Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 41

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Б.Нармандах даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Энхмөрөн,  

Улсын яллагч Б.Батбаяр,

Хохирогч М.Болортуяа,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин,

Гэрч М.Мөнхболд,

Шинжээч П.Гаваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Чимэг,

Шүүгдэгч Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Замын-Үүд сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Батхүрэлийн Мөнхцэцэг, Тайж овогт Болдын Дуламжав нарт холбогдох эрүүгийн 201610010248 тоот хэргийг  2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Айраг суманд 1991 оны 07 дугаар сарын 18-ны өдөр төрсөн, 25 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Цагаан дөрвөлж байрны 2-8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Боржигин овогт Батхүрэлийн Мөнхцэцэг /РД: ЕА910718096/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 1995 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төрсөн, 22 настай, яс үндэс халх, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Ориентал хотхоны 8 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, Тайж овогт Болдын Дуламжав /РД: ЕО95120206/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч  Б.Мөнхцэцэг нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах 32 дугаар байрны гадаа яллагдагч Б.Дуламжавтай бүлэглэн хохирогч М.Болортуяаг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн олон нийтийн болон бага насны хүүхдийн хажууд хэл амаар доромжилж, эд зүйлийг нь тараан шидэж биед нь халдан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн,

Шүүгдэгч Б.Дуламжав нь 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчимд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах 32 дугаар байрны гадаа яллагдагч Б.Мөнхцэцэгтэй бүлэглэн хохирогч М.Болортуяаг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн олон нийтийн болон бага насны хүүхдийн хажууд хэл амаар доромжилж, эд зүйлийг нь тараан шидэж биед нь халдан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж тус тус танхайрах гэмт  хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэнд авагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Шүүгдэгч Б.Дуламжавын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Б.Мөнхцэцэг эгч бид хоёр тэр хэдийн араас дагатал 60 айлын хажуугаар өнгөрөөд 32 дугаар байр луу орж зогссон. Тухайн үед Б.Мөнхцэцэг эгч миний машин дотор байхдаа хүүхдийнхээ төрсөн өдрөөр залгаад мэнд хүргээгүй байж энэ муу хүүхэнтэй архидаад яваад байхдаа яадаг юм гээд уурлаж байсан. Ингээд 32 дугаар байрны гадаа ирж зогстол М.Мөнхболд машинаасаа бууж ирээд яагаад араас дагаад байгаан боль гэж хэлсэн чинь М.Болортуяа болон түүний охин машинаас хамт бууж ирсэн тэгсэн Б.Мөнхцэцэг эгч М.Болортуяа дээр очоод эхний удаа чамд юм хэлээгүй 2 дахь удаагаа дахин таарлаа гэж хэлээд М.Болортуяаг үсдэж дараад газар суулгасан чамаас болж миний хүүхэд өнчирч байна. Чи ч гэсэн жоохон хүүхэдтэй биздээ гээд нүүрлүү нь 2-3 удаа алгадаж үсдээд өшиглөсөн М.Болортуяа М.Мөнхболдод хандаж эхнэрээ аваач гэхэд М.Мөнхболд М.Мөнхцэцэг эгчийг түлхээд цохих гээд далайхаар нь би дундуур нь ороод болиоч гэсэн... би М.Мөнхболдод зодуулсан уурандаа М.Болортуяагийн зүүн хөлийн гуяа руу 1 удаа өшиглөөд чамаас болж зодууллаа гэж хэлсэн. М.Болортуяа эсэргүүцэл үзүүлээгүй та нар хүн андуураад байна л гэж хэлж байсан. Би нэг удаа өшиглөсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 100-101/,

- Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Би 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр нөхрийгөө М.Болортуяа гээд эмэгтэйн хамт явж байхаар нь уурлаад Болортуяаг үсдэж дараад бие рүү нь хэд хэдэн удаа өшиглөсөн учир нь манай нөхөр М.Болортуяа гэдэг хүүхэнтэй нэг бус удаа архи уугаад зочид буудлаар явсан гэдгийг сонсож байсан юм. Үүнийг Түвшинзаяа MЧ-д диспечер ажилтай Гантулга гээд ах хэлсэн тэрнээс яг нүдээрээ хараагүй харин 2 удаа манай нөхрийн машиныг жолоодоод явж байхад нь би харсан. Үсдэж дараад гуя болон нуруулуу нь 4-5 удаа өшиглөсөн Б.Дуламжав миний харснаар нэг удаа гуя руу нь өшиглөж байсан. Урд нь бас манай нөхөрийн машиныг бариад явж байхаар нь би хэлээд машиныхаа түлхүүрийг авахад намайг элдэвээр хэлж байсан. Дараа нь дахиад машиныг нь унаад явж байхаар нь хардсны улмаас ийм асуудал болсон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөлний хурууг нь би хугалаагүй, энийг зөвшөөрөхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 108/,

-Хохирогч М.Болортуяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр М.Мөнхболдын утаснаас Ж.Энэрэл залгаад М.Мөнхболд бид хоёр архи уучихлаа вокзал дээр ирээд машин бариад өг гэсэн. Тухайн үед охин маань салхин цэцэгтчихсэн ажлаасаа чөлөө аваад гэртээ байсан. Тэгээд 3 настай охиноо дагуулаад очсон. Машиныг нь бариад Ганзам дэлгүүр ороод ундаа аваад, Замын-Үүд сумын 1 дүгээр багт байрлах 32 дугаар байрны гадаа очиж зогссон Мөнхболд машинаас эхэлж буугаад эхнэртэйгээ юм яриад зогсож байхаар нь Энэрэл охин бид гурав машинаас буутал Мөнхцэцэг машинаас гарч ирээд үгийн зөрүүгүй  намайг үсдэж дараад газар суулгасан тэгээд хараалын үг хэлээд зогсоо зайгүй миний дээрээс өшиглөсөн ба хамт явж байсан дүү Дуламжав мөн адил намайг өшиглөсөн тухайн үед миний амнаас нэг ч үг гарч амжаагүй бөгөөд Мөнхболдоо эхнэрийгээ аваачээ гэж хэлтэл Мөнхболд, Энэрэл нар салгах гэж оролдсон боловч дийлээгүй харин манай хүүхэд ээжийгээ хүнд зодуулж байхыг хараад уйлаад байхаар нь Энэрэл, Мөнхболд нар дагуулж яваад ээжийн дэлгүүр дээр хүргээд өгчихсөн байсныг гэртээ очоод мэдсэн. Мөнхцэцэг миний үснээс цагдаа нарыг ирэх хүртэл огт тавиагүй... намайг өшиглөж байхдаа миний карманаас юм хайгаад байсан жолооны үнэмлэх aлгa болсон. Мөнхцэцэг миний үснээс зулгааж байхад нөгөө хоёрын нэг нь миний дээрээс нохойн хоол асгаад өөрсдийн гутланд наалдсан хоолоо хувцасанд арчингуутаа манай нөхөр Мөнхболдтой явалддаг гэлүү хоёуланг чинь ална шүү янхан банзал гичий минь гэх мэтээр элдэв бусаар доромжилсон ... энэ гурвын хэн нь ч гараараа цохиогүй намайг үсдэж дарангуутаа хэдэн талаас бие pүү өшиглөсөн. Дуламжав 5-6 удаа өшиглөсөн... Миний уруулан дахь язарсан шархыг Дуламжав учруулсан мөн хөлийн хурууг Дуламжав өшиглөж хугалсан...М.Мөнхцэцэг намайг Мөнхболдтой хардсан, би биш чи андуураад байна гэж хэлж байсан... Бусдад зодуулахаас 3 хоногийн өмнө Хишиг-Үүд зочид буудалд Мөнхболд, Энэрэл, Чинбат, Түвшинзаяа нарын хамт архи ууж байхад Мөнхболд миний зүүн хөлөн дээр санамсаргүй байдлаар гутлаараа гишигсэн, тухайн үед өвдөлт мэдрэгдээгүй ба маргааш өглөө нь гутлаа тайлаад өөрийнхөө хөлийг хартал зүүн хөлний эрхий хуруунаас бусад хуруу нь бага зэрэг хавдаад хөхөрчихсөн байхаар нь М.Мөнхболдод хөлөө харуулсан... өөр хүнд энэ талаар хэлээгүй... Мөнхболдод гишгүүлээд хөл гэмтсэн нь үнэн, үүнээс хойш 3 хоног зөв зүгээр явж байхад Дуламжав миний гэмтэл авсан хөл рүү өшиглөж хөлийг маань хугалсан гэж үзэж байна, яг хэний үйлдлийн улмаас хөл хугарсныг мэдэхгүй ... Тухайн үед шоконд орчихсон байсан учраас хэлээгүй... Маш их гомдолтой байна. Тухайн үед өмсөж явсан хувцаснуудаа авсан, аваад хаясан... 1,633,350 төгрөг нэхэмжилж байгаа. Үүнээс өнөөдөр 590,000 төгрөг өгсөн энийг хасаад үлдсэн мөнгийг нэхэмжилж байна..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25, 143/,

