| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ц.Одмаа |
| Хэргийн индекс | 128/2026/0377/З |
| Дугаар | 221/МА2026/0605 |
| Огноо | 2026-08-20 |
| Маргааны төрөл | Төрийн хяналт шалгалт, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 221/МА2026/0605
Т ХХК -ийн гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0554 дүгээр шийдвэртэй захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Билгүүн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Зоригтбаатар
Илтгэгч шүүгч Ц.Одмаа
Хэргийн оролцогчид:
Гомдол гаргагч: Т ХХК
Хариуцагч: Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар
Шүүх хуралдааны оролцогчид:
Гомдол гаргагчийн өмгөөлөгч Х.О
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр
Хэргийн индекс: 128/2026/0377/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0554 дүгээр шийдвэрээр “Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.8, 16 дугаар зүйлийн 16.1.5, Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Т ХХК-иас Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Р-д холбогдуулан гаргасан “... 2026 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 00481** дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:
2.1. С.М нь Т ХХК -д захиргааны менежер албан тушаалд ажилладаг бөгөөд уг хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгтээ 3-4 цагдаа ирээд өвлийн улиралд зуух битүүмжилнэ гэсэн учраас айж сандарсандаа тэдний хэлснээр тайлбар бичиж өгсөн, түүхий нүүрс үү, мидлинг үү гэдгийг би мэдэхгүй, аж ахуйн албаны хүн мэддэг талаар дурдсан байдаг. Аж ахуйн албаны ажилтан н.М гэрчээр өгсөн мэдүүлэгтээ түүхий нүүрс хэрэглээгүй, шатаагаагүй талаар, тухайн үеийн нөхцөл байдлын талаар мэдүүлсэн байдаг. Гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс С.М-г хууль эрх зүйн мэдлэггүй байдлыг ашиглан, өмгөөлөгчтэй байлцах, зөвлөгөө мэдээлэл авах хүсэлтийг нь харгалзан үзэхгүйгээр цагдаагийн албан хаагчид тайлбар бичүүлж авсан талаар, мөн гэрчийн мэдүүлгүүд болон хэрэгт авагдсан баримтаар түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчил тогтоогдоогүй гэх тайлбарыг мөн гаргасан атал шүүх гэрчийн мэдүүлгүүд, өмгөөлөгчийн тайлбарыг хэрхэн үнэлж байгаа талаар дүгнэлт өгөөгүй, хэргийн үйл баримтыг зөв тогтоохгүйгээр үндэслэлгүй шийдвэр гаргажээ.
2.2. Хавтаст хэргийн 80 дугаар талд авагдсан Уул уурхай, газрын тосны газрын төв лабораторийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн сорилын тайланд хэдэн сарын хэдний өдрийн ямар албан бичгээр ирүүлсэн дээжид хийсэн сорил болох, Т ХХК -иас авсан дээж мөн эсэх нь тусгагдаагүй байдаг. Өөрөөр хэлбэл хэргийн материалд авагдсан сорилтын тайлан нь манай байгууллагаас авсан гэх дээжийн тайлан болох нь тогтоогдоогүй. Түүнчлэн тайланд энэ дээж нь стандартад заагдсан шаардлагыг хангаагүй, түүхий нүүрс мөн байна гэсэн дүгнэлт байдаггүй. Сорилтын тайлан дээр тодорхойгүй зүйлс байсаар байтал хариуцагч нь шинжилгээ хийсэн лаборатори, байгууллагаас тодруулга авч, түүхий нүүрс мөн эсэхийг баталгаажуулах, нэг мөр тогтоох ажиллагаа хийгээгүй, харин сорилтын тайланд байхгүй зүйлийг өөрөө дүгнэж, түүхий нүүрс мөн болох нь тогтоогдсон гэж тайлбарлаж байгаа нь хуульд заасан эрхээ хэтрүүлж, урьдчилсан дүгнэлт хийхийг хориглосон хуулийн зохицуулалтыг зөрчсөн. Дээрх нөхцөл байдлыг гомдол гаргагчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны явцад тайлбарлаж мэтгэлцсэн атал шүүхээс дүгнэлт өгөөгүй. Мөн Т ХХК-ийг түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил гаргасан гэж тогтоогдсон гэж үзэхдээ сорилтын дүнгээр Т ХХК-ийн өмчлөлийн “Т Х”-ын хашаанд байсан нүүрс нь хүрэн нүүрс болох нь тогтоогдсон байна” гэж дүгнэж байгаа нь өөр хоорондоо зөрүүтэй буюу түүхий нүүр эсхүл хүрэн нүүрс алиныг хэрэглэсэн гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна. 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн Угааж баяжуулсан нүүрс /мидлинг/-ийн худалдах, худалдан авах ТТТ-2025-110-А тоот гэрээ нь угааж баяжуулсан нүүрс нийлүүлэх, нөгөө талаас төлбөр төлөх харилцааг зохицуулсан гэрээ бөгөөд Т ХХК-ийг хэдий хугацаанд ямар хэмжээний, ямар нүүрс хэрэглэхийг зохицуулах харилцаатай гэрээ биш юм. Гэтэл шүүх гэрээгээр зохицуулагдаагүй, хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдоогүй үйл баримтыг хариуцагч талд ашигтай байдлаар, нотлох баримтыг буруу үнэлсэн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
2.3. "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам"-ын 4.1-д Агаарын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д зааснаас газны ногоон бүсэд дараах үйл ажиллагааг хориглоно гэж заасан байдаг. “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам"-ын 4.1 дэх заалт нь ногоон бүсэд хамаарах бөгөөд 4.1.1-4.1.6 хүртэлх заалтаар хориглох үйл ажиллагааг тусгасан. Үүнээс 4.1.1-д стандартад нийцсэн бүх төрлийн хийн болон шингэн түлшнээс бусад төрлийн түлш, эд зүйл шатаахыг хориглосон байдаг. Гэтэл журмын 4.2- т "4.1-т заасан үйл ажиллагааг шар бүсэд хамаарах хороодоос бусад хороодод хориглоно" гэж тодорхой заасан байдаг. Өөрөөр хэлбэл Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журмаар уг зохицуулалт нь шар бүсэд бус ногоон бүсэд хамаарахыг нарийвчлан зохицуулж өгсөн байдаг.
2.4. Гомдол гаргагчийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдааны явцад гаргасан эрх бүхий албан тушаалтны явуулсан хяналт шалгалт, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуульд нийцээгүй талаарх тайлбар, түүхий нүүрс хэрэглэсэн гэх зөрчил хангалттай тогтоогдохгүй байгаа, нотлох баримтууд хоорондоо зөрчилдөж байгаа талаарх тайлбарууд дээр шүүхийн зүгээс огт дүгнэлт өгөхгүй шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчиж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Шүүх дараах үндэслэлээр давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газрын Хяналт, шалгалтын хэлтсийн байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж.Р-гийн 2026 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 00481** дугаартай шийтгэлийн хуудсаар гомдол гаргагч Т ХХК -ийг хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулж, хориглосон бүсэд түүхий нүүрс хэрэглэсэн гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 3 000 000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны зардал болох 1 890 000 төгрөгийг гаргуулахаар тус тус шийдвэрлэжээ.
2.2. Гомдол гаргагчаас дээрх шийтгэлийн хуудсыг эс зөвшөөрч хүчингүй болгуулах шаардлага бүхий гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд гомдлын шаардлагын үндэслэлээ “... хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулаагүй бөгөөд нүүрс хэрэглэсэн болохыг хэрхэн яаж тогтоосон нь тодорхойгүй ...” гэж тайлбарлан маргасан байна.
2.3. Анхан шатны шүүх “... аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс шатаахгүй байх үүрэгтэй ... галлагааны хугацаанд компанийн зуух зогсоогүй байх ба 850 тонн мидлингийг хэрэглэх хугацаанд 41.6 тонн мидлингийг хэрэглэж, зуухнуудыг хэвийн ажиллуулах ямар ч боломжгүй бөгөөд энэ хугацаанд гомдол гаргагчийг түүхий нүүрс хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна ...” гэж дүгнэн гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.
2.4. Учир нь Агаарын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн дараах эрх, үүрэгтэй”, 9.1.8-д “агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх”, 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь нутгийн захиргааны байгууллагатай хамтран агаарын бохирдлыг бууруулах зорилгоор агаарын чанарыг сайжруулах бүсийг тогтоож, тухайн бүсэд мөрдөх журмыг батална” гэж, 16 дугаар зүйлийн 16.1-д “Агаарын чанарыг сайжруулах бүсэд дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 16.1.5-д “түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад хаягдал зүйлс шатаах” гэж тус тус заасан.
2.5. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч нарын 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн А/651, 983 дугаар хамтарсан тушаал, захирамжаар нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг болон тухайн бүсэд дагаж мөрдөх журмыг тус тус баталсан байх бөгөөд үүнээс үзвэл гомдол гаргагч хуулийн этгээдийн үйл ажиллагаа явуулж буй байршил нь агаарын чанарыг сайжруулах шар бүсэд багтсан байна.
2.6. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл, аливаа аж ахуйн нэгж, байгууллага нь агаарын чанарыг сайжруулах бүсэд түүхий нүүрс болон агаар бохирдуулах бусад зүйл шатаахгүй байх үүрэгтэй, тухайн бүсэд түүхий нүүрсийг шатаахыг хуулиар хоригложээ.
2.7. Гэтэл хэрэгт авагдсан Ашигт малтмал, газрын тосны газар, Уул уурхай, газрын тосны төв лабораторийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 14/06 дугаар сорилтын тайлангаар гомдол гаргагч хуулийн этгээдийн зууханд хэрэглэж буй түлш нь ердийн нүүрс болох нь, мөн тухайн нүүрсийг хэрэглэж байсан нөхцөл байдал нь С.М-ийн тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
2.8. Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилго нь хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг зөрчилд тооцох, түүнийг үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах замаар шударга ёсны тогтолцоог бэхжүүлэхэд оршино”, 1.2 дугаар зүйлийн 1-д “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, 2.1 дүгээр зүйлийн 1-д “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил гэнэ” гэж тус тус заасан.
2.9. Тодруулбал, Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Энэ хуульд заасан зөрчил тус бүрд шийтгэл оногдуулна” гэж заасан бөгөөд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дүнд зөрчил үйлдсэн нь тогтоогдвол хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй байх бөгөөд энэ тохиолдолд гомдол гаргагч хуулийн этгээд нь хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогдож байх тул Зөрлийн тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт “нуун дарагдуулсан, эсхүл хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасны дагуу шийтгэл оногдуулсан хариуцагчийн шийдвэр үндэслэлтэй.
Хэрэгт авагдсан баримтуудаар гомдол гаргагчийн үйлдсэн зөрчил нэгэнт тогтоогдсон энэ тохиолдолд “зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй .
2.10. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 128/ШШ2026/0554 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон түүний өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нараас давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН
ШҮҮГЧ Э.ЗОРИГТБААТАР
ШҮҮГЧ Ц.ОДМАА