| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0014/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/14 |
| Огноо | 2024-01-09 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2024/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Г,
Улсын яллагчаар Аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч СС.Бт холбогдох эрүүгийн _______ дугаартай, 1 хавтаст хэргийг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 багийн нутаг Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 чиглэлийн авто замын 69 дэх километрийн шон орчим 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед 29-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж өөдөөс ирж явсан 48-63 УАН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Ж.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, хөнгөрүүлэх болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Б өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн _______ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч С.Б нь Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 багийн нутаг Улаанбаатар хотоос Арвайхээр чиглэлийн А0301 чиглэлийн авто замын 69 дэх километрийн шон орчим 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед 29-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр зүйлийг зөрчиж гүйцэж түрүүлэх үйлдэл хийж өөдөөс ирж явсан 48-63 УАН улсын дугаартай Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийг мөргөж жолооч Ж.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 5-10 дугаар хуудас/,
Хохирогч Ж. Ж.Эын “...би 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Булган аймгийн Дашинчилэнгээс зээ хүү О.Ирмүүний хамт хоёулаа 18 цагийн үед гараад явж байтал 20 цагийн үед Төв аймгийн Аргалант сумын Хөшөөт 2 дугаар баг Уушигийн хөтөл гэх газар 60 км цагийн хурдтай явж байхад өөдөөс хар өнгийн Honda CRV маркийн машин том машины араас гэнэт гүйцэт түрүүлээд урсгал сөрөөл орж ирсэн. Би тухайн үед замаа шахаж хурдаа хассан боловч намайг ирж мергесен. Би хамгаалалтын бүсээ зүүгээд явж байсан, хажуугийн сандал дээр зээ хүү О.Ирмүүн бүсээ зүүгээд унтаж явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/,
Гэрч Б.Номингийн “2023 оны 8 дугаар сарын 09-ний орой 19 цагийн үед ээж С.Б, хүү В.Билэгт, дүү Б.Мянганбаяр нарын хамт ээжийн өөрийнх нь 26-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркын машинтай Төв аймгийн Лүн сум руу явж байтал гэнэт их чимээ гарсан. Би тухайн үед юу болсныг мэдэхгүй байна. Хүүхдээ тэврээд арын суудалд сууж явсан. Би болон миний хүү Билэгт нар зүгээр гэмтэж бэртээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,
Иргэний нэхэмжлэгч Э.Ггийн ...манай “Эко тогтол” ХХК-ны эзэмшлийн нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл юм. Ж.Э нь манай төрсөн аав юм. Тухайн үед аав Ж.Э нь зээ хүү Ирмүүнийг дагуулаад хөдөө малаа эргээд буцаж явах замдаа осолд орсон байсан. Манай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлийн үнэлгээг гаргуулахад урд хэсгээрээ их эвдрэл гэмтэл учирсан байсан. би хохирлоо нөхөн төлүүлээгүй байгаа. Би уг тээврийн хэрэгслийн хохирлыг буруутай жолоочоос нэхэмжилж байна" гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 545 дугаартай дүгнэлтэд: 1. Ж.Эын биед баруун хөлийн 1 дүгээр хурууны үений ний хугарал, зүүн 5,6 дугаар хавирганы хугарал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар алдагдуулах тул гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна..." гэснээр /хх-ийн 31-32 дугаар хуудас/,
Техникийн шинжээчдийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 06/93 дугаартай дүгнэлтэд:...29-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгсэл жолоодож явсан С.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-р заалт буюу “жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, ...замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино" гэснийг зөрчсөн, ...29-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх С.Б нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1 дүгээр заалт зөрчсөн нь уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон гэж үзэж байна...” гэснээр /хх-ийн 67-68 дугаар хуудас/,
“Хас үнэлгээ” ХХК-ны авто машин үнэлгээний 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 664 дугаартай тайланд “тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 8,490,000 төгрөг” гэснээр /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
Шүүгдэгч С.Бын яллагдагчаар өгсөн: ...”би 2023 оны 8 дугаар сарын 09-ний 19 цагийн үед өөрийн төрсөн охин Номин /19 настай/, Номингийн хүү /7 сартай, эр/, хүү Б.Мянганбаяр нарын хамт өөрийн эзэмшлийн 29-61 УНЧ улсын дугаартай Хонда CRV маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Улаанбаатар хотоос Төв аймгийн Лүн сум руу аавынх руугаа явж байсан. Тэгээд замдаа Төв аймгийн Аргалант сум Хөшөөт 2 дугаар багийн нутаг Уушигийн хөтөл өгсөж явахдаа урд том машин байхаар нь гүйцэт түрүүлэх үйлдэл хийхээр эсрэг урсгал руу ортол урдаас цагаан өнгийн приус-30 маркийн тээврийн хэрэгсэл хурдтай орж ирээд мөргөлдсөн юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/ зэрэг болно.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
... Шүүгдэгч С.Б 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатараас Өвөрхангай чиглэлийн замд явж байхдаа гүйцэж түрүүлэх үйлдэл буруу хийснээс болж өөдөөс ирж явсан Ж.Эын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж жолооч Ж.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчсөн хүний эрүү мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч С.Баас хохирогч Ж.Эын эмчилгээний зардал болон иргэний нэхэмжлэгч Ггийн нэхэмжилсэн тээврийн хэрэгслийн хохирлыг гаргуулах саналтай байна. Мөрдөн шалгах ажиллагааны зардал байхгүй.... гэсэн,
Шүүгдэгч С.Б:
... Шүүгдэгч: Миний ар гэр, хувийн байдлыг харгалзан үзэж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч С.Б маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч С.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч нар, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч С.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.4 дэх хэсэгт “...Тээврийн хэрэгслийн хурдыг суурин газарт цагт 60 км, суурин газрын гадна цагт 80 км, тууш замд цагт 100 км-ээс хэтрүүлэхийг хориглоно...”, мөн дүрмийн 13.1 дэх хэсэгт “...Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино...” гэснийг тус тус зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хоёр хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Иймд шүүгдэгч С.Быг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч С.Б нь болгоомжгүй гэм буруутай үйлдлийн хохирогч Ж.Эын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч Э.Ггийн Тоёота приус-30 маркийн 48-63 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 9 900 000 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.
Түүнчлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Баас 1 017 350 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эд, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 900 000 төгрөгийг Э.Гд тус тус олгуулахаар шийдвэрлэсэн.
Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч М.Хэрлэнчимэг:
... Улсын яллагч: Шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч С.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон гэж үзэж байна. Тийм учраас шүүгдэгч С.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Хязгаарлалтын бүсийг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох саналтай байна... гэсэн,
Шүүгдэгч С.Б:
... Миний биеийн байдал болон хувийн байдлыг харгалзан надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү...гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч С.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнэж /нэг/ 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тохирно гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч СС.Бт оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоож,
Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж,
Шүүгдэгч шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэж хорих ялаар солихыг мэдэгдэж байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн _______ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 1, 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч СС.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч СС.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч СС.Бт оногдуулсан 1 сарын зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоосугай.
4. Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар шүүгдэгч шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар яллагдагч С.Баас 1 017 350 төгрөгийг гаргуулж хохирогч Ж.Эд, иргэний нэхэмжлэгчийн нэхэмжилсэн 9 900 000 төгрөгийг Э.Гд тус тус олгосугай.
7. Эрүүгийн _______ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч С.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол СС.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
9. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч СС.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН