Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 184/ШШ2021/00140

 

 

 

 

 

 

 

 

 

                    2021         01            19

                            184/ШШ2021/00140

              

 

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “С ББСБ” ХХК /2887096/-ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Б.Б-д холбогдох

 

гэрээний үүрэг 7,933,375 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК шүүх болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Б нь 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдөр “С ББСБ” ХХК-д зээл хүссэн өргөдөл гаргаж зээлийн үүргийн гүйцэтгэлийг гэрээт хугацаанд төлөхөөр харилцан тохиролцож 2019/78 тоот гэрээ байгуулсан. Уг гэрээгээр 9,199,000 төгрөгийг сарын 3%-ийн хүүтэй, 12 сарын хугацаатай авсан. Зээлдэгч Б.Б нь хэрэглээний зээлийн хүсэлтийг гаргахдаа төгөлдөр хуур худалдан авах гэж өргөдөл гаргасан. Б.Б нь 2019.08.29-ний өдөр хүсэлт гаргасан 2019.08.30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж зээл авсан бөгөөд 9,199,000 төгрөгийг “Протек” ХХК-ийн дансанд шилжүүлж өгөхийг хүссэн өргөдөл гаргаж, төгөлдөр хуур худалдан авах зориулалтаар мөнгө зээлэн авч төгөлдөр хуураа гэртээ хүргүүлэн авсан юм. Зээлийн хугацаа 12 сар бөгөөд зээлийн үүргийн гүйцэтгэлийг 2020.08.30 гэхэд бүрэн барагдуулсан байна гэсэн боловч үүргээ биелүүлээгүй. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэйг үндэслэн 2019/78 тоот зээлийн гэрээний 2.5, 5.5-д заасны дагуу 2020.09.29-ний өдрөөр тооцон үндсэн зээлийн үлдэгдэл 6,258,579 төгрөг, хуримтлагдсан хүү 1,395,663 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 279,133 төгрөг нийт 7,933,375 төгрөгийг хариуцагч Б.Бгаас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Бгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хариуцагчийн зүгээс “С ББСБ” ХХК-аас 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 12 сарын хугацаатай, 9,199,000 төгрөгийг зээлсэн. Зээлийн гэрээ байгуулагдсан болон зээл авсан асуудлаар маргахгүй. Хариуцагч нь гэрээний хугацаанд 880,000 төгрөгийн 5 удаагийн төлөлт хийж 4,400,000 төгрөгийг төлсөн. ... Зээлийн гэрээний үлдэгдэл төлбөр дээрээс хүү тооцохоор гэрээг байгуулсан байдаг, харин сарын хуримтлагдсан хүүгээс хүү тооцохоор байгуулаагүй. Нэхэмжлэл дээр хэрхэн хуримтлагдсан хүү 1,395,663 төгрөг болсон талаар задаргаа байхгүй, мөн тус гэрээ нь 12 сарын хугацаатай сарын 2 хувийн хүүтэй байгуулагдсан байхад сарын хүүг 3 хувь гэж тооцож нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй, мөн хүүгээс хүү бодож тооцсон дүнг хасаж өгнө үү ... хариуцагч тал нэхэмжлэлээс 7,134,783 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, нэхэмжлэгч тал үлдэх хэсгээс нь татгалзвал эвлэрэх боломжтой ... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С ББСБ ХХК нь хариуцагч Б.Бд холбогдуулж гэрээний үүрэг 7,933,375 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 7,134,783 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч “С ББСБ” ХХК болон хариуцагч Б.Б нарын хооронд 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч нь 9,199,000 төгрөгийг 12 сарын хугацаатай хариуцагчид шилжүүлэх, хариуцагч нь зээлийн төлбөрийг хүүгийн хамт буцаан төлөх, хугацаа хэтрүүлсэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг тус тус хүлээсэн болох нь 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн №2019/78 тоот “Зээлийн гэрээ”, нэхэмжлэлд хавсаргасан бичгийн баримтууд, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

 

Хавтаст хэрэгт авагдсан улсын бүртгэлийн гэрчилгээ, тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр нэхэмжлэгч “С ББСБ” ХХК нь зээл, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд болох нь тогтоогдож байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

 

Зохигчид зээлийн гэрээ байгуулагдсан үйл баримт, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй бөгөөд нэхэмжлэгч гэрээний дагуу 9,199,000 төгрөгийг хариуцагчийн заасан дансанд шилжүүлсэн, хариуцагч зээлийг зориулалтын дагуу ашигласан болох нь бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, бэлэн мөнгөний орлогын баримт, зээлийн дансны хуулга, зээлийн эргэн төлөлтийн хуваарь болон талуудын тайлбараар тогтоогдож байна.   

