Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 184/ШШ2021//00247

 

 

 

 

 

 

 

 

 

    2021           01             27

                                184/ШШ2021/00247

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, - хаягт байрлах, “А-” ХЗХ /РД:-/-ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, Х- овогт Б-гийн Б- /РД:-/,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, - тоот хаягт оршин суух, И- овогт С-гийн Д- /РД:-/ нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 6,722,452.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.С-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч С.Я-, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Номинжаргал нар оролцов.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай “А-” ХЗХ нь 2018 оны 03 сарын 06-ны өдөр хариуцагч Б.Б-, С.Д- нартай зээлийн 108 дугаартай гэрээ байгуулж, 5,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэй, жилийн 14,4 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээл олгосон. Энэхүү зээлийг олгохдоо Б.Б-ийн нэр дээрх Хас банкны дансанд олгосон. Зээлийн гэрээний хугацаанд тодорхой төлөлтүүдийг Б.Б-ийн зүгээс хийсэн байдаг. Одоо үлдэгдэл зээлийн төлбөрт үндсэн зээл 2,247,173.69 төгрөг, хүү 660,488.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 132,097.61 төгрөг, нийт 3,039,759.35 төгрөгийг нэхэмжилж байна. Энэхүү зээлийн гэрээний үүрэгт үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулахаар харилцан тохиролцож, 2018 оны 03 сарын 06-ны өдөр 108 дугаартай барьцааны гэрээг мөн байгуулсан. Барьцааны зүйлийн өмчлөгч нь хариуцагч С.Д- юм. Хариуцагч С.Д-ын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн - тоотод байрлах 600 м.кв талбайтай эзэмших эрхтэй газрыг барьцаалсан тул тухайн барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Хариуцагч талаас энэ гэрээний хувьд маргахгүй байгаа. 2018 оны 06 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний хувьд гагцхүү хариуцагч Б.Б-тэй байгуулсан бөгөөд ямар нэг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар бус зөвхөн хэрэглээний зориулалтаар зээл олгосон. Энэхүү гэрээний хувьд 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар харилцан тохиролцож зээл олгосон. Хариуцагч Б.Б- нь энэхүү гэрээний хугацаанд нийт 2,248,390.42 төгрөгийг төлсөн. Манай зүгээс нэхэмжлэл гаргасан өдрийн байдлаар энэхүү гэрээний зээлийн үүрэгт үндсэн зээл 1,575,991.36 төгрөг, хүү 1,588,081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,616.25 төгрөгийн үлдэгдэлтэй байх тул нийт 3,481,688.98 төгрөгийг хариуцагч Б.Б-эс гаргуулж өгнө үү. Энэ 2 гэрээний тухайд нийтдээ 6,521,448.32 төгрөг гаргуулахаар шаардаж байгаа ба 201,004.29 төгрөгийг анх нэхэмжлэл гаргахдаа илүү тооцсон байсан. Хариуцагч нарын тайлбараас үзээд манайх бүх төлсөн мөнгийг нь шүүж үзэхэд 201,004.3 төгрөгийг илүү тооцсоныг одоо энэ дүнгээр багасгаж байна” гэв.

 

Хариуцагч Б.Б- шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Б- овогтой Б- миний бие 2018 онд “А-” ХЗХ-ноос зээл авсан. Хэвийн эргэн төлөлтөөр төлж байгаад 2019 онд хувийн шалтгаанаар төлж амжилгүй тасалдуулсан. 2019 оны 6 сард 500,000 гаран төгрөгийн төлөлтийг 1,2 хувийн хүүтэй зээлэнд төлсөн боловч хасагдаагүй байна. Үндсэн зээлийн төлбөр 3,240,763 төгрөг нэхэмжилснээс дээрх 2019 оны 6 сарын төлөлтийн 500,000 гаран төгрөгийг хасуулмаар байна” гэжээ.

 

Хариуцагч С.Д- шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “С.Д- миний бие 2018 онд “А-” ХЗХ-с зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хэвийн төлөлттэйгөөр явж байгаад 2019 онд хувийн шалтгаанаас болж зээлийн эргэн төлөлт тасалдсан нь үнэн болно. Харин одоо уг ХЗХ-с нэхэмжилж байгаа үнийн дүн зөрүүтэй байгаа тул хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “...Хариуцагч Б.Б-, С.Д- нар нь 2018 оны 03 сарын 06-ны өдөр “А-” ХЗХ-ноос 5,000,000 төгрөгийг зээлж авсан нь үнэн. Нэхэмжлэгч талаас энэ гэрээний үүрэгт 3,039,759.35 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ гэрээний хувьд хариуцагч нараас маргах зүйл байхгүй. Харин хариуцагч Б.Б-ийн хувьд 2018 оны 06 сарын 04-ний өдөр 3,000,000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 5 хувийн хүүтэй зээлж авсан. Нэхэмжлэгчийн зүгээс энэ гэрээний үүрэгт 3,481,688.98 төгрөгийг нэхэмжилж байгаа юм байна. Улсаас жижиг дунд бизнес эрхлэгч нарын амьжиргааг дээшлүүлэх зорилгоор тухайн мөнгийг хүүгүй хороо болгонд тарааж өгсөн байтал иргэддээ сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн байна. Тиймээс энэ зээлийн гэрээний хувьд хэт өндөр хүүтэй зээл байна. Үндсэн зээлийн үлдэгдэл төлбөрт бол маргаан байхгүй. Харин хэт өндөр хүүг хүлээн зөвшөөрөхгүй тул үндсэн хүү 1,588,081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,616.25 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. 2018 оны 03 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүргийг барьцаа хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр бол маргахгүй байна” гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                                        

ҮНДЭСЛЭХ нь:

 “А-” ХЗХ нь хариуцагч С.Д-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 6,722,452.62 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагаа тооцооллын хувьд зөрүүтэй байсан үндэслэлээр 201,004.29 төгрөгөөр багасгаж, 6,521,448.32 төгрөг гаргуулахаар шаардав.

