Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 128/2014/0704/з |
Дугаар | 221/МА2016/0699 |
Огноо | 2016-10-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2016 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 221/МА2016/0699
“******* үсэг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.*******, Н.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.*******, М.*******, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттулга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, “******* үсэг групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Татварын ерөнхий газар, Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар батлагдсан Үнэлгээний хороонд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулингийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрээр: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3, 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1, 46 дугаар зүйлийн 46.1.3-т заасныг баримтлан “******* үсэг групп” ХХК-ийн “Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг анхаарч үзээгүй ба зөвхөн хүчингүй болсон Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 534 дүгээр шийдвэрийн үндэслэх хэсгээс байрлалыг нь өөрчлөх байдлаар хуулбарлан шийдвэртээ тусгаснаас өөрөөр хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл програм хангаж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэж тодорхойлсон ба үндэслэлээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “...Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасны дагуу тендер шалгаруулагчаас дээрх хуулийн дагуу тендерийн шалгаруулалтыг хийгээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримт болон шүүх хуралдааны үед зохигчдын тайлбараар тогтоогдсон болно. Хариуцагч гуравдагч этгээдээс ирүүлсэн тендерт дээрх хуулийн шаардлагыг хангасан эсэхийг огт тодорхойлоогүй мөртлөө тендерт оролцогч 2 аж ахуйн нэгжийг шаардлага хангасан гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд захиалагчийн техникийн тодорхойлолтын 3 дугаар зүйлийн 3.1.1-т цаасны шаардлага нь “...өндөр зэрэглэлийн нууцлалтай, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах ялтастай, дахин давтагдахгүй усан хээтэй, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан цавуутай болон цавуугүйгээр үйлдвэрлэгдсэн байх”, 3 дугаар зүйлийн 3.1.13-т “...нийлүүлэгч нь архи, дарс үйлдвэрлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн тус бүрт онцгой албан татварын наах тоног төхөөрөмжийг суурилуулна. Тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, сургалт явуулах арга хэмжээг авч ажиллана, холбогдох зардлыг барааны үнэд багтаан тооцно” гэсэн шаардлагуудыг тендерт оролцогч “Үндэсний үнэт цаас” ХХК болон “******* үсэг групп” ХХК-иас ирүүлсэн тендерийн баримтуудаас харахад дээрх технологийн шаардлагуудыг тендерт шалгарсан гэж үзсэн нь шударга ёсонд нийцэхгүй байгаа төдийгүй “Үндэсний үнэт цаас” ХХК-иас ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч тендерээс татгалзах байжээ. Уг үйл байдал нь шүүх хуралдааны үед талуудын тайлбар, асуулт хариултын шатанд бүрэн тодорхой болсон бөгөөд техникийн тодорхойлолтод заагдсан шаардлага хангасан цаасаар онцгой албан татварын тэмдэг хэвлэх эсэх, хаана үйлдвэрлэгдсэн, ямар тоног төхөөрөмж суурилуулах нь тодорхойгүй, ямар програм хангамж суулгах талаар тендерийн баримтад байхгүй байхад хариуцагч гуравдагч этгээдийн ирүүлсэн тендерийг тендерийн шаардлага хангасан гэж үзсэн нь хууль зөрчсөн, уг байдлын талаар хуралдаан даргалагчийн зүгээс хариуцагч талаас дахин давтан тодруулж тогтоосон ч шүүх хэргийг шийдвэрлэхдээ шударга байдлын эсрэг хууль хэрэглээний хувьд алдаатай байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь учир дутагдалтай болжээ. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т зааснаар хамгийн бага үнийн санал ирүүлэх нь ач холбогдолтой, ялагч болох байсан бол нэхэмжлэгчийн зүгээс хамгийн бага үнийн саналын уралдаанд шууд оролцох боломжтой төдийгүй ингэх тохиолдолд гоё урт нэртэй тендер шалгаруулах шаардлагагүй, онцгой албан татварын тэмдэгтийг хуурамчаар үйлдэхээс сэргийлэх, онцгой албан татварын төсөвт төвлөрүүлэх хэмжээг нэмэгдүүлэх төрийн ашиг сонирхол биелэгдэхгүй ба зөвхөн бага зардлаар ашиг олох гэсэн аж ахуйн нэгжийн зорилгод нийцэж байгаа бөгөөд гуравдагч этгээдээс тендер тус бүрт ирүүлсэн үнийн саналаар тендерийн шаардлагад нийцсэн онцгой албан татварын тэмдэгтүүдийг үйлдвэрлэх боломжгүй гэж үзсэн нэхэмжлэгч талын тайлбар ч үүнтэй хамааралтай юм. Энэхүү нөхцлөөс шалтгаалж тендерийн шаардлага хангаагүй гуравдагч этгээдийн тендерийг шууд хамгийн бага үнийн санал өгсөн үндэслэлээр тендер шалгаруулалт явуулсан хариуцагчийн буруутай үйлдлийн тухайд маргаан явагдаж улмаар нэхэмжлэгч захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримттайгаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж оролцсон ч анхан шатны шүүх уг нөхцөл байдлын талаар огт дүгнэж үзээгүй орхигдуулсан бөгөөд Үнэлгээний хороог Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т заасан чиг үүргээ биелүүлсэн гэж үзсэн нь эргэлзээтэй дүгнэлт болсон төдийгүй хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд Үнэлгээний хорооны үйл ажиллагаа хэрхэн явагдсан, тендерт оролцогчдын тендерийг хэрхэн үнэлсэн нь хуульд нийцээгүй буюу Үнэлгээний хорооны даргын саналыг дэмжих байдлаар явагдаж мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.7, 47.8-д заасан шаардлагуудыг зөрчсөн байна. Иймд дурдсан гомдлын үндэслэлүүдийг судлан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “******* үсэг групп” ХХК нь “Татварын ерөнхий газраас 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр зарласан “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж заасныг зөрчин техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг хангаагүй “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг шалгаруулсан” гэж маргасан.
Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болох Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.2-т заасан техникийн тодорхойлолтын шаардлагыг “Үндэсний үнэт цаас” ХХК хэрхэн хангасан талаар дүгнэлт хийлгүйгээр “холбогдох хуулийн заалтыг зөрчөөгүй, тендер шалгаруулалтыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасныг зөрчжээ. Тодруулбал,
Монгол Улсын Сангийн сайдын 2012 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 33 дугаар тушаалаар Олон улсын түвшинд хэрэглэгдэж байгаа орчин үеийн дэвшилтэд технологид суурилсан, кодчилогдсон, тухайн бүтээгдэхүүний талаар цогц мэдээлэл авч болохуйц байхаар зохион бүтээгдсэн, өндөр нууцлал бүхий онцгой албан татварын тэмдгийг хэвлэн нийлүүлэх эрх бүхий этгээдийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулах сонгон шалгаруулалтыг зохион байгуулахыг Татварын ерөнхий газарт даалгасны дагуу Татварын ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн А/171 дүгээр тушаалаар тендерийн үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилж батламжилсан байх ба 2014 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл программ хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендер зарлагджээ.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”, 27.1.2-д “техникийн тодорхойлолт”, 27.1.3-т “тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж, Тендерийн баримт бичгийн 19. “Нийлүүлэх бараа нь тендерийн баримт бичгийн шаардлагад нийцэж буйг нотлох баримт” хэсгийн 19.1-д “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолт болон стандартад нийцэж буйг нотлох баримтаа тусгайлан бэлтгэж тендерт ирүүлнэ...”, 31. “Тендерийг хянан үзэх, шаардлагад нийцсэн эсэхийг тогтоох” хэсгийн 31.1-ийн (г)-д “тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх”, 31.2-т “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а)-(д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 31.4-т “Захиалагч шаардлагад үл нийцсэн гэж тогтоогдсон тендерээс татгалзана...” гэж тус тус зааснаас үзвэл захиалагч нь тендер нээсний дараа, ирүүлсэн тендер тус бүрийг хууль болон тендерийн баримт бичигт заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг хянан үзэх ба шаардлагад нийцсэн гэж үзсэн тендерт үнэлгээ хийх үүрэгтэй.
Захиргааны хэргийн шүүх хариуцагч Үнэлгээний хороог дээрх чиг үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэхийг шалгаж тогтоох нь “Онцгой албан татварын тэмдэг хэвлүүлэх, нийлүүлэх, иж бүрдэл хангамж бүхий хяналтын систем нэвтрүүлэх” ТЕГ-ТШ-2014/04 тоот тендерийн тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэх гол үндэслэл нь болох учиртай.
Гэтэл Тендерийн баримт бичгийн 5 дугаар бүлгийн 3 дахь хэсэгт заасан Техникийн тодорхойлолтын 3.1-д “Архи дарсны онцгой албан татварын тэмдэг нь Монгол Улсад үйлдвэрлэгдсэн олон улсын хамгаалалттай хэвлэлийн стандартад нийцсэн өндөр зэрэглэлийн нууцлалтай загвар, хэвлэлт, дугаарлалт болон код бүхий хэвлэмэл хуудас байна”, 3.1.1. Цаас “өндөр зэрэглэлийн нууцлалтай, хэт ягаан туяаны гэрэлд тодорч харагдах ялтастай, дахин давтагдахааргүй усан хээтэй, үйлдвэрлэлийн аргаар боловсруулсан, цавуутай болон цавуугүйгээр үйлдвэрлэсэн байх”, 3.1.13 “Нийлүүлэгч нь архи дарс үйлдвэрлэгчийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулахгүйгээр тухайн үйлдвэрийн бүтээгдэхүүн тус бүрт онцгой албан татварын тэмдгийг наах тоног төхөөрөмжийг суурилуулах, тохируулах, сургалт явуулах зэрэг арга хэмжээг авч ажиллана” гэж заасныг зөрчсөн, уг шаардлагыг хангаагүй гэж нэхэмжлэгч маргаж байхад энэ талаар дүгнэлт өгөөгүй, ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй байна.
Татварын ерөнхий газраас дээрх тендерийн техникийн тодорхойлолтыг боловсруулахдаа онцгой албан татварын тэмдгийн нууцлалыг сайжруулах, орчин үеийн нууцлалын технологуудыг нэвтрүүлэх, тэмдгийн бүртгэл, ашиглалт, зарцуулалтад бүрэн хяналт тавих систем, програм хангамжийг бий болгосны үр дүнд хуурамч тэмдгийг ашиглахгүй болгох, онцгой албан татварын тэмдгийн бүртгэл, зарцуулалтыг татварын албанаас шууд хянах чиглэлийг баримталсан гэж тайлбар өгсөнд дүгнэлт хийвэл онцгой албан татварын тэмдгийн бүртгэл, ашиглалт, зарцуулалтад татварын албанаас хяналт тавих гол хүчин зүйл болох архины үйлдвэрүүдэд онцгой албан татварын тэмдгийг наах тоног төхөөрөмж суурилуулах, үүнтэй цогцоор байх программ хангамжийн шаардлага, онцгой албан татварын тэмдгийн нууцлалын гол хүчин зүйл болох техникийн тодорхойлолтод заасан цаасны шаардлага зэргийг “Үндэсний үнэт цаас” ХХК хэрхэн хангасан талаар дүгнээгүй, Үнэлгээний хорооноос “Үндэсний үнэт цаас” ХХК-ийг техникийн тодорхойлолтын 3.1.13-т заасан шаардлагад нийцсэн гэж дүгнэхдээ ямар баримтыг үндэслэсэн эсэх нь тодорхойгүй, хэрэгт авагдсан нотлох баримтгүйгээр хариуцагчийн тайлбарт хөтлөгдөн хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.
Дээрх нөхцөл байдлыг тодруулалгүйгээр давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэх боломжгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан “нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг шүүх анхаарч үзээгүй, уг нөхцөл байдлын талаар огт дүгнэж үзээгүй орхигдуулсан” гэх гомдлыг хангаж шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 500 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг улсын төсвөөс гаргуулж буцаан олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ О.НОМУУЛИН