| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0001/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/42 |
| Огноо | 2024-02-01 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөнцэцэг |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 01 өдөр
Дугаар 2024/ШЦТ/42
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Б.Мөнгөнцэцэг,
хохирогч Б.С, түүний өмгөөлөгч Б.Жигмэддорж,
шүүгдэгч М.Б, түүний өмгөөлөгч Б.Баттөр, Г.Хонгор нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн шүүгдэгч ММ.Бөд холбогдох эрүүгийн ______дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг 5 дугаар байрны 1-4 тоотод иргэн Б.Стой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун нүд рүү гурилын илдүүр модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч М.Б нь: “2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Солонгын нөхөр Мөнхжаргалтай таараад пиво уусан. Маргааш нь найз залуутай нь маргалдаад маргалдаж байхдаа Солонгийг цохисон нь миний буруу. Буруугаа хүлээж байна. Бид хоёрын дунд хэрүүл маргаан гараагүй. Уучлалт гуйж байна.” гэв.
Хохирогч Б.С нь: “Энэ хэргийн улмаас хүний хамгийн чухал эрхтэн нүд маань эдгэхгүйгээр гэмтэл авсанд маш их гомдолтой байна. Цохиулаад гэмтэл авахад хөмсгөндөө найман оёдол тавиулсан. Яг цохиулсан өдрөө битүү хавдсан. Тэгээд нэг дэх өдөр шууд эмнэлэгт үзүүлэхээр явсан. “Б.С” эмнэлэгт Мөнхжаргал, М.Б хоёртой хамт очсон. Нүдний үзлэгт орох гэтэл нүд үзэх ямар ч боломж байхгүй байсан. Тав хоног нүдний дусаагуур дусаагаад ир гэж хэлсэн. Дахиад тав хоногийн дараа Мөнхжаргал, М.Б хоёртой хамт очсон. “Б.С” эмнэлгийн эмч тайлбарлахдаа хүний нүдний шар толбо байхад бид бүх зүйлийн хардаг. Тэр шар толбо дээр маш их хэмжээний цус хуралт байна. Яаралтай цус шингэлэх хагалгаанд орохгүй бол дахин өмнөх шигээ харах боломжгүй юм байна гэж хэлсэн. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр цус шимэгдүүлэг тариагаа тариулсан. Тариа тариулсны дараа эмчийн үзлэгт ороход яаралтай хагалгаанд орохгүй бол болохгүй байна. Нүдний болор чинь цаашаа маш их шингэн алдаж байна. Нүд чинь жижгирч байна. Цус нь шимэгдсэн боловч нүдний шар толбо дээр цус хурсан хэсэг арилсан боловч цагаан толбо үлдсэн. Энэ бол хэзээ ч арилахгүй гэж хэлсэн. “Сондра” эмнэлэг дээр очсон. 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хагалгаанд орсон. Нүдний Б.Сн бүрхүүл битүү урагдалтай, нүдний шингэнээ цаашаа алдсан. Бараг юм харахгүй байсан. Хагалгаанд ороод гарч ирсэн. Нүдний болорыг сольсон. Надад барагдуулсан төлбөр нь “Б.С” эмнэлэгт үзүүлээд тариа хийлгүүлсэн мөнгө 1 243 000 төгрөг, эмнэлгээс гараад долоо хоног эм уугаад дусал хийлгэсэн зардал 1 400 000 гаруй төгрөг, миний дансанд 100 000 төгрөг хийсэн байдаг. Тэрнээс хойш нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй. Баримттай зардал 3 500 000 төгрөг байна. Баримтгүй зардал бас байгаа. Би өөрөө унаагүй. Төв аймаг болон Улаанбаатарын хооронд нэг жил гарангын хугацаанд 50-60 удаа эмнэлэгт үзүүлж явсан байдаг. Би машингүй учраас замын унаанд суудаг. Мөн такси барьдаг. Эмнэлэг дээр өглөө 7:00 цагт очоод оочирлож байгаад үзүүлдэг. Баримт гардаггүй зөндөө зардал байгаа. Тухайн үед би ажил хийдээгүй байсан учраас төлбөр мөнгөний асуудал дээр жаахан хэцүү байсан. Нүдээ цохиулснаас хойш 1 жил хоёр сар болж байна. Тэр өдрөөс хойш миний сэтгэл санаа маш их хэцүү байсан. Энэ хоёр манай аав дээр ирдэг байсан. Намайг ганцаараа амьдарч байгаа болохоор хүнд эмтэл учруулчхаад тоохгүй байдаг юм уу. Маш их гомдож байна. Нэг ч удаа утсаар яриагүй. Би Мөнхжаргалтай 2007 оноос хойш найзалж байгаа. Гэтэл манай нөхөр чамайг цохиогүй гэдэг. Маш их гомдолтой байна.” гэв.
Үйл баримтын талаар:
Эрүүгийн ______дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М.Б нь согтуугаар 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Төв аймгийн Зуунмод сумын Номт 1 дүгээр багийн нутаг 5 дугаар байрны 1-4 тоотод иргэн Б.Стой хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний баруун нүд рүү гурилын илдүүр модоор цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 10-14 тал/,
-Эд мөрийн баримтын хураан авсан мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 16-17 тал/,
-Хохирогч Б.С“...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр орой 18 цагийн үед манай найз н.Мөнхжаргал над руу залгаад хоол хийгээд байж байгаарай хоёр найз нь яваад очьё гээд найз н.Мөнхжаргал нь нөхөр н.Баямөнхийн хамт ирэхдээ 10 ширхэг лаазтай “Сэнгүүр” бариад орж ирсэн. Тэгээд би манай нөхөр н.Батбаатар, найз н.Мөнхжаргал түүний нөхөр н.М.Б бид 4 хамт уусан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө намайг унтаж байхад н.М.Б нь намайг сэрээгээд гарч ирье, онгорхой хоолны газар байна уу юм идье гэж хэлээд би н.М.Бтэй хамт “Чансаа” хоолны газар ороод юм идээд 6 пиво уусан. Тэгээд манайх руу яваад би гэртээ 15 цагийн үед унтсан. Тэгээд намайг сэрэхэд нөхөр нь н.Батбаатар, найз н.Мөнхжаргал, түүний нөхөр н.М.Б нар 1 шил виски уугаад хоорондоо маргалдаад байсан. Тэгээд манай нөхөр н.Батбаатар, н.М.Б нар хоорондоо муудалцаад барилцаад авсан байхаар нь н.Мөнхжаргал бид хоёр салгасан. Тэгээд би буйдан дээр суугаад манай нөхөр ширээний хажуу талын сандал дээр сууж байхад найз н.Мөнхжаргал нойл орсон хооронд н.М.Б нь миний хажуу талаас гурилын илдүүр шиг модоор 1 удаа миний толгой руу цохисон. Тэгээд би түргэн дуудаж үзүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 тал/,
-Хохирогч Б.Сдахин өгсөн “...Тухайн Б.С нүдний эмнэлгийн ерөнхий эмч үзээд нүд болон нүдний эргэн тойронд маш их хаван хөхрөлт ихтэй нүд чинь нээгдэхгүй байх тул үзэг хийх боломжгүй гэж хэлсэн. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр дахин “Б.С” нүдний эмнэлэгт үзүүлэхэд баруун нүдний хараа юм харахгүй бүрсийсэн, нүдний угийг дурандаж үзэхэд нүдний шар толбон дээр маш их цус хуралт үүссэн байна гэж хэлсэн. Тэгээд тухайн эмч надад хэлэхдээ Б.Со нүд чинь их хүнд гэмтсэн цаашид өмнөх шигээ харах боломжгүй болсон байна. Таныг гэмтээсэн хүн байгаа юу гэж асуухад би байгаа гээд н.М.Бийг дуудаж оруулаад эмчтэй уулзсан юм. Тэгээд эмч н.М.Бөд хандаж нүдний гэмтлийн талаар бүгдийг хэлж тайлбарлахад н.М.Б нь миний эмчид үзүүлсэн нүдний зургийг гар утсан дээрээ дарж авч байсан юм...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24 тал/,
-Шүүгдэгч М.Бийн хохирогчоор өгсөн “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр эхнэр бид хоёр автомашиныхаа тосыг сольчхоод автомашин бөглөрөөд байхаар нь автомашиныхаа бөглөрөөг гаргах гээд хаашаа явах талаар эхнэр н.Мөнхжаргалтай ярилцаж байгаад Төв аймаг явахаар болоод Б.Сотой эхнэр н.Мөнхжаргал ярьсан чинь гэртээ байна хүрээд ир гэж хэлэхээр нь бид хоёр Төв аймагт талбайн хажууд байдаг 1 давхар цагаан байранд буюу Б.Согийн гэрт очсон юм. Бид хоёрыг гэрт нь очих үед Б.Со найз залуу н.Батбаатартай хамт хоол унд хийчихсэн бид хоёрыг хүлээгээд байж байсан. Байрны хажуу талын дэлгүүрээс Сэнгүр нэртэй 0.5 литрийн лаазтай 8-10 пиво худалдаж аваад гэрт нь орсон юм. Бид 4 юм ярьж суунгаа дөрвүүлээ хувааж уугаад хөзөр тоглоод орой 22 цагийн үед Б.Согийн гэрээс гараад дөрвүүлээ бааранд ороод 00 цаг хүртэл бүжиглээд хүн тус бүрийн 2 лаазтай пиво уусан. Баарнаас гараад буцаад Б.Согийнх руу явсан. Б.Со эгчийнх нь байр нь хажуу талын байранд байдаг ба тухайн үед хүнгүй байсан. Б.