| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0017/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/34 |
| Огноо | 2024-01-26 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | М.Хэрлэнчимэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 01 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/34
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
Улсын яллагч М.Хэрлэнчимэг,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч А.Мөнхтулга нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч АБ.Аэд холбогдох эрүүгийн ___ дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг “Баянголын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хьюндай маркийн экскаватор ашиглан 208.94 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 252.025 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.А нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Үүнд: Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг “Баянголын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хуандай маркийн экскаватор ашиглан 208.94 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 252.025 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт нь:
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 2 дугаар хуудас/,
-Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 4-16 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч Г.Гын “...Би 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс 9 дүгээр сарын 01-ний өдрийн хоорондох хугацаанд ээжлийн амралттай байсан юм. Тэгээд намайг ээлжийн амралттай байх хугацаанд над руу Баянголын аманд байдаг малчин н.Эрдэнэбаяр гэдэг хүн залгаад эксковатортой хүмүүс ирчихсэн эрүүл газар ухчихсан байна гэж хэлэхээр нь би тухайн үедээ амарч байсан болохоор Заамар сумын Байгаль хамгаалагч н.Цэнд-Аюуш ахад энэ талаар хэлж, н.Цэнд-Аюуш ахыг тухайн газар руу явуулсан. Харин би ажилдаа орсны дараа 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр тухайн газарт очиж үзэхэд ухагдсан гэх хоёр нүхийг булчихсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22, 25 дугаар хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч М.Цэндмаагийн “...Хьюндай Эл Си-7А маркийн 50-37 УБ улсын дугаартай эксковаторыг 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 9 сарын хугацаатай Б.Баттөгс нь нэг сарын 2.5 хувийн хүүтэйгээр 80.000.000 төгрөгийн барьцаанд гуйсаар байгаад тавьсан юм. Манай байгууллагад машинаа барьцаанд тавиад тухайн машины эзэмшигч нь машинаа, эксковатороо хариуцан эзэмшиж явдаг юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
-Иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг, Баянголын ам гэх газарт нэр бүхий иргэдийн үйл ажиллагаа явуулсан талбайд мөрдөгчийн тогтоолын дагуу шинжээчээр томилогдон ажиллаж Байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ гаргасан тул тус ажлын хөлс болох 4.000.000 төгрөгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.8 дугаар зүйлийн 2.5 дахь хэсгүүдийг үндэслэн ажлын хөлсийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,
-Гэрч Г.Мөнхжаргалын “...Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн төвд эхнэр хүүхдүүдийн хамтаар амьдардаг юм. Өчигдөр буюу 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр өглөөний 09 цагийн орчимд манай төрсөн ах н.Баясгалангийн хүү н.Амаржаргал над руу залгаж Баянголын аманд Булгийн тархин дээр 1 эксковатор газар ухаад байна. Танд цагдаагийн дугаар байна уу, цагдаад хэл хүргэх гэсэн юм гэхээр нь өөдөөс ах нь залгаад хэлчихье гээд цагдаагийн хэлтсийн жижүүр рүү залгаж мэдээлэл өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
-Гэрч Б.Сувдмаагийн “...2023 оны 8 дугаар сарын 22, 23-ны үеэр бичил уурхайгаар ашигт малтмал олборлохоор хүсэлт өгсөн нөхөрлөлүүдийн хариу гарч байгаа гэж нутгийн хүмүүс ярихаар нь нөхөр бид хоёр техник хэрэгсэл гээд ойр зуурын ажилд ашиглах зүйлүүдээ бэлдээд байж байсан юм. Бас Улаанбаатар хотоос н.Баттөгс гэдэг хүнээс эксковаторыг нь гуйж хөлсөлж авч ирсэн. Н.Батттөгтэй эксковаторыг нь түрээслэх талаар манай нөхөр ярьчихсан. Тэгээд би нөхөртэйгээ хамт н.Баттөгсийн гэрт очиж байсан. Тэгээд нөхөр бид хоёр Заамар сумын Баянголын аманд н.Тулгаболд гэдэг хүний талбайд нэг гэр барьж тэндээ үйл ажиллагаа эхлэхээр амьдрах санаатай байсан. Тэгтэл 2023 оы 8 дугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр сайн өдөр байхаар нь манай нөхөр ёслох гэж нөгөө эксковатороор газар ухуулчихсан байсан. Би тухайн үед нь газар ухах гэж байгаа гэдгийг бол мэдээгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,
-Гэрч Б.Баттөгсийн “...Би 2023 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Б.Сувдмаад өөрийнхөө Хьюндай 290 Эл си-7А маркийн 50-37 УБ маркийн дугаарын эксковаторыг 1 сарын хугацаанд 20 сая төгрөгөөр ашиглуулахаар амаар тохиролцсон байсан юм. Тэгээд 2023 оны 8 дугаар сарын 30-ны өглөө эрт Улаанбаатар хотоос трайллерт ачуулаад би өөрөө зараар эксковаторын оператор олж эксковатортойгоо хамт өгч явуулсан. Тэгсэн чинь өчигдөр манай оператор н.Одхүү над руу залгаж шрүп тавиад нүх ухаж байхад нутгийн малчид ирээд хэл ам хийгээд, бас цагдаа ирсэн гэж надад хэлсэн. Тэгээд би сая Улаанбаатар хотоос ирлээ...” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Аийн сэжигтнээр өгсөн “...2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр сайн өдөр гэхээр нь тухайн газарт ёслох гэж, зан үйл хийх гэж шороо хөндөж газар ухаж лусын бумба байршуулж газраа аргадаг зорилготой хоёр хэсэг газар эксковатороор газар ухулсан Тэгээд байж байтал нутгийн малчин гэх нэг хүн ирж энд газар ухаж болохгүй ээ гэж цагдаа дуудлаа гээд яваад өгсөн. Тэрний дараа цагдаа нар ирж намайг тухайн газарт дахин газар ухаж болохгүй талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46 дугаар хуудас/,
