Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 2024/ШЦТ/53

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Гантуяа,

Улсын яллагч Б.Цэрэнтогтох,

Шүүгдэгч Ч.Г, түүний өмгөөлөгч Ц.Хүрэлбаатар нарыг оролцуулан нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж үйлдэж ирүүлсэн яллагдагч ___Ч.Гд холбогдох эрүүгийн ___дугаартай хэргийг 2024 оны 01 дүгээр 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Ч.Галиндав  нь: “...Би Баясгалант Баянгол гэдэг нөхөрлөлийг хариуцан ажиллаж байгаа 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Тосонгийн гол гэдэг газар 2 экскаватор, 5  Хово маркийн тээврийн хэрэгсэл ашиглан газар ухаж 30 хово шороо 2 усан бууны хажууд буулгасан тэгээд 4 дүгээр сарын 27-ны шөнө 22 цагт ирж 5 Ховоогоор шороо ачаад зөөж байтал цагдаагийн албан хаагчид ирээд зогсоосон тэгээд экскаватороо тэнд нь орхиод гурван, дөрвөн ховоогоо аваад Шижир-Алт гэдэг газар Цагдаагийн хэлтсийн үүдэнд ирсэн. Манай нөхөрлөл тэндээс 2 шөнө шороо авсан манайх алт олбордох чишглэлээр үйл ажиллагаа явуулдаг” гэх мэдүүлэг,

Хохирогчын хууль ёсны төлөөлөгч Г.Гын  “...Би ямар хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа мэдэж байгаа. Тухайн хэрэг нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг Тосонгийн гол гэх газарт иргэн Ч.Г нь хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх хэрэг байгаа юм. Тухайн үед Заамар суманд Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох гурвалсан гэрээ огт хийгээгүй байсан.... тухайн газар нь аж ахуйн нэгжийн талбайн лицензтэй талбай биш Заамар сумын тусгай хэрэгцээний газарт хамаарч байгаа. Тухайн ухагдсан нүх талбайд нөхөн сэргээлт хийлгүүлэх болон шинжилгээний байгууллагын гаргасан дүгнэлтээр байгаль орчинд учруулсан хохирол, төлбөрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу нэхэмжилнэ..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 74 хуудас/,

Гэрч М.Мягмарсүрэнгийн Би Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг Улаанмалгайт гэдэг газар Ганзориг гэдэг хүнтэй хамт хоёр Хово машинтай түрээсийн машин зогсдог газар Эрдэнэтээс ирээд байж байтал Ч.Г гэдэг хүн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр ирээд манайд цагийн ажил байна та хоёр хийх үү гэхээр тэгийн гээд нэг Хово цагийн 40,000 төгрpereep тохироод өдөр 14 цагаас орой 19 цаг хүртэл бид хоёр дахиад нэг Хово, тэгээд бид гурав шороо зөөсөн. Тэгээд маргааш нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 27-ны орой 22 цагаас 03 цагийн хооронд 3 Ховогоор дахиад шороо ачаад зөөж байтал Экологийн цагдаа ирсэн. Тэгээд бид нарыг Шижир-Алт руу дагуулаад явсан. Би А.Ганзориг гэдэг хүний хүргэн ахын нэр дээр байдаг 46-80 ОРА улсын дугаартай шар өнгийн Хово маркийн машин барьж шороо зөөсөн. Бид нарын зөөж буулгасан шороог угаасан зүйл байхгүй тэндээ овоолоод орхисон байгаа. Миний шороо ачиж байсан газарт хоёр шар экскаватор байсан. Ганзориг, Ванчаа бид гурав хойд талын шар экскаватораас шороо ачиж зөөсөн. Урд талын экскаватороос нь бид гурваас тусдаа хоёр Хово шороо ачиж өөр газар зөөвөрлөж буулгаж байсан би учрыг нь сайн мэдээгүй..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 106-107 хуудас/,

Гэрч А.Ганзоригийн "... Би Эрдэнэт хотоос 2022 оны 4 дүгээр сарын 26-ны Өглөө Төв аймгийн Заамар сумын Хайлааст 3 дугаар багийн нутаг "Улаан малгайт гэдэг газар өөрийн эзэмшлийн 27-00 ОРО, 46-80 ОРА улсын дугаартай Хово маркийн хоёр тээврийн хэрэгсэлтэй ирж “Улаан малгайт” гэдэг түрээсийн машин зогсдог зогсоолд зогсож байтал 11 цагийн үед Ч.Г гэдэг хүн ирээд манайх “Баясгалант Баянгол” гэдэг нөхөрлөл байгаа юмаа та нар цагийн түрээсэнд явах yy гэж надаас асуусан. Тэгэхээр нь би цагийн хэдээр явах юм бэ, ямар ажил байгаа юм бэ, гэж асуухад шороо зөөх ажил байна цагийн 40,000 төгрөгөөр явах уу гэхээр нь би тэгье гээд тухайн өдөртөө 14 цагаас 19 цагийн хооронд 10 гаран машин шороо зөөгөөд буусан. Тэгээд маргааш орой нь 23 цагийн үед урьд өдөр нь шороо зөөсөн газраасаа дахиад шороо зөөгөөд байж байтал шөнө 02 цагийн үед шиг санаж байна Заамар сумаас Экологийн байцаагч ирээд эндээс шороо зөөж болохгүй гээд машинуудыг зогсоогоод Шижир-Алт гэдэг газар луу дагуулаад явсан. Би өөрийн эзэмшлийн 27-00 ОРО, 46-80 ОРА улсын дугаартай Хово маркийн хоёр тээврийн хэрэгслээр нэгийг нь Мягмарсүрэн гэдэг хүргэнээрээ бариулаад хоёр өдөр нийтдээ 26 машин шороог 300 метр орчим зайд усан бууны хажууд зөөж буулгасан. Миний Шороо ачиж байсан газарт хоёр шар экскаватор байсан. Мягмарсүрэн бид хоёр тэгээд дахиад нэг танихгүй Ховотой залуу бид гурав хойд талын шар экскаватораас шороо ачиж зөөсөн. Урд талын экскаватороос нь бид гурваас тусдаа хоёр Хово шороо ачиж өөр газар зөөвөрлөж шороо ачиж өөр газар зөөвөрлөж буулгаж байсан. Тэр хоёр экскаватор хоорондоо бол их ойрхон 20 метр орчим зайтай, тэгээд нэг газраас зэрэгцээд ухаж байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 109-110 хуудас/,

Гэрч Г.Ванчиндоржийн "... Би 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Заамар сумын Хайлааст багт 48-00 УБС улсын дугаартай Хово маркийн машинтай түрээсийн ажил хайж ирсэн. Тэгээд "Өгөөмөр Хайрхан"-ны урд машинаа тавиад айлд байж байсан Ч.Г ах над руу залгаад цагийн ажил байна хийх үү гэхлээр нь би тэгье гээд “Тосонгийн голд” машинтайгаа яваад очсон. Тэгээд 4 дүгээр сарын 26-ны өдөр 13 цаг өнгөрч байхад “Тосонгийн гол”-ын урд талд нэг усан буу байрлуулсан газрын урд талаас шороо зөөсөн, намайг шороо зөөх гээд хөдөлж байхад араас бас хоёр танихгүй Хово ирж байсан. Тэгээд тэр хоёр над дээр ирээд бид гурав хамт зөөвөр хийгээд орой 19 цагийн үед буусан. Тэгээд маргааш нь дахиад шороо зөөхөөр тохиролцоод 4 дүгээр сарын 27-ны орой 22 цаг өнгөрч байхад дахиад урьд өдөр нь шороо ачсан газартаа очиж 4 дэх зөөврөө хийж гээд ачаагаа ачуулаад зогсож байсан чинь цагдаа ирээд үйл ажиллагааг зогсоосон. Би өөрийн эзэмшлийн 48-00 УБС улсын дугаартай Хово маркийн машинаар 2 өдөр нийтдээ 16 машин шороог 300 метр орчим газар зайд усан бууны урд хуучин ухагдсан талбайд зөөж буулгасан. Угааж бол амжаагүй намайг очиход усан буугаад угсар ч дуусаагүй байсан. Миний шороо ачиж байсан газарт хоёр шар экскаватор байсан. Зэрэгцэж зогсоод газар ухаж байсан. Би хойд талд нь ухаж байсан экскаватороос шороогоо ачсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 112-113 хуудас/,