Со найз залуутайгаа эгчийнх рүүгээ орж хоноод эхнэр бид хоёр Б.Согийнд хоносон. 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө 10-11 цагийн үед би сэрээд баарнаас авсан лаазтай хоёр пиво аваад Б.С, н.Батбаатар нарын амарч байсан байр руу орсон. Н.Батбаатар үдээш хойш ажилтай гээд пиво уугаагүй, Б.С бид хоёр нэг нэг лааз пиво уугаад байж байх үед н.Батбаатар 2-3 цаг унтаадахья архи гараагүй байна гээд унтсан. Б.С бид хоёр буцаад Б.Согийн гэр рүү эхнэр н.Мөнхжаргал руу орсон чинь сэрээгүй унтаж байсан. Тэгэхээр нь Б.С бид хоёр юм идэх санаатай гадагш гарч хүн тус бүрийн 3-4 пиво уугаад хоолоо аваад Б.Согийн гэрт 13 цаг өнгөрч байхад очсон. Бид хоёрыг орсны дараа н.Батбаатар орж ирээд гэр рүүгээ явна гээд яриад байж байхаар нь эхнэр бид хоёр түрүүлээд харих гэж гарч явж байгаад би эхнэртээ н.Батбаатартай юм ярьж сууж байгаад явьч гээд буцаад гэр рүү нь орсон. Н.Батбаатар бид хоёр дэлгүүр ороод Сэнгүр нэртэй 0.5 литрийн лаазтай пиво 4 ширхэг, 1 шил виски авсан. Нэг шил вискийг нь н.Батбаатар, Б.С, н.Мөнхжаргал гурав хувааж уусан. Би пиво уусан. Б.Со унтаж босож ирээд нэлээн согтсон байсан. н.Батбаатар 18 цаг өнгөрч байхад дахин 1 шил виски авч ирээд тэр гурав уусан. Тэгж байтал н.Батбаатар бид хоёр согтуурхаад маргалдаад дээр доороо орж зууралдаад байж байтал Б.С “боль” гээд намайг тэврээд арагш буйдан дээр унагаасан. Тэгтэл н.Батбаатар баруун гараараа миний нүүр рүү 4-5 уадаа цохисон. Нэг цохилт нь миний зүүн нүд дээр оносон. Маргааш нь миний нүд хөхрөөд толгой энд тэндээ хавдчихсан байсан. Тухайн үед манай эхнэр н.Мөнхжаргал буйдан дээр суугаад харж байсан. Тэгээд би больё гэтэл болиод намайг босгоод суулгасан. Тэгээд үргэлжлүүлээд уугаад байж байхдаа би яаж байгаа юм гээд дахин зууралдаад бид хоёр гал тогооны тийшээ хамт унасан. Тэгээд бид хоёр ноцолдохоо болиод заамдалцаад хэрэлдээд зогсож байтал эхнэр н.Мөнхжаргал нойлоос гарч ирээд яасан гэтэл Б.Согийн хөмсөг сэтгээд цус гарчихсан байсан. н.Мөнхжаргал н.Батбаатар бид хоёроос Б.Со яачихсан юм бэ гэж асуусан. Тэр үед н.Батбаатар бид хоёр Б.Сог гэмтсэнийг мэдээгүй байсан. Тэгтэл Б.Со намайг цохилоо гэхээр нь би чамайг цохиогүй, цагдаа дуудья гээд 21 цаг 07, 09, 14 минутад 3 удаа цагдаад дуудлага өгсөн чинь н.Батбаатар цагдаа дуудахаа болиулсан. н.Батбаатар “чи цохиогүй хөгшөөн ярилцая” гэж байсан. Тэгээд Б.Согийн хөмсөг задарсан, цус нь тогтохгүй байсан учраас би 21 цаг 40 минутын орчимд эмнэлгийн түргэн тусламж дуудаад амч ирээд Б.Сог авч явах үед нь эхнэр бид хоёр хамт явсан. Эмнэлэг дээр очоод Б.Согийн хөмсгийг оёулаад байж байх үед н.Батбаатар араас нь эмнэлэг дээр ирсэн байсан. Би н.Батбаатартай машин дотор нь ярилцаж байхад н.Батбаатар “чи цохиогүй ээ хөгшөөн цагдаа дуудаад яахав эндээ учраа ольё” гэж хэлсэн. Н.Мөнхжаргал, Б.Со хоёр эмнэлгээс гарч ирээд н.Батбаатарын автомашинд суусан. Н.Батбаатар нь бууж яваад таксины жолоочоор автомашинаа бариулаад Б.Согийн гадаа ирсэн. Б.Со жолоочийн хажуу талын суудалд суугаад явж байсан. Буухдаа гарынхаа долоовор хурууг автомашины хаалганд өөрөө хавчсан. Тэгээд Б.Согийнх руу ороод нэг буйдан дээр шахцалдаад унтацгаасан. Б.Со тухайн үед бие удирдах чадваргүй согтуу байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 33-34 тал/,
-Гэрч Н.Батбаатарын “...Би 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн үед хамтран амьдрагч Б.Сгэрт байж байхад н.Мөнхжаргал түүний нөхөр н.М.Б нар нь 7-8 ширхэг пиво бариад орж ирсэн. Тэгээд бөөндөө ууж байгаад дахин нэмж пиво аваад ууж байгаад бид 4 “Deep” гэх бааранд ороод тэнд пиво ууж байгаад гарч ирээд бүгд Б.Сгэр рүү яваад тэнд н.Мөнхжаргал түүний нөхөр н.М.Б нар хоноод би Б.Схамт эгчийнх нь хүнгүй гэрт орж хоносон. Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өглөө н.М.Б согтуу пиво бариад бид хоёрын амарч байсан байр руу орж ирээд дахиад архи уух гэхэд би ажилтай гээд хэлтэл Б.Солонгийг дагуулаад явсан. Тэгээд 12 цагийн үед би сэрээд босоод гарах гэтэл гаднаас цоожилсон байсан. Тэгээд 14 цагийн үед Б.С хаалга тайлж орж ирээд унтаад өгсөн. Тэгээд гараад Б.Сгэрт ортол н.М.Б согтуу түүний эхнэр н.Мөнхжаргал нь эрүүл сууж байсан. Тэгээд н.М.Б архи ууя гэхэд би уухгүй гээд хоорондоо маргалдсан. Дараа нь 15 цагийн үед Б.С орж ирээд унтаад өгсөн. Тэгээд би н.М.Бтэй хамт гараад дэлгүүрээс 1 шил 1 литрийн виски, 4 лаазтай пиво аваад буцаад Б.Сгэрт очоод би н.Мөнхжаргал, н.М.Б нартай уугаад байж байтал н.М.Б нь эхнэр н.Мөнхжаргалтай маргалдаад байхаар нь би дундуур нь хэдэн үг хэлтэл н.М.Б над руу дайраад бид хоёр барилцаж аваад миний хүзүүнд байсан гинж мултархаар нь би дахин барилцаж аваад хоорондоо харилцан цохилцоод би н.М.Бийн дээр гараад би чиний хаана чинь цохих юм бэ гэхэд н.М.Б нь би чамайг барахгүй юм байна одоо болье гээд бид хоёр эвлэрэд дахиж уусан. Тэгээд би үүдний ширээний урд сандал дээр сууж байсан. Харин н.М.Б гал тогооны өрөөгөөр орж гараад амандаа үглээд яваад байсан. Тэгээд н.М.Б, Б.С хоёр нь буйдан дээр сууж байсан. Харин н.Мөнхжаргал нойл орох гээд явсан бөгөөд тэр хооронд н.М.Б над руу асаад хэл амаар доромжлоод байхаар нь Б.С “чи болиоч гэр оронд гээд” хэлээд байж байтал н.М.Б Б.Сдээр гараад гараараа цохцих уу гээд хартал н.М.Б над руу гурилын илдүүр шидсэн юм. Тэгээд түргэн дуудаад эмнэлэгт үзүүлж оёдол тавьсан...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 36-37 тал/,
Гэрч Э.Мөнхжаргалын “...2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр нөхөр М.Баямөнхийн хамт Төв аймагт байх Б.С найзынхаа гэрт зочилж ирсэн. Бид нарыг ирэхэд Б.Сгэрт Б.С, түүний найз залуу гэх Батбаатар нар байсан. Би Б.Стой багын найзууд байгаа юм. Бид нар удаан уулзаагүй байж байгаад уулзсан болохоор хөзөр тоглоод, пиво уусан. Бид нар орой 22 цагийн орчим бааранд хамт орсон. Тэгээд 00 цагийн орчим баарнаас гараад Солонгын гэрт очиж амарцгаасан. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 12 цагийн орчим боссон. Тэгээд дахин юм ярингаа пиво ууцгаасан. Тэгээд ямар нэгэн тодорхой шалтгаангүй манай нөхөр М.Б, Батбаатар нар нь хоорондоо маргалдаж муудалцсан. Тэгээд маргалдаад зууралдаж, барьж аваад түлхэлцээд байсан. Тэр хоёр бие биенээ түлхэх, бие биенийхээ гар луу түлхэлцэж байсан. Батбаатар нь ноцолдож зууралдаж байгаад манай нөхөр М.Бийг түлхэж буйдан руу унагаасан. Тэр үед Б.Со дундуур нь ороод болиоч гэж хэлж байсан. Б.Со нь болиоч гэж хэлээд манай нөхрийн гарыг бариад татаж байхад нь Батбаатар нь манай нөхрийн толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Дараад нь манай нөхөр М.Бийн зүүн талын нүд нь хөхөрч хавдсан, толгой нь энд тэндээ хавдсан, биеийнх нь гар, хөл хэсэг нь энд тэнгүй хөхөрсөн байсан. Энэ үйл явдал болсноос 2-3 хоногийн дараа манай нөхөр М.Б нь зүүн талын нүд нь бүрсийгээд юм сайн харахгүй, зовиуртай байна гэж хэлж байсан. Ийм л зүйл болсон...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 42-43 тал/,
Нүүрэлдэж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50 тал/,
Гэрч, хохирогчийн нүүрэлдүүлж мэдүүлэг авсан тэмдэглэл /1-р хх-ийн 52-53 тал/,
Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 645 дугаартай ...Б.Сбиед баруун нүдний харааны бууралт 0,02, торлогт цус хуралт, баруун хөмсөгт шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.4-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар үлэмж хэмжээгээр буюу 30%-аар тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд 30% нөлөөлнө... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 19-21 тал/,
Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 651 дугаартай ...М.Бийн биед гэмтэл тогтоогдсонгүй... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 67 тал/,
Шинжээчийн 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 03 дугаартай ...М.Бийн биед зүүн нүдний хараа бууралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.1-т зааснаар хөдөлмөрийн чадварыг 5%-р алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 73 тал/,
Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 389 дугаартай ...М.Бийн хоёр нүд хурайшилтай, баруун нүд хугарлын гажигтай байна. Энэ нь гэмтэлтэй шалтгаант хамааралгүй төрөлхийн нүдний эмгэг байна. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2023.01 дүгээр сарын 06-ны өдөр 03 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна. Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч И.Ганболорын 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 651 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна... талаарх дүгнэлт /1-р хх-ийн 78-79 дүгээр хуудас/,
Шинжээч Л.Бямбатуяагийн ...Мохоо зүйл гэдэг нь хязгаарлагдмал болон хязгаарлагдмал бус гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэнийг мохоо зүйлийн үйлчлэл гэнэ. Гурилын илдүүр нь хязгаарлагдмар гадаргуутай зүйлд хамаарагдана. Хохирогч Б.С нь 2023.11.10-ны өдөр хэрэг болсон гэх цаг хугацаанаас хойш 2023.11.28-ны өдөр өөрийн биеэр ирж үзүүлсэн бөгөөд ирж үзүүлэхдээ Б.С нүдний эмнэлэгт үзүүлсэн эмнэлгийн өвчтөний карт, шинжилгээний хариунууд авч ирсэн, дээрх эмнэлгийн бичиг баримтийг үндэслэн дүгнэлтийг гаргасан... гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98 тал/,
Шүүгдэгч М.Бийн яллагдагчаар өгсөн“...Би хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугийн талаар маргахгүй. Энэ хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлмээр байна...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 119 тал/,
Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №105 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд...1. Урьд гаргасан хүний биед шинжилгээ №645 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Б.Сбиед баруун нүдний гэмтлийн шалтгаант хоройдын урагдал, торлогийн цус хуралт, баруун нүдний болрын цайлт, баруун нүдний торлогийн хатингаршил, баруун нүдний харааны бууралт, баруун хөмсөгт шарх гэмтэл учиржээ. 3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.9-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 15% тогтонги алдагдуулсан тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн болон хууль зүйн дүгнэлт:
Шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Стой хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг цохиж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон гэж үзсэн.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч М.Бийг гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Учир нь шүүгдэгч М.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлтүүд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутай гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Өөрөөр хэлбэл гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч М.Б нь дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Прокуророос шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан...” гэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно”... гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно”.:. гэж тус тус хуульчилсан.
Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг,
мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор байна.
