| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Жаргалын Дэлгэрмөрөн |
| Хэргийн индекс | 176/2024/0053/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/58 |
| Огноо | 2024-02-21 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 2024/ШЦТ/58
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,
нарийн бичгийн дарга М.Гантуяа,
улсын яллагч Э.Уянга,
шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б Б.Бд холбогдох эрүүгийн ____дугаартай хэргийг 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар
/Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын- Уул 1 дүгээр баг 20 дугаар гудамж 02 тоотот хаягт оршин суух иргэн Ц.Дгэрт түүнтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохин, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж Ц.Дэрүүл мэндэд нь “баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, амны дотор салстын шарх, зүүн хөмсөг, хамрын хуруу, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Б: ...Би 2023 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр Төв аймгийн Аргалант сумаас хүнээс даага авахаар очоод тэндээ хэд хоносон. Тэгээд 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өглөө Доржсүрэн ахын ажил дээр нь очоод би ирсэн гээд уулзтал орой манай гэрт хүрээд ирээрэй гэхээр би орой 20 цагийн үед гэрт нь нэг шил хараа нэртэй 0.5л архи аваад очсон. Тэгсэн Доржсүрэн ах өөрөө нилээн согтуу гэртээ хэвтэж байсан. Би ороод сэрээгээд би ирлээ ах ганц юм уух уу гэсэн чинь босч ирэхээр нь би архиа задлаад өгтөл гурав уучихаад буцаад согтсон юм уу гэнэт над руу үг хаяад муу хулгайч бацаан манай гэрээс зайл гээд хөл рүү өшиглөхөөр нь би уурлаад босч ирээд заамдаж аваад сэгсэрч байх үедээ түүний баруун зүүн шанааны доор эрүү хэсэгт цохисон байж магадгүй ээ, тэгээд 6, 7 удаа сэгсэрч байгаад түлхээд цээж хэсэгт нь өшиглөчихсөн. Тэгсэн Доржсүрэн нь газар унасан. Би намайг хулгай хийхийг хаана харсан юм нотлоорой гэж уурлаж байгаад гэрээс нь гараад явсан. Араас муу хулгайч минь, пизда минь чамайг цагдаад өгнө гээд хашгираад үлдсэн. Тэгээд би тэндээсээ Чука гэх айлд очиж хоноод маргааш нь хот руу явсан. Тэгсэн намайг цагдаад өгсөн байсан”... гэх мэдүүлдэг.
Үйл баримт:
Эрүүгийн ____дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас шүүгдэгч Б.Б нь арихи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын- Уул 1 дүгээр баг 20 дугаар гудамж 02 тоотот хаягт оршин суух иргэн Ц.Дгэрт түүнтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохин, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж Ц.Дэрүүл мэндэд нь “баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, амны дотор салстын шарх, зүүн хөмсөг, хамрын хуруу, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтыг тогтоохдоо доорх нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Хохирогч: Ц.Д“...Би 2023 оны 4 сарын 21-ний орой ажилаа тараад замаараа дэлгүүрээс 1 шил 0,33л хараа нэртэй архи аваад замдаа уучихаад бага зэрэг халамцуу 20 цагийн үед гэртээ ирсэн. Гэртээ ирээд унтах гээд хэвтэх гэж байтал гаднаас манайд Б.Б гэх залуу 0,5л хараа нэртэи архи тал шилийн барьчихсан орж ирээд ах уухуу гэхлээр нь би, эхлээд уухгүй гэхэд ахин та нэг татахгүй юм уу гэхлээр нь би чамтай уухгүй манай гэрээс зайл гэж хэлтэл цонхон талын сандал дээр суугаад ганцаараа авчирсан архиа уугаад сууж байхаар нь би өмнө цагаан сараар намайг байхгүй үед манай эхнэрт агсан тавьж байсан нь бодогдоод уур хүрээд чи хулгайч минь манайхаас зайл гэж хэлсэн. Тэгсэн Б.Б босч ирээд над руу би танайхаас юу хулгайлсан юм хэлээдэх гээд дайраад эхлээд зүүн талын шанаа хэсэг рүү баруун гараapaa алгададчихсан. Би уурлаад хэвтэж байсанаа босч суугаад чи муу манайхаас зайл хулгайч минь гэж дахин хэлтэл учиргүй над руу дайраад намайг өшиглөхөд нь би газар унтал дээрээс өшигчөөд гараараа цохиод байсан хэдэн удаа цохиж өшиглөснийг би санагүй байна. Би яажинаа пиздаа минь зайл гээд орилоод байхад намайг дахин чи муу баашлаад байна уу гээд хөлнөөс бариад гэрийн үүд рүү чирсэн. Тэгсэн ахин дээрээ өшиглөөд байсан. Эхнэр хажуунаас нь болиоч гээд салгах гээд үзтэл дийлдэхгүй байсан. Тэгээд баахан толгой, хавирга, хамаг бие рүү өшиглөж байгаад болиод хэсэг суугаад би танайхаас юу хулгайлсан юм бэ гэж дахин хэрүүл хийж байгаад дахиж босож ирээд намайг өшиглөсөнөө гэрээс гараад явсан. Тухайн үед бие хөдөлж болохгүй өвдөөд босож чадахгүй байсан. Унтах гэж үзээд болохгүй байхаар нь 04 цагийн үед эмэнэлэг дуудаад эмч ирж үзээд 05 цагийн үед хот руу эмнэлэгийн машинтай гэмтэл орж үзүүлтэл баруун талын доороос гуравдах хавирга хугарсан байсан. Толгой хэсэг энд тэндээ хавдчихсан. Тэгээд цагдаад хандсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Отгоны “... Орой зурагт үзээд байж байхад Доржсүрэн нь ажлаа тараад 20 цагийн үед гэртээ бага зэрэг архи уучихсан байдалтай орж ирсэн. Тэгээд хоол ундаа идчихээд орон дээрээ хэвтэж байсан гаднаас Б.Б гэх залуу нэг шил архины тал барьчихсан орж ирж байсан би нээх тоогоогүй цаана зурагт үзээд байж байсан. Нөхрийг уух уу гээд байгаа бололтой байсан нөхөр уухгүй гэж байсанаа манай гэрээс зайл гээд байсан. Тэр хоёр маргаж байсанаа Б.Б босч очоод манай нөхөр Доржсүрэнг алгадаад автал нөхөр уурлаад зайл, зайл хулгайч минь манайхаас гээд чангаар хэд хэдэн удаа хэлтэл нөгөө Б.Б нь би танайхаас юу хулгайлсан юм гээд уурлаад дахин манай нөхөр лүү дайрч өшиглөж унагаад дээрээс нь хөлөөрөө өшиглөөд эхлэхээр нь би болиоч наадхаа аллаа гээд салгах гээд зууралдаад байхад дийлдэхгүй манай нөхрийг өшигчөөд зодоод, чи муу амьдралдаа олигтой авч явж чадахгүй байж, ингэж амьдархаар үхээч гээд зодоод байсан, би болиоч гээд зөндөө зууралдсан боловч яадгын энэ муу үхсэн ч яадгын гээд дээр нь өшиглөөд бас цохиод байсан. Тэгснээ гэнэт болиод цаашаа сандал дээр суугаад архиа хийж ууж байх зуур манай нөхөр чи муу манайхаас зайл гээд дахин чангаар хэд хэдэн удаа хэлтэл дахин босч ирээд хөлнөөс нь бариад үүд рүү чирээд нүүр лүү нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан. Би дахин болиоч гээд хорихд дийлээгүй. Тэгж байснаа сандал дээр дахин сууснаа үлдсэн архиа аваад гараад явсан. Нөхөр газар хэсэг хугацаанд ёолж хэвтэж байгаад босч ирээд дуугаралгүй орон дээрээ хэвтээд өгсөн. Шөнө унтаж чадахгүй байгаа бололтой ёолоод хэвтээд байхаар нь би эмнэлэг рүү залгаж дуудлага өгөөд 04 цаг өнгөрч байхад эмнэлэг ирээд нөхрийг авч явахад нь би хамт явсан. Эмнэлэг дээр ирээд эмч хот руу авч явна гээд бид хэд хамт хот явж гэмтэлд үзүүлсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/,
Шинжээчийн 2023 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 203 дугаартай ...Ц.Дбиед баруун 7-р хавирганы зөрүүтэй хугарал, амны дотор салстад шарх, зүүн хөмсөг, хамрын нуруу, цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг топтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд алдагдуулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй... талаарх дүгнэлт /хх-ийн 23-24 дүгээр хуудас/ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.
Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянга:
... Шүүгдэгч Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Төв аймгийн Аргалант сумын Аргалын- Уул 1 дүгээр баг 20 дугаар гудамж 02 тоотот хаягт оршин суух иргэн Ц.Дгэрт түүнтэй үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж, нүүрэн тус газарт нь гараараа цохин, цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж Ц.Дэрүүл мэндэд нь “баруун 7 дугаар хавирганы зөрүүтэй хугарал, амны дотор салстын шарх, зүүн хөмсөг, хамрын хуруу, цээжинд зулгаралт гэмтэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж байна... гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б: ...”Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн... дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх хуралдааны гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгч Б.Б нь гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаараа илэрхийлдэг.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.Б нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргадаггүй бөгөөд түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг нь гэмт хэргийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг болон бусад бичгийн нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж үзэн шийтгэх тогтоолын үндэслэл болгож шийдвэрлэлээ.
Учир нь гэм буруугаа хүлээн зөвшөөрнө гэдэг нь тухайн гэм буруутай этгээд нийгэмд аюултай гэм буруутай үйлдлээ, хэргийн зүйлчлэлийг, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, хууль зүйн үр дагаврыг тус тус хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд шүүгдэгч Б.Б дээрх нөхцөлүүдийг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээрээ илэрхийлдэг.
Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг...” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг...” гэж,
Тэгвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана.” гэж,
2 дахь хэсэгт “Болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэмт хэрэгт тооцогдоно.” гэж тус тус хуульчилсан байна.
Хуулийн энэ ойлголтоос харахад энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан нийгэмд аюултай гэм буруутай /гэмт/ үйлдэл, эс үйлдэхүйг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг гэж,
мөн тусгай ангид заасан тохиолдолд нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг материаллаг шинжтэй гэмт хэрэг гэж тус тус ойлгохоор зааж өгсөн.
Шүүгдэгч Б.Б холбогдсон тухайн гэмт хэрэг нь энэ хуулийн тусгай ангийн Арван нэгдүгээр бүлэгт заасан “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэрэгт хамаарах бөгөөд энэ бүлэгт заасан гэмт хэргүүд хүний эрүүл мэндийн эрхийн халдашгүй байх эрхийг хуулиар хамгаалж өгсөн ба тухайн эрх нь зөрчигдсөн, хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцохоор тусгайлан заасан ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилж өгсөн.
Мөн “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргүүд нь хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн гэмтлийг буюу хохирол, хор уршгийг санаатай, болгоомжгүй, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидаж учруулж байгаагаараа зүйлчлэлийн хувьд өөр хоорондоо ялгаатай ба Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусад гэмт хэргүүд болон Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан “Хүний биед халдах” зөрчлийн хэргээс тус тус ялгагддаг.
Мөн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн бусад гэмт хэргүүдээс ялгагдах нэг онцлог нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу хорин найман хоног, түүнээс доош хугацаагаар түр сарниулсан, ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт бага хэмжээгээр буюу 5-10 хувийн тогтонги алдагдсан байхаар журамлагдсаныг дурдах нь зүйтэй.
Тус гэмт хэргийн гэмт үйлдэл нь хүний бие махбодид түлхэх, чирэх, мушгих, хазах, өшиглөх, цохих, алгадах, дарах, чимхэх, хазах, үсдэх, базах, шахах, боох зэрэг хүч хэрэглэн халдаж буй гэмт үйлдлээр илрэх ба гадаад хэлбэрээрээ бие эрхтний үйлдэл, хөдөлгөөн, зан үйлийн тодорхой зорилго, үр дүнд чиглэсэн идэвхитэй үйл ажиллагаа юм.
Гэмт эс үйлдэхүй нь хүний бие махбодид хүч хэрэглэн халдаж байгаа гэмт үйлдлийн улмаас гэмтэл бэртэл тодруулбал хөнгөн хохирол, хор уршиг учрахыг мэдэж байгаа боловч уг гэмт үйлдлээ хүсэж хийсэн, гэмтэл бэртэл буюу хөнгөн хохирол, хор уршигт зориуд хүргэх гэсэн сэдэлт, зорилготой, санаатай хэлбэрээр илэрч байдаг.
“Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн үндсэн, “онц харгис хэрцгийгээр”, “олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар”, “захиалгаар”, “өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор”, “өөртөө, бусдад эдий, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор”, “хоёр, түүнээс олон хүнийг”, “хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй, бага насны хүүхэд, жирэмсэн болохыг мэдсээр байж”, “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж”, “эрхэлж байгаа ажил, албан үүрэгтэй нь холбогдуулж өөрийг нь, түүний ойр дотны хүнийг”, “зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн зохион байгуулалттай гэмт үйл ажиллагааныхаа явцад”, “бүлэглэж”, “эрүүдэн шүүж”, “цус, эд, эрхтнийг авах зорилгоор”, “үзэл бодол, арьсны өнгө, үндэс, угсаа, шашин шүтлэг, бэлгийн, хүйсийн чиг баримжаагаар нь үзэн ядаж хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэсэн хүндрүүлэх шинжүүдийг хангасан байхаар хуульчилсан.
Гэхдээ хохирол, хор уршиг учруулсан үйлдэл, эс үйлдэхүй болгон гэмт хэрэгт тооцогдохгүй.
Учир нь нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох ба хөнгөн, хүндэвтэр, хүнд гэсэн хохирлын аль нэг нь учраагүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж, зодсон бол” гэсэн зөрчлийн хэрэг болно.
Шүүгдэгч Б.Б хохирогч Ц.Дг цохиж буй гэмт үйлдлээрээ ямар нэгэн гэмтэл бэртэл учрахыг мэдсээр байж цохиж зодсон, энэ цохиж зодсон гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Тэрээр хохирогчийн биед хүч хэрэглэн халдаж цохиж зодож буй энэхүү өөрийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсэж хийсэн, энэ гэмт үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан хохирол, хор уршигт зориуд хүргэсэн сэдэлт, зорилготой үйлдэл, эс үйлдэхүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүй нь хохирогчид учирсан хохирол, хор уршигтай шалтгаант холбоотой байна.
Иймд шүүгдэгч Б.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Хохирол, хор уршигийн талаар:
Шүүх хавтас хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэргийг харьцуулан шинжлэн судлаад шүүгдэгч Б.Б гэм буруутай санаатай үйлдлийн улмаас хохирогч Ц.Дэрүүл мэндэд баруун гарын долоовор хурууны сэлтэрсэн хугарал, зүүн чамархайн хуйх, хацрын товгорт шарх, зүүн даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол учирсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ц.Д нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг баримтаар нэхэмжлээгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй гэж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүх хуралдааны эрүүгийн хариуцлагын дүгнэлт танилцуулах шатанд:
Улсын яллагч Э.Уянга: Шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжээр буюу 1.300.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,
Шүүгдэгч Б.Б: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйлгүй” ...гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцдэг.
Шүүх шүүгдэгч Б.Б хуульд заасан ял шийтгэлийг оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөнийг тус тус хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж дүгнээд 1300 нэгжтэй нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй гэж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг хэсэгчлэн төлүүлэх шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон 3 сарын хугацаанд торгох ялыг биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,
оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.
Бусад асуудлын талаар:
Эрүүгийн ____дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж шийдвэрлэсэн болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1., 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуулийн 36.1., 36.2., 36.4 дүгээр зүйлийн 2., 36.6., 36.7.,
36.8., 36.10, 36.13., 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Б БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Б Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.300.000 /нэг сая гурван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан хугацаанд биелүүлэхийг, биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б Б.Бд шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
5. Эрүүгийн ____дугаартай хэрэгт иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, битүүмжлэгдэн эд хөрөнгөгүйг, шүүгдэгч Б.Б Б.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүйг, түүнээс тооцон гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.
6. Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
7. Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
9. Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.ДЭЛГЭРМӨРӨН