Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 2024/ШЦТ/48

 

 

 

 

                                                                                                           

 

 

 

 

  

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа тэмдэглэл хөтлөн,

Улсын яллагчаар Л.Наранхүү,

Орчуулагч М.Эрдэнэбаяр,

Шүүгдэгч Т.Жтүүний өмгөөлөгч Б.Мэргэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийж,

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Т.Ж-д холбогдох эрүүгийн __дугаартай, 1 хавтаст хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Т.Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.Ж нь мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэж мэдүүлжээ.

 

Шүүгдэгч Тонг Жиган (Tong Zhigang) нь 2023 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн үед Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянжаргалан сумын чиглэлд "Toyota Lexus 570" маркийн 01-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Төв аймгийн Баян сумын Өгөөмөр 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Хашаат” гэх газар шороон зам дээр Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12-д заасан “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж егне. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчиж “Hyudai Mighty” маркийн 12-93 УАК улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, зам тээврийн осол гарган иргэн Б.Тэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд:

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-10 дугаар хуудас/,

Хохирогч Б.Т...Би 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 17 цагийн орчим Улаанбаатар хот Налайх дүүргээс Төв аймгийн Баянжаргалан сумын төв орж машин авах ажилтай Хүрэлбаатар ахыг хөлслөөд нөхөр Амарсанаа, охин Аминзаяа нарын хамт гарсан юм. Тэгээд Баянжаргалан суманд 20 цагийн орчимд очиж машинаа аччихаад буцаад Налайх дүүрэг рүү явж байтал 21:40 цагийн орчимд шороон зам дээр урдаас хар өнгийн Лексус-570 маркийн 01-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгсэл хурдтай урсгал сөрж орж ирээд манай тээврийн хэрэгслийг мөргөсөн үйл явдал болсон... гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Иргэний хариуцагч Д.Хасын ...Манай байгууллагаас хохирлыг төлөлцөнө... гэх мэдүүлэг /хх-ийн 44 дүгээр хуудас/,

Гэрч А.Амарсанаагийн ...Би 2023 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр 20 цагийн орчимд Төв аймгийн Баянжаргалан сумаас Улаанбаатар хот Налайх дүүрэг рүү танилын ах болох Хүрэлбаатарын Mighty маркийн 12-39 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн тэвшин дээр хүнээс худалдаж авсан Тоёота Ист маркийн 34-81 ТӨВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ачаад Налайх дүүрэг рүү гарсан юм. Тэгээд Төв аймгийн Баянжаргалан сумаас гарч явснаас хойш замдаа унтаж байтал машин мөргөх шиг болоод хүүхэд уйлахад юу болов гээд тээврийн хэрэгслээс буугаад иртэл манай машины урдаас хар өнгийн тээврийн хэрэгсэл мөргөсөн байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Гэрч Шин Чанглянгийн ...Би 2023 оны 9 дүгээр сарын 08-ний өдөр 20:30 цагийн орчимд Улаанбаатар хотоос Төв аймгийн Баянжаргалан сум Бөөрөлжүүт цахилгаан станцын төслийн байрлуу компани Lexus 570 маркийн 01-07 УНК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудалд суугаад гарсан юм. Тэгээд замдаа унтаж байтал тээврийн хэрэгсэл мөргөлдөөд сэрсэн юм... гэх мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

Гэрч Ц.Хүрэлбаатарын ...2023 оны 9 дүгээр сарын 09-ны өдөр 11 цагийн орчимд танил Амарсайхан над руу залгаад Төв аймгийн Баянжаргалан сумаас машин ачиж Налайх дүүрэгт авч ирмээр байна гэж надаас гуйсан юм. Тэгээд би Mighty маркийн 13-93 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Налайх дүүрэгт яваад очтол Амарсайхан, Түвшинбаяр хүүхэдтэй гурвуулаа миний машинд суусан юм. Тэгээд Баянжаргалан сумын төвд бид нар 16 цагийн орчимд очоод нөгөө машинаа ачих гэсээр байгаад шөнө 23 цагийн орчим дуусаад Налайх дүүрэг рүү гарцгаасан юм. Тэгээд замдаа шороон замаар явж байтал урдаас хурц гэрэлтэй машин урсгал сөрөөд ороод ирсэн тэгээд би тоормосоо гишгээд баруун тал руугаа дартал миний тээврийн хэрэгслийн урдаас ирээд мөргөөд зогссон юм. Тэгээд би буугаад нөгөө машин дээр явж очоод согтуу жолооч юм болов уу гэж бодоод хаалгыг нь онгойлготол БНХАУ-ын иргэд байсан тэгээд хэлээ ололцохгүй байж байтал орчуулагч нь ирсэн юм. Цагдаагийн байгууллагад дуудлага өгчхөөд Амарсайхан болон эхнэр Түвшинбаяр хүүхдийнхэн хамтаар явуулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 60 дугаар хуудас/,

Шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 575 дугаартай ...Б.Тбиед ууцны С5 нугалам, ахар сүүлний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 83-84 дүгээр хуудас/,

“Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 07/233 дугаартай ...2023 оны 9-р сарын 13-ны байдлаар шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай албан хүсэлтийн дагуу үнэлгээчин Г.Амбасэлмаа шинжээч үнэлгээчин 1293 УАК улсын дугаартай Hyundai Mighty маркийн автомашины хохирлын хэмжээг 5,050,000/таван сая тавин мянга/ төгрөг гэж дүгнэлээ... талаарх дүгнэлт /хх-ийн 87-93 дугаар хуудас/

“Цагаан Шонхорын Жигүүр” НҮТББ замын хөдөлгөөний аюулгүй байдал судлалын хүрээлэнгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 23/155 дугаартай ... Toyota Lexus-570 маркийн 01-07 УНК улсын дугаартай автомашины жолооч Т.Жиган нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.12 “Өөдөөс яваа тээврийн хэрэгсэлтэй зөрж өнгөрөхөд хүндрэлтэй буюу боломжгүй байвал саадыг тойрон гарах тээврийн хэрэгслийн жолооч зам тавьж өгнө. Харин 1.10 буюу 1.11 тэмдгээр анхааруулсан уруу буюу өгсүүр замд өгсөж яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Hyundai Mighty маркийн 12-93 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Ц.Хүрэлбаатарыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. Энэхүү дүгнэлтийн 1 дүгээр хариултаар хариулсан гэж үзэж байна. Хэргийн материалтай танилцахад тээврийн хэрэгслүүдийн хурдыг тогтоох боломжгүй байна. Уг зам тээврийн осол болоход замын нөхцөл байдал үзэгдэх орчин нөлөөлсөн гэх үндэслэлгүй байна. Нэмж тусгах саналгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 97-99 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Т.Ж яллагдагчаар өгсөн...Би тогтоолыг уншиж танилцлаа. Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч нарыг хохирлыг бүрэн барагдуулж хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна... гэх мэдүүлэг /хх-ийн 126 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрхи нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

                                                                                                      

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүгдэгч Т.Ж нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч Б.Т, Ц.Хнарт 18.000.000 төгрөгийн хохирол учирсан байх ба эмчилгээний зардалтай холбоотой бүх төлбөрийг шүүгдэгч Т.Ж нь нөхөн төлсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Т.Ж эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Т.Ж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

 Эрүүгийн __дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Ж энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч иргэн Т.Ж-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй. 

 

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.200 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.200.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Т.Ж-д шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

 5. Эрүүгийн __дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Т.Ж энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

 7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

 8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ж.ДЭЛГЭРМӨРӨН