 

Харин хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлдээ зээлийн гэрээгээр хүүгийн хэмжээг 3 хувь биш 2 хувь байхаар тохиролцсон, мөн хүүгээс хүү тооцож нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж тайлбарласан бол нэхэмжлэгч хариуцагчийн дээрх татгалзалтай холбоотой шүүхэд гаргасан тайлбартаа хариуцагч зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн учир зээлийн гэрээний 2.13-т зааснаар хүүг 3 хувиар тооцсон гэжээ.

Өөрөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зээлийн хүүгийн хэмжээг хоёр өөр байдлаар буюу гэрээний 2.1.3 “зээлийн хүү 2 %”, мөн гэрээний 2.13-т “Зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөн тохиолдолд зээл авсан эхний өдрөөс эхлэн хүүг 3 хувиар тооцно” гэж тусгагдсан нь маргааны гол зүйл болжээ. 

 

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-т “Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлнэ”, мөн зүйлийн 2-т “Зээлдүүлэгч нь хүү, хугацаа болон бусад нөхцөлийн талаар зээлдэгчтэй харилцан тохиролцож байгуулсан зээлийн гэрээний үндсэн дээр түүнд зээлийн данс нээж, зээл олгоно” гэж зааснаас үзэхэд энэ төрлийн зээлийн хүүгийн хэмжээ нь урьдчилан тогтоогдсон, тодорхой байх ёстой. 

 

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу талууд хэдийгээр гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, гэрээг чөлөөтэй байгуулах эрхтэй боловч энэ тохиролцоо нь хуулийн хүрээнд байх ёстой. Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдийн зээлийн гэрээний хувьд гэрээний гол нөхцөл, тэр дундаа зээлийн хүүгийн хэмжээг зээлдэгч тал урьдчилан тогтоож, тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй байнга хэрэглэдэг шинжээрээ гэрээний стандарт нөхцөл болох тул ил тод, танилцах боломжтой байхаас гадна уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой байхаар гэрээнд тусгагдаж болохгүй.

 

Тиймээс нэхэмжлэгч нь зээлийн хүүгийн хэмжээг хоёр өөр байдлаар тусгасан нь хариуцагчийн эрх, үүрэгт сөргөөр нөлөөлөхөөр байх тул шүүх Иргэний хуулийн 201 дүгээр зүйлийн 201.1-д зааснаар гэрээний стандарт нөхцөлийг зээлдэгч буюу хариуцагчид ашигтайгаар тайлбарлаж, сарын хүүг 2 хувиар тооцож, зээлийн хүүгийн тооцооллыг багасгаж, өөрчлөх нь зүйтэй байна. 

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ., 453 дугаар зүйлийн 453.1 “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.”, 219 дүгээр зүйлийн 219.1 “Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй.” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь хариуцагч Б.Бгаас үндсэн зээлийн үлдэгдэл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардсан нь үндэслэлтэй байна.

 

Хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарь, зээл төлсөн талаар орлогын мэдүүлэг, зохигчийн шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч Б.Б нь зээлийн төлбөрт 2019 оны 10 дугаар сарын 3-ны өдөр 880,000 төгрөг, мөн оны 10 дугаар сарын 29-ний өдөр 880,000 төгрөг, 12 дугаар сарын 29-ний өдөр 1,760,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 880,000 төгрөг нийт 4,400,000 төгрөг төлсөн, үүнээс хойш дахин зээлийн төлөлт хийгээгүй, хууль, гэрээнд заасан үүргээ зөрчсөн болох нь тогтоогдож байна.

 

Шүүх зээлийн гэрээ, гэрээний хавсралтаар баталсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үндэслэн дээр дурдсаны дагуу зээлийн хүүг 2 хувиар тооцож үзэхэд хариуцагчид нь үндсэн зээлийн үлдэгдэл 5,593,160 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 567,066 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 113,413 төгрөг нийт 6,273,639 төгрөг төлөх үүрэг үүссэн байх боловч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаас 7,134,783 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, энэ талаар тайлбар гаргасан тул шүүх хариуцагчийн зөвшөөрсөн хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.    

 

Талууд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ” байгуулсан боловч нэхэмжлэгч нь барьцааны зүйлээр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болохыг дурдаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 7,134,783 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 798,592 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 141,884 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас 129,106 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С ББСБ” ХХК-нд олгосугай.

 

3. Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ж.ЛХАГВАСҮРЭН