Эрүүгийн хуульд хуульчлагдсан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь заавал учирсан байхыг шаардсан материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.
Гэхдээ хохирол учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Энэ хэргийн тухайд шүүгдэгч М.Б нь хохирогч Б.Сбаруун нүд рүү гурилын илдүүр модоор цохисны улмаас хүндэвтэр гэмтэл буюу хүндэвтэр хохирол учирснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, материаллаг бүрэлдэхүүнтэй, төгссөн гэмт хэрэг болж байна.
Тэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж зодож, цохиж буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, хохирогчийн баруун нүдний гэмтлийн шалтгаант хоройдын урагдал, торлогийн цус хуралт, баруун нүдний болрын цайлт, баруун нүдний торлогийн хатингаршил, баруун нүдний харааны бууралт, баруун хөмсөгт шарх бүхий хүндэвтэр гэмтэл учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд хохирогчид учирсан хүндэвтэр гэмтэл нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч М.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагч Б.Мөнгөнцэцэг: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь торгох ял, нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах гээд сонгох санкцтай гэмт хэрэг байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон байдаг. Шүүгдэгч М.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо мөрдөн шалгах ажиллагааны явц болон шүүхийн шатанд төлсөн. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлын тухайд шүүгдэгч, хохирогч хэн нэгний зүй бус харилцаа гэж дүгнэх боломжгүй. Хэн аль нь архидан согтуурснаас болж энэ гэмт хэрэг гарсан. Хувийн байдал, хохирлоо төлсөн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгж буюу 2 000 000 төгрөгөөр торгох санал гаргаж байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн гурилын модон элдүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, энэ хэрэгтээ баривчлагдсан болох цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж байна.” гэх ялын дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Жигмэддорж: “...Тодорхой гаргах санал байхгүй байна.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Хонгороос: “Улсын яллагчийн саналтай нэг байна. Хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс улбаатай энэ гэмт хэрэг гарсан. Хэн аль нь цаашдаа анхаарах хэрэгтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд зааснаар хүндрүүлэх нөхцөл байдал харагдахгүй байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг бол сонгох санкцтай гэмт хэрэг. Манай үйлчлүүлэгчийн хувьд эдийн засгийн хувьд боломжгүй байгаа. Канадад ажиллаад тэндээсээ эдийн засгийн урсгал төлбөр орж ирдэг байсан. Хувийн байдал болон бусад байдлыг харгалзан торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баттөрөөс: “Шүүгдэгч М.Бийн хувьд хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байдал байна гэж үзэж байна. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй, хохирогчид хохирол төлбөрөө төлж барагдуулсан. Улсын яллагчийн гаргасан торгох ялын саналыг дэмжиж байна. Торгох ялын хамгийн бага хэмжээгээр торгож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Хохирогч Б.Сос: “Цаашдаа гарах эмчилгээний зардлыг өгнө гэсэн болохоор хэлэх зүйл байхгүй байна. Гэмтэл авснаас хойш тодорхой туслалцаа дэмжлэг үзүүлээд хамт явж байсан гэж байна. Цагдаад хэлснээс хойш энэ хоёрын харилцаа хандлага хүн чанаргүй үйлдлүүд их гаргасан байдаг.” гэх дүгнэлтийг,
Шүүгдэгч М.Бөөс: “Маш их гэмшиж байна. Уучлалт гуйж байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүгдэгч М.Бийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасан байх ба шүүгдэгч М.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мөрдөн байцаалтын, прокурорын, шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаж мэтгэлцдэггүй, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, хохирогчид эмчилгээний зардлыг төлсөн байдал, нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдал зэргийг харгалзсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүхээс шүүгдэгч М.Бийн торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж зэргийг харгалзан хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй гэж үзэж,
шүүгдэгч М.Бөд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд буюу шүүхээс тогтоосон дээрх 90 /ер/ хоног буюу 3 /гурав/ сарын хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна
Шүүх шүүгдэгч М.Бөд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, анхнаасаа буюу мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж хүний эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар болох эмчилгээний зардлыг төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Хохирол хор уршиг, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно”, 2.“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заасан байна.
Шүүгдэгч М.Бийн гэм буруугийн санаатай үйлдлийн улмаас хохирогч Б.Сэрүүл мэндэд “баруун нүдний гэмтлийн шалтгаант хоройдын урагдал, торлогийн цус хуралт, баруун нүдний болрын цайлт, баруун нүдний торлогийн хатингаршил, баруун нүдний харааны бууралт, баруун хөмсөгт шарх гэмтэл” бүхий хүндэвтэр хохирол учирчээ.
Шүүгдэгч М.Бөөс хохирогч Б.С нь мөрдөн байцаалтын шатан болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нийт 10.500.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ:
Шүүх нотлох баримтын шаардлага хангасан гэх эмчилгээ болон замын зардал, эм тарианы зардал 2.117.300 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн ба шүүгдэгч М.Б нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд 2.117.300 төгрөгийг нөхөн төлсөн байх ба хохирогч хэн аль маргаагүй болно.
Хохирогч Б.Снэхэмжлэлийн шаардлагаас 3 сар цалингүй байсан болон эмчилгээтэй холбоотой 8.382.700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах боломжгүй гэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Учир нь Шүүх гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг нотлох баримтад үндэслэн гаргана. Иймд хохирогч Б.С нь дээрх цалингүй байсан хугацааны болон эмчилгээний зардалтай холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэйг,
Эрүүгийн ______дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,
шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шүүгдэгч М.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гурилын илдүүр мод 1 ширхэгийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэснийг тус тус дурдах нь зүйтэй.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ММ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Шүүгдэгч ММ.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бөд оногдуулсан 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1,2,5 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.Солонгын нэхэмжлэлийн шаардлагаас 8.382.700 төгрөгийн хэрэгсэхгүй болгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Эрүүгийн ______дугаартай хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгч М.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг гурилын илдүүр модыг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
7. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч ММ.Бөд Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.
8. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
10. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч ММ.Бөд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН