Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2021 оны 01 сарын 25 өдөр

Дугаар 142/ШШ2021/00142

 

 

 

 

 

 

 

 

 

                                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигдаваа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,   

Нэхэмжлэгч: С.Н-ийн нэхэмжлэлтэй,   

Хариуцагч: Х.О-д холбогдох

“Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.    

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Н, хариуцагч Х.Оын  итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Х нар оролцов.   

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Миний бие Х овогтой Отай 2015 оны 6 дугаар сард танилцаад 2016 онд хүү маань гарсан. Манайд ирж очин явж байгаад тухайн сардаа хүү Сийг олж 2016 оны 08 дугаар сарын 30-нд төрүүлэн одоо 4 настай боллоо. Төрсөн эцэг мөн тул Ст тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.  

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Э шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Нэхэмжлэгчийн хамт амьдарч байсан гэдэг нь үндэслэлтэй үүнийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүүхэд нь одоо 4 настай, харж хандахгүй байгаа гэж нэхэмжлэгч ярьж байна. О нь хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул хэдий хүүхдээ харж хандах бодолтой байгаа боловч нөхцөл нь бүрдэхгүй байгаа. Одоо Улаанбаатар хотод эмчилгээ хийлгээд эгчийндээ амьдарч байгаа. Тэргэнцэртэй, унаж татдаг тул мөнгө өгье гэхээр эмчилгээндээ зарцуулчихдаг. Хөдөлмөрийн чадвар алдалтын мөнгө гээд 200 000 гаруй төгрөг авдаг гэх баримтыг хэрэгт хавсаргасан байсан. Мөн группийн дэвтрийн хуулбараа хавсаргасан байсан. 01 дүгээр сарын 29-ны өдөр хөдөлмөр магадлах комиссоор орж сунгалт хийлгэнэ гэж байсан. Тийм учраас мөнгө төгрөг өгөхөд хэцүү байна гэх байр суурьтай байгаа. Хэдий мөнгө өгөх сэтгэл байвч боломж нь болохгүй байна. Үүнийг нэхэмжлэгчид хэлж өгнө үү гэсэн. О нь одоогийн байдлаар бусдын асаргаанд бүрэн орчихсон байгаа. Гэр бүлийн тухай хуулийн 38.7 дугаар зүйлд зааснаар тэтгэвэр төлөгч хөдөлмөрийн чадвараа алдсан бол шүүх тэтгэлгийн хэмжээг багасгах заалт байгаа. Энэ заалтыг хэрэглэж өгнө үү гэх байр суурьтай оролцож байна” гэжээ.  

Шүүх зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н нь Х.От холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.   

С.Н, Х.О нар нь 2015 онд танилцаж, тэдний дундаас 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүү О.С төрсөн болох нь зохигчдын тайлбар, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.   

Хариуцагч Х.О нь хүү О.Сийг өөрийн нэрээр овоглож төрсний гэрчилгээ авсан байх ба, О.Сийн эцэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон.  

Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.-д эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй, мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д 11 хүртэлх насны хүүхдэд тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 40.1.2.-д 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тогтооно гэж заасан байна.

  Иймд хүү О.Сийг насанд хүртэл нь эцэг Х.Оаар тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Х.Оыг хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан тул тэтгэлэгийн хэмжээг багасгах хүсэлт гаргасан.

Х.Оын хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актын хугацаа 2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр дуусаж байна.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дугаар зүйлд заасан тэтгэлэгийн хэмжээг багасгах боломжгүй гэж шүүх дүгнэлээ. 

Нэхэмжлэгч нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1.-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д заасан тэтгэлэгт тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулахаар заав.  

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:   

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр төрсөн хүү О.Сийг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Х.Оаар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулсугай.   

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д заасныг баримтлан нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.Оаас 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.   

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.ХИШИГДАВАА