Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 2024/ШЦТ/38

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалаж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагчаар М.Хэрлэнчимэг,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М, түүний өмгөөлөгч П.Ганбаатар,

Шүүгдэгч Б.И, түүний өмгөөлөгч И.Отгонсүрэн нарыг оролцуулан хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч ШБ.Ит холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хаалттай хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Инь өсвөр насны буюу 15 нас 05 сар 25 хоногтой М.Өыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгй болохыг мэдсээр байж Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх, 2023 оны 6 дугаар сард дахин бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.И нь: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй” гэв.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь: “Миний охин маш их сэтгэл санааны хямралтай байгаа. Өглөө болгон нэг хүн хичээл рүү нь хүргэж өгөөд авдаг. Би өглөө ажилдаа явчихдаг. Би хүн гуйгаад мөнгийг нь өгөөд хичээл рүү нь хүргэж өгүүлдэг. Анх маш хэцүү байсан. Одоо арай дээр байгаа. Хуулийн дагуу энэ хэргийг шийдэж өгнө үү” гэв.

 

Үйл баримтын талаар:

Эрүүгийн ___дугаартай хэрэгт тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Инь өсвөр насны буюу 15 нас 05 сар 25 хоногтой М.Өыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгй болохыг мэдсээр байж Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2023 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр анх, 2023 оны 6 дугаар сард дахин бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон үйл баримт нь дараах

 

Гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-17 тал/,

Насанд хүрээгүй хохирогч М.Өын “...Би хамгийн анх Б.И гэх хүнтэй 2022 оны 9 дүгээр сард чатаар танилцсан. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр манай сургуулийн сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн дээр Б.И ирсэн байсан. Тэр үед хараад л өнгөрсөн, уулзаж юм яриагүй чатаар харилцдаг байсан. 2023 оны 6 дугаар сарын эхээр хичээл тараагүй байхад энэ жил 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хичээл тарж амарсан. Тэгэхээр 13-с өмнө гэсэн үг. Б.И намайг чатаар уулья гээд би уулзахаар болсон. Тэгээд Б.Иын цагаан өнгийн портер маркийн машинтай Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг 11 дүгээр гудамж 338 тоотоос манай гэрийн гаднаас 15 цагийн үед намайг ирж авсан. Би машинд нь орж суугаад юм ярьж байсан чинь Б.И миний уруул дээр үнсээд би дээгүүрээ өмссөн хар цоохор цамцыг тайлаад миний дотуураа өмссөн хар ногоон өнгийн эрээн футболкийг тайлаад хөхний даруулгыг тайлсан, би эсэргүүцээд та болиоч гэж хэлсэн чинь миний хоёр гарыг бариад миний доогуураа өмссөн цайвар өнгийн жинсэн өмд миний турсикийг тайлаад жолоочийн эсрэг талын суудал дээр суудлаа налуулаад намайг хойш нь дараад миний дээр гараад өөрийнхөө бэлэг эрхтэнг миний бэлэг эрхтэн рүү хийгээд 6-7 минут хөдлөөд бэлгийн харилцаанд орсон. Би өвдөөд байна болиоч гэхэд болихгүй байсан. Тэгээд дуусаад машинд нь байсан салфеткаар би бэлэг эрхтнээ арчсан чинь шингэн үнэртэй нялцгай юм гараад байсан. Тэгээд би хувцсаа өмсөөд машинаас нь буугаад гэртээ орсон. 2023 оны 6 дугаар сарын эхээр эхлээд хүчиндсэнийхээ дараа удаагүй 2-3 хоногийн дараа дахиад Б.И нь Төв аймгийн Эрдэнэсант сумын 3 дугаар баг 11 дүгээр гудамж 338 тоотод манай гэрийн гадаа машинтайгаа ирээд дахиад намайг дуудсан. Би машинд нь ороод суусан чинь намайг үнсээд миний хувцсыг тайлаад бэлгийн харилцаанд орсон. Эхнийх шигээ удаагүй 3-4 минут л болсон байх, тэгээд би хувцсаа өмсөөд гэртээ орсон. Миний бэлэг эрхтнээс эхний удаа хийхэд гарсан шингэн нялцгай юм гараагүй..., ...Би гомдолтой байна, намайг хүсээгүй байхад хүчиндэж намайг жирэмсэн болгосон, би энэ байдлаа хэнд хэлэх учраа олохгүй ээжээсээ ч гэсэн айдаг байсан юм..” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/,

Насанд хүрээгүй хохирогч М.Өын дахин өгсөн “...Би 2022 оны 12 дугаар сараас хойш Б.Итай үерхэж эхэлсэн. 2023 оны 4 дүгээр сарын сүүлээр бэлгийн харьцаанд орсон. Тэрнээс хойш байнгын уулздаг болсон. Б.И надтай уулзах гэж ирэхдээ цагаан өнгийн портер машинтай ирдэг байсан. Бид хоёр машин дотор бэлгийн харьцаанд ордог байсан. Яг хэзээ, хэзээ хэдэн удаа бэлгийн харьцаанд орсноо санахгүй байна. 2023 оны 6 дугаар сард Б.И бид хоёр бэлгийн харьцаанд орсны дараа миний сарын тэмдэг ирэхгүй болохоор нь Б.Ит сарын тэмдэг ирэхгүй байна жирэмсэн болчихсон юм шиг байна гэж хэлэхэд Б.И баярлаж байсан. Бид хоёр хүүхдээ гаргана гэж ярилцаад ээжид тэгж байгаад хэлнэ гээд ярилцаад чат бичээд уулзаад явж байсан. Ээж надаас сарын тэмдэг чинь ирж байгаа юм уу гээд асуугаад байхаар нь би ирж байгаа гээд хэлчихсэн байсан чинь ээж мэдээд бид хоёр эход харуулсан. Тэгээд л цагдаагаар шалгуулахаар болсон. Б.И бид хоёр бэлгийн харилцаанд орохдоо бэлгэвч хэрэглэдэггүй байсан. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв дээр очиж үзүүлээд үр хөндүүлэх гэсэн чинь цагдаагийн бичиг хэрэгтэй гээд байсан болохоор хүчиндсэн гэж мэдүүлэг өгсөн юм. Б.И намайг хүчээр хүчиндэж бэлгийн харьцаанд орсон асуудал байхгүй, бид хоёр үерхдэг байсан болохоор харилцан тохиролцоод бэлгийн харьцаанд орсон. Б.И бид хоёр уулздаг, чат бичдэг байсан үнэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 25 тал/,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн “...Би охин Д.М.Өоос 2023 оны 10 дугаар сарын 15-ны өдөр чиний сарын тэмдэг чинь ирсэн үү гэж асуусан чинь ирсэн гэж хэлээд нууугаад царай нь нэг л эвгүй болоод хэлэхээр нь би тэр үедээ анзаараад маргааш нь буюу 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр жирэмсний тестээр шалгаж үзсэн чинь 2 зураас буюу жирэмсэн гэж гарахаар нь шууд охиноо аваад Л.клиник гээд эмэгтэйчүүдийн эмнэлэгт эход харуулсан чинь миний охиныг 22 недельтэй жирэмсэн байна. Та эх нялхсын эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй гэж хэлсэн болохоор Эх нялхсын эрүүл мэндийн төвийн өсвөр насны эмнэлэгт очиж үзүүлсэн. Хүүхдийг авхуулахаар тохирсон. Би охиноосоо яагаад ийм зүйл болсон юм бэ гэж асуусан чинь эхлээд хэлэхгүй нуугаад байсан болохоор утсыг нь авч үзсэн чинь Б.И гэх хаягтай хүнтэй мессеж бичдэг байсан урд нь бас утсыг нь авч үзээд ийм том хүнтэй мессеж бичиж болохгүй энэ чинь цахим гэмт хэрэг шүү чи насанд хүрээгүй хүүхэд гэж охиндоо хэлсэн. Охиндоо хэлээд анхааруулаад блок хийгээрэй гэж хэлсэн чинь охин блок хийсэн гэж хэлсэн. Сая утсыг нь үзэж байгаад харсан чинь харьцаж байсан хүн чинь чамайг жирэмсэн болгосон юм уу, үнэнээ хэл гээд охиноосоо асуусан чинь тийм ээ намайг хүсээгүй байхад хүчиндсэн би эсэргүүцээд дийлээгүй гэж хэлсэн. Хичээлийг нь тарахад ганц нэг удаа сургуулиас ирж авч байсан гэж хэлсэн. Б.И гэх хаягнаас хайраа гэсэн чат байсан. Манай охин харилцахдаа дандаа “та ах аа” гэж бичсэн байсан. Би Б.И гэх залууг насанд хүрээгүй хүүхдийн толгойг эргүүлсэн хайртай дуртай гэж хуурч мэхэлж хүчээр бэлгийн харилцаанд орсон гэж бодож байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 тал/,

Л.клиник эмэгтэйчүүдийн эмнэлгийн Ургийн хэв авиан оношлогоо, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 30-32 тал/,

Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 36-39 тал/,

Гэрч Х.Буянхишигийн “...Би М.Ө, Б.И нарыг танина. Б.Итай арван жилээсээ найзалж нөхөрлөсөн. Б.И надаас хоёр ах, бид хоёр нийлж морь уядаг дотно найзууд. М.Өыг манай найз Б.Иын найз охин гэдгээр нь мэднэ. Би Б.Итай хөдөө хамт байх үед найз охин нь гээд М.Ө байнга видео дуудлага хийдэг, байнга чат бичдэг манай найз уулзана гээд сумын төв явдаг байсан. Нэг хоёр удаа миний приус-30 маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад найз охин М.Өтой уулзаад ирье гээд явдаг байсан. Манай найз Б.И өөрөө давхар кабинтай бонго-3 маркийн машинтай тэр машинтайгаа яваад найз охин М.Өтой уулзаад ирье гээд явдаг байсан. Б.И бид хоёрыг хааяа нэг пиво уугаад сууж байхад н.Норовоо залгаж жоохон юм байж бас ааштай сүрхий юм аа, ааштай юм биш үү гэж найздаа хэлэхээр найз минь гайгүй ээ үгэнд нь орохгүй бол болохгүй гэж хэлээд бид хоёр пиво уухаа больдог байсан. Саяхан 10-д хоногийн өмнө манай найз Б.И сумын төв ороод ирье, найз охинтойгоо уулзаад ирье гээд миний машиныг унаад явсан. Би Хятад улсын Эрээн хот явах гэж байгаа манай найз мэдэж байсан болохоор надад манай найз охинд дулаан гутал, куртик хэрэгтэй байна одоо өвөл болж байгаа чи аваад ирээрэй гэж захиж байсан. Би 2023 оны 10 дугаар сарын 29-ний өдөр урагшаа Эрээн гараад өчигдөр буюу 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр ирсэн. Би найзынхаа захисан дулаан гутлыг авсан размерыг нь хэлсэн болохоор куртикийг нь авах гэсэн боловч тааруулж авч чадахгүй юм шиг болохоор нь авч ирээгүй юм. Өглөө манай найз Б.И залгаад аймаг орох асуудал байна завтай бол зав гаргаач гэсэн. Тэгээд бид хоёр замдаа явж байтал Б.И ийм асуудал болсон найз нь аймаг орж мэдүүлэг өгөөд цагдаа дээр дуудаж байна. Норовоо хүүхдээ авхуулж байгаа ээж нь аймаар уурлаж, загнаж залгасан гэж хэлсэн. Тэгснээ чи миний захисан дулаан гутал куртик авсан уу гэж асуусан найз нь куртик авч чадаагүй тааруулж авч чадахгүй юм шиг санагдаад, гутал бол аваад ирсэн гэж хэлсэн чинь найз нь гутлыг нь авна шүү гэж хэлэхээр нь чи одоо гутал авч яах гэж байгаа юм бэ, наад хүмүүс чинь чамайг бараг шоронд явуулах гэж байхад чи гутал авна гээд явж л байдаг гэж хэлсэн чинь н.Норовоо гэм хийгээгүй би Норвоод хайртай гэж хэлсэн. Норовоо намайг Б.Иын дотны найз гэдгийг мэднэ. Норовоо манай найз Б.Иын фэйсээр орчихоод байдаг байсан. Хаяа би найз руугаа юм бичихэд уншчихаад хариу өгөхгүй байдаг байсан. Дараа нь найзтайгаа уулзахдаа дээр би чам руу юм бичээд байхад яагаад хариу өгөхгүй байсан юм бэ гэхэд манай найз охин Норовоо миний фэйсээр давхар ордог юм аа гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 41 тал/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын “...2023 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 5481 дугаартай “...Б.И нь М.Өын ургийн биологийн эцэг байх боломжтой байна. М.Ө нь М.Өын биологийн эх байх боломжтой байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-48 тал/,

Төв аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн “...Б.Иын биед гэмтэл тогтоогдсонгүй. Б.И нь бэлгийн харилцаанд орох чадвартай байна. Б.Иын бэлэг эрхтэнд эмгэг өөрчлөлт, гадны биед тогтоогдсонгүй. Б.И нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 55-56 тал/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 13826 дугаартай “...М.Өын биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Өын охин хальс нь 7 цагийн түвшинд хуучин урагдалтай байна. Урагдал үүссэн цаг хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй. М.Ө нь 22-24 долоо хоногтой жирэмсэн байна. 2023.06 дугаар сард жирэмсэн болсон байх боломжтой. М.Ө нь бэлгийн замын халдварт өвчингүй байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 61-62 тал/,

Шүүх сэтгэц эмэг судлалын дүгнэлт шинжилгээ “...Б.И нь одоогоор сэтгэцийн хувьд өөрчлөлтгүй. Б.И нь өөрийн хийж байгаа үйлдлийг ойлгож, мэдэж, удирдах чадвартай, Б.И нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай. Б.И нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай...” гэх дүгнэлт /хх-ийн 73-74 тал/,

Шүүгдэгч Б.Иын яллагдагчаар өгсөн “...тогтоолыг хүлээн зөвшөөрч байна..., ...Би М.Өтой 2022 оны 12 дугаар сараас хойш үерхэж эхэлсэн. Хамгийн анх 2023 оны 4 дүгээр сарын 31-ний өдөр Төв аймгийн Эрдэнэсант сум, 3 дугаар баг 11 гудамжны 338 тоотоос очиж аваад гэрээс нь баруун хойш 3 километр зайд миний аавын эзэмшлийн 27-88 ТӨА улсын дугаартай бонго ж3 маркийн тээврийн хэрэгсэлд анх удаа бэлгийн харилцаанд орсон. Харилцан тохиролцож бэлгийн харьцаанд орсон. Нийт 6 удаа бэлгийн харьцаанд орсон. Бид хоёр бэлгэвч хэрэглэдэггүй байсан. М.Ө жирэмсэн гэдгээ надад хэлсэн. Бид хоёр хүүхдээ гаргана гэж ярилцаж байсан. Би хүүхдээ авхуулахгүй гээд ээжид нь хэлэх гэсэн боловч ээж нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэж М.Ө хэлсэн. Эх нялхас дээр үр хөндүүлэхэд би очиж уулзах гэсэн боловч надтай уулзуулаагүй, хоол, цай сувилагчаар явуулсан боловч авахгүй цонхны тавцан дээр тавьсан байгаа аваарай гэж ээжээс нь мессеж ирсэн би аваагүй тэндээ орхиод явсан. Би М.Өд хайртай би хоёр үерхдэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 110/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Инь өсвөр насны буюу 15 нас 05 сар 25 хоногтой М.Өыг арван дөрвөн насанд хүрсэн, арван зургаан насанд хүрээгй болохыг мэдсээр байж Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд 2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр анх, 2023 оны 6 дугаар сард дахин бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн объектив талын шинжийг бүрэн хангасан байна.

 

Тодруулбал шүүгдэгч Б.И нь насанд хүрээгүй хохирогч М.Өыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, улмаар мэдсээр байж бэлгийн харьцаанд орж түүнийг жирэмсэн болгосон гэдгээрээ Эрүүгиийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хохирогчийг жирэмсэн болгосон” гэдэг хүндрүүлэх шинжийг хангасан.

 

Тэрээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдэж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсэн атлаа хүсэж хийсэн, насанд хүрээгүй хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдаж хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хохирол нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.” гэж тус тус хуульчилсан.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан “Арван зургаан насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох” гэдэг гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй хийснээрээ төгсдөг хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

Шүүгдэгч Б.И нь насанд хүрээгүй хохирогч М.Өыг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсноороо гэмт хэрэг нь төгссөн байна гэж үзлээ.

Үүнтэй холбоотойгоор бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон нь тухайн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Тухайлбал шүүгдэгч нь хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орж жирэмсэн болгосон энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж түүнийг хүсч хийсэн, дээрх нөхцөл байдалд зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хууль бус үйлдэл учирсан үр дагавар болох хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Мөн шүүгдэгч Б.Инь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул түүнийг яллах үндэслэл болж байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт  улсын яллагчаас “Шүүгдэгч Б.И нь өсвөр насны буюу 15 нас 5 сар 25 хоногтой М.Өыг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрт 2023 оны 4 дүгээр сарын 30-нд анх удаа 2023 оны 6 дугаар сард дахин бэлгийн харилцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Ит эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлууд, шүүгдэгчийн хувийн байдал, шүүгдэгч, хохирогч нарын хоорондын харилцаа хамаарал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруу дээрээ маргадаггүй, насанд хүрээгүй хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, зэрэг байдлуудыг харгалзан үзэж шүүгдэгч Б.Иыг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах, оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар тогтоох, шүүгдэгч Б.И нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж байна. Мөн энэ гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хохирогчид тавих хараа хяналт сул байсан нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж дүгнэж байна” ялын дүгнэлтийг,

 

Насанд хүрээгүй хохирогчийн өмгөөлөгчөөс: “Шүүхээс шүүгдэгчийн гэм буруутайд тооцох шийдвэр гарлаа. Шүүгдэгч нь хэдийгээр гэм буруу зүйлчлэл дээрээ маргадаггүй ч гэсэн энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол шүүхийн хэлэлцүүлгээр яригдлаа. Энэ хохирол дээр шүүгдэгчийн зүгээс сэтгэл гаргаагүй гэдэг нь харагдаад байна. Хэдийгээр хөнгөн хэрэг дээр хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж болно гэсэн хуулийн зохицуулалт байгаа. Гэвч яаж илэрхийлээд байгаа, ямар эх үүсвэрээр төлөх нь тодорхойгүй байна. Бид нар шүүхийн тогтоол дээр Б.Иаас хохирогчид хохирол гаргуулах шүүхийн шийдвэр гарахгүй байсан ч энэ хүн сэтгэл гаргаад хуульд заасан ажлын 5 хоног завсарлага авах эрх нь байгаа. Гэтэл ямар ч сэтгэл гаргасангүй. Энэ хэрэг дээрээ гэмшиж байгаа зүйл харагдахгүй байна. Ял шийтгэлийн хувьд нэгэнт энэ хүн сэтгэл гаргахгүй байгаа учраас зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлмээргүй байна. Гаргасан алдаагаа гэмшиж ухаарах, нийгмээс тусгаарлах ялыг сонгож байж энэ хүн ухаарах байх гэж ойлгоод байна. Тийм учраас хорих ялыг биечлэн оногдуулж өгнө үү” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгөөс: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар гэм буруутайд тооцсон тул улсын яллагч ялын саналаа хэллээ. Хохирогчийн өмгөөлөгч саналаа бас хэлж байна. Улсын яллагчийн саналыг өмгөөлөгчийн зүгээс дэмжиж оролцож байна. Энэ зүйл анги нь сонгомол санкцтай Б.Иын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тохиолдлын шинжтэй гэмт хэрэг анх удаа үйлдсэн. Гэм буруу дээрээ маргахгүй байгаа. Хохирогчийн хохирол төлбөр болох нэг сая төгрөгийг төлсөн. Сэтгэл санааны хохирол болон бусад зардлаа төлөхөө илэрхийлж байгаа. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс сэтгэл гаргаад 5 хоногоо аваад хохирол төлбөрөө төлсөнгүй сэтгэл гаргасангүй ийм учраас хорих ял оногдуулж өгнө үү гэж байна. Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн буруутай үйлдлүүд байгаа. Бага насны хүүхдээ хайнга, хайхрамжгүй хандсаны улмаас энэ гэмт хэрэгт холбогдуулсан зэрэг нөхцөл байдлууд харагдаж байгаа. Цаашид гарах эмчилгээний зардлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байх учиртай.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь “...зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.

Шүүгдэгч нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас хохирол төлбөргүй, түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

Эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог учир шүүхээс оногдуулсан ял нь шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэрт тохирно гэж дүгнэсэн болно.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д“энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.

 

Шүүхийн шатанд насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь сэтгэл санааны хохирол болон эмчилгээний зардал, замын зардалд 3.000.000-с 4.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас хэрэгт хохирлын баримт авагдаагүй байх тул насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж,

Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 39 дүгээр зүйлд сэтгэцэд шинжилгээ хийж, гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоож дүгнэлт гаргахаар заасан ба мөн сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хуулийг 2023 оны  01 дүгээр сарын 01-ний өдрөө эхлэн мөрдөхөөр хуульчилсан. Тухайн шүүгдэгч Б.Иын холбогдсон гэмт хэрэг нь “2023 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр, 2023 оны 6 дугаар сард дахин бэлгийн харьцаанд орж, хохирогчийг жирэмсэн болгож” гэх бөгөөд эдийн бус гэм хорыг арилгахтай холбоотой Иргэний хуулийн 497 дугаар зүйл, 511 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг 2023 оны 07 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөх боломжтой болсон. Иргэний хуулийн ерөнхий ангийн 5 дугаар зүйлийн 5.1-т “хуульд зааснаас бусад тохиолдолд иргэний хууль тогтоомжийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан байдаг. Хууль хэрэгжихээс өмнө тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн, хууль мөрдөгдөж эхлээгүй байсан учраас сэтгэл санааны хохиролын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Мөн шүүгдэгч Б.И нь насанд хүрээгүй хохирогч М.Өт 1.000.000 төгрөгийн төлсөн болохыг,

Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.И нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, түүнээс тооцож гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч ШБ.Итыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орж хохирогчийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч ШБ.Итыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон шүүгдэгч Б.Иыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт явахыг, тодорхой газар очихыг, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчихгүй байхыг сануулсугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Иыг Төв аймгийн Эрдэнэсант сумын нутаг дэвсгэрээс бусад нутаг дэвсгэрт зорчихдоо “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүргийг хүлээлгэж, тодорхой газар очих хязгаарлалт тогтоосугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.И нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.

6.Шүүгдэгч Б.Иын зорчих эрхийг хязгаарлах ялын шүүхийн шийдвэрийн ажиллагааг хэрэгжүүлэхийг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Шүүгдэгч Б.Иаас насанд хүрээгүй хохирогч М.Ө 1.000.000 төгрөг төлсөнг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Мгийн эмчилгээ болон сэтгэл санааны хохиролд 3-4 сая төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосонг, хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.М нь эмчилгээ болон сэтгэл санааны хохиролтой холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн ___дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч Б.И нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

11.Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ж.ДЭЛГЭРМӨРӨН