-“Нуман Алтай” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №1/86 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-80 дугаар хуудас/,
-“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн №07/227 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-105 дугаар хуудас/,
-Шүүгдэгч Б.Аийн яллагдагчаар өгсөн “...Би уг тогтоолын хүлээн зөвшөөрч байна..., ...Байгаль орчинд учруулсан хохирлыг төлж барагдууна...” гэх мэдүүлэг /хх-ийн 116 дугаар хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч Б.А нь 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Төв аймгийн Заамар сумын нутаг “Баянголын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хуандай маркийн экскаватор ашиглан 208.94 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, байгаль орчинд 252.025 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна гэж үзлээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.
Шүүгдэгч Б.А нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Б.Аийн холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.
Шүүгдэгч Б.А нь Төв аймгийн Заамар сумын нутаг “Баянголын ам” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр Хуандай маркийн экскаватор ашиглан 208.94 м2 талбайд ашигт малтмалын эрэл хайгуул хийж, олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээчийн дүгнэлт зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Аийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч М.Хэрлэнчимэгээс: “Шүүгдэгч Б.Аийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7000 нэгж буюу 7 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргаж байна. Шүүгдэгч Б.А нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчийн шинжээчийн дүгнэлт гаргуулсан зардал 4.000.000 төгрөг, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 15.808.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулахыг дурдаж байна” ялын дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Мөнхтулгаас: “Шүүгдэгч Б.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу дээр маргаагүй. Энэхүү гэмт хэрэг нь сонгох санкцтай. Б.Аийн хувьд хөнгөрүүлэх нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо төлсөн, хувийн байдлыг харгалзан торгох ялыг хамгийн доод хэмжээгээр буюу 5400 нэгжтэй тэнцэх буюу 5 400 000 төгрөгөөр торгож, торгуулын ялын 3 жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.
Шүүгдэгч Б.Аийн холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого болох боолмжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно” гэж зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
Шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ жилийн хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
Шүүгдэгч Б.Аэд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгахад шүүгдэгч нь урьд ял шийтгэлгүй, хөнгөн гэмт хэрэгт холбогдсон байх ба гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэм буруу дээрээ маргаагүй зэрэг хувийн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:
Шүүгдэгч Б.Аийн гэм буруутай үйлдлийн улмаас байгаль орчинд 208.94 м2 талбай буюу 252.025 төгрөгийн хохирол бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлд 5, 5 дахь хэсгийн 1, 2 дахь хэсэгт зааснаар байгаль орчинд учруулсан хохиролд 756.100 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Аээс гаргуулах хохирол төлбөргүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно” гэж, мөн хуулийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого хууль ёсны дагуу хийгдсэн хэлцлийн үндсэн дээр бусдын өмчлөлд шилжсэн бол шүүх тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж хохирлыг төлүүлнэ. Тухайн хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдэж олсон болохыг мэдсээр байж авсан болох нь тогтоогдвол шүүх уг эд зүйл, хөрөнгө, орлогыг бусдын өмчлөлд шилжүүлсэн хэлцлийг хүчингүйд тооцож, хөрөнгө, орлогыг хураан авч хохирлыг нөхөн төлүүлнэ” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал” 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж тус тус зааснаар шүүгдэгч Б.Аийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Баттөгсийн эзэмшлийн “Hyundai 290 LC-7А” маркийн “50-37 УБ” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 15.808.000 төгрөгийг улсын орлого болгож, шүүгдэгч Б.Аээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 4.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушид, нөхөн сэргээлтийн зардал 382.219 төгрөгийг Байгал орчин уур амьсгалын санд тус тус олгохоор тогтоох нь зүйтэй байна.
Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч АБ.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч АБ.Аийг 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аэд оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Аэд оногдуулсан торгох ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аээс 4.000.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушид, нөхөн сэргээлтийн зардал 382.219 төгрөгийг гаргуулж Байгал орчин уур амьсгалын санд тус тус олгож, түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Б.Баттөгсийн эзэмшлийн “Hyundai 290 LC-7А” маркийн “50-37 УБ” улсын дугаартай эксковаторын үнэлгээ болох 15.808.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Аэд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11.Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Аэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН