууд нь энэ шийдвэрт давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэл хугацаанд хэвээр байхыг заасугай.  

9. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХИШИГДАВАА