Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 2020/ДШМ/038

 

М.Б холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Г.Уламбаяр даргалж, шүүгч Л.Нямдорж, В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогчийн өмгөөлөгч ******* /цахим/

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Шүүгдэгч М.Б

Нарийн бичгийн дарга В.Ундрах-Оргил нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлоор М.Б холбогдох эрүүгийн 1914007970050 дугаар хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Уламбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

  Монгол улсын иргэн,  М.Б, .......... улсаас авсан гавъяа шагналгүй, 2013 оны 01 дүгээр сарын 18-нд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэгдсэн

М.Б нь бусдын асран хамгаалалтад байдаг өөрийн төрсөн хүү болох *******ы тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжийг зохиомол байдлыг зориуд бий болгож, бодит байдлыг нууж 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл авч бусдад 19.775.400 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

  Баянхонгор аймгийн Прокурорын газраас М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч  М.Бг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч  М.Бг гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч М.Б оногдуулсан гурван зуун тавин / 350 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг едөрт наймаас дээшгүй цагаар хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б нь нийтэд тусгай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол иийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж хяналт тавьж хэрэгжүүлэхийг Баянхонгор аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч М.Б гэмт хэргийн улмаас учирсак хор уршиг хорин сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун хорин есөн төгрөгийг арилгах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэж, хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Б нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй боп прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5, 6-д зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болгоомжгүй гэмт хэрзг үйлдсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учир хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлсэн байдлыг харгалзан ял сногдуулах эсэхийг шүүх шийдвэрлэхийг тус тус дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч М.Бгаас хорин сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун хорин есөн / 20.395.129 / төгрөгийг гаргуулж бага насны хохирогч *******д 2021 оны 03 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлж олгохыг Баянхонгор аймагдахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч М.Б нь хэргийн учир цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б гаргасан давж заалдах гомдолдоо: Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг хүлээн авч эс зөвшөөрөн дараах гомдлыг гаргаж байна.

Намайг 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл өөрийн төрсөн хүү болох *******ы тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө 19.775.400 төгрөгийг хувьдаа завшихдаа өөрийн хүү *******ыг 2010 онд Дархан-Уул аймаг дахь “СОС” хүүхдийн асрамжийн төвд асруулахаар өгсөн бодит байдлыг нууж хүүхдийн тэтгэмжийн мөнгийг завшсан гэж гэм буруутайд тооцон тус шүүхээс 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг 20.395.129 “хорин сая гурван зуун ерэн таван мянга нэг зуун хорин есөн төгрөгийг гаргуулж бага насны хохирогч *******д 2021 оны 03 дугаар сарын 19-ний дотор хэсэгчлэн төлүүлж, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурьдаж шийдвэрлэсэн.

Миний хувьд хүү *******тай байнга холбоотой байж жил болгон уулзаж эргэж тойрон анхаарал халамж тавин ойр зуурын хэрэглээний мөнгийг шилжүүлсээр ирсэн бөгөөд хүүг Дархан-Уул аймгийн “СОС” хүүхдийн хотхонд байсан тэр үед халамжийн мөнгө над дээр шилжиж ирсэн.

Тэр үед миний хүү 5 настай байсан учир мөнгийг захиран зарцуулж чадахгүй тул эцэг хүний хувьд мөнгийг хадгалж байгаад хүүдээ өгнө гэж бодож байсан боловч тухайн үеийн амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан өөрийн эм тарианд зарцуулсаар ирсэн ба 2019 онд хүүдээ халамжийн мөнгөний талаар хэлж 18 нас хүрэхээр өгнө гэдгээ хэлж байсан.

Би 2007 оноос эхлэн бамбай булчирхайн өвчиний улмаас хагалгаанд орж 2010 оноос эхлэн уушигний өвчинөөр өвдөж хагалгаанд орон мөн уушигний сүрьеэ өвчинөөр өвдөн эмчлүүлж одоо хүртэл эмчийн хяналтанд байдаг ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг бөгөөд тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхийн тогтоосон 20.395.129 төгрөгийг 1 жилийн дотор төлж чадахгүй, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан удаан хугацаагаар зогсох, хүнд хүчир ажил хийж чаддаггүй бөгөөд холбогдох баримтыг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн.

Би хэн нэгний хууран мэхэлж, хуурамч бичиг баримт ашиглан зохиомол байдлыг зориудаар бий болгож санаатайгаар гэмт хэрэг үйлдээгүй бөгөөд хохирогч гэх *******ы төрсөн эцэг тул түүний тэжээгчээ алдсаны мөнгийг авах эрхтэй гэж бодсон бөгөөд уг эрх надад хуулийн дагуу шилжиж ирсэн билээ.

Иймд Шүүхээс ял шийтгэл оногдуулахдаа миний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалцан үзээгүй тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 84 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хянан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* гаргасан хариу тайлбартаа: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолоор  М.Бг бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, гэмт хэргийг улмаас учирсан хохирол 20 395 129 төгрөгийг насанд хүрээгүй хохирогч *******д 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлсэн хийгээд хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлтэй үнэн зөв гарсан гэж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* миний бие үзэж байна.

Шүүгдэгч М.Б нь анхан шатны шүүхээс оноосон ял шийтгэлээ хөнгөрүүлнэ хэмээн сэтгэж, Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдол нь дараах үндэслэлүүдээр няцаагдаж байна.

Шүүгдэгч М.Б нь өөрийн төрсөн хүү *******ыг нагац эгч *******ийн асран хамгаалалтанд байхад нь 2009 оны 03 дугаар сард өөрийн асран хамгаалалтанд авсан ба төд удалгүй 2010 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт байрлах “Монголын СОС” хүүхдийн хотхонд хүү *******ыг хүлээлгэн өгч тус хотхонтой “Хүүхэд хүлээн авах гэрээ”-г байгуулж, өөрийн төрсөн хүү *******ыг тус хотхонд хүлээлгэн өгсөн байдаг. Дархан-Уул аймагт байрлах “Монголын СОС” хүүхдийн хотхонтой байгуулсан “Хүүхэд хүлээн авах гэрээ”-ний 2.2.-Т “Монголын СОС” хүүхдийн хотхонд хүүхдийг албан ёсоор хүлээн авснаас хойш өргөдөл гаргагч нь хүүхэдтэй холбоотой бүхий л асуудал хотхонд хамааралтай болохыг зөвшөөрнө. “Хүүхэд хүлээн авах гэрээ”-ний 2.4.-т Хүүхдэд олгогдох бүх төрлийн мөнгөн тэтгэлэгийг хуулийн дагуу харъяа сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст шилжүүлнэ. “Хүүхэд хүлээн авах гэрээ”-ний 4.-т Хэрэв хүүхдэд санхүүгийн мөнгөн дэмжлэг, тэжээгчээ алдсаны тэтгэвэр, тэтгэмж олгогддог бол хүүхдийн нэр дээр данс нээж хадгалах ба уг хөрөнгийг хүүхдийн насанд хүрэхэд нь олгоно гэсэн заалтуудыг зөрчиж, харъяа сум, дүүргийн Хөдөлмөр, халамжийн хэлтэст мэдэгдэлгүйгээр 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сарыг хүртэл 9 жил, 2 сарын хугацаанд 19 775 400 төгрөгийн хүүхдийн тэтгэмжийн мөнгийг завшсан хууль бус үйлдэл нь хууль ёсны дагуу хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэгүүд болон шүүгдэгч М.Бгийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн зэргээр давхар нотлогдсон. Шүүгдэгч М.Б нь уг гэмт хэргийг 9 жил, 2 сарын хугацаанд тогтвортой, санаатайгаар урт хугацаанд үргэлжлүүлэн үйлдсэн бөгөөд насанд хүрээгүй хохирогч *******ы асрамжийн газарт байхдаа болон насан хүрсэнийхээ дараа хэрэглэх ёстой байсан мөнгийг өөртөө хууль бусаар завшиж, хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авах гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон. Энэ нөхцөл байдлуудыг дүгнээд үзэхэд шүүгдэгч М.Б нь хүү *******ыг өөрийн асрамжиндаа авч байгаа дүр үзүүлэн төд удалгүй хүү *******ыг асрамжийн газарт хүлээлгэн өгч байгаагаас харахаад анхнаасаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг авах, өөртөө хэрэглэх зорилгоор энэ бүх байдлыг зохиомолоор бүрдүүлж энэ гэмт хэргийг үйлдсэн нь тодорхой харагддаг. Шүүгдэгч М.Б нь хуулиар хүлээсэн эцгийн үүргийг биелүүлээгүйгээс гадна өөрийн төрсөн хүү *******ы ирээдүйн болон амьдралын баталгаа болсон тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг хууль бусаар авч ашигласан нь шүүгдэгч М.Бг хувь хүний мөс чанар хэр зэргийн болох түүний ёс суртахуун хичнээн их доройтсон болохыг тод томруунаар харуулж байна.

Шүүгдэгч М.Б нь бамбай булчирхайн өвчний улмаас 2007 онд хагалгаанд орж, 2010 оноос уушигний сүрьеэ өвчинөөр өвчилсөн одоог хүртэл эмчийн хяналтанд байдаг гэх бөгөөд бамбайн булчирхайн өвчин нь хүний төрөлхийн өвчин, уушигний сүрьеэ өвчин нь хүний олдмол өвчин бөгөөд энэ хоёр өвчин нь хоёулаа эдгэрдэг өвчин бөгөөд 2007 оноос хойш өнөөдрийг хүртэлхи 13 жилийн хугацаанд эдгэрчих хэмжээний хугацаа өнгөрсөн байна. Иймд шүүхээс тогтоосон хугацаа буюу 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн дотор авч ашигласан тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө 20 395 129 төгрөгийг хүү *******д төлөх бүрэн боломжтой бөгөөд шүүгдэгч М.Б гагцхүү хүүхдийн тэтгэмжийн мөнгийг буцааж өгье гэсэн сэтгэл дутаж байгаа нь харагддаг. Үүний гол жишээ нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаас харахад шүүгдэгч М.Бгийн 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн байдлаар банкуудын 3 харилцах дансанд нийт 3 567 021 төгрөг байсан бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлөхөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд илэрхийлээгүй бөгөөд хохирлоосоо сайн дураар одоог хүртэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Шүүгдэгч М.Б нь өөрийн гэсэн хашаа байшин болон орон сууцтай гэдэгээ анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн бөгөөд шүүгдэгч М.Бг эхнэр Ц.Ундраатайгаа хамтарч бизнес хийдэг талаар болон боломжийн амьдралтай тухай насанд хүрээгүй хохирогч ******* хүртэл хэлдэг.

Шүүгдэгч М.Б нь өөрийн бие эрүүл мэндийн байдлаас шалтгаалж хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгийг өөртөө хэрэглэсэн гэдэг боловч түүний эрүүл мэндийг хамгаалах талаар төрөөс тусгайлан анхаарч хөдөлмөрийн чадвар алдсаны тэтгэмжийг сар болгон өгч байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар нотлогдсон.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг нь ялын санкцын хувьд “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг зуун дөчин цагаас дөрвөн зуун наян цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэлтэй бөгөөд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч М.Бг анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэхээр шийдвэрлэсэн нь шүүгдэт М.Бгийн эрүүл мэндийн болон хувийн байдлыг хангалттай анхаарч үзсэн байна гэж дүгнэж болохоор байна.

Насанд хүрээгүй хохирогч *******ы авах ёстой байсан 19 775 400 төгрөг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гарсан зардал 716 379 төгрөг, нийт 20 395 129 төгрөгийг шүүгдэт М.Бгаас яаралтай /2021.03.19-ний өдрийн дотор/ гаргуулах нь одоо нэн тэргүүний асуудал байна. Түүнээс биш насанд хүрээгүй хохирогч ******* болон хууль ёсны төлөөлөгч ******* миний хувьд төрсөн эцэг шүүгдэгч М.Бг нийгмээс тусгаарлах, хорих ял шийтгэлээр шийтгүүлэх ямар ч сонирхол байхгүй.

Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоол нь хуульд заасан шаардлага хангасан нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй үнэлсэн хийгээд хууль ёсны бөгөөд хууль зүйн үндэслэлтэй үнэн, зөв гарсан байх тул анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би тэтгэмжийн мөнгийг хүүхдээ дагаж шилждэг гэдгийг мэдээгүй. Хүүгээ 18 нас хүртэл эцэг болох би захиран зарцуулах эхртэй гэж ойлгосон гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн ял оногдуулах үндэслэл болоод байгаа 2010 оны СОС хотхонтой байгуулсан гэрээг М.Б биш Ундраа гэдэг хүн хийснийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсч байна. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй бодит байдлыг нуусан тул анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч М.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Баянхонгор аймгийн прокурорын газраас М.Бг бусдын асран хамгаалалтад байдаг өөрийн төрсөн хүү болох *******ы тэжээгчээ алдсаны тэтгэмжийн мөнгө буюу нийгмийн халамжийн тэтгэмжийг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж, 2010 оны 10 дугаар сараас 2019 оны 12 дугаар сар хүртэл авч бусдад 19.775.400 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгч М.Бг зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэмж үйлчилгээг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1-д зааснаар түүнд гурван зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй болжээ.

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт бүрэлдэхүүний онцлог шинж нь “хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгосон” идэвхтэй үйлдлээр илрэх юм.

Өөрөөр хэлбэл тухайн этгээд нь хууль бусаар нийгмийн халамж, үйлчилгээ авахын тулд баримт нотолгоог зохиомлоор бий болгох, агуулгыг гуйвуулан өөрчлөх, хуурамчаар үйлдэх, зохиомлоор хасах эсхүл нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо, тэмдэглэгээ зэргийг өөрчилсөн идэвхтэй үйлдэл хийж, улмаар хуурамч баримт бичиг, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээг авсан байхыг ойлгоно.

 Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад М.Б нь өөрийн төрсөн хүү *******ы тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авахын тулд нотлох баримтыг зохиомлоор бий болгох, агуулгыг гуйвуулан өөрчлөх, хуурамчаар үйлдэх, зохиомлоор хасах эсхүл нэмэлт оруулах, тамга, тэмдэг, гарын үсэг, тоо, тэмдэглэгээ зэргийг өөрчилсөн идэвхтэй үйлдэл огт хийгээгүй байна.

М.Б нь 2003 оны 7 дугаар сарын 17-ны өдөр төрсөн өөрийн төрсөн хүү *******ыг 2010 онд өөрийн асран хамгаалалтад авч, улмаар тэжээгчээ алдсаны тэтгэмжийг хууль ёсоор авах болсон нь Улсын нийгмийн даатгалын Ерөнхий газраас 2010 онд олгосон тэтгэврийн дэвтрээр нотлогдож байна.

Тэрээр өөрийн төрсөн хүү *******ыг асран хамгаалж байхдаа тэжээгчээ алдсаны тэтгэмжийг авах эрхийг хууль ёсоор авч, сар бүрийн тэтгэмжийн мөнгийг захиран зарцуулж байгаад 2010 оны 9 дүгээр сард хүү *******ыг Дархан-Уул аймагт байрлах “Монголын СОС” хүүхдийн хотхоны асрамжид өгөх гэрээг эхнэр Ц.Ундраа нь хийж, хүүг шилжүүлэн өгөхдөө түүний тэжээгчээ алдсаны тэтгэмж авах эрхийг асрамжийн газарт гэрээнд заасны дагуу шилжүүлэх үүргээ биелүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 М.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулаагүй байна.

Иймд М.Б холбогдох 1914007970050 дугаартай хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 2020/ШЦТ/84 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч М.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914007970050 дугаартай эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, М.Бг цагаатгасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар М.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Г.УЛАМБАЯР

ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ, 

В.ЦЭЦЭНБИЛЭГ