Гэрч Г.Шинэпүрэвийн...Би 2022 оны 4 дүгээр сарын 25-ны өдер Улаанбаатар хотоос Заамар сумын Хайлааст баг “Тосонгийн гол” гэх газарт байдаг “Баясгалант Баянгол” гэдэг нөхөрлөлд экскаваторын жолоочийн ажил хийхээр ирсэн. Энэ нөхөрлөлд манай аав Ч.Г техникч, засвар үйлчилгээг нь хариуцан ажилладаг. Би 4 дүгээр сарын 25-ны өдөр ирээд маргааш өдөр нь экскаватороор өмнө нь ухагдсан байсан газар очиж ухаж Хово машинд шороогоо ачаад орой харанхуй болох гэж байхад ажил зогсоод, 4 дүгээр сарын 27-ны шөнө 22 цагийн үед дахиад өмнө өдөр нь шороо ачиж байсан газраасаа шороо ачаад байж байтал 03 цагийн үед цагдаа ирээд ажил зогсоосон. Тухайн газраас экскаватороор шороо ухаж ачих үүрэг даалгаврыг манай аав Ч.Г хэлсэн. Зөвшөөрөлтэй үгүйг нь би мэдэхгүй, манай аав Ч.Г эндээс ух гэж зааж өгсөн газраас нь ухаж Ховоонд ачиж өгсөн. Хэдэн машин шороо ачсанг би бас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 3-н Ховонд ачсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 115-116 хуудас/,

Ашигт малтмал газрын тосны газрын 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 10/1479 дугаартай “...Ашигт малтмалын тухайн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.18, 11.1.22 дахь заалтыг үндэслэн албан тоотод дурдсан солбицол бүхий талбайг Кадастрын зураг зүйн мэдээллийн системд 2023 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн байдлаар шүүлт хийж үзэхэд хүчин төгөлдөр ашигт малтмалын ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайтай давхцалгүй, бичил уурхайн дүгнэлт гараагүй байна. Харин Төв аймгийн Заамар сумын Иргэдийн төлөөлөгчдийн 2015 оны 01 дүгээр сарын тогтоолоор Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан талбайтай бүхэлдээ давхцалтай байна...” гэсэн албан бичиг /хх-ийн 40 хуудас/,

Төв аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 10 дугаар сарын 09-ний Өдрийн 979 дугаартай ".... албан бичгийн дагуу улсын бүртгэлийн цахим мэдээллийн сангаас иргэн Чинбатын Ч.Г /ТК73090413/-ийн мэдээллийг шалгахад хуулийн этгээд бүртгэгдсэн мэдээлэл байхгүй байна..." гэсэн албан бичиг /хх-ийн 49 хуудас/,

Ч.Гийн уул уурхайн ашиглалт явуулсан талбайд хийсэн байгаль орчны экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ “Иргэн Ч.Гийн алт олборлох үйл ажиллагааны улмаас байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг эвдрэлд өртсөн 0,14 га талбайд тооцоолоход нийт газрын хэвлийн хохирол 1,076,624 төгрөг, эдэлбэр газарт учирсан хохирол 99,9 төгрөг, ургамлын бүрхэвчид учруулсан хохирол 712,120 төгрөг, хөрсөн бүрхэвчид учруулсан хохирол 415,782 төгрөгөөр хэмжигдэж” байна. Нийт 2,210,105 төгрөг,

Биологийн нөхөн сэргээлтэд 448.600 төгрөг шаардлагатай. Тус талбай нь Туул голын сав газарт багтах ба энэ сав газарт гадаргын усны үнэлгээ 2850 төг/м³ байна. Үүнийг 1 коэффициентээр үржүүлээд 20%-иар төлбөр  төлнө гэвэл 570 төг/м³ тарифаар ус ашигласны төлбөр төлөхөөр зардалд туссан. Нөхөн сэргээлтийн ажлын хяналт мониторингийн зардлыг нийт зардлын 10%-иар авлаа. Орон нутгийн онцлог харгалзах коффициентийг 1,1-ээр тооцсон болно. Техникийн нөхөн сэргээлтийн зардал 690,000 төгрөг, Биологийн нөхөн сэргээлтийн зардал 488,600 төгрөг, ТНС+БНС-ийн зардлын дүн 1,178,600 төгрөг, хяналт мониторингийн зардал 149,000 төгрөг нийт зардал 1,327,600 төгрөг... гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 125-148 хуудас/,

