Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 2024/ШЦТ/36

 

 

   

                                

      2024         02           23                                        2024/ШЦТ/36

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         нарийн бичгийн дарга Ч.Гандашгүй-Эрдэнэ

         улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Дашням,

         шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгчөөр өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг  журамлан мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Эд холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

        

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Э.Э

 

           Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч  Э.Э нь 2023 оны 11 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд  Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа Б.Лийн зөвшөөрөлгүйгээр түүний эзэмшлийн А банк бус санхүүгийн байгууллагын “Ард” аппликейшн буюу цахим орчинд хууль бусаар халдаж,  ирэх мэдэгдлүүдийг өөрийн утсанд байх и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварласан, мөн дээрх цаг хугацаанд Э.Э нь “Ард” аппликейшнээс Б.Лид мэдэгдэлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,090,000 (дөрвөн сая ерэн мянга) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

          Шүүгдэгч Э.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: А ББСБ-ын аппликейшныг би найздаа нээж өгч байсан. И-мэйл хаягийг солиогүй. Гэм буруугаа ойлгож байна  гэсэн мэдүүлэг

 

Хохирогч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байрны зээл авах гээд Хаан банканд очиж зээлээ шалгуултал А банк бус санхүүгийн байгууллагад 4,090,000 төгрөгийн зээлтэй байна гэж гарч ирсэн... Би өөрийнхөө ... дугаарын утсыг тус банк бус санхүүгийн байгууллагын аппликейшны нууц код сэргээх хэсэгт оруулахад ... хаяг руу илгээсэн линк дээр баталгаажуулна уу гэсэн мэдээлэл гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дугаар тал)

А Банк бус санхүүгийн байгууллагын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1100 дугаартай албан бичгийн хавсралт (хавтаст хэргийн 19-22 дугаар тал)

Э.Эы эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 31-39)

Э.Эы эзэмшлийн Mi9 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хавтаст хэргийн 42-43 дугаар тал)

Хохирогч Б.Лийн А банк бус санхүүгийн байгууллагын arд аппликейшнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хавтаст хэргийн 44-45 дугаар тал)

Хохирогч Б.Лийн зээлийн мэдээллийн лавлагаа хэргийн (хавтаст хэргийн 4-5 дугаар тал)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас хавтаст хэргийн 88 дугаар тал) зэргийг шинжлэн судлав.

 

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч  Э.Э нь өөрийн найз Б.Лид түүний ... дугаарын утсаар А Банк бус санхүүгийн байгууллагын  аппликейшинд бүртгүүлж, эрх үүсгэн нээж өгч түүний нэвтрэх нэр,нууц кодыг мэдсэнээр дахин нэвтэрч өөрийн эзэмшиж байсан Mi9 загварын гар утсанд царай таньж нэвтрэхээр тохируулан уг аппликейшинд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварлан тохируулж улмаар  2023 оны 11 дүгээр сарын 08, 13-ны өдрүүдэд “Ард” аппликейшнээс Б.Лид мэдэгдэлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,090,000 (дөрвөн сая ерэн мянга) төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан  үйл баримт тогтоогдож байна. Энэ нь:

Хохирогч Б.Лийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр байрны зээл авах гээд Хаан банканд очиж зээлээ шалгуултал А банк бус санхүүгийн байгууллагад 4,090,000 төгрөгийн зээлтэй байна гэж гарч ирсэн... Би өөрийнхөө ... дугаарын утсыг тус банк бус санхүүгийн байгууллагын аппликейшны нууц код сэргээх хэсэгт оруулахад ... хаяг руу илгээсэн линк дээр баталгаажуулна уу гэсэн мэдээлэл гарч ирсэн...” гэсэн мэдүүлэг (хх-ийн 8), А Банк бус санхүүгийн байгууллагын 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1100 дугаартай албан бичгийн хавсралт (19-22 дугаар тал), Э.Эы эзэмшлийн Хаан банкны ... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 31-39), Э.Эы эзэмшлийн Mi9 загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд (хх-ийн 42-43), хохирогч Б.Лийн А банк бус санхүүгийн байгууллагын arд аппликейшнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 44-45), хохирогч Б.Лийн зээлийн мэдээллийн лавлагаа  (хх-ийн 4-5) зэрэг нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

              Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, шалгаж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотолсон, мөрдөн байцаалтад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Э.Эы үйлдэл нь хохирогч Б.Лийн эзэмшлийн А ББСБ-ын  аппликейшиныг ашиглан мөнгө  авах зорилгоор санаатайгаар хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх бөгөөд хохирлын хэмжээ нь гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь   бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.

 Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Э.Э нь хохирогч Б.Лтой найзын харилцаагаа ашиглан түүний эзэмшлийн А Банк бус санхүүгийн байгууллагын  “Ард” аппликейшин буюу цахим орчинд хууль бусаар халдаж, өөрийн эзэмшиж байсан гар утсанд царай таньж нэвтрэхээр тохируулан уг аппликейшинд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварласан, “Ард” аппликейшинээс Б.Лид мэдэгдэлгүйгээр 2 удаагийн үйлдлээр нийт 4,090,000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Э.Эыг цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч Б.Лийн ... дугаарын утсанд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн өөрийн утсанд байх и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогч Б.Лийн эзэмшлийн “Ард” аппликейшнээс өөрт нь  мэдэгдэлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,090,000 төгрөгийн зээл авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нь 2023 оны 10 сарын 31-ний өдөр Б.Лийн эзэмшлийн А Банк бус санхүүгийн байгууллагын аппликейшинийг ашиглан 810000 төгрөгийг авч 2023 оны 11 сарын 08-ны өдөр төлсөн гэж мэдүүлснийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх шаардлагагүй гэж үзлээ. Учир нь, энэ талаар хохирогч гомдол гаргаагүй, энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

         Хохирол төлбөрийн талаар:Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт ”Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж заажээ.

 

         Шүүгдэгч Э.Э нь энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Лид 4,090,000 төгрөгийн хохирол учруулснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Улсын яллагчаас шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэгт 2 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлтийг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж энэ ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү  гэсэн саналыг тус тус гаргасан болно.

 

Шүүгдэгч Э.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлсэн зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож, шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл  хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгчид оногдуулсан торгох ял, тэнсэх ялыг тус тусад нь эдлүүлж өгнө үү. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулаад тэнсэх нь хууль зөрчихгүй. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйл нь 2 гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхийг хориглосон заалт, харин 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөхтэй холбоотой асуудал байгаа, энд зааснаар тэнсэж болохгүй гэж хориглосон заалт байхгүй байгаа” гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд шүүхээс уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ. Учир нь: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1.д заасан журмыг хэргийг ердийн журмаар шийдвэрлэж шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх бол хэрэглэх зохицуулалт юм.  

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр, түүнээс дээш гэмт хэргийг санаатай үйлдсэн, эсхүл хорих ялын дээд хэмжээг таван жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн, эсхүл зохион байгуулалттай гэмт бүлгийн гишүүн гэмт хэрэг үйлдсэн бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй...” гэж заажээ.

 

Шүүгдэгч Э.Э нь цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогч Б.Лийн  ... дугаарын утсанд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн өөрийн утсанд байх и-мэйл хаяг руу ирүүлэхээр засварласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогч Б.Лийн эзэмшлийн “Ард” аппликейшнээс өөрт нь  мэдэгдэлгүйгээр 2 удаагийн гүйлгээгээр нийт 4,090,000 төгрөгийн зээл авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргүүдийг буюу нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон тул шүүгдэгчид ял оногдуулахгүйгээр тэнсэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Бусад асуудлаар: Эд мөрийн баримтаар хураагдсан Mi9 загварын гар утсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн зарж улсын орлого болгохыг даалгаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Э.Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2.Шүүгдэгч Э.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6,000,000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлэхээс зайлсхийвэл  хорих ялаар солихыг дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Э.Эд оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  Mi9 загварын гар утсыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, худалдан борлуулж үнийг улсын төсөвт шилжүүлэхийг даалгасугай.

 

8.Шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.           

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Д.АДЪЯАСҮРЭН