 

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч    нэхэмжлэлийн    шаардлагын    үндэслэлээ  “...2018 оны 03 сарын 06-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч С.Д-, Б.Б- нараас 3,039,759.35 төгрөг гаргуулж, энэхүү гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах, 2018 оны 06 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б-эс 3,481,688.98 төгрөг тус тус шаардана...” хэмээн тодорхойлов. 

 

Хариуцагч нар, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...2018 оны 03 сарын 06 ны өдрийн зээлийн гэрээний үүрэг болон барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, харин 2018 оны 06 сарын 04-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Б- үндсэн зээлийн төлбөр 1,575,991.46 төгрөгийг зөвшөөрч, зээлийн хүү хэт өндөр үндэслэлээр  үндсэн хүү 1,588,081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,616.25 төгрөгийг төлөхгүй...” гэж маргав.

 

  1. 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 108 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээний тухайд:

 

“А-” ХЗХ, С.Д-, Б.Б- нарын хооронд байгуулагдсан 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 108 тоот зээлийн гэрээгээр зээлдэгч нь 5,000,000 төгрөгийг сарын 1,2 хувийн хүүтэйгээр, 12 сарын хугацаатайгаар зээлж авсан байна. Мөн өдөр зээлийн гэрээний үүргийн баталгаа болгож 108 тоот барьцааны гэрээ байгуулагдаж, Сонгинохайрхан дүүргийн - тоот хаягт байрлах, нэгж талбарын - дугаар бүхий, 600 м.кв талбайтай, амины хашааны зориулалттай эзэмших эрхтэй газар зэрэг хөрөнгийг барьцаалжээ. /хх-4-6х/

Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний үүрэг үүссэн, барьцааны гэрээ нь мөн Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 166 дугаар зүйлийн 166.1 дэх хэсэгт зааснаар бичгээр хийж, нотариатчаар гэрчлүүлэх, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан, тус тус хүчин төгөлдөр гэрээ байна.

Хариуцагч нар нь дээрх зээлийн болон барьцааны гэрээний үүргийн талаар маргаангүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд нэгэнт маргаангүй үйл баримтын талаар шүүх дүгнэлт хийх шаардлагагүй тул энэхүү гэрээний үүрэгт хариуцагч С.Д-, Б.Б- нараас 3,039,759.35 төгрөг гаргуулж, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс хангуулах нь зүйтэй болно.

  1. 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 2/73 дугаартай зээлийн гэрээний тухайд:

Б.Б- нь 2018 оны 06 сарын 04-ний өдөр “А-” ХЗХ-ноос 3,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай, хэрэглээний зориулалтаар зээлсэн байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ. Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул гэрээ хүчин төгөлдөр байна.

Зээлийн гэрээгээр нэхэмжлэгч А-” ХЗХд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүссэн тул зээлдэгч Б.Б-эс зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч шаардах эрхтэй.

Зээлдэгч нь зээлийн хугацаанд үндсэн зээлээс 1,424,008.54 төгрөг, үндсэн хүүнд 824,381.78 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 95,999.68 төгрөг тус тус төлсөн байх ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүү хэт өндөр, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас хүүгүй авсан мөнгийг өндөр хүүтэйгээр зээлсэн хэмээн маргасан боловч түүний татгалзал баримтаар нотлогдоогүй, талууд зээлийн хүүг сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцсон тул түүний тайлбар үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Хариуцагч нь үндсэн зээлийн үлдэгдэл 1,575,991.46 төгрөг болон түүний хүү 1,588,081.26 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 317,616.25 төгрөгийн тооцооллын тухайд маргаангүй талаар тайлбарладаг. Тиймээс хариуцагч Б.Б-ийг зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрөөс чөлөөлөх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй тул түүнээс энэхүү зээлийн гэрээний үүрэгт 3,481,688.97 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй.

Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас  улсын тэмдэгтийн хураамжид 189,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХЗХ-д олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т заасныг баримтлан хариуцагч С.Д-, Б.Б- нараас 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 108 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,039,759.35 төгрөгийг, хариуцагч Б.Б-эс 2018 оны 06 сарын 04-ний өдрийн 2/73 тоот зээлийн гэрээний үүрэгт 3,481,688.98 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “А-” ХЗХ-нд олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу хариуцагч С.Д-, Б.Б- нар 2018 оны 03 сарын 06-ны өдрийн 108 тоот зээлийн гэрээний үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд мөн өдрийн 108 дугаартай “Барьцааны гэрээ”-ний зүйл болох С.Д-ын өмчлөлийн - тоот хаягт байршилтай, 600 м.кв талбайтай, амины хашаа зориулалттай, нэгж талбарын - дугаарт бүртгэлтэй, газар эзэмших эрхийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 192,710 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 189,493 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “А-” ХЗХ-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Д.УРАНЗУЛ