Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2026/0602

 

 

 

                                    Б ХХК -ийн

                                     нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0626 дугаар шийдвэртэй захиргааны хэргийг гуравдагч этгээд Э ХХК-ийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Э.Зоригтбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч Ц.Одмаа

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Б ХХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга

Гуравдагч этгээд: Э ХХК

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул

Хэргийн индекс: 128/2026/0455/З                                          

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0626 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.2, 51.3-д заасныг тус тус баримтлан Б ХХК -ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Гуравдагч этгээдийн төлөөлөгч Ц.Б шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна. Үүнд:

2.1. Б ХХК нь холбогдох хууль журмын дагуу зээл авсан боловч зээлээ төлөхгүй удсан, түүнчлэн тус компанийн хувьцаа эзэмшигч иргэн И.Ө, иргэн Ш.А нар нь өөрсдийн хувьцааг зээлдүүлэгч Э ХХК-д мэдэгдэлгүйгээр иргэн Д.Б 2023.02.09-ний өдөр худалдсан бөгөөд шинээр хувьцаа эзэмшигч Д.Б болон шинэ гүйцэтгэх захирал Д.М нар нь зээл аваагүй хэмээн маргасан тул манай байгууллага цагдаагийн байгууллагад хандаж, зээл авсныг нь тогтоолгосон, улмаар иргэний журмаар нэхэмжлэл гаргасан болно.

2.2. Гэтэл анхан шатны шүүх “..тухайн зээлийг гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан М.Ц нар авсан нь тогтоогдсон, зээлийг зориулалтын дагуу ашиглаагүй...” хэмээн захиргааны маргаанд огт хамааралгүй үндэслэлүүд дурдсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” хэмээн заасан хуулийн үзэл санааг илтэд зөрчсөн шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл захиргааны хэргийн шүүхэд үл хамаарах буюу зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр эсэх тал дээр эрх зүйн дүгнэлт хийсэн.

2.3. Нэхэмжлэгч нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 367 тоот шийдвэр нь Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй” гэх заалтыг заалтыг зөрчсөн хэмээн маргасан.

2.4. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст дээрх хуулийн заалтад дурдсан тусгай зөвшөөрөлд хамаарагдах эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичгүүд бүгд хадгалагддаг бөгөөд эдгээр баримтуудыг үндэслэн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгогддог, мөн зээлдүүлэгч Э ХХК нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт орших О*** уул нэртэй MV-0207** дугаартай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг зөөврийн компьютерын хамт барьцаалсан нь ямар ч хуулийн зөрчилгүй болохыг хариуцагч болон эрх ашиг нь зөрчигдөж буй гуравдагч этгээд нар шүүх хурал дээр хангалттай тайлбарлаж мэтгэлцсэн, холбогдох нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан, мөн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан хэдий ч анхан шатны шүүх холбогдох хуулийг мушгин гуйвуулж, буруу тайлбарлан барьцаа хөрөнгө дутуу барьцаалсан гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь маш ойлгомжгүй бөгөөд эргэлзээтэй байна. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хуулийн заалт нь хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлөө барьцаалах эрхийг нээж өгсөн зохицуулалт юм. Гэтэл анхан шатны шүүх хуулийн ямар ч үндэслэлгүйгээр захиргааны актыг хүчингүйд тооцсон шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

  ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2.Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдээс гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

3.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Б ХХК нь 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр №20-023 тоот “Зээлийн гэрээ”-г  Э ХХК-тай байгуулж, 500 000 ам.долларын зээл авч, ашигт малтмалын ашиглалтын MV-0207** дугаар тусгай зөвшөөрөл, Dell брэндийн зөөврийн компьютер зэргийг барьцаалан №20-023А тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулсан байна.

4.Б ХХК -иас 2020 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст тусгай зөвшөөрлийг барьцаалахыг хүсч өргөдөл гаргаж, холбогдох баримтуудын хамт хүргүүлсэн. Улмаар маргаан бүхий Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 367 дугаар шийдвэрээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутаг дахь О*** уул нэртэй 583.36 гектар талбай бүхий MV-0207** тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг Б ХХК Э ХХК-д барьцаалсныг бүртгэж, тусгай зөвшөөрөлд зохих тэмдэглэгээг хийжээ.

5. Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1-т “Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахад шаардагдах санхүүжилт олох, хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэхийн тулд тусгай зөвшөөрлийг эрэл, хайгуулын ажлын үр дүнгийн тайлан, геологийн судалгааны мэдээлэл, техник, эдийн засгийн үндэслэл зэрэг холбогдох баримт бичиг болон хууль тогтоомжоор барьцаалахыг хориглоогүй эд хөрөнгийн хамтаар банк, банк бус санхүүгийн байгууллагад, эсхүл тусгай зөвшөөрөл эзэмшигчийн татварын өрийг хураах зорилгоор татварын албанд барьцаалж болох бөгөөд тусгай зөвшөөрөл нь дангаараа барьцааны зүйл болохгүй”, 51.3-т “Тусгай зөвшөөрлийг барьцаалсан гэрээ энэ хуульд заасан шаардлагыг хангаж байвал төрийн захиргааны байгууллага түүнийг бүртгэж, уг бүртгэлд тусгай зөвшөөрлийн дугаар, эзэмшигч болон тусгай зөвшөөрөл барьцаалагчийн нэр, хаягийг тэмдэглэх бөгөөд уг тусгай зөвшөөрлийг барьцаалагчид хадгалуулна” гэж тус тус заасан.

5.1. Дээрх хуульд зааснаар Б ХХК-ийн гүйцэтгэх удирдлага Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож компанийн эзэмшилд байгаа тусгай зөвшөөрөл, эд хөрөнгийг барьцаанд тавих эрхийн хүрээнд ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалах хүсэлт гаргасан тохиолдолд хариуцагч хянаж үзээд татгалзах үндэслэл байхгүй бол бүртгэн авч, зохих тэмдэглэгээг тусгай зөвшөөрлийн хавсралтад хийх үүрэгтэй байна.

5.2. Нөгөө талаар тусгай зөвшөөрөл дангаараа барьцааны зүйл болохгүй гэх хуулийн шаардлагын дагуу Dell брэндийн зөөврийн компьютер мөн барьцааны зүйл болсон нь хариуцагчаас шүүхэд ирүүлсэн Зээлийн барьцааны гэрээгээр тогтоогдож байна.

5.3. Иймд нэхэмжлэгч хуулийн этгээдийн Э ХХК-тай байгуулсан зээлийн гэрээ, зээлийн барьцааны гэрээний дагуу барьцааны зүйл болох MV-0207**  тоот ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг барьцаалсныг хариуцагч бүртгэсэн нь хуульд нийцсэн байх бөгөөд түүнийг хүчингүй болгох, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

5.4. Захиргааны хэргийн шүүх нь бүртгэлийн үйл ажиллагааг зөвхөн хууль бус болон холбогдох журмын дагуу явагдсан эсэхийг хянах бөгөөд хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргээр захиргааны үйл ажиллагаа хуульд нийцсэн болох нь тогтоогдож байна.

5.5. Түүнчлэн нэхэмжлэгчээс зээлдүүлсэн гэх 500 000 ам.доллар бодитоор олгогдоогүй гэж тайлбарлан маргах боловч хэрэгт авагдсан бэлэн мөнгө хүлээлцэх акт болон Э ХХК-ийн зарлагын мэдүүлэг зэрэг баримтуудаар энэхүү нөхцөл байдал нь мөн үгүйсгэгдэж байна.

5.5. Гэтэл анхан шатны шүүх “... гэрээний 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт зээлийн нэр төрөл нь бизнесийн зээл, зээлийн зорилт нь ашигт малтмал олборлох үйл ажиллагаа гэж заасан боловч гуравдагч этгээд Э ХХК нь Б ХХК-тай зээлийн гэрээ байгуулж, барьцааны гэрээ болон зээлийн гэрээний үндсэн дээр ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг барьцаалан зээл олгохдоо 2020 оны 09 дүгээр сарын 25-29-ны өдрүүдэд М.Цогбат гэх хүнд бэлнээр 500,000 /ам доллар/ хүлээлгэн өгсөн болох нь бэлэн мөнгө хүлээлцэх актаар нотлогдохоос гадна нэхэмжлэгч компанийн дансаар тухайн зээл орж ирээгүй нь Санхүүгийн зохицуулах хорооны 2026 оны 6 дүгээр сарын 13-ны өдрийн 9/927 дугаартай “...Э” ХХК-иас 2020-2021 онд ирүүлсэн тайланд Б ХХК-д зээл олгосон тухай тайлагнаагүй...” гэх албан бичгээр тогтоогдож байна ... барьцааны зүйлд Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл болон Dell notеbook /500 ам доллар/-ын хамт барьцаалсныг Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан гэж үзэхээргүй байна” гэж тус тус дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан нь үндэслэл муутай болжээ.

5.6. Ийнхүү анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг буруу үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй, улмаар хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй.

5.7. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0626 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Ашигт малтмалын тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 51.3-д заасныг тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан “...2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл барьцаалсныг бүртгэх тухай” 367 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

 

             ШҮҮГЧ                                                            Г.БИЛГҮҮН

 

                         ШҮҮГЧ                                                           Ц.ОДМАА