| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2023/0300/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/17 |
| Огноо | 2024-01-10 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Л.Наранхүү |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 10 өдөр
Дугаар 2024/ШЦТ/17
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга Х.Цогзолмаа,
улсын яллагч Л.Наранхүү,
шүүгдэгч Ч.Э, түүний өмгөөлөгч Р.Энхтуяа,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б, түүний өмгөөлөгч Г.Манлай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ЧЧ.Эт холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэгт 1972 оны 2 дугаар сарын 2-ны өдөр төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “Бласт автомотив” ХХК-нд жолооч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо 9 дүгээр байрны 203 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ЧГ72020293 дугаарын регистртэй, ЧЧ.Э.
Холбогдсон хэргийн талаар:
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Beibin North Benz маркийн 38-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон-Уул гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай автозамын 72 дахь километрийн орчим асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж Suzuki Carry маркийн 72-65 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Д.Цгийн амь нас хохирсон, иргэн Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт
Шүүгдэгч Ч.Э:
...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв нэмж ярих зүйлгүй... гэж,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б:
...Энэ гэмт хэргийн улмаас төрсөн ээжийнхээ амь насыг алдсан. Гаргаж буй нэхэмжлэлээсээ татгалзаж байна... гэж тус тус мэдүүлжээ.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Ч.Э нь 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Beibin North Benz маркийн 38-11 УБИ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Сэргэлэн сумын Хайрхан 2 дугаар багийн нутаг Долоон-Уул гэх газарт Улаанбаатар хотоос Дундговь аймаг явах чиглэлийн хатуу хучилттай автозамын 72 дахь километрийн орчим асфальтан зам дээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалт “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна.” гэснийг зөрчиж Suzuki Carry маркийн 72-65 УАН улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарган Д.Цгийн амь нас хохирсон, иргэн Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийг бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 8-15 дугаар хуудас/,
цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 16-18 дугаар хуудас/,
тээврийн хэрэгсэл, ачаа, тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-28 дугаар хуудас/,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бямбын ...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 13 цаг 8 минутын үед аав Б.Н нь над руу залгаад “ээж бид хоёр чинь зам тээврийн осолд орсон, яаралтай ир” гэж хэлсэн юм. Тэгээд би ажил дээрээсээ буюу Улаанбаатар хотоос Төв аймаг руу гараад түгжирч яваад орж ирсэн юм. Тэгээд би юунаас болж зам тээврийн осол болсныг хэлж мэдэхгүй байна... /хх-ийн 35 дугаар хуудас/,
хохирогч Б.Нийн ...Миний зүүн 3 хавирга хугарсан, тархи толгой мартаж санадаг болсон хоол унд идэж чаддаггүй цаашаа ордоггүй болсон. Зүүн талын гар ясаа дагаж их өвддөг болсон. Зүүн талын хөл шөрмөс татдаг болсон. Шөнө нойр хүрэхгүй болсон. Миний өмчлөлийн 65-72 УАН улсын дугаартай Сузуки карри маркийн тээврийн хэрэгсэлд кабин хонхойж салж унасан, хянах самбар эвдэрсэн, рам гулзайсан, кузов эвдэрсэн, хроп эвдэрсэн. Би үнэлгээгээр дахин хропны үнэлгээ болон бусад эвдрэлийн үнэлгээг хийлгүүлмээр байна... гэх мэдүүлэг /хх-ийн 39 дүгээр хуудас/,
иргэний хариуцагч Г.Гийн ...Чулуунхүү овогтой Ч.Э нь манай компанид хүнд даацын тээврийн хэрэгсэл жолооддог жолооч ажилтай хүн байгаа юм. Тус ажилтан маань 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт байрлах Бласт ХХК-ний агуулахад ачаа хүргэж өгөөд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт байрлах авто бааз руу буцаж ирэх замдаа зам тээврийн осол гаргасан байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 47 дугаар хуудас/,