- Гэрч М.Мөнхболдын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “... Болортуяаг Мөнхцэцэг үсдээд дарчихсан байхаар нь очоод салгах гэтэл Дуламжав дундуур орж ирээд намайг түлхсэн, тэгэхээр нь би гараа савж түлхээд “давраад байгаарай, чамд хамаагүй, чи зайл” гэж хэлсэн чинь өөдөөс чулуу бариад дайрахаар нь барилцаж авсан, тэгсэн Энэрэл ирээд биднийг салгасан ба өөр ямар нэгэн байдлаар хоорондоо хэрэлдэж, зодолдсон зүйл байхгүй. ... би хэрэг болохоос 3 хоногийн өмнө Болортуяагийн хамт Хишиг-Үүд зочид буудалд архи ууж байхдаа, Болортуяагийн зүүн хөлийн тавхайн дээр санамсаргүй байдлаар гутлаараа гишгэсэн, тэгээд маргааш өдөр нь Болортуяа зүүн хөлөн дээрээ бүрэн гишгэж чадахгүй, хөл нь зовиуртай байхаар нь наад хөлөө яачихсан юм гэж асуусан чинь надад гутлаа тайлж үзүүлээд энийг харлдаа чи өчигдөр согтуу байхдаа миний хөлөн дээр гишгээд ийм болгочихлоо гэж хэлсэн. Тухайн үед Болортуяагийн зүүн хөлний тавхайны хуруунууд нь нилэнхүйдээ улайж хавдсан байдалтай байсан ба тухайн үед би түүний хөлийг хараад ямар том хуруунуудтай инээдтэй болчихсон юм бэ гээд шоолж инээсэн...тэр өдөр машинаа бариулах гээд дуудахад хазганаад явж байсан ... үзүүлэх гээд хот руу явсан. Хотод очоод над руу нэг орой 21 цагийн үед утсаар ярьж чи миний хөлөн дээр гишгээгүй шүү гэж хэлж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42, 141/,

- Шинжээч П.Гаваасүрэнгийн мөрдөн байцаалтын шат болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Дээрх гэмтэл буюу зүүн хөлний 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу хугарал нь хөлийн тавхайн гадна хэсгийн ясанд учирсан гэмтэл бөгөөд өшиглөх, хөл дээр хүчтэй гишгэх, эвгүй дарж унах, юманд цохих үед үүсэн боломжтой юм. Нарийн яс байдаг учраас амархан хугардаг ... гэмтэл аваад өөрт зовиурлахгүй үе байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан гэмтэл авснаас хойш 7 хоногийн дотор хэзээ гэмтэл авсан эсэх нь мэдэгдэхгүй... надад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн тэрнээс өмнө хэд хоногийн өмнө авсан байж болно... яг хэдийд гэмтэл авсныг хэлж мэдэхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 88/,

-Гэрч Ж.Энхцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “Би 130 буюу 32 айлд оршин суугаад 6 жил болж байна. 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 13 цагийн орчим 1 настай хүүхдээ хооллох гээд цонхон дээр суулгаад хоол өгөх гэж байхад манай байрны гадаа үл таних махлаг эмэгтэйгийн үс нь сэгсийчихсэн газар доошоо хараад явган сууж байсан ба хажууд нь 1 туранхай 2 махлаг эмэгтэй зогсож байсан мөн явган сууж байсан эмэгтэйгийн хүүхдийг 1 залуу аваад байрны хойгуур явсан. Удалгүй тэдгээр хүмүүс дээр цагдаа нар ирсэн ... доошоо хараад суучихсан байсан эмэгтэйгийн ард нь зогсож байсан ногоон өнгийн урт куртиктэй махлах эмэгтэй түүний хажууд байсан савтай нохойн хоолыг түүн рүү өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,

-Гэрч Ж.Энэрэлийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 12 цагийн үед Мөнхболд над руу утсаар залгаад хамт пиво ууя гэхээр нь вокзал дээр яваад очтол Мөнхболд Болортуяагаар машинаа бариулаад салхинд гарч пиво ууя гэсэн тэгээд Болортуяаг Мөнхболд утсаар дуудтал удалгүй 3 настай охиноо дагуулаад вокзал дээр ирсэн бөгөөд Болортуяагаар машинаа бариулаад Ганзам дэлгүүр орох замд Мөнхболдын эхнэр Мөнхцэцэг араас дагаад байхаар пиво авалгүй ундаа аваад 32 дугаар байрны гадаа очиж зогссон Мөнхцэцэг машинтайгаа дагаад ирж зогссон Мөнхболд яагаад дагаад байгаа юм бол гээд асуухаар түрүүлж буугаад Мөнхцэцэгтэй уулзангуутаа Болортуяагаас машиныхаа түлхүүрийг аваад гэрийнхээ зүг алхсан ингээд би машинаас буугаад Мөнхболд дээр очих гэтэл Болортуяа араас бууж ирж байгаа харагдсан тэгсэн Болортуяа Мөнхцэцэгт үсдүүлчихсэн газар хөлөө жийгээд суучихсан байсан ба Дуламжав тэр хоёр бие рүү нь нийлээд өшиглөж байсан. Тэгээд Мөнхболд бид хоёр салгах гээд очтол Мөнхцэцэг Болортуяагийн үсийг rapтaa битүү ороочихсон огт салахгүй зуурчихаад тавихгүй ба хажуунаас нь Дуламжав хэл амаар бид хоёр руу дайраад Мөнхцэцэг тэнд байсан нохойны хоолыг Болортуяа руу шидсэн тухайн үед 3 настай хүүхэд нь уйлаад байхаар нь хүүхдийн дэргэд болилдоо гэтэл Мөнхцэцэг энэний шээсийг бодоод байгаа юмуу Эрхэсийг бодохгүй байна уу гэхээр нь бид нар ямар ч холбоогүй ажлын найзууд шүү дээ гэж хэлсэн. Мөн Эрдэнэцэцэгийг ирсний дараа 3-уулаа нийлчихээд Болортуяаг энд шалдлаад хаячихъя угаасаа наадах чинь янхан гээд хэл амаар доромжлоод байсан ба түүний кошлаканд байсан нүүрний будгийг газраар нэг тараасан. ... ойролцоогоор 20-30 минут орчим Мөнхцэцэг Болортуяаг үсдэж дараад биерүү нь өшиглөөд байсан ба хажуунаас нь Дуламжав өшиглөсөн...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 39-40/,

-Гэрч П.Мөнхзулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 14 цагийн орчим дэлгүүр дээрээ сууж байтал миний том охин Болортуяагийн охин Солонгоо нилээн айчихсан байдалтай уйлаад ороод ирсэн. Тэгээд юу болсон талаар асуухад ээжийг үсдэж зодоод гэснээс өөр зүйл яриагүй тухайн үед би бодохдоо, Болортуяаг охиныгоо зодсон юм болов уу гэж бодсон Болортуяагийн төрсөн дүү Болорчимэг орж ирээд аниа хүнд зодуулчихаад танд хэлж чадахгүй байна гэж хэлэхэд л Болортуяаг хүнд зодуулсан байна гэдгийг мэдсэн. ...Уруул сэтэрсэн, хамаг бие нь нилэнхүйдээ хөхөрсөн, зүүн хөлийн 4 хуруу нийтдээ хөхөрсөн байсан ба тухайн үед миний охиныг үсдэж унагаахдаа хөлийнх нь хурууг тулгачихсан юм байна даа гэж бодсон гэтэл рентген зургаар чигчий хуруу нь хугарсан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 51-52/,

- Гэрч Г.Мөнгөнцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр М.Болортуяа өөрийн биеэр эмнэлэгт ирээд “би 11 дүгээр сарын 30-ны өдөр Сувдаа эмчид анх үзүүлсэн, дараа нь шинжээч эмчид үзүүлэхэд зүүн хөлнийхөө зургийг авахуулаад хүрч ир гэж” хэлсэн ... 1-2 хоногийн дотор хугарсан гэдгээ мэдэхгүй байх үндэслэлтэй, яагаад гэвэл чигчий хурууны яс болон гарын хурууны яс тулчихсан юм шиг өөрт нь хөндүүр мэдэгдээд дараа нь үзэхэд хугарсан байх тохиолдолууд гардаг” гэсэн мэдүүлэг /хх-ийн 53/,

- Гэрч Э.Эрдэнэсүх мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Тэгээд юу болсон талаар асуухад Мөнхцэцэг гэдэг эмэгтэй “энэ муу гичий манай нөхөртэй явалдсан, чамайг МЧ-ээр нэг онигоо болгоноо, хүний нөхөртэй явалдахаар яадгийг чинь харуулнаа” гэсэн утгатай зүйл ярьсан бөгөөд хамт явж байсан хоёр эмэгтэй “наадахаа МЧ-р нэг онигоо болго хүнтэй банзалдахаар яадгийг нь харуул” гээд хэлсэн үгийг нь дэмжээд байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 55/,

- Гэрч Ц.Наранбаатар мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгт: “... Тухайн үед Болортуяа газар суучихсан хамар амнаас нь цус гарч, нэг талын уруул нь хавдаж улайсан байдалтай байхаар нь юу болсон талаар тодруулж асуухад Болортуяа ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд Эрдэнэцэцэг гэгч эмэгтэй хажуунаас энэ муу гичий манай дүүгийн нөхөртэй явалдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57/,

- Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 475 тоот дүгнэлтэнд: “М.Болортуяагийн биед 5 дугаар хурууны 3-р шивнүүрийн метафизийн ташуу хугарал, 1-р үений мултрал, дээд уруулын баруун талд язарсан шарх, зулгаралт, цус хуралт, дээд уруулын талд язарсан шарх, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, баруун мөрний урд талд цус хуралт, хэвлийн доод талд цус хуралт, баруун далан дээр, зүүн далан дээр зүүн гуяаны гадна дээд талд цус хуралт, зүүн хөлийн 2, 3-р хурууны 2-р үений ар талд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүснэ. Учирсан гэмтлүүдийн 5 дугаар хурууны 3-р хугарал нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, 1-р үений мултрал, дээд уруулын баруун талд язарсан шарх гэмтлүүд нь дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох” журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын дотор талд язарсан шарх, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, баруун мөрний урд талд цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун далан дээр, зүүн далан дээр зүүн гуяаны гадна дээд талд цус хуралт, зүүн хөлийн 2, 3-р хурууны 2-р үений ар талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтэл тогтоогдохгүй ба нийлээд “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 61/,

- Шүүгдэгч Б.Дуламжавыг урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын ам бүлийн тодорхойлолт, охин Д.Хишигдарийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 111-115/,

- Шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн урьд ял шийтгэлтэй эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, хүү М.Эрхэсийн төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа хаягийн тодорхойлолт, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 116-119/, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хохирогч М.Болортуяагийн эмчлүүлэгчийн карт, рентген зураг болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн болсон үйл баримтын талаар үзэхэд: 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүгдэгч Б.Мөнхцэцэгийн нөхөр болох Мөнхболд, Энэрэл нар нь архи ууцгааж, согтуу байсан учраас хохирогч М.Болортуяаг дуудаж машинаа бариулаад явж байхад нь шүүгдэгч Б.Мөнхцэцэг Б.Дуламжав нар нь цуг явж байгаад таарч, тэдний араас нь дагаж Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах 32 дугаар байрны гадаа очиж зогсоход нь улмаар шүүгдэгч Б.Мөнхцэцэг нь хохирогч М.Болортуяаг нөхөр М.Мөнхболдтой хардаж шүүгдэгч Б.Дуламжавтай бүлэглэж М.Болортуяаг үсдэж, зодон бие махбодид нь гэмтэл учруулсан гэмт хэрэг гарсан үйл баримт нотлогдон тогтоогдож байна.

Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нарыг бүлэглэн хохирогч М.Болортуяаг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэн олон нийтийн болон бага насны хүүхдийн хажууд хэл амаар доромжилж, эд зүйлийг нь тараан шидэж биед нь халдан бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулж догшин авирлаж нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна. 

 Улсын яллагч яллах дүгнэлтэндээ болон ялын шүүмж явуулахдаа “...Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь бүлэглэн олон нийтийн газар буюу Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1-р багт байрлах 32 дугаар байрны гадаа иргэн М.Болортуяаг үгний зөрүүгүй зодож бие махбодид нь хүндэвтэр гэмтэл учруулсан ... бага насны хүүхдийнх нь хажууд зодсон, бага насны охин болон байрны хүмүүс, гэрч Энэрэл нарыг үл хүндэтгэсэн, хохирогч М.Болортуяаг ч үл хүндэтгэн үсдэж, өшиглөж зодох, хоолны угаадас цацах,  гоо сайхны хэрэглэлийг нь талаар нэг цацах гэх мэт бусдыг үл хүндэтгэж догшин авирлаж нийгмийн хэв журмыг бүдүүлгээр зөрчсөн нь гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон ... Хохирогчийн зүгээс шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нартай маргалдсан, эсэргүүцэл үзүүлж зодолдсон, доромжилсон зүйл огт болоогүй... маргалдаж, зодолдож, доромжилсон бол танхайрах гэмт хэрэг гэж үзэхгүй юм...” гэж мэтгэлцэж байх боловч дээрх үйл баримт нь тодорхой сэдэлттэй эр, эмийн хардлагаас үүдэн хохирогчийн бие махбодид гэмтэл учруулсан нь бусдыг илтэд үл хүндэтгэн нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж танхайрсан гэж дүгнэх үндэслэлгүй бөгөөд хэргийн үйл баримтаар танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг үгүйсгэж байна.

Шүүх шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь танхайн сэдэлтээр бус хувийн сэдэлтээр буюу эр, эмийн хардлагаас үүдэн хохирогч М.Болортуяаг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл учруулсан байна гэж үзлээ. Учир нь: Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь хохирогч М.Болортуяаг Мөнхболдтой хардсаны улмаас М.Болортуяаг зодсон болох нь шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч М.Болортуяагийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...манай нөхөр Мөнхболдтой явалддаг гэлүү хоёуланг чинь ална шүү янхан банзал гичий минь гэх мэтээр элдэв бусаар доромжилсон ... Б.Мөнхцэцэг намайг Мөнхболдтой хардсан, би биш чи андуураад байна гэж хэлж байсан” гэсэн, гэрч Ж.Энэрэл “... Болортуяагаар машинаа бариулаад Ганзам дэлгүүр орох замд Мөнхболдын эхнэр Мөнхцэцэг араас дагаад байхаар нь пиво авалгүй ундаа аваад 32 дугаар байрны гадаа очиж зогссон Мөнхцэцэг машинтайгаа дагаад ирж зогссон Мөнхболд яагаад дагаад байгаа юм бол гээд асуухаар түрүүлж буугаад Мөнхцэцэгтэй уулзангуутаа Болортуяагаас машиныхаа түлхүүрийг аваад гэрийнхээ зүг алхсан ингээд би машинаас буугаад Мөнхболд дээр очих гэтэл Болортуяа араас бууж ирж байгаа харагдсан тэгсэн Болортуяа Мөнхцэцэгт үсдүүлчихсэн газар хөлөө жийгээд суучихсан байсан ба Дуламжав тэр хоёр бие рүү нь нийлээд өшиглөж байсан...” гэсэн, гэрч Э.Эрдэнэсүхийн “...юу болсон талаар асуухад Мөнхцэцэг гэдэг эмэгтэй “энэ муу гичий манай нөхөртэй явалдсан, чамайг МЧ-ээр нэг онигоо болгоноо, хүний нөхөртэй явалдахаар яадгийг чинь харуулнаа” гэсэн утгатай зүйл ярьсан...” гэсэн, гэрч Ц.Наранбаатарын “...юу болсон талаар тодруулж асуухад Болортуяа ямар нэг зүйл хэлээгүй бөгөөд Эрдэнэцэцэг гэгч эмэгтэй хажуунаас энэ муу гичий манай дүүгийн нөхөртэй явалдсан гэж хэлсэн...” гэсэн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна.

 

Мөн хохирогч М.Болортуяа мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “... Бусдад зодуулахаас 3 хоногийн өмнө Хишиг-Үүд зочид буудалд Мөнхболд, Энэрэл, Чинбат, Түвшинзаяа нарын хамт архи ууж байхад Мөнхболд миний зүүн хөлөн дээр санамсаргүй байдлаар гутлаараа гишигсэн, тухайн үед өвдөлт мэдрэгдээгүй ба маргааш өглөө нь гутлаа тайлаад өөрийнхөө хөлийг хартал зүүн хөлний эрхий хуруунаас бусад хуруу нь бага зэрэг хавдаад хөхөрчихсөн байхаар нь М.Мөнхболдод хөлөө харуулсан... өөр хүнд энэ талаар хэлээгүй... Мөнхболдод гишгүүлээд хөл гэмтсэн нь үнэн, үүнээс хойш 3 хоног зөв зүгээр явж байхад Дуламжав миний гэмтэл авсан хөл рүү өшиглөж хөлийг маань хугалсан гэж үзэж байна, яг хэний үйлдлийн улмаас хөл хугарсныг мэдэхгүй ...” гэсэн, гэрч М.Мөнхболд мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт “...би хэрэг болохоос 3 хоногийн өмнө Болортуяагийн хамт Хишиг-Үүд зочид буудалд архи ууж байхдаа, Болортуяагийн зүүн хөлийн тавхайн дээр санамсаргүй байдлаар гутлаараа гишгэсэн, тэгээд маргааш өдөр нь Болортуяа зүүн хөлөн дээрээ бүрэн гишгэж чадахгүй, хөл нь зовиуртай байхаар нь наад хөлөө яачихсан юм гэж асуусан чинь надад гутлаа тайлж үзүүлээд энийг харлдаа чи өчигдөр согтуу байхдаа миний хөлөн дээр гишгээд ийм болгочихлоо гэж хэлсэн. Тухайн үед Болортуяагийн зүүн хөлний тавхайны хуруунууд нь нилэнхүйдээ улайж хавдсан байдалтай байсан... тэр өдөр машинаа бариулах гээд дуудахад хазганаад явж байсан... үзүүлэх гээд хот руу явсан. Хотод очоод над руу нэг орой 21 цагийн үед утсаар ярьж чи миний хөлөн дээр гишгээгүй шүү гэж хэлж байсан...” гэсэн, гэрч Н.Мөнгөнцэцэгийн “...1-2 хоногийн дотор хугарсан гэдгээ мэдэхгүй байх үндэслэлтэй, яагаад гэвэл чигчий хурууны яс болон гарын хурууны яс тулчихсан юм шиг өөрт нь хөндүүр мэдэгдээд дараа нь үзэхэд хугарсан байх тохиолдолууд гардаг” гэсэн, шинжээч П.Гаваасүрэн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт: “Дээрх гэмтэл буюу зүүн хөлний 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу хугарал нь хөлийн тавхайн гадна хэсгийн ясанд учирсан гэмтэл бөгөөд өшиглөх, хөл дээр хүчтэй гишгэх, эвгүй дарж унах, юманд цохих үед үүсэн боломжтой юм. Нарийн яс байдаг учраас амархан хугардаг ... гэмтэл аваад өөрт зовиурлахгүй үе байна. Хүний биеийн онцлогоос шалтгаалан гэмтэл авснаас хойш 7 хоногийн дотор хэзээ гэмтэл авсан эсэхийг нь мэдэх боломжгүй... надад 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр үзүүлсэн тэрнээс өмнө хэд хоногийн өмнө авсан байж болно... яг хэдийд гэмтэл авсныг хэлж мэдэхгүй” гэсэн мэдүүлгүүд, хохирогчийн гэмтлийн талаарх фото зургууд /хх-ийн 5-6/ болон 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр цагдаад гаргасан өргөдөлд /хх-ийн 2/ биедээ авсан гэмтлүүдийг бичсэн, фото зураг өгсөн атлаа зүүн хөлийн тавхай болон хуруу өвдөж байгаа талаараа бичээгүй, фото зураг өгөөгүй, удаа дараа хохирогчоор байцаагдахдаа Мөнхболдод гишгүүлээд хөл нь хавдсан байсан талаар огт мэдүүлээгүй зэргээс үзэхэд хохирогч М.Болортуяагийн биедээ авсан зүүн хөлний 5 дугаар хурууны 3 дугаар шивнүүрийн ташуу хугарал нь шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт зодуулсны улмаас учирсан гэмтэл гэж үзэх боломжгүй байх ба шүүгдэгч нар дээрх гэмтэлийг учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна. Харин хохирогч М.Болортуяагийн бие махбодид хөнгөн гэмтэл учруулсан болох нь: шүүгдэгч нар болон хохирогч, шинжээч, гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн “...дээд уруулын баруун талд язарсан шарх, дээд уруулын дотор талд язарсан шарх, хамрын баруун угалзанд зулгаралт, зүүн бугалганы гадна дээд талд цус хуралт, баруун мөрний урд талд цус хуралт, хэвлийн зүүн доод талд цус хуралт, баруун далан дээр, зүүн далан дээр зүүн гуяаны гадна дээд талд цус хуралт, зүүн хөлийн 2, 3-р хурууны 2-р үений ар талд цус хуралт гэмтлүүд нь дан дангаараа гэмтэл тогтоогдохгүй ба нийлээд “ Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчилж хөнгөрүүлэн зүйлчилэх үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Шүүх Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нарыг бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон болно.

Шүүгдэгч Б.Дуламжав, Б.Мөнхцэцэг нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмчлүүлэгчийн карт, рентген зургийг хохирогч М.Болортуяад буцаан олгож, 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, 86-68 ДГО улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг Б.Мөнхцэцэгт, 18-27 ДГО улсын дугаартай улаан өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг Б.Дуламжавт тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогч М.Болортуяа нь 1,633,350 төгрөгийг нэхэмжилснээс /хх131/ 590,000 төгрөгийн хэсгийг хангаж, үлдэх 1,043,350 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хэргийн 85 дугаар хуудсанд авагдсан хөрөнгийн үнэлгээний тайлангаар хохирогч М.Болортуяагийн гоо сайхны хэрэглэл, жолооны үнэмлэхийг 217,926 төгрөгөөр, хэрэг болох үед өмсөж явсан цамц, фудволк, өмдийг 65,000 төгрөгөөр нийт 282,926 төгрөгөөр үнэлсэнээс хохирогч М.Болортуяа нь дээрх хувцаснуудыг өөрөө буцаан авсан, ашиглах боломжгүй хаясан гэж мэдүүлдэг боловч хавтас хэрэгт тэр талаар баримт байхгүй байх тул хувцасны үнэ 65,000 төгрөгийг хасч тооцох үндэслэлтэй байна. Мөн хавтаст хэрэгт авагдсан 132-133 дугаар хуудсанд авагдсан баримтуудаас рентген зураг 10,000, 16,200 төгрөг, амбулторын үзлэгийн төлбөр 15,000 төгрөг, Улаанбаатар явсан зардал 22,850 төгрөг, толгой, сээр нурууны оношлогооны 240,000 төгрөг, эм тариа 9,000 төгрөг, фото зургийн төлбөр 12,400 төгрөг, хөрөнгийн үнэлгээний төлбөр 30,000 төгрөг, нийт 355,450 төгрөг, гоо сайхны хэрэглэл, жолооны үнэмлэхийн 217,926 төгрөг /355,450+217,926/ нийт 573,376 төгрөгийг шүүгдэгч нараас хохирогчид гаргуулах үндэслэлтэй боловч шүүгдэгч нар нь шүүхийн шатанд 590,000 төгрөгийг хохирогчид хүлээлгэн өгсөн тул хохирол төлбөрийг төлж барагдуулсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Хохирогчийн нэхэмжлэлийн шаардлага болох 1,633,350 төгрөгнөөс шүүгдэгч нарын өгсөн 590,000 төгрөгийг хасаад үлдсэн 1,043,350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно. Учир нь: хэрэгт Одбаатар, Мөнхзул гэсэн хоёр хүний нийт 44,700 төгрөгний зорчих эрхийн тасалбар авагдсан боловч хохирогч М.Болортуяад учирсан хохирол гэж үзэх боломжгүй мөн машинаар буцаж ирсэн зардал 120,000 төгрөг, хөлний зураг 20,000 төгрөг, гипс 20,000 төгрөг, Эход үзүүлсэн 40,000 төгрөг, эм тарианы зардал 108,000, 128,000 төгрөг, асран хамгаалж явсан хүний ажлын хөлс 480,000 төгрөг, хоол хүнс, таксины мөнгө 150,000 төгрөг гэх мэтчилэн нэхэмжилсэн боловч энэ талаарх баримтууд хавтаст хэрэгт авагдаагүй тул шүүгдэгч нараас гаргуулах боломжгүй бөгөөд шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хохирлыг шийдвэрлэсэн болно. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-299 дүгээр зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Батхүрэлийн Мөнхцэцэг, Тайж овогт Болдын Дуламжав нарт Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 болгон өөрчлөн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч Боржигин овогт Батхүрэлийн Мөнхцэцэг, Тайж овогт Болдын Дуламжав нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарыг 300 /гурван зуун/ цагийн албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-т зааснаар шүүгдэгч Батхүрэлийн Мөнхцэцэг, Болдын Дуламжав нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нар нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт тэдний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эмчлүүлэгчийн карт, рентген зургийг хохирогч М.Болортуяад буцаан олгосугай.

7. Шүүгдэгч нар нь шүүхийн шатанд хохирогч М.Болортуяад хохирол төлбөрт 590,000 төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

8. Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогч М.Болортуяагийн нэхэмжилсэн 1,633,350 төгрөгний нэхэмжлэлийн шаардлагаас 590,000 төгрөгний хэсгийг хангаж, үлдэх 1,043,350 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

9. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн мөрдөн байцаагчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолуудыг хүчингүй болгож, 86-68 ДГО улсын дугаартай мөнгөлөг өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч Б.Мөнхцэцэгт, 18-27 ДГО улсын дугаартай улаан өнгийн Приус 20 маркийн суудлын автомашиныг шүүгдэгч Б.Дуламжавт тус тус олгосугай.

10. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхцэцэг, Б.Дуламжав нарт урд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Энэ шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ   Б.НАРМАНДАХ