| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/03937/и |
| Дугаар | 184/ШШ2021//00161 |
| Огноо | 2021-01-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 184/ШШ2021//00161
| 2021 01 20 | 184/ШШ2021/00161 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот- тоот хаягт оршин суух, А- овогт Г-ийн Б- /РД:-/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Х- овогт Х-ын О- /РД:-/-д холбогдох,
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, 70,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Б-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Н-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Б-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Б- шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.Б- миний бие 2007 онд Х.О-тэй танилцаж, улмаар 2009.05.06-ны өдөр 0002 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2010.01.06-ны өдөр охин О.А-, 2014.03.12-ны өдөр охин О.Ам- нар төрсөн. Бид зан харилцааны тохиромжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтийг цуцалж өгнө үү. Х.О-тэй хамт амьдарч байх хугацаанд гэрээсээ өглөө гараад орой ирдэг, заримдаа нэг, хоёр хоногоор тоглоом тоглоод ирдэггүй байсан. Өглөө гараад маргааш нь ирэх хэвийн үзэгдэл болсон. Бас мөрөөрөө байхгүй байнга хардаж, сэрдэж хамгийн муухай үгээр хэлж дайрч доромжилж зодож цохидог байсан. Жирэмсэн байхад минь хүртэл зодож цохидог, юунаас ч айж ичдэггүй үүрэг хариуцлага гэж огт мэддэггүй. Урьд өмнө нь хоёр ч удаа салах гэж оролдсон боловч 2 хүүхдээ бодоод засрах байх гэж бодтол улам хэрцгий болж гэр бүлийн хүчирхийлэл дарамтад байлгасаар байсан. Анх дэлгүүрт ажилд орж ажиллаж байх хугацаанд дэлгүүрээр үйлчлүүлдэг хүмүүстэй хардаж байнга хэрүүл хийдэг байсан. Дахиад хэсэг хугацааны дараа хэрүүл зодоон болж дарамталж гэрээс минь 2 хүүхэдтэй минь цуг хөөж явуулсан. Ямар ч үндэслэлгүйгээр байнга хардаж, сэрдэж гүтгэн доромжилдог байсан. Дараа нь ШТС-д эрхлэгчээр ажилд ороод ажлын шаардлагаар ажлаар аймаг, сум руу явахад байнга дагаж хамт явдаг, явж ирчхээд хэрүүл зодоон хийдэг байсан. 2017 оны 06 сард манай ажлынхантай хамт Манхан сумын ажлын уулзалтад явж ирчхээд орой нь хаалга түгжиж байгаад хэвтэрт ортол зодчихоод дараа нь нутгийн хүмүүст би хүнтэй хамт байхад нь барьсан юм гэж тараан намайг гүтгэсэн байсан. Гэтэл би 2 охиноо бодоод уучилсан. Энэ яриаг дараа нь хүмүүс нөхөр чинь тэгээд яриад яваад байсан, ажлынхан чинь худлаа гээд байхын гэж олон хүн хэлсэн. Хүн хэвтэрт ортол нь зодчихоод өөрийгөө өмөөрөөд худлаа яриад явсан. Мөн тусдаа амьдарч байх хугацаанд цахим орчноор удаа дараа доромжилсон. Тусдаа амьдраад 2 жил болох хугацаанд 2 охиндоо ямар ч тусламж дэмжлэг үзүүлээгүй. Бага охин эх нялхаст хагалгаанд ороход 100,000 төгрөг өгчхөөд мөнгө гуйх болохоороо залгалаа гээд олон юм болсон. Хоёр хүүхэдтэй холбоотой байлгахаар утасны дугаар авчхаад өдөр шөнөгүй залгаж гэр орны хаяг мэдчихээд ирж дарамт учруулсан. Хамт амьдарч байх хугацаанд би Дарви сумын Төрийн банкнаас өөрийн нэр дээр цалингийн зээл авч амьдралдаа зарцуулсан, энэ зээлээ тусдаа амьдарч байх хугацаандаа өөрөө төлж барагдуулсан. Гэтэл О- Хаан банкнаас авсан өөрийн нэр дээрх зээлээ хугацаандаа төлөөгүй байгаагийн улмаас Монгол банкны муу зээлдэгчийн санд бүртгэгдсэн. Тухайн үед нь би хамтран зээлдэгчээр орж байсан болохоор одоо дахин зээл авах боломжгүй байдал үүсээд байгаа. Одоо гэрлэлтээ цуцлуулна. Би охин О.А-, охин О.Ам- нарыг өөрийн асрамжид авах хүсэлттэй байна. Охин О.А-, охин О.Ам- нарт тэтгэлэг тогтоолгож О-ээс гаргуулж өгнө үү. Бидэнд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй. Шүүхээр явах хугацаанд гарсан төлбөр болох хаяг тодорхой болгох эрэн сурвалжлах ажиллагаанд гарсан улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, шүүхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 144,260 төгрөг нийт зардлыг хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Манай талаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Гэрлэлт цуцлах, хүүхдүүдийн асрамжийг ээж дээр нь үлдээх болон хүүхдийн тэтгэлэг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Хүүхдийн асрамж дээр маргаан байхгүй. 70,200 төгрөгийн хувьд эрэн сурвалжлуулах шаардлагагүй байхад эрэн сурвалжлуулсан байсан. Учир нь тухайн хаяг дээрээ оршин суудаг, амьдардаг байтал хорооноос нь байдаггүй гэсэн тодорхойлолт хийж өгсөн байна. Гэхдээ одоо нэгэнт нэхэмжлэлийн бусад шаардлага дээр маргахгүй байгаа тул энэ 70,200 төгрөгийг төлөхөд татгалзах зүйл алга байна. Хариуцагчийн зүгээс 2 хүүхэдтэйгээ хүссэн цагтаа уулзаж байх боломжоор хангаж өгөөч ээ л гэсэн үгийг дамжуулж хэлсэн” гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Х.О-д холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгон, 70,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус шүүхэд гаргажээ.
Г.Б-, Х.О- нар нь 2009 оноос хамтын амьдралаар амьдарч, 2009 оны 05 сарын 06-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн байна. Тэдний дундаас 2010 оны 01 сарын 06-ны өдөр охин О.А-, 2014 оны 03 сарын 12-ны өдөр охин О.Ам- нар төрсөн болох нь зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдов.
Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд зааснаар талуудын хооронд үүссэн маргааныг шүүхийн бус аргаар шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхээр Ховд аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч тус маргааныг хүлээн авч ажиллагаа хийхэд гэрлэгчид эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох хүсэлт гаргасан байх тул уг ажиллагааг 2018 оны 10 сарын 01-ний өдөр дуусгавар болгожээ.
Зохигчид нь 2018 оноос тус тусдаа амьдарч, гэрлэлтээ цуцлуулах талаар хэн аль нь маргаагүй, хариуцагч нь зөвшөөрсөн тайлбар гаргасан тул шүүхээс дахин эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар тэдний гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар эцэг, эх нь үр хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх бөгөөд Хүүхдийн эрхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-т заасан хүүхдийн эрхийг хангах талаар эцэг эх адил үүрэг хүлээнэ. Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т зааснаар эцэг, эх тусдаа амьдрах, гэрлэлтээ цуцлуулсан нь тэднийг хуулийн 10.1-т заасан үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “гэрлэгчид гэрлэлт цуцлах үед хүүхдээ хэний асрамжид үлдээх, түүнийг болон хөдөлмөрийн чадваргүй эхнэр, нөхрөө тэжээн тэтгэх, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө хуваах тухайгаа бие даан, эсхүл эвлэрүүлэн зуучлалын журмаар харилцан тохиролцож болно” хэмээн заасан бөгөөд талууд хүүхдийн асрамжийн талаар маргаагүй тул охин О.А-, О.Ам- нарыг эх Г.Б-гийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Охин О.А-, О.Ам- нар эх Г.Б-гийн асрамжид байгаа, хүүхдийн асрамжийн талаар талууд маргаагүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан 2010 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин О.А-, 2014 оны 03 сарын 12-ны өдөр төрсөн охин О.Ам- нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Х.О-ээр тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 11-ний өдрийн 102/ШШ2020/02304 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч Г.Б-гийн хүсэлтээр хариуцагч Х.О-ийг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Х.О-ээс шаардсаныг хариуцагч зөвшөөрч, энэ талаар маргаагүй тул энэ шаардлагын тухайд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-ээс 144,260 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Х- овогт Х-ын О- /РД:-/, А- овогт Г-ийн Б- /РД:-/ нарын гэрлэлтийг цуцалсугай.
2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар охин О.А- /РД:-/, охин О.Ам- /РД:-/ нарыг эх Г.Б-гийн асрамжид үлдээсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин О.А- /РД:-/, О.Ам- /РД:-/ нарт 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг тогтоож, эцэг Х- овогт Х-ын О- /РД:-/-ээр тэжээн тэтгүүлсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.О-ээс 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
5.Зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаангүй гэснийг, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч Г.Б- нь хариуцагч Х.О-ийг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг тус тус дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 144,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.О-ээс 144,260 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Б-д олгосугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