шүүгдэгч Ч.Эын гэрчээр өгсөн ...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлын хүн Д.Чинбатын хамт 38-11 УБИ улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод Өмнөговь аймгийн Гурван тэс сум Нарийн сухатын салбарт ачаа буулгаад Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү авто граш руугаа явж байхад Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ- Уул 4 дүгээр баг "Долоон-Уул” гэх газар 13-14 цагийн хооронд явж байхад гадаа цасан шуургатай үзэгдэх орчин муу байсан. Тэгээд би жолоо барьж байгаад 2-3 м зайнд үзэгдэх орчин харагдах харагдаад явж байхад гэнэт урд цагаан өнгийн ачааны тээврийн хэрэгсэл гарч ирээд би араас мөргөөд зогссон юм. Тэгээд удалгүй эмнэлэг, цагдаа нар ирсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 51-52 дугаар хуудас/,
гэрч Д.Чинбатын ...Би 2023 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр ажлын хүн Ч.Эын хамт 38-11 УБИ улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийг сууж яваад Өмнөговь аймгийн Гурван тэс сум Нарийн сухатын салбарт ачаа буулгаад Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү авто граш руугаа явж байхад Төв аймгийн Сэргэлэн сум Эрдэнэ-Уул 4 дүгээр баг "Долоон-Уул" гэх газар 13 цагийн үед явж байхад гадаа цасан шуургатай үзэгдэх орчин муу байсан. Тэгээд Ч.Э бид хоёр замын үзэгдэх муу байхаар тээврийн хэрэгслээ замаас гаргаж зогсоох гээд явж байгаад би зам хараад явж байхад гэнэт жолооч Ч.Э тоормос гишгээд урд явж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөсөн юм. Тэгээд осол болж бид хоёр тээврийн хэрэгслээс буугаад урд явсан машиндаа очиход тухайн машины жолооч буугаад "эхнэрийг минь алчихлаа ш дээ" гээд орилоод байсан. Тэгээд Ч.Э очоод тээврийн хэрэгсэлд сууж явсан эмэгтэйд анхны тусламж үзүүлсэн юм. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгөөд мөн цагдаад дуудлага мэдээлэл өгсөн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 54-55 дугаар хуудас/,
шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 69 дугаартай ...Талийгаач Д.Цгийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаачийн цуснаас этилийн спирт илрээгүй байна. Талийгаач нь (I) бүлгийн цустай байна. Талийгаач нь тархины битүү гэмтэл цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ... талаарх дүгнэлт /хх-ийн 66-69 дүгээр хуудас/,
шинжээчийн 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн 224 дугаартай ...Б.Нийн биед зүүн 4,5-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /хх-ийн 72-73 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 06/101 дугаартай ...Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Тэлмэнгийн ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн томилж, дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 38-11 УБИ улсын дугаартай Beiben ND250 A501 маркийн маркийн автомашины хохирлын хэмжээг 480,000 (дөрвөн зуун наян мянга) төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 83-96 дугаар хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 06/103 дугаартай ...Төв аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, Цагдаагийн дэслэгч Б.Тэлмэнгийн ирүүлсэн 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 7265УАН улсын дугаартай Suzuki саrrу маркийн маркийн автомашины хохирлын хэмжээг 2,410,0000 (хоёр сая дөрвөн зуун арван мянга) төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 100-116 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 04/22 дугаартай ...72-65 УАН улсын дугаартай Suzuki Carry маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.-р заалт "Жолоочид дараах зүйлийг хориглоно: в/ тогтоосон хугацаанд техникийн хяналтын үзлэгт оруулаагүй ... тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцох" гэснийг зөрчсөн байна. 38-11УБИ улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14. "Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй ... байх хэмжээний хоорондын зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна." гэснийг зөрчсөн байна. 38-11 УБИ улсын дугаартай Beiben North benz маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Э нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.14-р заалтыг зөрчсөн нь уг осол гарах шалтгаан болсон байна. Осол болоход замын нөхцөл байдал, үзэгдэх орчин нөлөөлсөн байна. Асуултад дурдагдаагүй боловч хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал илэрсэнгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 120-121 дүгээр хуудас/,
“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/103 дугаартай ...Төв аймгийн Цагдаагийн газрын МХГХТХ-ийн мөрдөгч, Цагдаагийн хошууч Н.Бадамжунайгийн ирүүлсэн 2023 оны 6 дүгээр сарын 21-ний байдлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоолын үнэлгээчин 7265УАН улсын дугаартай Suzuki саrrу маркийн маркийн автомашины дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч хохирлын хэмжээг 3,060,000/гурван сая жаран мянга/ төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 174-181 дүгээр хуудас/,
Шүүгдэгч Ч.Эын яллагдагчаар өгсөн...Би энэ зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна... гэх мэдүүлэг /хх-ийн 137 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн дүгнэлт:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Л.Наранхүү:
Шүүгдэгч Ч.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, хохирогч Б.Н болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс оршуулгын зардалд нэхэмжилсэн хохирол төлбөрийг шүүгдэгчээс гаргуулах нь зүйтэй гэх саналыг тус тус гаргаж байна гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б:
...Хэлэх зүйлгүй гэв... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Манлай:
...Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчиж Suzuki Carry маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөж Д.Цгийн амь нас хохирсон, иргэн Б.Нийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Ч.Эын үйлдэл нь амь хохирогч Д.Ц нас барсан, хохирогч Б.Нийн биед хүндэвтэр гэмтэл учирсантай шалтгаант холбоотой байна. Хохирогч Б.Нид эмчилгээний зардал 256.000 төгрөг, Б.Нийн эзэмшлийн Suzuki Carry маркийн үнэлгээ 3.068.000 төгрөг гаргуулах, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид ажил явдлын зардал 21.317.608 төгрөг, журмын хашааны 340.000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг нэхэмжилж байна. Мөн хохирогч Б.Нийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:
... Хохирогч талаас үйлчлүүлэгчийнхээ өмнөөс дахин уучлалт гуйж байна. Миний үйлчлүүлэгч хэрэг гарсан өдрөөс эхлэн гэм буруу дээрээ маргаагүй өөрийн үйлдэлд гэмшиж байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон хохирогчийн нэхэмжилсэн мөнгийг миний үйлчлүүлэгч төлөх болно. Шүүх хуралдааныг завсарлуулж хохирол төлбөрөө төлөх болно... гэсэн,
Шүүгдэгч Ч.Э:
...Би хохирлоо төлж барагдуулах болно... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Улсын яллагчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч Ч.Э болон түүний өмгөөлөгч маргадаггүй, хүлээн зөвшөөрсөн талаараа шүүхийн хэлэлцүүлэгт болон дүгнэлт танилцуулах шатанд мэдүүлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ч.Э нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул дээрх нотлох баримтуудыг шийтгэх тогтоолын үндэслэл болгон шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ч.Э нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэг болон дүгнэлт танилцуулах шатанд тус тус мэдүүлдэг.
Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн хорин долдугаар бүлэг “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж тээврийн хэрэгсэл жолоодон, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас хүний амь нас хохирсон байна.
Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Учир нь Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дахь хэсэгт “...Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна...” гэснийг зөрчиж нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийсний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг гэж үзлээ.
Мөн болгоомжгүй гэм буруу нь гэм буруутай этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн эцэст гарч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдэж байсан хэдий ч түүнийг гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдсан эсхүл үйлдэл, эс үйлдэхүйн улмаас учирч болох нийгэмд аюултай хор уршгийг урьдчилан мэдээгүй боловч тэрхүү хор уршгийг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой, боломжтой байсан гэж хайхрамжгүй хандсан гэх хоёр хэлбэрээр илэрдэг болно.
Хамгийн гол хохирол, хор уршигт зориуд хүргээгүй байдгаараа санаатай гэмт хэргээс ялгагдах шинжтэй.
Тэрээр шүүгдэгч Ч.Э Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтад заасныг зөрчиж буй энэхүү өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол хор уршигт хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэр бөгөөд хүний биед хүндэвтэр хохирол учирсан, мөн нэг хүний амь насыг хохироосон шүүгдэгчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Ч.Эыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч Ч.Эын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Нийн биед зүүн 4,5-р хавирганы хугарал гэмтэл бүхийн хүндэвтэр хохирол,
Шүүгдэгч Ч.Эын болгоомжгүй гэм буруутай үйлдлийн улмаас амь хоирогч Д.Цгийн биед тархины аалзан хальсан доорх цус харвалт, хоёр талын олон хавирганы хугарал гэмтэл авч, тархины битүү гэмтэл цээжний хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна.
Шүүхээс шүүгдэгч Ч.Эыг гэм буруутайд тооцсон тул энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Нийн нэхэмжилсэн эмчилгээ болон автомашины хохиролд 3.316.000 төгрөг, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Багийн оршуулгын зардалд 21.317.608 төгрөгийг тус тус нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэж шүүгдэгч Ч.Эаас гаргуулахаар шийдвэрлэснийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хугацаанд завсарлуулсан.
Шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаа дуусмагц шүүх хуралдааныг тогтоосон цагт эхлүүлэхэд шүүгдэгч хохирогч Б.Нийн нэхэмжилсэн эмчилгээ болон автомашины хохиролд 3.316.000 төгрөг, амь хохиорогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Бад оршуулгын зардалд 21.317.608 төгрөг тус тус төлсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байна.
Иймд түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасны дагуу тасралтгүй, хэвийн явуулах зорилгоор зайлшгүй шаардагдах зардлыг төрөөс санхүүжүүлдэг. Гэвч гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлбэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зардлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тодорхойлон хуульчилсны дотор өмгөөлөгчийн зардал багтсан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад “томилогдсон өмгөөлөгч гэж хуульд заасан тодорхой нөхцөлд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох өмгөөлөгчийг” ойлгохоор заасан ба томилогдсон өмгөөлөгч нь оролцогчийн хүсэлтээр, түүнтэй байгуулсан гэрээ, хэлцлийн үндсэн дээр бус гагцхүү эрх бүхий байгууллагын томилолтоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох учраас тухайн өмгөөлөгчийн өмгөөллийн хөлсийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцсон гэж үзнэ.
Дээрх агуулгыг тодруулж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Засгийн газрын 2018 оны 161 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журмын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр” тооцохоор зохицуулсан байна.
Харин хэргийн оролцогчийн өмгөөлөгчид төлсөн өмгөөллийн хөлс нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, иргэний эрх зүйн гэрээ хэлцлээр тохирсон үүргийн биелэлт байдаг тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарахгүй байх тул шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Багаас өмгөөлөгчийн төлбөрт 4.000.000 төгрөг төлснийг шүүгдэгчээс нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Мөн хохирогч Б.Н нь “цаашид гарах эмчилгээний зардлаа” нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Ч.Эаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллгааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд
Улсын яллагч Л.Наранхүү:
...Шүүгдэгч Ч.Эт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хохирол төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилээр хасч, 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Манлай:
...Шүүгдэгч Ч.Э нь хэрэг учрал болсны дараа хохирогч Б.Нид туслах ямар нэг процесс ажиллагаа хийгээгүй энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн. Түүнд 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн,
Амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Б:
...Өмгөөлөгчтэйгөө санал нэг байна. Манай аав өвчтэй болсон. Миний ээжийн 6 хүүхэд, 13 ач, зээ байна. Өмгөөлөгчийн гаргасан саналын хүрээнд шийдэж өгнө үү... гэсэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Энхтуяа:
...Улсын яллагчаас миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дах хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах санал гаргасантай маргадаггүй, шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг 5 хоногийн хугацаанд төлсөн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй гэж байна. Шинжээчийн дүгнэлтээр мөн осол гарахад цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн гэж дүгнэсэн байдаг. Хэдийгээр миний үйлчлүүлэгчийн гэм буруутай үйлдэл байгаа хэдий ч осол болоход цаг агаарын нөхцөл байдал нөлөөлсөн. Тухайн үед цасан шуургатай байсан гэдгийг ус цаг уур эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лавлагаагаар тогтоогдож байгаа. Миний үйлчлүүлэгч 10-12 насны 2 хүүхэдтэй, эхнэр нь эрүүл мэндийн шалтгааны улмаас ажил эрхэлдэггүй, түрээсийн байранд амьдардаг, ганц ажил эрхэлдэг хүн нь Ч.Э байгаа. Тухайн осол гарах үед талийгаач бүсээ зүүж явсан бол амьд байх ч болов уу гэсэн харамсал байдаг. Яагаад гэхээр Б.Н гуайн хавтаст хэргийн 49 дугаар хуудаст авагдсан мэдүүлгээр араас юм мөргөөд манай эхнэр урагшаа шил мөргөсөн гэсэн мэдүүлэг байдаг. Энэ дээр буруутгаж байгаа юм биш. Улсын яллагчийн оногдуулсан ял дээр мөн санал нийлэх боломжгүй байна. Миний үйлчлүүлэгчид хохирогч Б.Н хохирол төлөх, цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх тул ажил хөдөлмөрөө хийж, хохирлоо төлөх хэрэгтэй байх гэж бодож байна. Шүүгдэгч Ч.Эын ажил Налайх дүүрэгт байдаг. Эрүүгийн хуулийн тусгай ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү... гэсэн,
Шүүгдэгч Ч.Э:
...Ийм зүйл болсонд үнэхээр гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж” болно гэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг” гэнэ гэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дэх хэсэгт заасан “Энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилээс таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс таван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Эт хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирол төлбөрийг төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, түүний хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэхээс гадна үйлдсэн гэмт хэрэгтээ үнэнхүү чин санаанаасаа гэмшсэн, гэмт хэрэг үйлдсэнээ анхнаасаа хүлээн зөвшөөрсөн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс албадлагын арга хэмжээг хэрэглэхдээ оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй байна.
Харин шүүх ...энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна... гэж, мөн тухайн зүйл, хэсэгт ...тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хасаж... гэж тус тус хуульчлагдсан учраас шүүгдэгч Ч.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, нэмэгдэл ялыг тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэсэн үеэс хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэв.
Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан шүүгдэгчид хорих ял оногдуулах саналыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзсэн болно.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт хураагдан ирсэн иргэний бичиг баримт, баримт бичиг болох шүүгдэгч ЧЧ.Эын жолоочийн _____ дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.3 дугаар зүйлийн 1, 36.6., 36.7., 36.8.,36.10., 36.13., 37.1 дүгээр зүйлийн 2., 38.2 дугаар зүйлийн
1 дэх хэсэгт заасан зүйл, заалтуудыг тус тус удирдлага
болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ЧЧ.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЧЧ.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг баримтлан шүүгдэгч ЧЧ.Эт шүүхээс тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5, 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЧЧ.Эт хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг,
мөн тэнссэн 2 /хоёр/ жилийн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Ч.Э энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчийн хөлсөд 4.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б.Н нь эмчилгээний зардал болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг болох шүүгдэгч ЧЧ.Эын жолоочийн ______ дугаарын үнэмлэхийг зохих байгууллагад хүргүүлэхийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч ЧЧ.Эын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг, тэнсэж, албадлагын арга хэмжээ авагдсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ЧЧ.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ЧЧ.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН
Л