“ГАРЬД ГҮРҮ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/30 дугаартай Д.Идэрийн 56-32 УНГ улсын дугаартай Хово Снитрок маркийн тээврийн хэрэгслийг 9,945,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 152-163 хуудас/,

“ГАРЬД ГҮРҮ” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 06/304 дугаартай А.Ганзоригийн 27-00 ОРО улсын дугаартай Норд бенз маркийн тээврийн хэрэгслийг 12,690,000 төгрөг, 46-80 ОРА улсын дугаартай Норд Бенз маркийн тээврийн хэрэгслийг 11,700,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 168- 179 хуудас/,

“ГАРЬД ГҮРҮ ХХК-ийн 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 06/346 дугаартай Г.Ванчиндоржийн 48-00 УБС улсын дугаартай Снитрок маркийн тээврийн хэрэгслийг 9,535,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 188-197 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 07/380 дугаартай "...Ж.Болдбаатарын улсын дугааргүй, угсарч босгосон гэх Экскаваторыг 6,355,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 204-212 хуудас/,

Хөрөнгийн үнэлгээчний 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 07/376 дугаартай М.Баасанжаргалын 51-63 УБ Хюундай R290 LC-7 маркийн экскаваторыг 6,258,000 төгрөг, Г.Сүхбаатарын 11-40 УБЦ улсын дугаартай Sinotruck маркийн тээврийн хэрэгслийг 8,900,500 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан /хх-ийн 215-225 хуудас/

 

Дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд,

Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тосонгийн гол” гэх газарт Экскаватор, Хово зэрэг техникүүдийг ашиглаж 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж газрын хэвлийд халдаж, Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн үндсэн шинж нь байгаль орчин, хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан байхыг шаардахгүй, Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан гэмт хэргийн шинжтэй байна.

 

Тодруулбал, “Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох” гэмт хэрэг нь Ашигт малтмалын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль болон ашигт малтмал хайх, ашиглах, олборлох журамд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан нийгэмд аюултай үйлдэл юм. Уг гэмт хэрэг нь тусгай тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл байдаг.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт хийсэн Эрүүгийн ___дугаартай хэрэгт гэмт хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж цуглуулж, бэхжүүлж авсан бичгийн нотлох баримтуудаас үйл баримтыг тогтоохдоо дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлахад гэмт хэргийн шинжтэй санаатай үйлдлээр илэрч байгаа нь дээрх шинжлэн судласан нотлох баримтууд болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Дээрх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй,  энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулж, бэхжүүлж, шалгасан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, мөн хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

Гэм буруу болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч Ч.Г нь 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тосонгийн гол” гэх газарт Экскаватор, Хово зэрэг техник ашиглаж 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,210, 105 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 6,630,315 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлтийн 1,327,600 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь учруулсан хохирол болон үйл баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Эрүүгийн хуульд гэмт хэрэг гэдэг ойлголтыг мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно...” гэж,

2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан.

Үүнээс үзэхэд хохирол, хор уршиг учирсан эсэхээс үл хамааран үйлдсэн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт, мөн нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тус тус тооцохоор байна.

 

Шүүгдэгч Ч.Г нь тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Шүүгдэгч Ч.Гт холбогдсон тухайн гэмт хэрэг нь “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-т хамаарах бөгөөд “Хүрээлэн буй орны эсрэг гэмт хэрэг”-үүд нь байгаль орчныг бохирдуулах, хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох, хууль бусаар ан агнах, хууль бусаар мод бэлтгэх болон бусад гэмт хэргүүд болж ялгагддаг.

 

Шүүгдэгч Ч.Галиндав нь Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тосонгийн гол” гэх газарт Экскаватор, Хово зэрэг техник ашиглаж 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйлдэл нь зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг гэж үзсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авч, цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болох мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн иргэний нэхэмжлэгч, гэрч, шинжээч нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, шинжээ зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул шүүгдэгч Ч.Гт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчөөс:

          “Өнөөдрийн шүүх хуралд шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгчөөр оролцож байна. Энэ зүйлчлэлээр ашигт малтмал хайх, олборлох, газрын хэвлийд хууль бусаар халдах гэдэг энэ зүйлчлэлд хамаарахгүй шүү. Хууль бусаар газрын хэвлийд халдана гэдэг бол газрын хэвлийд халдах, ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар ашиглахыг хэлнэ. Хууль зүйн үндэс нь юу байсан гэдгийг сайн харгалзаж үзэж өгнө үү... гэх дүгнэлтийг,

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хариуцлага болох ял шийтгэлийн талаар шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд:

Улсын яллагч Б.Цэрэнтогтохоос: “...Шүүгдэгч Ч.Гийг гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг харгалзан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Шүүгдэгч Ч.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Ч.Гээс түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 56-32 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9 945 000 төгрөг, 27-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 12 690 000 төгрөг, 46-80 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 11 700 000 төгрөг, 48-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 9 535 500 төгрөг, Ж.Болдбаатарын эзэмшлийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийн үнэ 6 355 000 төгрөг, 51-63 улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 6 258 000 төгрөг 11-40 УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 8 900 500 төгрөг нийт 65 384 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох санал гаргаж байна. Шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон болон баривчлагдсан хоноггүй болохыг дурдаж байна. Мөн энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах саналтай байна...” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгч Ч.Гийн өмгөөлөгч: Шүүгдэгч Ч.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон байдал, учирсан хор хохирол зэргийг харгалзан үзэж торгуулийн ял оногдуулж өгнө үү... “ гэх дүгнэлтийг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Ч.Гт холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “...таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял ” оногдуулах сонгомол санкцтай гэмт хэрэг байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн “торгох ялын хамгийн доод хэмжээгээр торгож өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжтой гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1- д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж тус тус заасан хууль ёсны болон шударга ёсны зарчимд нийцүүлж шүүгдэгч Ч.Гт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

шүүх шүүгдэгч Ч.Гт торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэх хугацааг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,   

торгох ялыг бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж,     

оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж тус тус шийдвэрлэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Хохирол, хор уршиг бусад асуудлын талаар:

Шүүгдэгч Ч.Г 2022 оны 4 дүгээр сарын 26-наас 27-ны хооронд Төв аймгийн Заамар сумын Тосон 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “Тосонгийн гол” гэх газарт Экскаватор, Хово зэрэг техник ашиглаж 0,14 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулан газрын хэвлийд халдаж байгаль орчинд 2,210, 105 төгрөг буюу Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 5-т зааснаар гурав дахин нэмэгдүүлж 6,630,315 төгрөгийн хохирол, техникийн нөхөн сэргээлтийн 1,327,600 төгрөгийн хохирол тус тус учруулжээ.

 

Шүүгдэгч нь мөрдөн шалган ажиллагаанд болон шүүхийн шатанд хохирол төлбөрийг төлсөн болох нь баримтаар тогтоогдож байна. Иймд түүний энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж Монгол улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно гэж,

Мөн хуулийн 4 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдэж олсон эд зүй, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга, галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна” гэж тус тус хуульчилжээ.

 

Иймд шүүгдэгч Ч.Гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Хово маркийн 48-00 УБС улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9.535.500 төгрөг, Норт бенз маркийн 46-80 ОРА улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 11.700.000 төгрөг, Норт бенз маркийн 27-00 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 12.690.000 төгрөг, Хово синитрок маркийн 56-32 УНГ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 9.945.000 төгрөг, Хьюндай маркийн улсын дугааргүй экскаваторийн үнэлгээ болох 6.355.000 төгрөг, Хьюндай маркийн R290 LC-7 маркийн экскаваторийн үнэлгээ болох 6.258.000 төгрөг нийт 56.483.500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

 

Түүнээс гаргах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн ___ дугаартай хэрэгт иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Г нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцон гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1., Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч БЧ.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. п

 

2. Шүүгдэгч БЧ.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Гт оногдуулсан 5400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгж буюу 15.000 /арван таван мянга/ төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  4. Шүүгдэгч БЧ.Гт шүүхээс оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг харьяа нутаг дэвсгэрийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.  

 

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 2022 оны 4 дүгээр сарын 29 болон 30-ны өдрийн “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” мөрдөгчийн тогтоолуудыг  хүчингүй болгож, хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг, шүүгдэгч Ч.Г нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ч.Гт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

8.Шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор цагаатгах, шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ж.ДЭЛГЭРМӨРӨН