Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 2024/ШЦТ/13

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

  Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

  Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

  Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Цэрэнтогтох,

   Хохирогч Ц.У, түүний өмгөөлөгч Ш.Амарбаяр,  

   Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Б.Баярмагнай  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,   

  Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч АБ.Ад холбогдох эрүүгийн ________ дугаартай, 1 хавтас хэргийг 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

   

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           

Шүүхийн хэлэлцүүлэгт:

шүүгдэгч Б.А нь “2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр манай дүүгийн хүүхдийн үсний найр болсон. Намайг хүрээд ир цай уу гээд очиход би уугаагүй. Ц.У, Ц.Уийн нөхөр Эрдэнээ, Бат-Эрдэнэ гурав хамгийн сүүлд үлдсэн. Манай дүүгийн манай хашаан дотор гэрт амьдардаг. Манай гэрт гал тогоогоо барьсан. Би аяга тавгаа угаагаад зогсож байсан чинь Эрдэнээ, Бат-Эрдэнэ хоёр орж ирээд чи өөрөө орж суухгүй бол бид нар явлаа гэж хэлсэн. Ороод сууж байгаад нэг лааз пиво уусан. Буцаад гэртээ орж ирээд байж байсан чинь араас орж ирээд хамт ууна гээд тэгээд 2-3 лааз пиво уусан.Тэгсэн Ууганаа надад мөнгөн аягаар дүргэж архи хийж өгөөд өөртөө бас хийгээд хоёулаа ууя гэхээр нь би уухгүй ээ пиво ууя гэж хэлсэн. Тэгсэн Бат-Эрдэнэ босож ирээд Азаа архи уудаггүй юм чинь би уучихъя гээд миний өмнөөс уусан. Тэгээд жаахан байж байсан чинь хоёулаа найз гэдгээ батал энийг тулгаад уучихъя гээд хоёр аяганд хийгээд өөрөө уусан минийхийг Бат-Эрдэнэ дахиад аваад уусан. Гурван удаагийн давтамжтай мөнгөн аяганд архи хийж өгөөд Бат-Эрдэнэ авч уусан. Дараа нь нэг хийж өгөхөд нь нэг удаа уусан. Тэгээд Одончимэг эгчийнх рүү очсон. Нөхөр нь хамт байсан. Гэрт байхад л намайг үгээр идээд байсан. Манай нөхөр танай дүүд ханддаг шигээ миний хоёр дүүд ханддаг болоосой. Дандаа  миний хоёр дүүгээс илүү чиний хоёр дүүг илүүд тавьдаг. Бид нар найз нөхдийн хүрээнд юм яриад сууж байсан чинь дүргүй хүрчихлээ танай дүүтэй харьцдаг шигээ манай дүү нартай тэгж харьцаасай. Эрдэнээ хэзээ ч Амгаланбаатартай харьцдаг шигээ миний дүүтэй ингэж харьцдаггүй гээд асгармаар болоод байсан. Чи писда минь манай бригадаас дүүгээ аваад зайлчих гээд салаавч өгсөн. Тэгээд түрүүлээд машинаас буугаад явсан. Тэгсэн цаанаас нөхөр нь гарч ирэхээр нь танай эхнэр бригадаас дүүгээ аваад ав гэж байна гэж хэлээд байж байтал бид хоёр хамт үсдэлцээд зодолдоод маажилцсан. Хоёр хоногийн дараа нь видео калл хийгээд ярьсан. Хоёулаа ингэсэн байна шүү дээ балай юм аа гэсэн чинь найз нь иргээд ярья гээд тасалсан.” гэв.

хохирогч Ц.У нь “2023 оны 10 дугар сарын 18-ны өдөр Амгаланбаатарын хүүхдийн үсний найран уригдаж очсон. Тэгээд буцаж өдөр нь гэртээ очсон байж байгаад буцаад дуудагдаад очсон. Тэгээд найрлаад согтсон байсан. Амгаланбаатараар хүргүүлэх гээд машинд сууснаа санаж байгаа. Цаашаа юу болсноо санахгүй байгаа. Нэг өвдөлт мэдрэгдэнгүүт орилоод Одончимэг эгч гарч ирээд салгаад хашаанаас нь гараад гүйсэн. Гүйж байхдаа гудамжинд тааралдсан хүний утсыг гуйж аваад 102 луу залгасан байсан. Тухайн өдөр Балжинням болон өөр нэг байцаагч машинтай ирж намайг авч явсан. Шууд хайлаас багийн эмнэлэг рүү оруулъя гээд оруулсан. Тэгээд үзүүлчхээд гэртээ харьж амраад маргааш нь цагдаагийн байгууллагаас дуудсан. Ирж уулзаад өргөдлөө өгөөрэй гэхээр нь халуураад байсан болохоор очиж чадаагүй. Нөгөөдөр очоод өргөдөл өгөхдөө олон жил нэг нутагт хамт байсан болохоор гомдолгүй гэж бичсэн. Харин энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж бичиж өгсөн. Намайг шүүх эмнэлэг рүү явна гээд шинжээч томилж өгсөн. Тэгээд үзүүлээд шинжээчийн дүгнэлтээ авчирч өгөөрэй гээд авчирч өгчхөөд явахад дуудсан цагт ирээрэй гэж хэлсэн. Дараа нь Б.Атай ярьсан. Манайд зөндөө хүн байсан болохоор би завгүй байна тэгж байгаад яръя гээд тасалсан. Дараа нь манай гадаа ирж уулзсан. Би эмчилгээний чинь зардал мөнгийг өгье сорвины тос авч өгнө гээд ирсэн. Би илүү дутуу мөнгө нэхэхгүй. Гоо сайхны эмнэлэг дээр очоод эмчээс зөвлөгөө авч байгаад хэлье гэж хэлсэн. Өмнө нь нэг эмнэлэг дээр очиход үнэтэй байхаар нь судалж байгаад Мизо Мед гээд эмнэлэг дээр очсон. Карбон эмчилгээ хийлгээд мөн 14 хоногийн зайтай лазер эмчилгээ хийлгэнэ гэсэн. Араас нь лазер эмчилгээ хийлгэсний дараа хор тайлдаг үйлчилгээ хийлгэнэ гэсэн. Ер нь хугацаа их шаардагдах юм шиг байна лээ. Өмнө 11 сарын үеэр нэг удаа ороод сая оны өмнө орох байсан боловч мөнгөний боломжгүй байсан учраас орж чадаагүй саяхан орсон. Хоёр удаа эмчилгээнд орсон боловч сорви арилахгүй байгаа. Сорвины тос, чийгшүүлэх тос маш сайн хэрэглэж байгаа. Б.Атай би утсаар ярьсан сүүлд эмчилгээний зардал маш өндөр гарах юм байна. Талыг нь өгчихвөл би эмчилгээгээ хийлгээд ядаж сорвио бүдэг болгомоор байна гэж хэлсэн боловч боломжгүй байна гэсэн. Манайх Б.Аын дүүгийн хашаанд амьдардаг байсан. Намайг Б.А хашаанаас зайл энэ хашааг зарж чиний мөнгийг өгөх гэж байна гэж хэлсэн.” гэв.

 

Үйл баримт:

Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2023 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3-р багийн нутаг дэвсгэр “Өгөөмөр”-н 12 дугаар гудамж 06 тоотод оршин суух иргэн Д.Одончимэгийн хашаанд Ц.Уийг үл ялих зүйлээр шалтаглан зодож баруун гарын хурууг нь хазаж эрүүл мэндэд нь “дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

            Хохирогч Ц.Уийн өгсөн: “...ямар ч байсан Одончимэг эгчийн хашаанд Б.А намайг зодоод нүүр, ам маажаад, гар хазаж, тавихгүй байсан. Тэгээд орилж байж гэрээс Одончимэг эгч гарч ирээд салгасан. Тэгээд би эмнэлэг орсон. Тухайн асуудал 2023 оны 10 дугаар сарын 18-ны 01-02 цагийн орчим болсон. Тухайн гэмтлийг надад Б.А учруулсан. Өөр ямар нэгэн хүнтэй би маргалдаж зодолдсон асуудал байхгүй. Юунаас болсныг би мэдэхгүй байгаа согтуу байсан учраас, үл ойлголцлоос болсон байх. Уул нь бид хоёрын дунд өс хонзон, өр авлага байхгүй. Зодоон нүдээн болж байхад Б.А бид хоёр байсан юм шиг байгаа. Тэгээд би орилж байж Одончимэг эгч гарч ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

            Хохирогч Ц.Уийн дахин өгсөн “...Миний биед учруулсан гэмтлийг 2023 оны 10 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Б.А учруулсан ба тухайн үед Б.А бид хоёр хоёулаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн их согтсон байсан тул яг юунаас болж маргалдаж, яагаад намайг зодож биед гэмтэл учруулсныг санахгүй байна. Хоёулаа согтсон байсан учраас үл ойлголцсон байх. Б.А миний зүүн гарын дунд хуруунаас хазчихаад тавихгүй байхаар нь толгой руу нь түлхсэн тэрнээс би Б.Аыг цохиж, зодсон биед нь гэмтэл шарх учруулсан зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-9 хуудас/,

            Гэрч Д.Одончимэгийн...2023 оны 10 дугаар сарын 18-ны 01-02 цагийн орчим би гэртээ унтаж байхад гадаа нэг эмэгтэй хүн “намайг авраарай” гээд орилоод байсан. Тэгээд гарахад манай танил Б.А, Ц.У хоёр хоорондоо зууралдаад, үсдэлдсэн явж байсан. Тэгээд би очиж салгасан. Тухайн хүмүүс айлын найрт очоод манай гэрт ирж байсан юм байна лээ. Тэгээд Ц.У нүүр, амаа самардуулаад өвдөөд байна, гар хазсан гээд эмнэлэг явсан өөр мэдэх зүйл байхгүй. Харанхуй шөнө байсан, хэн хэн байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан 1-2 эрэгтэй хүн байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 11 хуудас/,

            Гэрч С.Эрдэнээгийн “...Би 2023 оны 10 дугаар сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд байдаг Амгаланбаатарын хүүхдийн үсний найранд очсон ба тэнд манай эхнэр Ц.У очсон. Мөн хашаанд нь байдаг Амгаланбаатарын эгч Б.А байсан. ... тэгээд тэр үсний найранд сууж байгаад шөнө 00 цаг болсон байсан байх Б.А, манай эхнэр Ц.У бид гурвыг Амгаланбаатар хүргэж өгөх гээд машинтай гарч яваад Одончимэг гэж эгчийн хашааны гадаа очоод би түрүүлж буугаад гэрт нь орсон. Тэгсэн Одончимэг эгч гадаа хүн орилоод байна гээд гараад явсан. Тэгээд би гарсан чинь Одончимэг эгчийн хашаан дотор Б.А манай эхнэр Ц.Уийн нүүр, гарыг нь гараараа самардаж маажсан, зүүн гарын дунд хурууг нь хазсан гээд нүүр, гараас нь цус гарсан байсан ба Б.Аыг Одончимэг эгч салгасан байсан. Тэгээд Ц.У эмнэлэгт үзүүлнэ, цагдаад мэдэгдэнэ гээд явсан би араас нь ирсэн юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/,

            Гэрч Б.Амгаланбаатарын “...би машинаа бариад манай эгч Б.А болон Эрдэнээ ах, эхнэр Ц.У нар суугаад Одончимэг эгчийнд хүргээд өгчих гээд явсан ба Одончимэг эгчийн гадаа очоод Эрдэнээ ах бид хоёр машинаас буугаад Одончимэг эгчийн хаалгыг нь нүдээд гэрт нь орсон. Машинд Ц.У, Б.А эгч нар үлдсэн. Тэгээд байж байтал гадаа эмэгтэй хүн орилоод юу болов гээд Одончимэг эгч бид хоёр гарахад хашаан дотор нь Б.А, Ц.У эгч хоёр хоорондоо зууралдсан байдалтай байхаар нь Одончимэг эгч Ц.У эгчийг салгаад би Б.А эгчийг салгаад гэр рүүгээ аваад явсан юм....намайг харахад Ц.У эгчийн нүүр, гар нь маажигдаж, зулгарсан шархтай цус гарсан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-18 хуудас/,

            Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 13370 дугаартай шинжээчийн "...Ц.Уийн биед дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үрэх механизмаар үүснэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь 1-3 хоног доторх хугацаанд үүссэн байна..." гэсэн шинжээч эмчийн дүгнэлт /хх-ийн 25-26 хуудас/, зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

 

Гэм буруу:

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч:

...Шүүгдэгч Б.А нь согтуугаар 2023 оны 10 дугаар сарын 18-ны шөнийн 01 цагийн үед Төв аймгийн Заамар сумын 3 дугаар баг иргэн Одончимэгийн хашаанд Ц.Уийг үл ялих зүйлээр шалтаглан маажиж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Уийн биед хөнгөн хохирол учирсан бөгөөд өнөөдөр хохирлын баримтаа өгч байна. 8 417 700 төгрөгийн хохирол нэхэмжилж байна. Үүнээс 1 125 700 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж байна.” гэх санал, 

 

Хохирогчийн өмгөөлөгч: Шүүгдэгч гэм буруу дээрээ маргадаггүй учраас гэм буруу дээр хэлэх зүйл алга байна. Хохирлын хувьд бол миний үйлчлүүлэгч утсаа хүртэл ломбардад тавиад гоо сайхнаа эмчлүүлэх гэж байгаа нөхцөл байдал үүсэж байна. Энэ хүмүүс бие биенийгээ сайн таньдаг хүмүүс учраас аяны саналыг тавьсан юм. Сэтгэцэд учирсан хор уршиг гэж ярихын бол энэ хүнд байгаа. Тэгэхдээ иргэний хуулийн 228 дугаар зүйлд гэм хорыг арилгуулах эрх гэж байгаа. Иргэний хуулийн 228.4 дүгээр зүйлд хохирогч эмчилгээний зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээр шаардах эрхтэй гэж байгаа. Тийм учраас 8 327 700 төгрөгийг гаргаж өгнө үү. Хохирогч талаас энэ хохирлыг гаргаж өгөх юм бол сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэхгүй гэсэн тайлбарыг хохирогч хэлсэн. Хэрвээ иргэний журмаар нээлттэй үлдээвэл сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх хүсэлт гаргахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байна.” гэх санал,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч: “Өнөөдрийн шүүх хуралд Б.Аын өмгөөлөгчөөр оролцож байна. Хохирогчийн мэдүүлэг дээр хоорондоо зодолдсон. Цагдаагийн газар очтол цагдаа Балжинням нь шинжээч томилох шаардлагатай, шаардлагагүй гээд үзэмжээрээ асуудлыг шийддэг. Мэдүүлэг өгөх гээд очтол мөрдөгч нь ингээд хэлчих гээд байж байдаг. Дур мэдэж гайгүй өнгөрнө гэж хэлээд тэрийг цагдаа мэдэхгүй шүүх шийддэг асуудал шүү дээ. Магадгүй энэ хоёр хүнд хоёуланд нь хүнд гэмтэл гарсан байхыг үгүйсгэхгүй шүү дээ. Миний үйлчлүүлэгч эмчилгээний зардлыг төлнө гэж байгаа. Хохирлыг хэрхэн яаж гаргуулах вэ гэдэг асуудал ярьж байна. Хохирогч эмчилгээгээ хийлгээд эхэлсэн байгаа юм байна. Эмчилгээгээ хийлгэчих бид нар төлнө. 8 000 000 төгрөг гэдэг бол бага мөнгө биш. Хохирол төлбөрийг чадан ядан барагдуулна.” гэх гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.

 

Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.А гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.А нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.

Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.А дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,

Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,

2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.

 

Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,

мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.

 Шүүгдэгч Б.Ад холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.

 

Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.

 

Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.

 

Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.

 

Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.

 

“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.

 

Үүнтэй холбоотойгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай гэм буруутай гэмт үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс бага хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсан хөнгөн хохирол, хор уршиг учирсан бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд материаллаг шинжтэй, хөнгөн гэмтэл учирсан бол төгссөн гэмт хэрэг юм.

 

Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.

Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.

 

Шүүгдэгч Б.А хохирогч Ц.Уийг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас  хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

 

Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.

 

Иймд шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

                              

            Улсын яллагч шүүгдэгч Б.Ад Эрүүгийн хуулийг тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал,

 

            Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах оногдуулж өгнө үү гэх саналыг тус тус гаргасан болохыг дурдав.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

 

Шүүгдэгч Б.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах  ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. 

 

            Шүүгдэгчийн оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяаллаар түүнд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоож,

            шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол оногдуулсан ялыг хорих ялаар сольж болохыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хохирол, хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд " дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал " бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Ц.У нь шүүхийн хэлэлцүүлэгт эмчилгээний зардалд “Энх арвижих хур” эмнэлэгт курс эмчилгээ хийлгэх зардалд нийт 8 030 000 төгрөг, эмчилгээний зардал болон шатахууны зардалд 1 125 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

Шүүх хохирогч Ц.Уийн нэхэмжлэлийн шаардлагын дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Үүнд:

Хохирогч Б.Ц.Уийн гаргасан эмчилгээ, шатахууны зардал болох 1.125.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтын шаардлага хангасан гэж үзэн хангаж,

Шүүгдэгч Б.Ааас 1.125.700 төгрөг гаргуулан хохирогч Ц.Ут олгож,

Хохирогч Б.Ц.Уийн нэхэмжлэлийн шаардлагаас “Энх арвижих хур” эмнэлэгт курс эмчилгээ хийлгэх зардалд нийт 8 030 000 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй гэж үзэв.

Учир нь

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нотлох баримтад үндэслэн гаргана. Иймд хохирогч Ц.У нь дээрх эмчилгээг хийлгэсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хохирогч Ц.Уийн эрүүл мэндэд учирсан " дух, баруун хөмсөг, хоёр хацар, шанаа, хоёр сарвуунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн гэмтэл нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх төлбөрийн хишиг арчлалын 2-р зэрэглэлд” хамаарч байх тул Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэн тэнцэх хэмжээний буюу 550.000×5=2.750.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бичгийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т  тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч АБ.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. 

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг эрүүл мэндийн үзлэгт хамрагдахаас бусад тохиолдолд Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрээр тогтоож, хязгаарлалтын бүсээс гарахыг хориглосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаалах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Ааас 3.875.700 /гурван сая найман зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж хохирогч Ц.Ут олгож, хохирогч Ц.У нь          8.030.000 /найман сая гучин мянга/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  журмаар нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэй дурдсугай.

 

6.Эрүүгийн ________ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.  

 

7.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

           

9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.       

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ДЭЛГЭРМӨРӨН