| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2023/0125/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/38 |
| Огноо | 2024-02-26 |
| Зүйл хэсэг | 21.2.1., 24.5.1., |
| Улсын яллагч | Б.Ариунтөр |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2024 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 2024/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж
нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
улсын яллагчаар хяналтын прокурор Б.Ариунтөр,
шүүгдэгч Д.А, Т.Г, Р.Д, тэдгээрийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням,
шүүгдэгч Э.Э, Н.М, тэдгээрийн өмгөөлөгчөөр өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх, 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.М, Э.Э, Р.Д, Д.А, Т.Г нарт холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.А /
Монгол Улсын иргэн, Т.Г
Монгол Улсын иргэн, Э.Э
Монгол Улсын иргэн, Р.Д
Монгол Улсын иргэн, Н.М
Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт ... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг унаж ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг /54.000.000 төгрөгийн үнэ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан,
шүүгдэгч Р.Д нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн ... баг ... газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг хадгалсан, мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг хярсыг /600.000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан,
шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж явсан,
шүүгдэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн нутаг дэвсгэр Зүүнбаян сумаас Сайншанд сум руу орох автомашины пост дээр ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхийг эдийг тээвэрлэж явсан гэх хэргийн талаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зориуд худал мэдүүлсэн хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ханги боомтод жолооч хийдэг Этай уулзаад би шанд явлаа гэхэд “Харьж хэд хоног амрах гэж байгаа бол мах авч яваад ид, хоёулаа хөдөө яваад ирье" гэхээр түүнийг суулгаад Хангийн төвөөс 30 орчим км газарт байх нэг хөдөө айлд очиж надад 1 ширхэг бүтэн гулууз хар сүүлт авч өгсөн. Тэгээд бид хоёр буцаад Хангийн төв орж Эыг буулгаад Т.Гыг аваад Шанд руу явж байгаад Зүүнбаяны пост дээр баригдсан... Би айлд орж цай амсаад машиндаа сууж байхад Э гэрийн эзний хамт гэрийнх нь арын амбаарыг тойрч гараад хар сүүлт авч ирээд миний машинд хийсэн гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Т.Гын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Тухайн үед Улаанбаатараас дизель түлш Ханги прогресс ХХК-д хүлээлгэж өгөх гээд явж байсан. Манай нярав ачаа хүлээлгэж мэдэхгүй учраас хамт явж зааж өгөөч гэж хүсэлт тавихад нь хамт явсан. Тэгээд шөнөжин явж маргааш нь өдөржин ачааг хүлээлгэж өгөөд орой 5 цагийн үед Д.А шанд руу явна гэхээр нь жижиг тэргэнд сууж явъя гээд сууж явсан. Шөнөжин өдөржин ажилласан учраас зам зуурт унтсан. Тэгээд аймгийн пост дээр шалгахад зээр ачсан байна гэж гарсан. Цагдаа ямар учиртай юм гэж мэдүүлэг авахад надад хэлэх үг олдоогүй. Д.А шалгуулж байх үедээ олсон гэсэн болохоор нь олсон л юм байна гэж бодоод тэгж хэлсэн. Тэгээд байцаагч мэдүүлэг авчхаад бид хоёрыг машиныхаа ард суулгаж Ханги боомт руу явсан. Шөнөжин явж байгаад маргааш нь зээр хураагаад орой 10 цагийн үед эргээд Дорноговь аймагт ирсэн. Аймагт ирээд орой болсон байна маргааш ирж мэдүүлэг өг гэсэн. Би явж байх хоорондоо үйл явцыг ойлгосон учраас дараа мэдүүлэг өгөхдөө олсон гэж буруу юм ярьсан байна. Энэ талаар огт мэдээлэлгүй байсан гэсэн мэдүүлгийг хэлсэн. Тухайн үед байцаагч танд хамааралгүй юм байна гээд явуулсан. Сарын дараа прокурорт хэрэг очиж яллагдагчаар татагдлаа гэсэн. Тэрнээс хойш ингээд явж байна гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Р.Дгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Намайг эхнэртэйгээ хөдөө гэртээ унтаж байхад Э, Бат нар хар өнгийн жийп машинтай ирээд "10 ширхэг хар сүүлт аваад ирлээ, энийг түр хадгалж байгаач, авах үедээ ирж авна" гээд үлдээхээр нь би гэрийнхээ ард байдаг явдаггүй, эвдэрхий Ниссан Террена маркийн хар өнгийн машины кабинд хийж дээгүүр нь юмаар хучсан.Тэд нар надад ах нэгийг нь аваарай гэхэд нь 1 хар сүүлтийг нь авч янзалж хүнсэндээ хэрэглээд дууссан. Би өөрөө хавх тавьж оны өмнө 3 ширхэг хярс агнасан гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Э.Эы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би найз Мын хамтаар 2022 оны 11 дүгээр сарын дундуур яг хэдний өдрийг нь мэдэхгүй байна. Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төвөөс баруун хойд зүгт байрлах Эргэлийн зоо гэх газраас хойш 20 орчим км газар руу Ханги прогресс ХХК-ны эзэмшлийн 44-30 ДГА улсын дугаартай саарал өнгийн фургон машинтай явж Хар сүүлт гэх нэртэй зээрүүдийг шөнөөр буудаж агнасан ба агнасан газраа бүгдийнх гэдэс дотрыг нь гаргаж тэнд нь хаяад Ханги мандал хилийн боомтоос баруун тийш нутагладаг Д гэх танил айлд очиж "амьтан агнасан юмаа танайд тавьчихъя, тэгээд ганц нэгээр нь зөөж идэх гэсэн юмаа" гэхэд Д ах "ямар амьтан юм" гэхэд нь би "Цагаан зээр болон Хар сүүлт зээр" байгаа гэж хэлсэн. Тэгсэн чинь Д ах "Ах нь болохгүй, хэл ам болно яахын бэ, ядарсан ах нь баларсан юм болно" гэж хэлэхэд нь би гуйгаад "ахаа танайд махаа үлдээчихье дүү нь нэг нэгээр нь зөөж авч явж идэх гэсэн юмаа" гэхэд "хурдан энийгээ дуусгаарай" гэхээр нь буулгаж үлдээсэн.”гэсэн мэдүүлэг
Шүүгдэгч Н.Мын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Манай найз Э.Э "Хоёулаа зээрэнд явах уу гэхээр нь хамт явсан. Тухайн надад санал тавьсан өдрийнх нь орой бид хоёр Фургон маркийн 44-30 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги боомтоос хойд зугт гараад ойролцоогоор 130-140 орчим км, Эргэлийн зоо гэх газраас хойш 30-40 орчим км газарт явж байхад зээр машины гэрэлд орж ирэхээр нь Э буудаж агнасан. Тухайн үед Э 15 ширхэг зээр буудаж унагасан. Тэгээд бид хоёр буцаад Ханги руу явсан ба явах замдаа айлд гуйж тавья гэж тохироод Хангиас 30 орчим км зайд байрлах Д гэх айлд очиж ангийн махаа гуйж хадгалуулсан гэсэн мэдүүлэг
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Хатанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Эргэлийн зоогийн бүс нутаг 60910 га талбай газрыг 1996 онд УИХ-ын 243 дугаартай тогтоолоор байгалийн нөөц газрын ангилалд хамруулан улсын тусгай хамгаалалтад авсан байдаг. Тухайн бүс нутагт ховор болон нэн ховор болох аргаль, хар суулт, үнэг, хярс зэрэг ан амьтад нутаглан идээшилдэг... Учирсан хохирлын нөхөн төлбөрийг Хатанбулаг сумын нэр дээр төрийн сангийн 100061000988 тоот данс руу авах хүсэлтэй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 26/,
Гэрч Ө.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би тодорхой цаг хугацааг нь бол мэдэхгүй 2022 онд 12 capд л байх нэг өдөр манайд зүс таних Бат гэж дууддаг 40 орчим насны хүн болон Буяа гэж дууддаг Э гэх 40 орчим насны 2 хүн цуг манайд шөнө ирээд гэрт орж ирээд хар сүүлт гэх амьтан авчирлаа гээд манай нөхөр яриад гараад явцгаасан...Би нэг гарч харсан тэгэхэд хар өнгийн, том машин л байсан тэрнээс өөрөөр яг ямар машин байсныг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /1хх 45-46 /,
Гэрч Б.Оын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...... улсын дугаартай Тоёота ланд круйзер 100 маркийн тээврийн хэрэгсэл нь ... ББСБ-ын нэр дээр байдаг. Би тухайн машиныг анх 2022 оны 05 билүү 06 сард 28 орчим сая төгрөгөөр хамт Да хүрээ зах дээр машин зардаг Түмэнхүү /99135309/ гэх хүнээс худалдаж авч байсан. Худалдаж авснаас хойш 2 сар орчим өөрөө унаж, хэрэглэж байгаад 2022 оны 07-р сард зарсан. Худалдаж авсан хүн нь зах дээр машин үзэж байгаад надаас тухайн тээврийн хэрэгслийг 33 сая төгрөгөөр худалдаж авахаар болсон Тогтохбаяр гэж хүн байгаа. Тухайн хүн нь надад эхлээд 20 сая төгрөгийг бэлнээр өгөөд, 2 сарын дараа үлдсэн мөнгийг нь өгье гэж хэлсэн ба нэрээ шилжүүлэлгүй унаад авч явсан. Энэ явдлаас хойш 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Тогтохбаяр над дээр ирээд “миний мөнгө бүтсэнгүй, надад банк бусаар гаргаад өгөөч” гэж гуйсан. Учир нь орон нутгийн хаягтай хүнд зээл гарахгүй гэхээр нь би өөрийн нэр дээр ... ББСБаас зээл авч үлдэгдэл мөнгөө гаргаж авсан...” гэсэн мэдүүлэг /1хх 71-72 /,
Шүүгдэгч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “... А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон гэж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхийн өмнө бид хоёр үгсэн тохирсон асуудал байхгүй. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй...” гэсэн мэдүүлэг /1хх 36/,
Дорноговь аймгийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Байгаль Орчин Аялал жуулчлалын газрын 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн “...Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т /Амьтны аймагт учруулсан хохирлын нехен төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно./ гэж заасны дагуу 10 бодгаль эр хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 34.000.000 төгрөг, 5 бодгаль эм хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 20.000.000 төгрөг, 3 бодгаль эр хярс үнэгний нөхөн төлбөр 600.000 төгрөг нийт 54.600.000 төгрөгийн хохирол учирсан байна...” гэсэн албан бичиг /1хх 117-188/,
“Ашид билгүүн” ХХК-ийн ... дугаартай “... Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай, ... арлын дугаартай, хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн, ... ББСБ ХК-ийн эзэмшлийн автомашины зах зээлийн үнэлгээ 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 150,000,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 86-89 /,
“Ашид билгүүн” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн №1001289 дугаартай “... Фургон маркийн, 44-30 ДГА улсын дугаартай, ... арлын дугаартай, хар өнгийн, 2008 онд үйлдвэрлэсэн, 2008 онд Монгол Улсад орж ирсэн, С.Бгийн эзэмшлийн автомашины зах зээлийн үнэлгээ 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 7,500,000 төгрөг ...” гэсэн хохирлын үнэлгээ, гэрэл зураг /1хх 107-110 /,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 552 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1хх 96-100 /,
Дорноговь аймгийн Авто тээврийн төвийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 13 дугаартай албан бичгийн хавсралтад “Тоёота Ланд Круйзер маркийн, ... улсын дугаартай, ... арлын дугаартай, хар өнгийн, 2015 онд үйлдвэрлэсэн, 2015 онд Монгол Улсад орж ирсэн, автомашины эзэмшигч нь ... ББСБ ХК ...” гэсэн тээврийн хэрэгслийн лавлагаа /1хх 191-192 /,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 4-14/,
Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 15-17/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийж, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 183-185/,
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1хх 18-20/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /2хх 93-94/,
Шийтгэх тогтоолын хуулбар /2хх 18-37/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 238, 243, 248, 2хх 4, 16 / зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан, цуглуулсан, бэхжүүлсэн, хуульд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой,хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтыг үнэлж дүгнэхэд
Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь бүлэглэн 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэр Эргэлийн 3oo гэх газарт ... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ховор амьтны жагсаалтад орсон 10 тооны эр бодгаль, 5 тооны эм бодгаль буюу нийт 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг /54.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий/ тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан
-шүүгдэгч Р.Д нь 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Дорноговь аймгийн ... баг ... газарт байх өөрийн оршин суух гэртээ ховор амьтны жагсаалтад орсон 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг хадгалсан, мөн 2022 оны 12 дугаар сард Дорноговь аймгийн менежментийн төлөвлөгөөнд агнахыг хориотой гэж тусгасан 3 ширхэг эр бодгаль хярс үнэгийг/ 600.000 төгрөгийн үнэ бүхий/ хууль бусаар агнасан, түүхий эдийг хадгалсан
-шүүгдэгч Д.А нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Дорноговь аймгийн ... баг ... гэх газраас тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн
- шүүгдэгч Т.Г нь 2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд Худал мэдүүлэг өгсөн буюу “...1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан тээвэрлэсэн...” гэх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Замдаа Хөвсгөл сумын цаахан талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн, тэгэхээр нь би юу юм гэж асуутал мах байна гэж байсан. Надад юуны мах гэдгийг хэлээгүй...” гэж хэргийн бодит нөхцөл байдлыг огт мэдэхгүй атлаа гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдэхгүй зүйлээ мэдэж байгаа мэтээр зориуд худал мэдүүлэг өгсөн зэрэг үйл баримт тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.М, Э.Э нар нь ... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, шүүгдэгч А нь ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслийг ашиглан Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн, шүүгдэгч Р.Д Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан ба гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй болно.
Монгол Улсын Үндсэн хуульд “..ан амьтан төрийн өмч бөгөөд төрийн хамгаалалтад байна...” гэж, Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "...ховор амьтан" гэж тархац нутагтаа тоо толгой цөөрсөн, нөөц багатай, устаж болзошгүй амьтныг хэлнэ...” гэж заасан бөгөөд Засгийн газрын 2012 оны 07 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар батлагдсан Ховор амьтны жагсаалтад “Хар сүүлтий” багтсан байна.
Иймд шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан...” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Р.Дгийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Д.Агийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, хэргийн зүйлчлэл бодит байдалтай тохирсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.М, Э.Э нар нь ховор амьтны жагсаалтад орсон 10 тооны эр, 5 тооны эм, нийт 15 тооны "Хар сүүлтий” гэх зээрийг ... улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгслийг ашиглан хамт явж агнасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан... гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ...гэснийг үндэслэн шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан...ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан...гэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.
Монгол улсад ховор амьтныг агнах, судалгаа шинжилгээний зориулалтаар барих үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр тодорхой төлбөр, хураамжийг төлж байж явуулах хууль, эрх зүйн орчин үйлчилж байгаа бөгөөд энэ журмыг баримтлаагүй тохиолдолд хууль бус гэж үзэн Эрүүгийн хуулиараа хамгаалжээ.
Өөрөөр хэлбэл ховор амьтныг ахуйн хэрэгцээний зориулалтаар агнахыг хориглосон байхад шүүгдэгч Н.М, Э.Э, Т.Д, Д.А нар нь ямар нэгэн тусгай зөвшөөрөлгүйгээр махыг хэрэглэх зорилгоор Хар сүүлтий, хярс агнасан, түүхий эдийн зүйлийг тээвэрлэсэн, хадгалсан тул тэдний үйлдлийг хууль бусаар ан агнах гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Т.Гын өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням нараас гаргасан “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг цагаатгаж өгнө үү” гэх хүсэлтийг дараах үндэслэлээр хангах боломжгүй байна. Учир нь:
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл гаргасан аливаа хүн, хуулийн этгээд нь өөрийн харсан, мэдсэн зүйлийг санаатайгаар худал мэдээлбэл, мөн хараагүй, үзээгүй, мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэж байгаа мэтээр санаатай худал мэдүүлбэл хуульд заасан хариуцлагыг хүлээлгэхээр хуульчилсан журмыг мөрдөгч урьдчилан тайлбарлаж тэмдэглэлд тусган гарын үсэг зуруулж баталгаажуулдаг бөгөөд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “худал мэдүүлэх” гэмт хэрэгт тооцдог.
Худал мэдүүлэх гэмт хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх хэвийн үйл ажиллагаа, хүний эрх, ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд Худал мэдүүлэг өгсөн буюу “...2023 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр эрүүгийн ... дугаартай Дорноговь аймгийн ... баг ... гэх газраас тус аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багийн нутаг дэвсгэр хүртэл ховор амьтны жагсаалтад орсон 1 тооны эр бодгаль болох "Хар сүүлтий” гэх зээрийн түүхий эдийг ... улсын дугаартай Тоёота Ланд круйзер 200 маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн...” гэх хэрэгт гэрчээр мэдүүлэг өгөхдөө “...Замдаа Хөвсгөл сумын цаахна талд жолооч зогсоод машины ар руу нэг зүйл авч хийсэн гэж...” хэргийн бодит нөхцөл байдал, хэргийн талаар огт мэдэхгүй атлаа гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа мэдэхгүй зүйлээ мэдэж байгаа мэтээр зохиож зориуд худал мэдүүлэг өгсөн нь уг гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан шүүгдэгч Д.Агийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...Би өмнө өгсөн мэдүүлэгтээ худал мэдүүлсэн байна. Би өчигдөр өдөр 14 цагийн орчимд Ханги боомтод жолооч хийдэг Этай уулзаад би шанд явлаа гэхэд "Харьж хэд хоног амрах гэж байгаа бол мах авч яваад ид, хоёулаа хөдөө яваад ирье" гэхээр түүнийг суулгаад Хангийн төвөөс 30 орчим км газарт байх нэг хөдөө айлд очиж надад 1 ширхэг бүтэн гулууз хар сүүлт авч өгсөн. Тэгээд бид хоёр буцаад Хангийн төв орж Эыг буулгаад Т.Гыг аваад Шанд руу явж байгаад Зүүнбаяны пост дээр баригдсан... Би айлд орж цай амсаад машиндаа сууж байхад Э гэрийн эзний хамт гэрийнх нь арын амбаарыг тойрч гараад хар сүүлт авч ирээд миний машинд хийсэн... Тухайн үед надад хар сүүлт гаргаж өгөхөөр нь “авахаа боль” гэж хэлэхэд “яав л гэж дээ, аваад л яваач, авч яваад идээч” гэхээр нь идэх зорилгоор авч яваад баригдсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Т.Гын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...А Хөвсгөл сумын хойд талаас замын хажуугаас олсон гэхээр нь хамт явсан хүнээ баллаад яах вэ гээд түүний хэлснийг сонсоод Хөвсгөл сумын хойноос олсон...” гэж мэдүүлэг өгсөн. Тухайн мэдүүлэг өгөхийн өмнө бид хоёр үгсэн тохирсон асуудал байхгүй. Би худал мэдүүлэг өгсөндөө харамсаж байна. Тухайн үед надад хэлэх үг олдоогүй...” гэсэн мэдүүлэг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Дулам овогт Нарангийн М, Шилдээд овогт Энэбишийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг
Шүүгдэгч Боржигон овогт Рэнцэнгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг
Шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг
Шүүгдэгч Тугчин овогт Тэрбишийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Э.Гомбоос: Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэлгээ үндэслэлгүй, хөрөнгийн үнэлгээний 8 дугаар журмыг зөрчсөн,ангиллын хувьд хамгийн энгийн буюу хамгийн доод түвшний тээврийн хэрэгсэл гэтэл хэт өндөр үнээр үнэлэгдсэн,бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна” гэж маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.
Хавтаст хэргийн 83 дугаар/1/ талд авагдсан гэрч Н.Тогтохбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “4544 УЕК улсын дугаартай Ланд крузер 200 маркийн тээврийн хэрэгслийг хүнээс зээлээр 150,000,00 төгрөгөөр худалдан авсан. 80,000,00 төгрөгийг өгч,үлдсэн мөнгийг нь зээлээр авсан” гэсэн мэдүүлгээр уг тээврийн хэрэгслийг анх 150,000,000 төгрөгөөр худалдан авсан болох нь тогтоогдсон мэргэшсэн үнэлгээний байгууллагаар тээврийн хэрэгслийг үнэлүүлж дүгнэлт гаргуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс тухайн тээврийн хэрэгсэл зах зээлд хэдэн төгрөгийн үнэлгээтэй гэж үзэж байгаа нь тодорхойгүй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх: Шүүгдэгч нарын хувьд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасныг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад, шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 20000 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20,000,00 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Р.Дд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15,000,00 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх
Өмгөөлөгч Э.Гомбо, Ж.Давааням нараас: шүүгдэгч Р.Д, Д.Аг нарт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх, шүүгдэгч Т.Гт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах
Өмгөөлөгч Ж.Хүдэрчулуунаас: шүүгдэгч Н.М, Э.Э нарт торгох ял шийтгэх санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.
Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурор, өмгөөлөгчийн санал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгч нарын хувийн байдал,гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Р.Д, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Р.Д, Д.А нарын санхүүгийн чадвар, эдийн засгийн байдал, банкинд зээлтэй зэрэг нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Хохирлын асуудлаар: Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар “амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно” гэж заасан.
Засгийн газрын 2011 оны 23 дугаартай “Үнэлгээ, төлбөр, хураамжийн хэмжээг шинэчлэн батлах тухай” тогтоолын хавсралтаар баталсан Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнд “хар сүүлтий, эр нь 1,700,000 төгрөг, эм нь 2.000.000 төгрөг” гэжээ.
Эдгээр актыг үндэслэн 10 тооны эр бодгаль Хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 34,000,000, 5 тооны эм бодгаль Хар сүүлтий зээрийн нөхөн төлбөр 20,000,000 төгрөг, нийт 54,000,000 төгрөгийг шүүгдэгч Н.М, Э.Э нар төлөх үндэстэй байна гэж үзэв.
Иймд шүүгдэгч Н.М, Э.Э нараас байгаль экологид учруулсан хохирол болох 54,000,000 төгрөгийг адил тэнцүү хувааж, шүүгдэгч Н.Маас 27,000,000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 27,000,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогч, иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газарт олгох нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шүүгдэгч Д.Агаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд “А сэ76021772 торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох иргэн Б.Цэцэгсайханы эзэмшлийн Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай, ... арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод, шүүгдэгч Н.М, Э.Э нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн “Ханги прогресс” ХХК-ний эзэмшлийн Фургон маркийн, 44-30 ДГА улсын дугаартай, ... арлын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 7,500,000 төгрөгийг адил тэнцүү хувааж шүүгдэгч Н.Маас 3.750.000 төгрөгийг, шүүгдэгч Э.Эгаас 3.750.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод тус тус оруулахаар шийдвэрлэлээ.
Бусад асуудал: Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн мах, 3 тооны хярсыг устгуулахаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, шүүгдэгч Дулам овогт Нарангийн М, Шилдээд овогт Энэбишийн Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан” гэмт хэргийг,
шүүгдэгч Боржигон овогт Рэнцэнгийн Дг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, түүхий эдийг хадгалсан...” гэмт хэргийг,
шүүгдэгч Д.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Ховор амьтны гаралтай түүхий эдийг тээвэрлэсэн...” гэмт хэргийг,
шүүгдэгч Тугчин овогт Тэрбишийн Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэрчээр мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Н.М, Э.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Р.Д, Д.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч Т.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Д, Д.А нарт оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд, шүүгдэгч Т.Гт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.М, Э.Э нарт шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд яаралтай эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа байгууллагын зөвшөөрөлгүйгээр шүүгдэгч Н.Мыг Улаанбаатар хотын, шүүгдэгч Э.Эг Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутаг дэвсгэрээс зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160, 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан ял,албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар болон Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
Шүүгдэгч Д.Агаас 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд “А сэ76021772 торгуулийн төлбөр” гэсэн гүйлгээний утгаар хийсэн 3.400.000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан улсын орлогод, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох Тоёота Ланд Круйзер-200 маркийн, ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 150,000,000 төгрөгөөс Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Засаг даргын тамгын газрын Төрийн сангийн 100061000988 тоот дансанд тушаасан 3.400.000 төгрөгийг хасаж, үлдэгдэл 146.600.000 төгрөгийг гаргуулан улсын орлогод тус тус оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ОХУ-д үйлдвэрлэсэн Дробинк маркийн, 1192 гол төмрийн, замгийн 1192 дугаартай, онгоц мод хөх өнгийн лентээр ороосон галт зэвсгийг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, эд мөрийн баримтаар хураагдсан 7 тооны хар сүүлтий зээрийн мах, 3 тооны хярсыг устгуулахаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын тамгын газрын дэргэдэх Орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Д, Т.Г нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН